Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э  

Улсын яллагч Л.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т

Шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын  газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Б.Л-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2020 оны 05 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д аймгийн С суманд төрсөн, эрэгтэй, ... настай, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, хүүхэд, ач нарын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар, 239 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтаан бүгд 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн гэх, О овогт Б.Л,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Б.Л нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт оршин суух иргэн Б.Т-н илүү гэрт хууль бусаар нэвтрэн орж УАЗ 469 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг радиатор, аксент маркийн автомашины обуд 2 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

Мөн 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт хашаанд байрлуулсан байсан ... улсын дугаартай "Даюун” маркийн том оврийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Л мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдардаг. 2019 оны 08 дугаар сард байх яг одоо би өдөр хоногийг сайн санахгүй байна. Манай гэрээс хойшоо 2 гудамж буюу хуучнаар усны гудамжинд явж байсан чинь машин засдаг Б.Т гэх хүний амьдардаг 3 монгол гэрийн хаалганууд нь цоожтой байсан. Би Б.Т-н гэр лүү ойртож очиход жижиг монгол гэрийнх нь цоожийг нь цоожлоогүй зүгээр зүүгээд орхисон байсан. Тэгээд Б.Т-н жижиг монгол гэрт зүүлттэй байсан цоожлоогүй цоожийг нь авч жижиг гэр лүү ороход машины сэлбэгүүд байхаар нь гэрийн ертөнцийн зүгээр баруун урд талд байсан УАЗ-469 маркийн автомашины 2 ширхэг радиаторыг аваад гарсан. Тэгээд би Б.Т гэх айлын гудамжинд зэс гууль авдаг айлд зарж борлуулаад 20.000 гаран мянган төгрөг болоод мөнгөөp нь архи аваад уусан. Би архи согтууруулах ундаа их хэрэглэдэг байсан тул архины мөнгөгүй болоод айлд байсан эд зүйлийг хулгай хийгээд зарж борлуулаад архи аваад уусан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Мөн архины мөнгө олох зорилготой ийм асуудал гаргасан. /хх-ийн 35/

- 2020 оны 02 дугаар сард Сүхбаатар аймагт амьдардаг төрсөн ээж дээрээ очиж цагаан сар тэмдэглэж өнгөрүүлээд 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 07 цаг 20 минутанд Замын-Үүд суманд ирсэн. Би вагонаас буугаад найз Б-нд буюу тус сумын ... тоотод очиж архи ууж хоносон юм. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өглөө 7-8 цагийн орчимд сэрээд Б мөнгө нийлүүлээд 1 шил 0,75 граммтай С нэртэй архи ... гудамжинд байрлах хүнсний дэлгүүрээс худалдаж авсан. Тэгээд Б-н гэрт байсан Н бид гурав хувааж уугаад сууж байхад С гаднаас орж ирээд нөгөө архиа хувааж ууж дуусгасан. Тэгээд дахин архи авах гэсэн чинь мөнгөгүй болсон байсан учир С би О эгчээс мөнгө олоод ирье гээд гарч яваад удалгүй О эгчийн хамт 1 шил 0,75 граммтай архи авч орж ирээд бид 5 хувааж уусан. Тэгээд 10 цагийн орчимд С бид хоёр О эгчийг цагдаагийн гудамжинд гэрт нь хүргэж өгөөд буцаад Б-н гэрт ирсэн. Би төрсөн ах Л-н гар утас руу залгаж яриад 20.000 төгрөг авахаар болоод найз Г-н гар утас руу залгаж яриад данс руу нь 20.000 төгрөг хийлгэсэн. Тэгээд “архи аваад ирье” гэж хэлээд Б-н гэрээс гарч яваад Б-н хашааны урд талын хашаанд зогсож байсан 3 том тэрэгний баруун талын том тэрэгний хажуу талд 2 ширхэг аккумулятор цахилгааны утсаар холбосон байхаар нь нэг аккумуляторны цахилгааны утсыг гараараа татаж салгаад авч яваад хойд гэр хороололд дунд эзэнгүй блокон материалаар дутуу бариад хаячихсан байшингийн хажуу талд тавиад дээрээс нь блокоор дараад үлдээгээд явсан. Тэгээд би Г-тай уулзаад дансанд нь хийлгэсэн 20000 төгрөгөө аваад дэлгүүр орж тамхи, 1 шил 0,75 грамтай С нэртэй архи худалдаж аваад Б-н гэрт ирээд бид 4 хувааж уусан. Тэгээд дахин архины мөнгө олох зорилготой С бид хоёр 15 цагийн орчимд гараад С чигээрээ гудамжаар яваад би нөгөө урд талын хашаанд байсан 3 том тэрэгний хажуу талд үлдсэн нэг ширхэг аккумуляторыг аваад хашаанаас гарах гэж байхад хажуу айлаас эмэгтэй хүн гарч ирээд ардаас “хөөе” гэж орилох шиг болохоор нь жижиг хашааг нь давуулж шидээд хашааг нь даваад зугтаагаад өргөн гудамжинд явж байхад цагдаагийн алба хаагч ирээд барьж авсан. Би хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан. Хулгай хйисэн 2 ширхэг аккумуляторыг эзэнд нь буцаагаад өгсөн гэжээ. /хх-ийн 97-98/      

