Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 986

 

 

 

 

 

 

 

 

    2020        05         27                                   2020/ШЦТ/986

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч Г.А , түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн ҮД:00-84,

шүүгдэгч Ц.Э , түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн ҮД:03-60,

шүүгдэгч Н.У, Н.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.А д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц.Э, Н.У, Н.Б нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002 00086 0118 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Г.А

2. Монгол улсын иргэн, Ц.Э

3. Монгол улсын иргэн, Н.Б

4.  Монгол улсын иргэн, Н.У

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Г.А  нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 64 дүгээр цэцэрлэгийн холимог, бага бүлгийн багшаар ажиллаж байхдаа "хүүхдийг нь өөрийн ажилладаг 64 дүгээр цэцэрлэгт оруулж өгнө" гэж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс буюу хүүхдээ цэцэрлэгт оруулж чадаагүй эцэг, эхчүүдийн хүүхдээ цэцэрлэгт оруулах хүслийн дагуу өөрийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд иргэн Ц.Э ээс 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 64 дүгээр цэцэрлэг, өөрийн ажил дээр байхдаа 200.000 тегрөгийг бэлнээр, иргэн Н.Б ээс 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 150,000 төгрөгийг өөрийн “ХААН” банкны 5034420770 дугаарын дансаар, 2019 оны 09 дүгээр сарын дундуур Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 64 дүгээр цэцэрлэг өөрийн ажил дээр байхдаа 150,000 төгрөгийг бэлнээр, иргэн Н.У аас 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 100,000 төгрөгийг, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 100,000 төгрөгийг өөрийн “ ХААН” банкны 5034420770 дугаарын дансаар тус тус авч, нийт 700.000 төгрөгийн /долоон зуун мянган төгрөг/-ийн хахууль авсан гэмт хэрэгт,

- Ц.Э  нь оршин суух бүртгэл харьяаллын бус гэдэг шалтгаанаар цэцэрлэгт оруулж чадаагүй өөрийн охиноо цэцэрлэгт оруулах буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 64 дүгээр цэцэрлэгийн холимог бүлгийн багш ажилтай Г.А д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 64 дүгээр цэцэрлэгт 200.000 төгрөг /хоёр зуун мянган төгрөг/-ийн хахууль өгсөн гэмт хэрэгт,

- Н.Б  нь 2019 оны 08 дугаар сард цэцэрлэгт цахим бүртгэлээр сонгогдож чадаагүй өөрийн хүүг цэцэрлэгт оруулах буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 64 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн багш ажилтай Г.А д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 150,000 төгрөгийг Хаан банкны 5034420770 дугаарын данс руу нь 2019 оны 09 дүгээр сарын дундуур Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 64 дүгээр цэцэрлэг дээр очиж 150.000 төгрөгийг бэлнээр тус тус өгч, нийт 300,000 төгрөг /гурван зуун мянган төгрөг/-ийн хахууль өгсөн гэмт хэрэгт,

- Н.У  нь цэцэрлэгт цахим бүртгэлээр сонгогдож чадаагүй өөрийн хүүг цэцэрлэгт оруулах буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 64 дүгээр цэцэрлэгийн холимог бүлгийн багш ажилтай Г.А д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 100.000 төгрөгийг, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 100,000 төгрөгийг тус тус Хаан банкны 5034420770 дугаарын данс руу нь шилжүүлэн, нийт 200,000 төгрөг /хоёр зуун мянган төгрөг/-ийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А  мэдүүлэхдээ: Надад өөртөө авч ашигласан зүйл байхгүй. Гэр ангийн голын амбаарыг янзлахын тулд ангийнхаа хүүхдүүдийн эцэг, эхээс тусламж авсан боловч хүрээгүй учраас хүнээс мөнгө зээлсэн. Эрхлэгч заавал нэг гэрийнхээ шалыг цементлэ, амбаарыг нь сайн янзал гэж их зүйл шаардсан учраас би өрөнд орсон. Би тэр үед цалингийн зээл авсан. Надад дахиад мөнгө шаардлагатай болсон байсан. Намайг хоёр гэрт бүрээс ав гэж шахсан. 60 жилийн ой болох гэж байгаа учраас энэ гэр ангийг үзэмжтэй байлга гэсэн учраас хоёр бүрээсийг Оюун багшийн дүүгээс 500.000 төгрөгөөр зээлж авсан. Мөнгө нэхэгдэхээр нь хүнээс хүүтэй мөнгө зээлж авсан. 500.000 төгрөг 10 хувийн хүүтэй зээлж аваад тэрийгээ дарж чадахгүй явсаар байгаад ийм асуудалд орсон. Хүнээс мөнгө зээлж өөрийн эрх мэдлээс илүү зүйл хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э  мэдүүлэхдээ:  Хонхорт таньж мэдэх хүн байхгүй. Хүүхэд харж өгөх хүнгүй. Амьдрахын эрхэнд ийм зүйл хийсэн. Гомдол санал байхгүй. Би Г.А д 200.000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б  мэдүүлэхдээ: Би тухайн үед Хонхорт тогооч хийдэг байсан. Хүүхдээ цэцэрлэгт цахимаар бүртгүүлсэн боловч манай хүүхэд тэнцээгүй. Би Хонхорт ажил хийдэг байсан учраас Г.А  багшийг зүс тандаг байсан. А  багшийг гуйж мөнгө өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Надад гомдол санал байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.У  мэдүүлэхдээ: Би ээлжийн ажилтай байдаг учраас хадам аав, ээждээ хүүхдээ харуулдаг. Хүүхдээ цэцэрлэгт бүртгэлгүй явуулаад А  багшид тодорхой хэмжээний мөнгө төгрөг өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм алдаа гаргахгүй. Миний буруу. А  багшид 200.000 төгрөг өгсөн гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Баяндүүрэнгийн өгсөн: ... Би эхнэр Э , охин Дүүрэнзаяа нарын хамт 2018 онд Увс аймгаас Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорт шилжиж ирсэн юм. Улаанбаатар хот руу шилжилт хөдөлгөөн хориглосон байсан тул манай гэр бүл харьяаллаа шилжүүлж чадаагүй юм. Тэгээд 2018 онд охиныг Хонхорын 64 дүгээр цэцэрлэгт оруулах гэсэн боловч харьяалалгүй, цэцэрлэгт хүүхдийн тоо хэтэрсэн гээд оруулж чадаагүй. Тэгж яваад 2018 оны 11 дүгээр сарын үед эхнэр маань "А  гэх багштай танилцсан, 200,000 төгрөг өгчихвөл охиныг цэцэрлэгт оруулъя гэж байна" гэж хэлсэн. Тухайн үед бид хоёр хүүхдээ цэцэрлэгт өгөх зайлшгүй шаардлагатай, хоёулаа ажил хийж байсан тул 200,000 төгрөгийг А  гэх багшид өгч охин Дүүрэнзаяаг цэцэрлэгт оруулсан юм. Гэхдээ би А  багштай уулзаж мөнгө өгөөгүй. Эхнэр Э  маань уг мөнгийг өгсөн юм...Эхнэр бид хоёрын хувьд хүүхдээ цэцэрлэгт хамруулахын тулд л А  багшид 200,000 төгрөг өгч гуйсан юм. Гэхдээ хүүхдийг маань цэцэрлэгт бүртгээгүй байсан юм байна лээ...

