Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 1099

 

 

 

 

 

 

 

2020        06        11                         2020/ШЦТ/1099

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

улсын яллагч С.Мөнхгэрэл,

шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 3164/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  А.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002 00197 0146 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Олхонууд овогт Алтангэрэлийн А.М, Монгол улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Мон-туул” ХХК-д түгээгч, жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 6 дугаар гудамж,  346 тоотод оршин суух, урьд 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Сэлэнгэ аймаг дахь 3 дугаар шүүхийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар тээврийн  хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил, 5 хоногийн хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, //,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.М нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Делта 9” тетрагидроканнабинолын агууламжтай нийт 2.6647 граммын жинтэй “өвс” мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үл таних хүнээс худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар олж авч, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр “Улиастайн” голын эрэг орчим 5499 УБЯ улсын дугаартай, Тоёото “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Шүүгдэгч А.Мгийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч А.М нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Делта 9” тетрагидроканнабинолын агууламжтай нийт 2.6647 граммын жинтэй “өвс” мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үл таних хүнээс худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар олж авч, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн голын эрэг орчим 5499 УБЯ улсын дугаартай, Тоёото “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч А.М гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:  

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм зүйл хийсэндээ үнэхээр их харамсаж байна. Дахиж хэзээ ч ийм зүйлд орооцолдохгүй, би амлаж байна. Эхнэр маань төрөөд удаагүй, нялх биетэй байгаа болохоор миний ар гэрийн байдлыг харгалзан үзэхийг шүүхээс хүсч байна” гэх мэдүүлэг[1]

2. 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[2],

 

3. 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл[3],

4. 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[4],

5. 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүний биед үзлэг хийж, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл: “...бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар зааж байгааг тэмдэглэлд тусгав...” гэх А.М, О.Одсүрэн нарын биед үзлэг хийж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг[5],

6. Гэрч О.Одсүрэнгийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн үед манай танил А.М гэж залуу фэйсбүүк чатаар “Юу байна уулзах уу?” гээд миний утасны дугаарыг аваад над руу залгаад бид 2 Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автобусны буудал дээр уулзсан. А.М 54-99УБЯ улсын дугаартай, “Приус-20” маркийн хар өнгийн машинтай ирсэн. Би машинд нь суугаад буцаж эргээд зүүн тийшээ яваад Эмнэлгийн тойрог ороод замаараа дэлгүүр ороод А.М ундаа авсан. Тэр хооронд “амьдрал ахуй сайн уу? юу хийж байгаа вэ?” гэх мэтчилэн ярилцаж байгаад А.М надад хандан “Надад жаахан өвс байна. Улиастайн гол оръё” гэж хэлсэн. Гол дээр очиж машинтайгаа зогсоод тамхи асааж татсан. А.М надад мөнгөлөг цаасан дээр жижиг чимх ногоон өнгийн өвс тавьж өгсөн. Тэрийг нь би асааж нэг удаа сорж уугиулсан. А.М өөртөө мөнгөлөг цаасан дээр нөгөө ногоон өвсийг тавьж нэг удаа сороод байж байхад эргүүлийн цагдаа нар ирсэн. Тэр ирсэн цагдаа нар “та нараас юу үнэртээд байгаа юм бэ?” гээд А.М бид хоёрын биед үзлэг хийхэд А.Мгийн зүүн хөлийн оймсны түрийнээс гялгар ууттай, ногоон өнгийн өвс гарч ирсэн. Цагдаа нар бид хоёрыг буулгаад биед үзлэг хийж байгаад машины гадна талын ард талын газраас 2 ширхэг мөнгөлөг цаас авч ирсэн. Би тэрийг хаяагүй, харин А.М гаргаж хаясан байх...” гэх мэдүүлэг[6],

7. Гэрч С.Үүрдмөнхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би А.Мд ямар ч өвс өгөөгүй, надаас авсан мөнгөндөө өгөх ёстой, өглөгтөө л тэр пүүз, савхиа өгсөн. Тэр пүүз, савхи хоёр хуучин, хэрвээ мөнгөөр зарвал үнэд хүрэхээргүй, одоо болтол байж л байгаа. Тэрийг нь би А.Мд буцааж өгнө. А.М ах тэр өвс гэж зүйлээ хаанаас яаж олж авсныг би мэдэхгүй, Цагдаад баригдахаараа надаас авсан гэж хэлж байгаад их гайхаж байна. Би А.Мд ямар ч өвс өгөөгүй, тийм зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[7],

            8. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №2083 дугаартай актын Дүгнэлт хэсэгт: “...Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ургамал мэт зүйл, тогоо хэлбэр оруулсан тугалган цаас, харлаж бохирлогдсон тунгалаг цаас, АТ0269403 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол...илэрч байна...” гэх дүгнэлт, гэрэл зураг[8],

9. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №1622 дугаартай актын Дүгнэлт хэсэгт: “1.А.М 2020.03.10” гэж хаягласан шээсний дээжнээс тетрагидроканнабинол /ТНС/ илрэв.       