Шүүгдэгч Б.Л шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Үйлдсэн хулгайн хэргүүд үнэн. Нэмж хэлэх зүйл байхгүй. Намайг уучлаарай гэв. 

Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Замын-Үүд суманд 2010 оноос хойш гэр бүлийн хамт амьдарч байна. 2017 оны 07 сараас Замын-Үүд сумын 5 дугаар баг ... тоотын хаяганд гэр бүлийн хамт амьдарч байгаа ба би хувиараа УАЗ-469 маркийн автомашин засдаг. Би дунд хүү Т.О, бага хүү Т.Б нарын хамт 2019 оны 07 дугаар сарын 23,24-ний өдрийн орчим Дорноговь аймгийн Хатанбулаг сумын ... гэх газар амьдардаг төрсөн дүү Б.М-н гэрт очиж мал малласан. 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр манай эхнэр С 2 хүүхдээ дагуулаад Хатанбулаг суманд очсон. 2019 оны 08 дугаар сарын 15, 16-ны өдрийн орчим манай эхнэр С-н ... дугаарын гар утас руу нь найз А гэдэг эмэгтэй нь залгаж “Замын-Үүд сумын 5 дугаар баг ... тоотод манай илүү гэрийн цоож нь эвдэрсэн хаалга нь онгорхой байна” гэж хэлсэн. 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр эхнэр, 4 хүүхдийн хамт Замын-Үүд сумын 5 дугаар баг ... тоотод гэртээ ирэхэд илүү гэрийн хаалгыг уяагаар уяасан байсан. Тэгээд би илүү гэр лүү орж эд зүйлээ бүртгэсэн чинь аксент маркийн автомашины 2 ширхэг дугуйны обуд, УАЗ-469 маркийн автомашины 3 ширхэг радиатор байсаны 2 ширхэг нь алга болсон байсан. ...2 дугуйны обудыг 2019 оны 07 сард хүнээс дугуйтай нь 60.000 төгрөгөөр худалдаж авсан. 2 ширхэг радиаторын 1 ширхэгийг нь 150.000 төгргөөр үнэлж байна, обудыг 1 ширхэгийг нь 20.000 төгрөгөөр үнэлж байна. Миний алдсан 2 ширхэг радиатор, 2 ширхэг машины дугуйны обудыг А ХХК 660,000 төгрөгөөр үнэлсэн байсан. Надад үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй гэжээ. /хх-11-12/  