... Эхнэр маань А  гэгч багштай танилцаж уулзсан, хүүхэд оруулж болох юм байна л гэж надад хэлж байснаас мөнгө өгнө гэж бол хэлээгүй. Сүүлд л би энэ талаар мэдсэн юм. /хх-ийн 42-43, 45 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч В.Бямбадоржийн өгсөн: ... Манайх Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Бумбатын аманд байдаг юм. Би өөрөө Улаанбаатар төмөр замын Бумбат өртөөнд замчин ажилтай. Эхнэр Б маань 2019 оны 10 дугаар сараас хойш 64 дүгээр цэцэрлэгт үйлчлэгч, хүү Алтан-Очир маань 64 дүгээр цэцэрлэгт хүмүүждэг юм. 2019 оны зун хүүхдээ цэцэрлэгт оруулах гээд цахим бүртгэлд бүртгүүлсэн боловч орж чадаагүй юм. Тэгэхэд эхнэр Б маань нэг өдөр "цэцэрлэгийн багштай нь уулзаад хүүхдийг оруулахаар болчихлоо" гэж хэлсэн. Тэгзэд хэд хоногийн дараа эхнэр маань надаас "хүүхдийг цэцэрлэгт оруулахад мөнгө хэрэгтэй байна" гэхээр нь би виза картаа өгөөд явуулж байсан. Тэгээд хүү Алтан-Очир маань 2019 оны 09 дүгээр сарын дунд хавиас цэцэрлэгт явж эхэлсэн юм. Үүний дараа эхнэр маань 64 дүгээр цэцэрлэгт үйлчлэгч авна гэсэн зарын дагуу ажилд орсон. Тэгээд байж байтал 2019 оны 11дүгээр  сарын үед хүүхэд маань цэцэрлэгт бүртгэлгүй байна гэсэн шалтгаанаар хасагдсан. Тэгээд эхнэр маань өргөдөл бичиж байж албан ёсоор бүртгүүлж оруулсан юм. Миний хувьд эхнэрийг анх тэр багштай уулзаад л хүүхдийг цэцэрлэгт оруулчихлаа гэж ойлгож байсан боловч албан ёсоор бүртгэлд аваагүй явуулж байсан юм байна лээ. Миний хувьд ажил ихтэй байдаг болохоор энэ талаар сайн мэдээгүй юм. /хх-ийн 50 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Золбаярын өгсөн: ... Манайх Баянзүрх дүүргийн Хонхорын айл бөгөөд хойд эцэг Энхсайхан маань өмнө нь 64 дүгээр цэцэрлэгт манаачаар хэсэг ажиллаж байсан юм. Тэгээд А  багшийг хальт таньдаг болсон юм шиг байна лээ. Манай хүү Тэргэл одоо гурван настай бөгөөд 2019 онд цэцэрлэгт оруулах гэтэл цахим бүртгэлээс хасагдсан юм. Тухайн үед А  багш гэр цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан бөгөөд манай эхнэр Ууганжаргал бид хоёр ааваар дамжуулж А  багштай холбогдож гуйж байгаад хүү Тэргэлийг 2019 оны хавар 3дугаар  сараас 5дугаар  сарын сүүл хүртэл гэр цэцэрлэгт хоёр  сарын хугацаанд явуулсан юм. Тэгтэл 2019 оны 05 дугаар сард цэцэрлэгийн арга зүйч багш нь манай хүүхдийг бүртгэлгүй явж байгааг мэдсэн. Тэгээд 2019 оны намар хүүг албан ёсоор оруулах гэсэн боловч аваагүй бөгөөд хөөцөлдөж байгаад 2019 оны 11 сард оруулсан юм. Хүү Тэргэлийг цэцэрлэгт оруулахын тулд А  багшид мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Харин 2019 оны 04 дүгээр сарын үед А  багш мөнгө зээлээч гэхээр нь эхнэр бид хоёр 200,000 төгрөг зээлж байсан. Уг мөнгийг А  багш удалгүй эргүүлээд төлсөн. Мөн А  багш хүүхдийн дэвтэр, ном, ариун цэвэр хэрэглэл өг гэхээр нь мөнгийг нь шилжүүлж байсан юм. Түүнээс биш А  багшид хүү Тэргэлийг цэцэрлэгт оруулсны төлөө мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Манай хойд аав Энхсайханыг таньдаг гэдэг утгаараа л хүүхдийг маань гэр цэцэрлэгт явуулж байсан гэж ойлгосон. Тухайн үед цэцэрлэгийн эрхлэгч нь гэх хүн "та нар мөнгө төгрөг өгсөн бол үнэнээ хэл, тэгвэл хүүг чинь цэцэрлэгтээ авах эсэхийг шийдье" гэсэн юм. Тэгэхээр нь хүү Тэргэлийг албан ёсоор цэцэрлэгт оруулчих байх гэж бодоод 200,000 төгрөг зээлсэн асуудлыг л хэлсэн юм. А  багшид мөнгө өгсөн гэж хэлээгүй, харин 200,000 төгрөг зээлсэн гэдгээ л хэлсэн. Гэхдээ манай хүү Тэргэлийг тухайн үед бол цэцэрлэгт аваагүй, тэгээд ч удалгүй цэцэрлэг амарчихсан юм. /хх-ийн 52 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Жагарсүрэнгийн өгсөн: ... Би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхор дахь 64 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр 2009 оноос хойш ажиллаж байна. Г.А  нь 2017 оноос хойш бүлгийн багшаар ажилд орсон юм. 2018 оноос 2019 оны хичээлийн жилд Г.А  нь гэр бүлгийн холимог ангийн бүлгийн багшаар ажилласан юм. Холимог анги гэдэг нь нас насны хүүхдүүд явдаг ангийг хэлдэг юм. 2019 оны 05 сард манай төгсөлтийн концертын арга хэмжээ болсон юм. Тэр үед манай арга зүйч С.