2.Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна“ гэх дүгнэлт, гэрэл зураг[9],                       

10. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №1621 дугаартай актын Дүгнэлт хэсэгт: “...”Одсүрэн 2020 оны 03 дугаар сарын 10” гэж хаягласан шээсний дээжнээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. 2. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт[10],

|

11. Шүүх Сэтгэц Эрүүл мэндийн Үндэсний Төвийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №387 дугаартай актын Дүгнэлт хэсэгт: “..А.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн, зөв мэдүүлэг өгөх чадвартай...хэрэг хариуцах чадвартай байсан байна...” гэх дүгнэлт[11],                   

12. Шүүгдэгч А.Мгийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:”...Би прокурорын тогтоолтой танилцлаа ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгаа гэдгээ мэдсэн. Хүлээн зөвшөөрч байна...Би 2020 оны 03-р сарын 05-ны өдөр хороололд нэрийг нь мэдэхгүй караокед ганцаараа пиво уугаад дуулж сууж байгаад тэнд сууж байсан танихгүй залуутай тамхилж байгаад уг гялгар ууттай өвс гэх зүйлийг олж авсан. Түүнээс хойш өөртөө байлгаж байгаад 2020 оны 03-р сарын 10-ны өдөр нөгөө өвсөө хэрэглэх гээд Одсүрэнг дуудаж бид 2 манай 54-99 УБЯ улсын дугаартай “Приүс-20” маркийн машинтай “Шар хад”-наас цаашаа “Улиастай” голын эрэг дээр очоод өвсөө тугалган цаасан дээр тавьж шатааж утааг нь сорж хэрэглэж байхад цагдаа нар ирж барьсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...”[12],

13. 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг[13],

14. А.Мгийн мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг[14],

 

           15. 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зураг”[15],

           16. 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол[16],

           17. А.Мгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[17] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзсэн.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

          Шүүгдэгч А.М нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага талаар.

Шүүх шүүгдэгч А.Мд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа болон түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж хуульчилжээ. Шүүгдэгч А.Мгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарахаар байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тодорхой хуульчилсан.

Иймд шүүхээс шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийг зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх үзэв.

Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд хэрэглэж, түүнд хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  шүүгдэгч тэнссэн хугацаанд үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч А.Мд анхааруулсан.

Мөн шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд мэдэгдсэн.

Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх гялгар ууттай, ногоон өнгөтэй, 5 граммын хэмжээтэй өвс мэт зүйл, гялгар ууттай дутуу шатсан тугалган цаас 3 ширхэг зэргийг “Хар тамхитай тэмцэх газар”-ын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болохоор устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт устгах комисс”-т,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, Төв банк /Монгол банк/-ны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт[18] тус тус зааснаар хуйлж ороосон “АТ0269403” серийн дугаартай, 50 төгрөгийн Монгол Улсын мөнгөн дэвсгэрийг Монгол банкинд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “Сиди”-г хэргийн архивт хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалах нь хуульд нийцнэ.

            Шүүгдэгч А.М нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохилтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  А.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар олж авч, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлА.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд хэрэглэж, түүнд хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг А.Мд анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх гялгар ууттай, ногоон өнгөтэй, 5 граммын хэмжээтэй өвс мэт зүйл, гялгар ууттай дутуу шатсан тугалган цаас 3 ширхэг зэргийг “Хар тамхитай тэмцэх газар”-ын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болохоор устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, Төв банк /Монгол банк/-ны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт[19] тус тус зааснаар хуйлж ороосон “АТ0269403” серийн дугаартай, 50 төгрөгийн Монгол Улсын мөнгөн дэвсгэрийг Монгол банкинд шилжүүлсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “Сиди”-г хэргийн архивт хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.

            9. Шүүгдэгч А.М нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Мд урьд авсан “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 6-9 дүгээр тал

[3] Хавтаст хэргийн 10 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 11-12 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 14-15 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 50-52 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 58-59 дүгээр тал

[8] Хавтаст хэргийн 64-67 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 71-73 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 77-79 дүгээр тал

[11] Хавтаст хэргийн 83-84 дүгээр тал

[12] Хавтаст хэргийн 88-89 дүгээр тал

[13] Хавтаст хэргийн 90 дүгээр тал

[14] Хавтаст хэргийн 90-92 дугаар тал

[15] Хавтаст хэргийн 45-48 дугаар тал

[16] Хавтаст хэргийн 31-32 дугаар тал

[17] Хавтаст хэргийн 93 дугаар тал

[18] https://www.legalinfo.mn/law/details/483

[19] https://www.legalinfo.mn/law/details/483