Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 960

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Б.Тулга,

шүүгдэгч Н.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.М т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00000 1208 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                                                                              

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Н.М

Холбогдсон хэргийн талаар:

Н.М  нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Б тай “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар 2 гараараа түүний цээжин тус газарт нь түлхэн унагааж, дагзны орчимд нь хөнгөн зэргийн шарх гэмтэл, газарт унасан байхад нь зүүн хөл рүү нь өшиглөж зүүн шаант болон тахилзуур ясны ташуу сэтэрсэн хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М  мэдүүлэхдээ: 2020 оны 04 дүгээр сарны 28-нд орой ажлаа тараад 18 цагт гэртээ ирсэн чинь манай эхнэр Б  согтуу байхаар нь би хоолоо халааж идээд Б д чи архи уугаад давраад байгаарай гэж хэлээд байж байсан чинь утас дугараад хүн машин үзье гэхээр нь 20-30 минут гараад орж ирээд хэвтэж байсан чинь Б  намайг “чи давраад байгаарай хоёр гичийгээ аваад зайл, чиний мөнгөөр архи авсан юм уу” гээд байсан. Тэгээд эхнэр орон дээр хэвтэхээр нь орноос татаж буулгаад гэрээс гаргах гэж байгаад унагаасан. Газар уначхаад хоёр  хөлөөрөө намайг өшиглөөд байхаар нь чирээд гаргаад хаалгаа хаах гэсэн чинь урдаас өшиглөөд байсан. Б гийн ахтай нь утсаар ярьсан. Б  утсаар ярьж байхдаа цагдаа дуудсан. Б  нь ганц удаа архи дарс уугаагүй. Урьд нь 4-5 удаа архи дарс уугаад байхаар нь би эхнэртэйгээ ярилцдаг байсан гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн Г.Б гийн: ...Би 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр найзуудтайгаа 0,5 граммын 2 лааз пиво уучихаад 19:00 цагийн орчим “Тэнүүн” хотхоны 25 дугаар байрны  3 тоот гэртээ орж ирсэн. Би гэртээ орж ирээд буйдан дээрээ шууд хэвтээд өгсөн. Тэгсэн намайг гэрт орж ирээд удаагүй байтал миний нөхөр М  гаднаас орж ирсэн. Тэгээд М  намайг архи уусан байна гэж уурлаж М  бид хоёрын дунд хэрүүл маргаан үүсэж, бид хоёр маргалдсан. Тэгсэн намайг буйдан дээр хэвтэж байтал М  ширээн дээр юм аваад над руу шидсэн. Яг юу шидсэнийг нь одоо санахгүй байна. Тэгэхээр нь би хэвтэж байснаа орон дээрээс босч ирээд М тай барьцалдаж авсан. Тэгсэн М  миний цээжин тус газар 2 гараараа түлхсэн чинь би газар, хойш саваад уначихсан. Би газар савж унаад ухаан алдчихсан юм шиг байгаа юм, нэг ухаан ороод сэртэл миний зүүн чихний ар талаас цус гарчихсан. Гэрийн хаалганы үүдний довжоон дээр цус туначихсан байсан. Тэгээд би газраас босох гэтэл босч чадахгүй байсан. Миний зүүн хөл хөдлөхгүй, маш их өвчтэй байсан. Би тэгээд мөлхөөд ор луугаа очоод цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 7-10 дугаар тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5537 дугаартай хэргийн материалаар хийсэн нэмэлт шинжилгээний:

            1. Г.Б -н биед зүүн шаант болон тахилзуур ясны ташуу сэлтэрсэн хугарал, дагзанд шарх, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

            3. Зүүн шаант болон тахилзуур ясны ташуу сэлтэрсэн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дагзны шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээжний цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

            5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Даваасүрэн гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч М.Н ийн өгсөн: ...2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр миний хойд эх Б  20:00 цагийн орчим гэртээ гаднаас согтуу, архи уучихсан орж ирсэн. Тэгсэн 5-6 орчим минутын дараа аав араас нь орж ирсэн. Тэгээд аав Б  эгчийг архи уулаа гэж гэрээс гараад явчихсан. Тэгсэн 20-30 минут орчмын дараа аав гаднаас буцаж орж ирээд хоолоо идээд сууж байтал Б  эгч буйдан дээр хэвтэж байснаа гэнэт аав руу аймаар уурлаж, би ер нь архи уучихсан байгаа юм уу, би хаана архи уучихсан байна гэх мэтээр орилсон. Тэгсэн аав бас уурлаж Б  эгчийг манай гэрээс гар, зайл гэж хөөгөөд буйдан дээр хэвтэж байхад нь гарнаас нь татаж, буйдан дээрээс чирч буулгаад гэрийн хаалга руу чирсэн. Гэрийн үүдэнд очоод Б  эгч, аав хоёр хоорондоо ноцолдоод зодолдоод байх шиг байсан. Энэ үед нь би том өрөөний 2 давхар орон дээр 4, 5 настай 2 дүүгийнхээ хамт сууж байсан. Би гэрийн үүдэнд аав Б  эгч хоёрыг яаж ноцолдож, зодолдож байгааг нь хараагүй. Тэгсэн Б  эгч өөрийнхөө ах руу утсаар яриад М  намайг зодоод байна, та намайг ирээд авчихаач гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар тал/,

- Шүүгдэгч Н.М ын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33, 34, 36 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Н.М ын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Б тай “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар 2 гараараа түүний цээжин тус газарт нь түлхэн унагааж, дагзны орчимд нь хөнгөн зэргийн шарх гэмтэл, газарт унасан байхад нь зүүн хөл рүү нь өшиглөж зүүн шаант болон тахилзуур ясны ташуу сэтэрсэн хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д:   хоёр мянга долоон  зуун  нэгжээс арван дөрвөн мянга  долоон зуун  нэгжтэй  тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас  гурван жил  хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан  сараас  гурван жил  хүртэл хугацаагаар хорих ялаар  шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Н.М ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.М  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б  хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Н.М т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

            Н.М  нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Б тай “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар 2 гараараа түүний цээжин тус газарт нь түлхэн унагааж, дагзны орчимд нь хөнгөн зэргийн шарх гэмтэл, газарт унасан байхад нь зүүн хөл рүү нь өшиглөж зүүн шаант болон тахилзуур ясны ташуу сэтэрсэн хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Б , насанд хүрээгүй гэрч М.Н э нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 5537 дугаартай хэргийн материалаар хийсэн нэмэлт шинжилгээний дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.М т нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч Г.Б  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан шүүгдэгч Н.М ыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 72-р тал/

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл  байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.М  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Шүүгдэгч Н.М  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Н.М ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Н.М-г 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.М т 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