Одгэрэл нь А  багшийн ангид цэцэрлэгт огт бүртгэлгүй Тэргэл гэдэг хүүхэд явж байгаа гэдгийг мэдээд надад энэ талаар хэлсэн. Энэ талаар А гаас асуухад "би мэдэхгүй, би энэ хүүхдийг аваагүй" гэж ярьсан боловч уг Тэргэл гэх хүүхдийн ар гэрийнхэнтэй нь уулзахад "А  багшид 200,000 төгрөг өгч хүүхдээ цэцэрлэгт оруулсан, бид нарын буруу" гэж хэлсэн. Тэгэхэд А  багш буруугаа хүлээж “ар гэрийнхэн нь гуйгаад байхаар нь би мөнгө аваад бүлэгтээ явуулж байсан юм” гэж хэлсэн. Тухайн үед А гийн гаргасан дээрх үйлдэлд сануулах сахилгын арга хэмжээ авсан. Ер нь манайх холын цэцэрлэг болохоор багшлах хүн олддоггүй юм. Тэгээд хичээл амарч А  багш цэцэрлэг дээр ирэхгүй байж байгаад 2019 оны 08 сард хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө А  багш ирж уулзаад "би дахиж ийм асуудал гаргахгүй, та нэг удаа надад боломж олгооч” гэж өөрөө хүсэлт гаргахаар нь багш нарын зөвлөлийн хурлаар оруулж ам өчгийг нь авч А г ажиллуулсан. Ингээд 2019 оноос 2020 оны хичээлийн жилд А  багш бага бүлгийн багшаар ажилласан. Тэгтэл 2019 оны 11 сарын 12-ны өдөр А  багш надаас чөлөө аваад ажилдаа ирээгүй юм. Тэр өдөр нь манай арга зүйч С.Одгэрэл ангиудаар явж байгаад А гийн ангид байсан нэг хүүхдийг өхөөрдөөд "чамайг хэн гэдэг юм бэ" гэхэд нөгөө нь хүүхэд нь нэрээ хэлтэл манайд бүртгэлгүй хүүхдийн нэр хэлсэн гэсэн. Манай цэцэрлэг нь цөөхөн хүүхэдтэй бөгөөд С.Одгэрэл нь өөрөө сургалт хариуцсан арга зүйч учраас цэцэрлэгийн хүүхдүүдийн нэрийг нь сайн мэддэг юм. Тэгээд С.Одгэрэл гайхаад бүртгэлээс уг хүүхдийн нэрийг шүүтэл уг хүүхэд нь манайд бүртгэлгүй байсан. Уг хүүхдийн нэрийг Алтан-Очир гэж байсан бөгөөд ээж Батчимэгтэй нь уулзахад "А  багшид 300,000 төгрөг өгч хүүхдээ оруулсан" гэж хэлсэн юм. Тэгэхээр нь арга зүйч Одгэрэл бид хэд А  багшийн ангийн хүүхдүүдийг тулгатал Дүүрэнзаяа гэх бүртгэлгүй хүүхэд гарч ирсэн. Дүүрэнзаяагийн ээж Э тэй нь энэ талаар уулзахад мөн "А  багшид хүүхдээ оруулахын тулд 200,000 төгрөг өгсөн" гэж хэлсэн. Үүнээс хойш А  багш дахиж цэцэрлэгт ирээгүй бөгөөд ажилдаа ирэхгүй байсан тул 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Ажил хүлээлцэх үед А  багш өөрөө ирсэн бөгөөд тухайн үедээ "дээрх хүүхдүүдийн эцэг эх нь гуйгаад байхаар мөнгө авч хүүхдүүдийг цэцэрлэгт явуулж байсан" гэдгээ хэлсэн. Манай цэцэрлэгийн хүүхдүүд цахимаар бүртгүүлсэн хүүхдүүд байдаг. Дээрх Тэргэл, Алтан-Очир, Дүүрэнзаяа гэх хүүхдүүдийн хувьд цэцэрлэгт огт бүртгэлгүй бөгөөд А  багш л өөрийнхөө ангид нууцаар явуулж байсан юм. Эцэг эхчүүд нь ч оөрсдөө энэ талаар мэдэж байсан. А  багштай харилцан тохиролцоод л хүүхдээ өгсөн юм шиг байна лээ. Манай цэцэрлэгийн нэг анги нь 35 хүүхэдтэй бөгөөд өдрийн ирц нь нэг ангид дунджаар 25-27 хүүхэд л явдаг юм. Тийм учраас А  багш цэцэрлэгт ирээгүй хүүхдүүдийн тоонд уг хүүхдүүдийг оруулаад явж байсан юм байна лээ. Энэ асуудал илрээд эцэг эхчүүдтэй нь уулзахад "бид нарын буруу, хүүхэд цэцэрлэгт орох аргагүй байсан учраас яах аргагүй А  багшаас гуйсан юмаа, манай хүүхдүүдийг цэцэрлэгт оруулж өгөөч" гэдэг хүсэлт гаргасан. Уг хүүхдүүдийг судлахад Дүүрэнзаяа, Тэргэл нар нь хаягийн зөрчилтэй, Алтан-Очир нь цахим бүртгэлээр тэнцээгүй хүүхэд байсан. Ингээд манай зүгээс эцэг эхчүүд болон А  багш нараас болж хүүхэд хохирч байна гэж үзээд зөрчлийг нь арилгуулж дээрх хүүхдүүдийг цэцэрлэгт албан ёсоор оруулсан. Одоо Тэргэл, Алтан-Очир нар цэцэрлэгтээ явж байгаа бөгөөд Дүүрэнзаяа нь хөдөө байгаа тул хавар хүртэл чөлөө авсан байгаа. Г.А  өрх толгойлсон хоёр хүүхэдтэй эмэгтэй юм. Анх манайд ажилд ороход "нөхөр нь нас барсан" гэж байсан. Хоёр хүүхдийн хамт Хонхорт түрээсийн байранд амьдардаг байсан. Ажиллах явцад архи их уудаг байсан бөгөөд удаа дараа ажил дээр согтуу ирдэг байсан. Том хүүхэд нь дээд сургууль төгссөн, ажил хийдэг юм. Бага хүүхэд нь дунд сургуулийн 2-3 дугаар ангид сурдаг санагдаж байна. Багшлах ур чадварын хувьд чадвар муутай, санаачилгагүй, хий гэснийг л хийдэг байсан. Ямар ч байсан их худал хэлдэг, энэ нь мэдэгддэг байсан. Багш нараас мөнгө төгрөг зээлж, эд зүйлийг нь ломбардад тавиулж зээлчхээд өгөхгүй яваад байдаг юм шиг байна лээ...

...Нийслэлийн Боловсролын газраас жил бүр Төрийн өмчийн цэцэрлэгт "цахим бүртгэл, элсэлт"-ийг зохион байгуулах ажлын зөвлөмжийг гаргадаг. Уг зөвлөмжийн дагуу Цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж тухайн жилийн элсэлтийг зохион байгуулдаг. Ажлын хэсэгт ямар хүмүүс ордог вэ гэвэл ажлын хэсгийн ахлагчаар сургалт хариуцсан арга зүйч-1, багш нарын төлөөлөл-1, хорооны хэсгийн ахлагч нараас-1, эцэг эхийн төлөөлөл 2-3 хүнийг сонгож томилдог. Ажлын хэсэг нь Нийслэлийн Боловсролын газраас өгсөн зөвлөмжийн дагуу элсэлт, бүртгэлээ зохион явуулдаг юм. Манай цэцэрлэг нь хавар Нийслэлийн Боловсролын газарт ирэх намар элсүүлэх хүүхдүүдийн хяналтын тоог гаргаж өгдөг. Цахим бүртгэл нь зуны хугацаанд явагддаг бөгөөд эцэг эхчүүд өөрийн хүүхдийн регистрийн дугаарыг программд оруулж кодоо авдаг. Ингэхдээ харьяаллын цэцэрлэгт л бүртгүүлэх боломжтой. Тухайн цэцэрлэгт бүртгүүлэх хүүхдийн тоо нь хязгааргүй бөгөөд оны 08 сарын 25-ны өдөр цахим программ нь тухайн цэцэрлэгийн элсэлтийн тоонд тэнцсэн хүүхдүүдийн кодыг гаргаж өгдөг. Хүүхдийн нэр, регистр нь гарахгүй, программаас өгсөн тоо нь гарч, эцэг эхчүүдийн бүртгэлтэй дугаарт мессежээр мэдээлэл автоматаар дамжуулдаг. Энд миний болон ажлын хэсгийн гишүүдийн оролцоо байхгүй. Цахим программын тусламжтай л хүүхдүүдийг элсүүлж байна гэсэн үг. Уг зөвлөмжийг Нийслэлийн боловсролын газраас жил бүр өгдөг боловч агуулга нь өөрчлөгддөггүй. Цахим бүртгэлд бүртгүүлээгүй, тэнцээгүй боловч хүүхдийг элсүүлэх тохиолдол байдаг. Энэ нь зөвлөмжид зааснаар хоёр ихэр хүүхдийн нэг нь тэнцээд нэг нь тэнцээгүй бол шууд элсүүлдэг. Мөн зорилтот бүлэг буюу хагас бүтэн өнчин, эцэг эх нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг цахимаар бус шууд өөрсдийн хүсэлт материалыг нь үндэслэж авдаг юм. Энэ талаар зөвлөмжид тодорхой заасан байдаг. Бас нэг тохиолдол нь цэцэрлэгийн ажилчдын төрсөн хүүхдүүдийг дээрхийн адил авдаг юм.Тийм эрх байхгүй. Цэцэрлэгийн эрхлэгч буюу надад ч тийм эрх байхгүй. Цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг л элсэлт бүртгэлийг хариуцаж явуулах юм. Г.А  багш хоёр жил ажиллах хугацаандаа ажлын хэсэгт орж ажиллаж байгаагүй. /хх-ийн 58-59, 61-62 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Одгэрэлийн өгсөн: ... Миний бие Хонхор дахь 64 дүгээр цэцэрлэгт арга зүйчээр 2018 оноос хойш ажиллаж байгаа. Урьд нь энэ цэцэрлэгтээ багшилж байсан. 2019 оны 05дугаар  сарын үед би цэцэрлэгийн хүүхдүүдийн овог нэрийг програмд шивж байтал А  багшийн холимог ангиас манай цэцэрлэгт бүртгэлтгүй Тэргэл гэх хүүхэд гараад ирсэн. Энэ талаар А  багшаас асуухад "мэдэхгүй, угаасаа манай ангид байдаг хүүхэд" гэж хэлсэн. Тэгэхээр нь энэ талаар эрхлэгчид мэдэгдсэн юм. Тэгтэл А  багш уг хүүхдийн эцэг, эхтэй нь тохироод бүртгэлгүйгээр уг хүүхдийг ангидаа явуулж байсан юм байна лээ. 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би байгууллагын дотоод хяналт шалгалт хийж байсан юм. Тухайн үед А  багшийн ангид ороход А  багш чөлөө аваад явчихсан байсан бөгөөд туслах багш нь байсан. Тэгэхэд нэг хүүхдийн ам хамар нь тараг болчихсон байхаар нь би өхөөрдөөд "чамайг хэн гэдэг юм бэ" гэхэд миний огт мэдэхгүй нэр хэлсэн. Тэгэхээр нь би программаас уг Алтан-Очир гэх хүүхдийг шүүж үзэхэд бүртгэлгүй байсан тул уг хүүхдийн эцэг эхтэй нь уулзахад эхэндээ "манай хүүхэд цахимаар орсон" гэж байсан боловч сүүлдээ "А  багшаас гуйж хүүхдээ оруулсан" гэж үнэнээ хэлсэн. Тэгэхээр нь би А  багшийн ангийн хүүхдүүдийг цахим програмд тулгаж үзэхэд Дүүрэнзаяа гэх бүртгэлгүй хүүхэд гарч ирсэн. Дүүрэнзаяагийн ар гэрийнхэнтэй нь уулзахад мөн А  багшаас гуйж, мөнгө өгч хүүхдээ явуулж байсан талаараа хэлсэн юм. Г.А  багшийн хувийн байдлын талаар би сайн мэдэхгүй байна. Ер нь ажилдаа жаахан хойрго ханддаг, цагийн юмыг цагт нь хийдэггүй байсан. /хх-ийн 64 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Энхсайханы өгсөн: ... Манай хүү Золбаярын хүү Тэргэлийг эхнэр бид хоёр Хонхорт гэртээ хардаг байсан юм. Хүү Золбаяр, бэр Ууганжаргал нар нь хотод ажилтай болохоор эхнэр бид хоёр харахаас өөр арга байгаагүй юм. Золбаяр, Ууганжаргал, Тэргэл нар нь албан ёсоор Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд бүртгэлтэй бөгөөд 2018-2019 оны хичээлийн жилд 64 дүгээр цэцэрлэгт оруулах гэсэн боловч цахим бүртгэлээс хоцорсон юм. Би эрхлэгч Жагарсүрэнтэй уулзаж хүүхдээ оруулах хүсэлт тавьсан боловч хүлээн аваагүй юм. Миний бие урд нь 64 дүгээр цэцэрлэгт манаачаар ажиллаж байсан бөгөөд намайг ажиллаж байх үед А гийн ээж нь уг цэцэрлэгт ажилладаг байсан юм. Тийм учраас А  багшийг ерөнхийд нь мэддэг юм. Тэгээд 2019 оны 03 сарын үед би А  багштай уулзаж хүүг цэцэрлэгт оруулах талаар гуйхад А  багш манай хүүхдийг гэр цэцэрлэгт явуулж байсан юм. Тэгтэл цэцэрлэгийн захиргаанаас хүүхдийг бүртгэлгүй явж байна гээд хасчихсан юм. Г.А  багш тухайн үед "даргатай ярьж байгаад хүүхдийг чинь цэцэрлэгт оруулахыг бодъё, 200,000 төгрөг өгчих" гэсэн юм. Тэгээд манай бэр Ууганжаргал 200,000 төгрөгийг А  багшийн данс руу шилжүүлсэн санагдаж байна. Тэгээд хүүхдийг бүртгэлгүй явж байна гээд хассаны дараа А  багш бид нараас авсан 200,000 төгрөгийг өөрийнхөө ээжийн данснаас миний данс руу шилжүүлсэн юм. /хх-ийн 69 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Г.А гийн: ...Миний бие Баянзүрх дүүргийн 64 дүгээр цэцэрлэгт 2017 оны 08 сараас холимог бүлгийн багшаар ажилд орсон. Холимог бүлэг гэдэг нь нас хамаарахгүй хүүхэд авдаг юм. 2018 оны 11 дүгээр сарын үед Увс аймгаас Хонхорт шилжиж ирсэн гэх Э  гэдэг охин манай цэцэрлэгийн угаагч Цэрэнпүрэвээр дамжуулж надтай ирж уулзсан. Тэгээд Э  “нөхөртэйгөө хоёулаа ажил хийдэг. Хүүхэд харах хүнгүй хэцүү байна, цэцэрлэгт оруулмаар байна, та туслаач, манай хүүхдийг цэцэрлэгт оруулж өгөөч” гэж гуйсан. Э  тэгээд гуйгаад байхаар нь хүүхдийг нь ангидаа авъя гэж зөвшөөрсөн. Тэгээд Э ийг охин Дүүрэнзаяаг би өөрийн ангидаа явуулж, энэ талаараа цэцэрлэгийн захиргаанд мэдэгдээгүй юм. Э  тэр үед манай гэрт ирээд баярлалаа гээд надад 200.000 төгрөг өгсөн юм. Тухайн үед мөнгө хэрэгтэй байсан учраас би өгсөн мөнгийг нь авсан. Тэгээд Дүүрэнзаяаг ангидаа явуулж байтал цэцэрлэгийн захиргаанаас бүртгэлгүй явуулж байна гэдгийг мэдээд асуудал үүссэн. 2019 оны хичээлийн жил эхлэхийн өмнө 08 сарын сүүл бил үү 09 сарын эхээр манай Хонхорын Б гэх хүүхэн над дээр ирж уулзаад "хүүхдээ танай цэцэрлэгт оруулах гээд хөөцөлдсөн боловч болохгүй байна, 300,000 төгрөг өгчихье" гэж гуйсан. Мөн л ажил хийдэг, хүүхэд харах хүн байхгүй гэж амьдралаа ярьж гуйсан. Тэгээд гуйгаад байсан болохоор би зөвшөөрч 300,000 төгрөг авч Батчимэгийн хүү Алтан-Очирыг мөн ангидаа бүртгэлгүйгээр явуулж байсан. Мөн энэ талаар сургуулийн захиргаанаас мэдсэн юм. Б надад 300,000 төгрөгийг миний Хаан банкны 5034420770 дансаар хоёр хувааж шилжүүлж байсан. Ууганжаргалын хувьд 2019 оны хавар 3 сард мөн л надаас гуйгаад байхаар нь хүү Тэргэлийг нь ангидаа авч явуулсан. Бүртгэлгүйгээр явуулж байсныг мөн л цэцэрлэгийн захиргаанаас мэдсэн. Тухайн үед Ууганжаргал нь "хүүхэд харах хүн байхгүй, хотын цэцэрлэг үнэтэй байна, 64 дүгээр цэцэрлэгт л оруулмаар байна" гэж гуйсан юм. Тухайн үед би цэцэрлэгтээ гэрийн бүрээс зээлээр авчихсан байсан бөгөөд зээл нь нэхэгдээд мөнгө хэрэгтэй байсан болохоор би Ууганжаргалаас 200,000 төгрөг авсан юм. Гэхдээ энэ мөнгийг нь 2019 оны 10 сард эргүүлж өгсөн. Ууганжаргалын хадам аав Энхсайхан гэдэг хүн надаас нэхэхээр нь би 200.000 төгрөгийг нь эргүүлж өгсөн. Худлаа. Ууганжаргалын хадам аав Энхсайхан гэдэг хүн нь надаас нэхээд авсан. Би өөрийн ээжийн данснаас Энхсайханы данс руу шилжүүлж өгч байсан санагдаж байна. Амьдралын боломж муу, өрх толгойлсон, өндөр настай ээж аавтайгаа байдаг, цалингийн зээлтэй, лизингтэй зэрэг нөхцөл байдлаас болж авсан цалин хүрдэггүй, мөн эдгээр эцэг, эхчүүд өөрсдөө гуйсан бөгөөд тус болж байна гэж л бодсон. /хх-ийн 81-82 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ц.Э ийн: ... Миний бие нөхөр Баяндүүрэн, охин Дүүрэнзаяа нарын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхорт амьдардаг билээ. Манайх 2018 оны 09 сард Увс аймгаас Улаанбаатарт шилжиж орж ирсэн. Тухайн үед хүүхэд маань хөдөө байж байгаад 11 сарын үед хотод ирсэн бөгөөд нөхөр бид хоёр хоёулаа ажилд орсон тул охиныг цэцэрлэгт оруулах шаардлага тулгарсан. Нөхөр бид хоёр хөдөө орон нутгийн хаягтай, албан ёсоор шилжүүлгээ хийгээгүй байсан тул хүүхдийг харьяаллын цэцэрлэгт өгөх боломжгүй байсан. Тийм учраас Хонхорт байдаг ганц улсын цэцэрлэг болох 64 дүгээр цэцэрлэгт очиж эрхлэгчтэй нь уулзахад хүүхдийг авах боломжгүй гэсэн юм. Тухайн үед би Хонхорын эмнэлэгт үйлчлэгчээр ажилд орсон байсан бөгөөд 64 дүгээр цэцэрлэгээс зарим ажилчдынхаа хүүхдийг нь очиж авдаг байсан. Ингэхдээ А  багшийг зүс таньдаг болсон тул А  багшид хандаж охин Дүүрэнзаяаг цэцэрлэгт нь оруулмаар байгаа талаар хэлэхэд "ганц хүүхэд бол аргалаад оруулж болох байх, 200,000 төгрөг өгөхөд болно" гэж хэлсэн. Тэгээд А  багшийн ангид охин Дүүрэнзаяаг 2018 оны 11 сараас хойш явуулж эхэлсэн бөгөөд 2018 оны 11 сарын 11-ний өдөр А  багштай уулзаж 200,000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Тэгээд охин маань 2019 оны 05 cap хүртэл цэцэрлэгтээ бүртгэлгүй яваад амарсан бөгөөд 2019 оны 09 сард хичээл эхлэхийн өмнө би охиныг албан ёсоор бүртгүүлье гэхэд А  багш "хэл ам болно оо, эрхлэгчид хэлээд хэрэггүй, би ганц хүүхэд өөрөө мэдээд ангидаа явуулж байя" гээд А  багш охин Дүүрэнзаяаг өөрийнхөө ангид явуулсан. Тэгтэл 2019 оны 11 сарын үед цэцэрлэгийн захиргаанаас охиныг бүртгэлгүй гэдгийг мэдээд нөхөр бид хоёрыг дуудаж уулзсан. Тэгэхэд нь нөхөр бид хоёр үнэн учраа хэлж өргөдөл бичиж өгсөн юм. А  багшид мөнгө өгсөн гэдгийг зөвшөөрч байна. Г.А  багшид 200,000 төгрөгийг Хонхорт байх гэрт нь очиж бэлнээр өгсөн. /хх-ийн 90-91 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Н.У ын: ... Манайх Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхор Тосгонд амьдардаг байсан юм. 2018-2019 оны хичээлийн жилд хүү Тэргэлийг харьяаллын дагуу Хонхорын 64 дүгээр цэцэрлэгт оруулах гээд цахим бүртгэлд бүртгүүлсэн боловч тэнцээгүй. Тэгээд хүүг маань хадам аав маань гэртээ хардаг байж байгаад 2019 оны хавар 3 сард 64 дүгээр цэцэрлэгт оруулахаар хөөцөлдөж уг цэцэрлэгийн багш Г.А тай уулзсан. Тэгээд Г.А  багшид хүүхдээ цэцэрлэгт оруулах хүсэлтэй талаар хэлэхэд А  багш "хүүхэд ангиас гарч сул орон тоо гарвал оронд нь танай хүүхдийг авахыг бодъё, 200,000 төгрөг өгчих" гэж хэлсэн. Тэгэхээр нь 2019 оны 02 дугаар сарын 26, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрүүдэд тус тус 100,000 төгрөгийг Г.А  багшийн Хаан банкны данс руу нөхөр Золбаярын Хаан банкны 5076517253 данснаас шилжүүлж байсан. Тухайн үед хүүхдийг маань албан ёсоор цэцэрлэгт авч байна гэж ойлгосон бөгөөд А  багш "даргад хэлчихсэн, дарга хариу хэлэхээр авна" гэж байгаад хүүг маань авсан болохоор албан ёсоор бүртгэгдээд орсон л гэж ойлгож байсан. Тэгтэл цэцэрлэгт огт бүртгэлгүй, хичээл ирээгүй хүүхдийн сул тоонд явж байсан гэдгийг нь сүүлд мэдсэн. Хонхорт 64 дүгээр цэцэрлэгээс өөр цэцэрлэг байхгүй. Хувийн цэцэрлэг ч үйл ажиллагаа явуулдаггүй юм. Нөхөр Золбаяр маань ШШГЕГ-ын 441 дүгээр хорих ангид ээлжээр ажилладаг. Миний бие Улаанбаатар Сонгдо эмнэлэгт сувилагч ажилтай тул хүүхдээ Улаанбаатарын цэцэрлэгт оруулж нааш цааш зөөх боломж байгаагүй. Харьяалалын дагуу л 64 дүгээр цэцэрлэгт оруулах гээд багштай нь уулзахад "200,000 төгрөг өгвөл хүүхдийг чинь авъя" гэсэн учраас уг мөнгийг Г.А  гэгчид өгсөн юм. /хх-ийн 98 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Н.Б ийн өгсөн: ... 2019 оноос 2020 оны хичээлийн жилд өөрийн хүү Алтан-Очирыг цэцэрлэгт оруулахаар цахим бүртгэлд бүртгүүлсэн боловч тэнцээгүй, хасагдсан юм. Манай нөхөр Бямбадорж Улаанбаатар төмөр замын Бумбат өртөөнд ажилладаг бөгөөд "миний бие Хонхорт байх цайны газарт тогоочоор ажилладаг байсан юм. Тийм учраас хүү Алтан-Очирыг цэцэрлэгт оруулахгүй бол ажил хийж чадахгүй нөхцөл байдалтай байсан. Хонхорт улсын 64 дүгээр цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд А  гэх багшийг Хонхорынх гэдэг утгаараа зүс таньдаг байсан. Тэгээд 2019 оны 08 сарын үед А  багштай уулзаж "хүү Алтан-Очирыг цэцэрлэгт оруулмаар байна, арга чарга байна уу" гэж хэлсэн. Тэгэхэд А  багш "300,000 төгрөг өгчих өө, тэгвэл хүүхдийг чинь цэцэрлэгт оруулъя" гэсэн. Хэрхэн яаж оруулах талаар ямар нэгэн юм хэлээгүй. Тэгээд 2019 оны 09 сарын 02 -ны өдөр 150,000 төгрөгийг А гийн Хаан банкны 5034420770 данс руу өөрийн 5925450884 данснаас шилжүүлсэн. Үлдэгдэл 150,000 төгрөгийг нь үүнээс арав гаруй хоногийн дараа цэцэрлэг дээр нь очиж бэлнээр 150,000 төгрөг өгсөн. Тэгээд хүү Алтан-Очир маань 2019 оны 09 сараас цэцэрлэгт А  багшийн ангид явж байсан бөгөөд 2019 оны 11 сард цэцэрлэгийн арга зүйч багш нь намайг дуудаад "танай хүүхэд манай цэцэрлэгт бүртгэлгүй байна, яаж оруулсан бэ" гэж асуухаар нь үнэнгээ хэлээд өргөдөл бичиж өгсөн юм. Миний хувьд хүүхэд маань бүртгэлгүй явж байгаа гэдгийг мэдээгүй. А  багшийг албан ёсоор хүүхдийг маань цэцэрлэгт авсан л гэж бодож байсан. А  300,000 төгрөг өгвөл хүүхдийг чинь цэцэглэг авъя гэсэн бөгөөд тухайн үед ажил хийхийн тулд нэхсэн мөнгийг нь өгч цэцэрлэгт хүүхдээ оруулахаас өөр аргагүй байсан юм. /хх-ийн 105 дугаар тал/,