Хохирогч М.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Замын-Үүд сумын 5-р баг ... тоот хашаанд ... улсын дугаартай Даюун маркийн том оврын тээврийн хэрэгслээ 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байрлуулсан. Тэгээд өнөөдөр 15 цаг 30 минутын vед миний ... дугаарын утас руу хажуу айлын эмэгтэй залгаад “танай машины аккумляторыг хүн бариад явж байна” гэхээр нь машин дээрээ явж очиход миний машины 2 ширхэг аккумляторыг хулгайлаад аваад явсан байсан. 1 аккумляторыг хулгайлсан гэх залуу нь хажуу айлын эмэгтэйг тухайн үед дуудахад хашаа давуулж шидчихээд зугтаасан гэхээр нь хашааны цаанаас 1 аккумлятораа олж авсан. Нөгөө аккумлятор нь ойр хавьд үзэхэд алга байсан. Тиймээс цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан юм. 2020 оны 02 дугаар сард тухайн тээврийн хэрэгслийг би урдаас худалдаж авсан. Худалдаж авахад хятадын К нэртэй үйлдвэрийн хар өнгийн 2 ширхэг аккумлятор нь цуг ирсэн. Шинэ аккумлятор нь гадуур 500,000-600,000 төгрөгийн үнэтэй байдаг гэж сонссон. 1 ширхэг аккумляторыг маань хулгайч авч явж байгаад хаяаад зугтаасныг нь үзэхэд гэмтэлгүй байсан учир нэхэмжлэхгүй. Харин хятадын К нэртэй үйлдвэрийн хар өнгийн 1 ширхэг 500,000-600,000 төгрөгийн үнэтэй аккумлятороо алдсандаа гомдолтой байна. Миний 2 аккумлятор хоёулаа шинэ аккумляторууд байсан юм “...Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан. Миний 2 ширхэг аккумляторыг цагдаагийн алба хаагч бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Би хэргийн материалтай танилцсан. Шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ. /хх-ийн 62-63, 65-66/

Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 08 сарын эхээр манай саахалт айл Т гэрийнхэн Дорноговь аймгийн Хатанбулаг сум руу явсан ба Т эхнэр С “манай гэрийг харж байгаарай” гэж надад хэлээд явсан. 2019 оны 08 сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна. Манай бэр О ирээд “Т ахын жижиг гэрийг нь Л гэдэг хүн онгойлгоод орж байна” гэж хэлсэн. Тэгээд би Т-н гэрт очсон чинь ямар нэгэн хүн байхгүй Т-н жижиг монгол гэрийнх нь хаалга нь онгорхой байхаар нь би газар байсан уяагаар Т-н жижиг Монгол гэрийн хаалгыг уяад ажилруугаа явсан. Ажил дээрээ ирээд Т-н ... дугаарын гар утас руу залгахад Т-тэй хамт явсан манай охин С Т-н гар утсыг авахаар нь Т болон гэрийнх нь хүмүүс байгаа талаар асуухад “байхгүй байна Хатанбулаг сумын төв рүү явсан” гэж хэлэхээр нь “Т болон гэрийнх нь хүмүүс ирэхээр нь жижиг гэрийнх нь хаалга онгорхой байна гэж хэлээрэй” гэж хэлсэн. Ажлаасаа буугаад гэртээ байж байсан чинь 18 цаг өнгөрч байхад Т-н ... дугаарын гар утаснаас миний ... дугаарын гар утсанд дуудлага ирэхээр нь авсан чинь Т-н эхнэр С залгаж байсан. Тэгээд С надаас “манай гэр яасан гэсэн бэ” гэхээр нь би “Л гэдэг хүн хаалгыг нь онгойлгож байсан гэж манай бэр О хэлж байсан” гэж хэлсэн. Би тухайн үед нь цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, гэрийнх нь хүмүүст хэлсэн болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдэх байх гэж бодсон гэжээ.  /хх-ийн 15-16/

