| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2018/0006/З |
| Дугаар | 159/ШШ2018/0007 |
| Огноо | 2018-03-11 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 159/ШШ2018/0007
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох
“Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016.01.22-ны өдрийн 1/65 дугаартай албан бичиг болон түүнд хавсаргасан 52 дугаартай “Дэмжихгүй” гэсэн санал хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Сувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Холбогдох хууль зүйн эх сурвалжийг ашиглан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Эх” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай ******* /*******/ дугаартай хүсэлтийг “*******” ХХК-иас Ашигт малтмалын тухай хуулийн 18.2-т заасны дагуу Ашигт малтмал Газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан бөгөөд тус хүсэлтийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “Дэмжихгүй” гэсэн саналыг Сэлэнгэ аймгийн Засаг даргаас ирүүлсэн тул Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д заасныг үндэслэн “*******” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж Ашигт малтмал, Газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга шийдвэрлэсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т заасныг зөрчиж тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авалгүйгээр “Дэмжихгүй” гэсэн саналыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга бие даан гаргасан нь тус аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн баримтаар нотлогдож байх бөгөөд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/65 дугаартай албан бичиг болон түүнд хавсаргасан 52 дугаартай саналд “тухайн талбайд нэг иргэний эзэмшлийн газар олгогдсон тул тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэж үндэслэлээ тодорхойлсон боловч “*******” ХХК-иас гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ******* /*******/ дугаартай өргөдөлд заасан солбилцол бүхий Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын талбайд иргэний эзэмшлийн газар байхгүй тухай тус сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн лавлагаагаар нотлогдож байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д тусгай зөвшөөрөл олгохоос аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзахаар заасан бөгөөд “*******” ХХК-иас гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ******* /*******/ дугаарт заасан солбилцол бүхий Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын талбайд иргэний эзэмшлийн талбай байхгүй тул Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/65 дугаартай албан бичиг болон түүнд хавсаргасан 52 дугаартай “Дэмжихгүй” гэсэн санал нь Улсын Дээд Шүүхийн 2010 оны 09 дүгээр тогтоолын 10-т “Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “...татгалзсан хариу өгч болно...” гэдгийг хууль болон бусад хуулиар ашигт малтмалын эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэж тайлбарласныг зөрчиж байна.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/65 дугаартай албан бичиг болон түүнд хавсаргасан 52 дугаартай “Дэмжихгүй” гэсэн саналын хувийг “*******” ХХК-д хүргүүлээгүй тул түүнд заасан “Дэмжихгүй” гэсэн саналтай танилцаагүй бөгөөд Захиргааны Ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын “Дэмжихгүй” гэсэн саналыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргах хугацааг тус хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар тоолохоор хуульчилсан. Үүний дагуу Захиргааны Ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар тус хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т заасан этгээдээр дараах субьектэд хаяглан Захиргааны Ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т заасан хугацаанд дор заасан гомдлыг тус тус гаргасан байна. Үүнд:
1.Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/65 дугаартай албан бичиг болон түүнд хавсаргасан 52 дугаартай “Дэмжихгүй” гэсэн санал хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах тухай гомдлыг Монгол Улсын Ерөнхий сайдад,
2. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/65 дугаартай албан бичиг болон түүнд хавсаргасан 52 дугаартай “Дэмжихгүй” гэсэн санал хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах тухай гомдлыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга.
Монгол Улсын Ерөнхий Сайдад хаягласан гомдлын хариуг Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг эрхлэх газраас 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Х/29 дугаартай албан бичигээр “*******” ХХК-д өгсөн бөгөөд Ховд аймгийн Засаг даргад хаягласан гомдлын хариуг “*******” ХХК-д өгөөгүй эс үйлдэхүй нь Захиргааны Ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т заасан хугацааг хэтрүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэлийг бүрдүүлж байна.