- Г.А гийн “ХААН” банкны 5034420770 дугаартай төгрөгийн харилцах дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлд : 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Г.Ууганжаргалын нөхрийн “ ХААН” банкны 5076517253 дугаарын данснаас /Tergel/ гэсэн гүйлгээний утгатай 100,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр /Tergeliin aaw/ гэсэн гүйлгээний утгатай 100,000 төгрөг, нийт 200,000 төгрөг шилжүүлсэн,

- 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Н.Б ийн “ХААН” банкны 5925450884 дугаарын данснаас /Чимгээ/ гэсэн гүйлгээний утгатай 150,000 төгрөгийг тус тус яллагдагч Г.А гийн “ ХААН” банкны 5034420770 дугаартай тегрөгийн харилцах дансанд шилжүүлсэн байна. /хх-ийн 19 дүгээр тал/,

-  Нийслэлийн Баянзүрх дүүргийн 64 дүгээр цэцэрлэгийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаартай албан бичгээр ирүүлсэн Баянзүрх дүүргийн 64 дүгээр цэцэрлэгийн захирлын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн В/05 дугаартай Т.А д сахилгын шийтгэл оногдуулах тухай" тушаалын хуулбар /хх-ийн 132-133 дугаар тал/,

-  Нийслэлийн Баянзүрх дүүргийн 64 дүгээр цэцэрлэгийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай албан бичгээр ирүүлсэн Баянзүрх дүүргийн 64 дүгээр цэцэрлэгийн багш Г.А гийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар,

- Баянзүрх дүүргийн 64 дүгээр цэцэрлэгийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн В/29 дугаартай Т.А тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар,

- Баянзүрх дүүргийн 64 дүгээр цэцэрлэгийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/15 дугаартай Гав-Очирын А г “Ажилд авах тухай” тушаалын хуулбар,

- Баянзүрх дүүргийн 64 дүгээр цэцэрлэгийн захирлын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/14 дугаартай "Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалын хуулбар,

- Баянзүрх дүүргийн 64 дүгээр цэцэрлэгийн захирлын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/15 дугаартай "Хүүхдийн нэрс хүлээлгэн өгөх тухай" тушаал, тушаалын хавсралтуудын хуулбар,

- Баянзүрх дүүргийн 64 дүгээр цэцэрлэгийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/16 дугаартай "Ажлын хэсэг байгуулах тухай" тушаалын хуулбар,

- Баянзүрх дүүргийн 64 дүгээр цэцэрлэгийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/20 дугаартай "Хүүхдийн нэрс хүлээлгэн өгөх тухай" тушаал, тушаалын хавсралтуудын хуулбар /хх-ийн 150-169 дүгээр тал/,

- Шүүгдэгч Г.А , Ц.Э , Н.Б , Н.У  нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 110, 111, 112, 113, 114, 115, 116, 117, 118, 119, 120, 121, 122, 127, 128, 129, 131, 132, 133, 134, 135, 136 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

            Г.А  нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 64 дүгээр цэцэрлэгийн холимог, бага бүлгийн багшаар ажиллаж байхдаа "хүүхдийг нь өөрийн ажилладаг 64 дүгээр цэцэрлэгт оруулж өгнө" гэж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс буюу хүүхдээ цэцэрлэгт оруулж чадаагүй эцэг, эхчүүдийн хүүхдээ цэцэрлэгт оруулах хүслийн дагуу өөрийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд иргэн Ц.Э ээс 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 64 дүгээр цэцэрлэг, өөрийн ажил дээр байхдаа 200.000 тегрөгийг бэлнээр, иргэн Н.Б ээс 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 150,000 төгрөгийг өөрийн “ХААН” банкны 5034420770 дугаарын дансаар, 2019 оны 09 дүгээр сарын дундуур Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 64 дүгээр цэцэрлэг өөрийн ажил дээр байхдаа 150,000 төгрөгийг бэлнээр, иргэн Н.У аас 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 100,000 төгрөгийг, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 100,000 төгрөгийг өөрийн “ХААН” банкны 5034420770 дугаарын дансаар тус тус авч, нийт 700,000 төгрөгийн /долоон зуун мянган төгрөг/-ийн хахууль авсан гэмт хэргийг,

- Ц.Э  нь оршин суух бүртгэл харьяаллын бус гэдэг шалтгаанаар цэцэрлэгт оруулж чадаагүй өөрийн охиноо цэцэрлэгт оруулах буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 64 дүгээр цэцэрлэгийн холимог бүлгийн багш ажилтай Г.А д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 64 дүгээр цэцэрлэгт 200,000 төгрөг /хоёр зуун мянган төгрөг/-ийн хахууль өгсөн гэмт хэргийг,

- Н.Б  нь 2019 оны 08 дугаар сард цэцэрлэгт цахим бүртгэлээр сонгогдож чадаагүй өөрийн хүүг цэцэрлэгт оруулах буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 64 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн багш ажилтай Г.А д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 150,000 төгрөгийг “ХААН” банкны 5034420770 дугаарын данс руу нь 2019 оны 09 дүгээр сарын дундуур Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 64 дүгээр цэцэрлэг дээр очиж 150,000 төгрөгийг бэлнээр тус тус өгч, нийт 300,000 төгрөг /гурван зуун мянган төгрөг/-ийн хахууль өгсөн гэмт хэргийг,

- Н.У  нь цэцэрлэгт цахим бүртгэлээр сонгогдож чадаагүй өөрийн хүүг цэцэрлэгт оруулах буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 64 дүгээр цэцэрлэгийн холимог бүлгийн багш ажилтай Г.А д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 100,000 төгрөгийг, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 100,000 төгрөгийг тус тус “ ХААН” банкны 5034420770 дугаарын данс руу нь шилжүүлэн, нийт 200,000 төгрөг /хоёр зуун мянган төгрөг/-ийн хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нар нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Г.А гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт: нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс  таван жил  хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс  арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр,

             - шүүгдэгч Ц.Э , Н.У, Н.Б  нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийн хөнгөн гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилжээ.

            Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж хуульчилсан байх ба Г.А гийн 3 удаагийн үйлдлээр Ц.Э , Н.Б , Н.У  нараас мөнгө авч, хүүхдийг нь цэцэрлэгт оруулж өгөхөөр амласан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдэлд тооцох нь зүйтэй.

            Шүүгдэгч Г.А , Ц.Э , Н.У, Н.Б  нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

             Шүүгдэгч Г.А , Ц.Э , Н.У, Н.Б  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн Г.А г Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, Ц.Э , Н.Б , Н.У  нарыг бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заажээ.  

            Иймд Г.А , Ц.Э , Н.У, Н.Б  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ноогдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна гэж хуульчилжээ.

            Шүүгдэгч Г.А  нь Н.У аас авсан 200.000 төгрөгийг буцаан өгсөн ба Ц.Э ээс 200.000 төгрөгийг, Н.Б ээс 300.000 төгрөгийг авч эдгээрт буцаан өгөөгүй тул гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 500.000 төгрөгийг Г.А гаас гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт: ...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно гэсний дагуу шүүгдэгч Г.А , түүний өмгөлөгч Д.Цэндсүрэн нарын хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг завсарлуулсан ба шүүгдэгч Г.А  гэмт хэрэг үйлдэж олсон 500.000 төгрөгийг улсын төсөвт тушаасан байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Г.А г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

             - Ц.Э, Н.У, Н.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар мөн  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.А г нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр /жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэсүгэй.  

            - Ц.Э, Н.У, Н.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсүгэй. 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д   зааснаар Г.А , Ц.Э , Н.У, Н.Б  нар нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г. А , Ц.Э , Н.У, Н.Б  нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.

            5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Г.А , Ц.Э , Н.У, Н.Б  нарын тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.А , Ц.Э , Н.Б , Н.У  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1дэх  хэсэгт  заасныг баримтлан, Г.А гаас 500.000 төгрөгийг албадан гаргуулсныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сангийн 100900005406 тоот дансанд тушаасан тул бусдад төлөх төлбөргүйг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлсүгэй.

            8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.А , Ц.Э , Н.Б , Н.У  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