Гэрч Ч.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2008 онд аав, ээжтэйгээ хамт шилжиж ирсэн. 2019 оны 08 сард өөрийн төрсөн аав Ч-н гэрт очоод хадам ээж Алтанцэцэгийн Замын-Үүд сум 3-р баг ... тоотод байдаг гэр лүү явж байсан чинь ... гудамжинд байдаг Т гэдэг айлын жижиг гэрийн хаалгыг жинчингийн гудамжинд байдаг байсан Л гэдэг хүн онгойлгоод зогсож байхыг харсан. Хадам ээж А-н гэрт ирээд Т ахын гэрт хүн байгаа юм болов уу Л гэдэг хүн хаалгыг нь онгойлгоод зогсож байна гэж хэлсэн. Намайг Т ахын гэрийг Л онгойлгож байсан талаар хадам ээж А-т хэлэхэд хадам ээж А-т хэлэхэд хадам ээж А гэрээс гарч явсан гэжээ. /хх-ийн 18-19/

Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2007 онд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Айраг сумаас ирээд хувиараа хүнсний дэлгүүр ажиллуулж байгаад гэр бүлтэй болж гурван хүүхэдтэй болсон. 2016 оноос Замын-Үүд сумын 5 дугаар баг ... тоотод гэрийнхээ хашаанд хаягдал төмөр авч эхэлсэн. 2019 оны 08 сард өдрийг сайн санахгүй байна манай гэрээс урагшаа 2 гудамж буюу хуучнаар Жинчингийн гудамжинд байдаг Л 2 ширхэг машины радиатор авч ирээд тушаах гэсэн юм гэхээр нь би “ямар нэгэн хулгайн эд зүйл биш биз” гэж асуусан чинь Л “хүний машин янзалж өгөөд хаягдалыг нь авсан юм” гэж надад хэлсэн. Тэгээд би Л-н авч ирсэн 2 ширхэг радиаторыг худалдаж авсан. Л-с худалдаж авсан 2 ширхэг радиаторын нэгнийх нь сeтeкнүүд нь сэтэрчихсэн байсан, нөгөө нэг нь гайгүй байсан шиг санаж байна. Тухайн үед хэдээр худалдаж авсанаа сайн санагүй байна. Би Л-г надад тушаах гээд авч ирсэн 2 ширхэг радиаторыг хулгайн эд зүйл биш биз гэж асуухад биш гэж Л надад хэлэхээр нь би худалдаж авсан. Хэрэв хулгайн эд зүйл гэдгийг нь мэдсэн бол авахгүй цагдаагийн байгууллагад мэдэгдэх байсан, Л-с радиаторыг тухайн үед бусад хаягдал төмөртэй нийлүүлээд Улаанбаатар хот руу зарсан.” гэжээ. /хх-ийн 22-23/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр манай нөхөр П ажилруугаа 15 цагийн орчим гараад явсан. Тэгээд удалгүй гадагшаа үнсээ асгахаар зуухнаасаа үнсээ аваад гарахад миний урдуур 40 орчим насны эрэгтэй хар өнгийн том тэрэгний аккумлятор урдаа тэвэрсэн, зүүн гар талдаа хамгаалалтгүй цулгуу төмөр бахитай хамт тэврээд өнгөрсөн. Би ардаас нь “хөөе” гээд дуудахад хашаа давуулаад аккумляторыг шидээд зүүн тийшээ зугтаагаад алга болсон. Тэр даруй нь нөхөрлүүгээ залгаад “энэ хажуу айлд хүн байдаггүй том тэрэгнийх нь аккумляторыг хүн хулгайлаад тэвэрч авч явж байгаад зугтаачихлаа” гэхэд манай нөхөр цаашаагаа эзэдтэй нь холбогдсон юм шиг байна лээ. Машиных нь эзэн О гэх хүн жижиг тэрэгтэй хүрээд ирсэн юм. Удалгүй бас цагдаагийн байгууллагаас цагдаа нар ирсэн гэжээ. /хх-ийн 85-86/

Гэмт хэргийн талаарх амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 06, 48/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-09, 50-53/

А ХХК-ны үнэлгээний тайлан /хх-ийн 25-27, 88-90/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол 1920002210043, 2020000370042 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 32-33, 95-96/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 54/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 56-58/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-39/

Шүүгдэгчийн урьд шийтгүүлж байсан ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 43-44/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 130-132/

Хохирол төлсөн баримтууд /хх-ийн 136-137/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Б.Л нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг ... тоотод оршин суух иргэн Б.Т-н илүү гэрт хууль бусаар нэвтрэн орж уаз 469 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг радиатор, аксент маркийн автомашины обуд 2 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

-2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг... тоот хашаанд байрлуулсан байсан ... улсын дугаартай "Даюун” маркийн том оврийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч Б.Т, М.О нарын мэдүүлэг, гэрч Ц.А, Ч.О, О.Б, Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгүүд, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-09, 50-53/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 54/, А ХХК-ны үнэлгээний тайлан /хх-ийн 25-27, 88-90/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 56-58/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Л-г өөр, өөр объектод, цаг хугацааны хувьд завсарлагатайгаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон 2.1-д зааснаар үйлдэл тус бүрээр ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэх санал гаргаж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан гэмт хэргийг нэгээс дээш удаа буюу дахин үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм. Эрүүгийн хуулиар тогтоосон дээрх хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн гэмт этгээдэд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл бүрийг тус тусд нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол ердийн бүрэлдэхүүнээр нь зүйлчлэнэ.

Нийтлэг давталт нь гэмт этгээдийн урьд гэмт хэрэг үйлдсэн явдлыг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид эсхүл ялыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулан үздэг бол тусгай давталт нь гэмт этгээд нэг төрлийн эсхүл төсөөтэй гэмт хэрэг үйлдсэн байхыг илэрхийлдэг ойлголт юм. Тусгай давталт гэж үзэхэд нэг төрлийн эсхүл төсөөтэй гэмт үйлдлийг тогтоох шаардлагатай бөгөөд тэдгээр нь гол төлөв Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэгт заасан, халдлагын объект, зүйл нэгтэй хэргүүд хамаарна. Энэ шинжээр авч үзвэл Б.Л-н бусдын өмчлөх эрхэд халдаж, тодорхой эд хөрөнгийг нууц аргаар, хууль бусаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, хүний байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлсан нь нэг төрлийн гэмт хэргийн давталт болно.

 Шүүгдэгч Б.Л нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт урьд 1 удаа ял шийтгүүлснээс гадна нэг төрлийн хэргийг цаг хугацааны завсарлагатайгаар хоёр удаа үйлдсэн байх бөгөөд нийтлэг болон тусгай давталттай холбоотой уг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн тул төгсгөлтэй, хоёр өөр хугацаанд үйлдэгдсэн нэг төрлийн хоёр үйлдлийг тус тусд нь бус дээрх зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр нэгтгэн зүйлчлэх нь зүйтэй юм.

Иймд улсын яллагчийн шүүгдэгч Б.Л-г зүйлчлэлийг хүндрүүлэх бүрэлдэхүүнээр нэгтгэн зүйлчлэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулав.

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч нь 2020 оны 05 сарын 20-ны өдөр хохирогч Б.Т-д 315,000 төгрөг төлж барагдуулсан нь хохирогч Б.Т-н тайлбар болон Х банкны орлогын мэдүүлэг, хохирогч М.О-н 2 ширхэг аккумляторыг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 54/, хохирогч М.О-н тайлбар зэргээр тогтоогдож байна. Иймд түүнийг хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.

 Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-н хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгч Б.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр барагдуулсан байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар оногдуулах ялын хэмжээг хөнгөрүүлсэн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Б.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Л-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Э.Б