Иймд Сэлэнгэ аймгийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/65 дугаартай албан бичиг болон түүнд хавсаргасан 52 дугаартай “Дэмжихгүй” гэсэн санал хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгоно уу гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Эх” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг “*******” ХХК-иас гаргасан. Өргөдлийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс шалгаад тухайн талбайг олгох боломжтой гэж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4, 19.5-д зааснаар орон нутгийн захиргааны байгууллагаас санал авахад “Дэмжихгүй” гэсэн саналын хариуг ирүүлсэн. Сэлэнгэ аймгийн засаг дарга татгалзсан үндэслэлд тухай координат бүхий талбайд бусдын эзэмшилд газар олгогдсон учир ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн үндэслэлээр татгалзсан байна. Энэ үндэслэлээр Ашигт малтмал газрын тосны газар 2017 оны 07 сарын 31-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргасан. Дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй учраас Ашигт малтмал газрын тосны газрын даргын шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ашигт малтмал газрын тосны газраас 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр буюу хавтаст хэргийн 35 дугаар хуудсанд байх санал авахаар явуулсан, саналын хариуг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр буюу хуульд заасан 30 хоногийн хугацааг 9 хоногоор хэтрүүлэн Сэлэнгэ аймгийн Засаг дарга үндэслэлээ тодорхойлж татгалзсан гэсэн хариуг явуулсан байна. Ашигт малтмал Газрын тосны газарт холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн координат бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй буюу бусдын эзэмшилд газар олгогдсон эсэх талаар Орхонтуул сумын орон нутгийн захиргааны байгууллагаас лавлагаа авсан. Лавлагаа авсан албан бичиг болон ирсэн бичгийн хамт шүүхэд нотлох баримтаар хавтаст хэрэгт өгсөн. Дээрх лавлагаагаар тухайн талбайд бусдын эзэмшилд газар олгогдоогүй тухай шүүхэд хариу ирүүлсэн.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газарт холбогдох Ашигт малтмал газрын тосны газар аймгийн Засаг даргын “Дэмжихгүй” гэсэн саналыг үндэслэж татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр бүцаасан байна.
Учир нь Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх маргаантай холбоотой нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэгдэж дуусаагүй байсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх үед Орхонтуул сумын Засаг даргын Тамгын газраас тухайн талбайд газар олгогдсон эсэх талаар лавлагаа авахад газар олгогдоогүй гэсэн хариу ирсэн.
Ашигт малтмалын тухай хуульд зааснаар аймгийн Засаг дарга “Дэмжихгүй” гэсэн саналыг явуулахын тулд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас санал авч, тухайн талбай байрлаж буй сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс санал авснаар дээрх хариу өгөх ажиллагаа хийгдэх ёстой байсан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал аваагүй тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шүүхэд ирүүлсэн тайлбараас харж болно. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал аваагүй нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар нотлогдож байсан.
Дээрхээс үзвэл Сэлэнгэ аймгийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр саналыг зохих этгээдээс авалгүйгээр “Дэмжихгүй” саналыг явуулсан гэдэг нь тогтоогдож байна. Сэлэнгэ аймгийн Засаг даргаас ирүүлсэн “Дэмжихгүй” гэсэн саналыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн, “*******” ХХК-нд дээрх саналын тухай мэдэгдээгүй байсан. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс “*******” ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын “Дэмжихгүй” гэсэн саналд үндэслэж татгалзсан тухай 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаартай мэдэгдэл ирүүлсэн. Ингээд дээрх мэдэгдлийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сэлэнгэ аймгийн Засаг Даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/65 дугаартай албан бичиг болон түүнд хавсаргасан 52 дугаартай “Дэмжихгүй” гэсэн саналын хувийг “*******” ХХК-д хүргүүлээгүй тул түүнд заасан “Дэмжихгүй” гэсэн саналтай танилцаагүй тул саналыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Ерөнхий Сайдад 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/19 дугаартай албан бичгээр гомдол гаргасан. Монгол Улсын Ерөнхий Сайдаас Х19 дугаартай “Саналыг хүчингүй болгуулахгүй” тухай гомдлын хариу ирүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “*******” ХХК-ний нэхэмжлэлтэй тус аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 22-ны өдрийн 1/65 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
1.“*******” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг судлан үзэхэд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт Эх нэртэй газарт 661.43 ректар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох боломжтой гэж үзэн санал авахаар ирүүлсэн албан бичгийн дагуу холбогдох солбилцлуудыг мэдээллийн санд оруулан шалгаж үзэхэд 1 иргэний эзэмшлийн өвөлжөөний газартай давхцаж байсан.
Иймд Монгол Улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу бусдын эзэмшил газартай давхцаж байгаа тул уг талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох боломжгүй болохыг мэдэгдсэн.
2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь 30 хоногийн дотор эрх бүхий байгууллага, албан тушаалтанд маргаан бүхий асуудлаар гаргасан боловч Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бөгөөд хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах байсан боловч энэхүү эрхээ алдаж шүүхэд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан “*******” ХХК нь хугацаа сэргээсэн талаар шүүхийн шийдвэр байхгүй шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна.
Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй бөгөөд өргөдөлд дурдагдсан маргаан бүхий газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар иргэн, аж ахуй нэгж байгууллагын ашиглах, эзэмших гэж хүсэлт гаргасан газар нь бусдын ашиглалт эзэмшлийн газартай давхцахгүй байх нь хуулийн шаардлага юм.
Иймд аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/65 тоотоор өгсөн хариу нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр акт тул хуульд заасны дагуу “Эх” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороолол, 67 дугаар байр 26 тоотод үйл ажиллагаа явуул0даг “*******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/65 дугаартай албан бичиг болон түүнд хавсаргасан 52 дугаартай “ДЭМЖИХГҮЙ” гэсэн саналыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт, тайлбаруудаар дараах зүйлүүд тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Үүнд:
“*******” ХХК-ний Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Эх нэртэй газарт 661.43 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан ******* /*******/ дугаартай өргөдлийн талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсэхэд санал авахаар Ашигт малтмал, газрын тосны газраас Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 6/9961 тоот мэдэгдлийг хүргүүлжээ.
Уг мэдэгдлийн хариуд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/65 тоотоор тус аймгийн Орхонтуул сумын Эх нэртэй газарт 661.43 гектар талбайд 1 иргэний эзэмшлийн өвөлжөөний газартай давхцаж байх тул Газрын тухай хуулийн 31.3-т заасны дагуу “ДЭМЖИХГҮЙ” гэх саналыг Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлжээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 7/5286 дугаартай албан тоотоор ******* /*******/ дугаартай өргөдлийн талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга “ДЭМЖИХГҮЙ” гэсэн санал ирүүлсэн тул Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь дээрх “ДЭМЖИХГҮЙ” гэх саналаа Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасныг зөрчиж Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас саналыг авалгүй мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар татгалзасан хариу өгсөн болох нь Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд ирүүлсэн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 11 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Мөн “*******” ХХК-ний ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн солбилцол бүхий 661.43 гектар талбайд ямар нэг газар эзэмших, өмчлөх эрх үүсээгүй талаарх баримтыг Орхонтуул сумын Засаг даргын тамгын газраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлснийг нэхэмжлэгч талаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгчээ.
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгч буй Засаг даргын “САНАЛ” нь захиргааны актын үндсэн шинжийг агуулсан, эрх зүйн үр дагавар үүсгэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж ...” гэж зааснаас үзэхэд зөвхөн Аймаг, нийслэлийн Засаг дарга “ДЭМЖСЭН” санал өгсөн тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдох боломжтой, харин ямар ч үндэслэлээр “ДЭМЖИХГҮЙ” санал өгсөн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдох боломжгүй болох нь хуулийн зохицуулалтаас харагдаж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж зааснаас үзэхэд Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлээр буюу хүсэлтэд дурьдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэх, зэрэг үндэслэл тогтоогдвол татгалзсан хариу өгөх боломжтой байхад Сэлэнгэ аймгийн Засаг дарга “*******” ХХК-ний хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд “ДЭМЖИХГҮЙ” гэсэн санал өгөх болсон үндэслэлээ нэг иргэний эзэмшлийн өвөлжөөний газартай давхцсан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн байна гэсэн нь үндэслэлгүй бөгөөд давхцсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байна.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтын агуулга нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага бөгөөд “*******” ХХК нь Засаг даргад хандаж газар эзэмших өргөдөл, хүсэлт гаргаагүй бөгөөд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд хуульд заасны дагуу саналыг нь авахыг хүссэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, 19.6-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/65 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан 52 дугаартай “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал” нь хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОДБААТАР