Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 1849

 

“М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/05570 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.А-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 99 600 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г ,

Хариуцагч Ц.А ,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Ү ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч О.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.А нь 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр манай компаниас өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалуулж, газар худалдан авах зорилгоор 50 000 000 төгрөгийн зээлийг 1 /нэг/ жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн.

Талууд энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож 00000 тоот улсын бүртгэлийн дугаартай ......... дүүрэг, .........дугаар хороо, Дүнжингарав хороолол, Их монгол улсын гудамж, .......дүгээр байрны ....... тоот хаягт орших 86.96 м.кв талбайтай орон сууцыг барьцаалахаар тохирч, зохих ёсоор бүртгүүлж, баталгаажуулсан.

Зээлдэгч Ц.А нь зээлийг авсан өдрөөс хойш нийтдээ 14 000 000 төгрөгийн хүү төлсөн бөгөөд 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй, гэрээний хугацаа 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дууссан болно. “М ББСБ” ХХК-ийн зүгээс гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш төлөлт Ц.А-д зээлийг яаралтай төлөх талаар удаа дараа сануулахад тэрээр, бидэнд хугацаа өгөөч, удахгүй төлнө, орон сууцаа зараад төлнө гэх зэргээр худлаа ярьсаар байгаад өнөөдрийг хүрсэн.

Иймд хариуцагч Ц.А гаас үндсэн зээлийн үлдэгдэл 50 000 000 төгрөг, зээлийн хүү 49 600 000 төгрөг, нийт 99 600 000 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангах талаар шийдвэрт тусгаж өгнө үү, бид нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэхгүй гэжээ.

 

Хариуцагч Ц.А болон түүний өмгөөлөгч С.Ү нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ц.А нь нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-иас өмнө нь хэд хэдэн удаа зээл авч, буцаан төлж байсан. Тэрээр 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тус компаниас 30 000 000 төгрөгийн зээлийг сарын 3 хувийн хүүтэй, 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн нэмэлт гэрээгээр 10 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй тус тус зээлсэн.

Одоо энэхүү нэхэмжилж буй 50 000 000 төгрөгийн зээлийн хувьд урьд өмнө олгосон зээлийн үлдэгдэл төлбөрүүд нэмэгдсэн дүнгээр гэрээ байгуулагдсан байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд 50 000 000 төгрөгийг бодитоор өгсөн үйл баримт бий болоогүй тул зээлийн харилцаа үүсээгүй.

Анх Ц.А нь “М ББСБ” ХХК-иас 30 000 000 төгрөгийн зээл авахад сарын хүүг 3 хувиар тогтоосон бол нэмэлт гэрээгээр 10 000 000 төгрөгийн зээл олгохдоо сарын хүүг 4 хувь болгосон нь энэхүү зээл үндсэндээ 50 000 000 төгрөгийн зээлийн эхлэл гэдгийг тодорхой илэрхийлж байна.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.5, 1.7-д тус тус зааснаар зээлдэгч Ц.А нь зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн боловч ямар ч график хуваарь гэж зүйл байхгүй, түүний төлсөн 14 000 000 төгрөгийг шууд зээлийн хүүнд суутгаж авсан нь ойлгомжгүй, учир дутагдалтай зүйл болсон.

Мөн хариуцагч Ц.А хамгийн сүүлд 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 4 000 000 төгрөг төлснөөс хойш ямар нэгэн төлөлт хийхгүй, зээлийг эргэн төлөх санхүүгийн байдал илт муудсан байхад зээлдүүлэгч “М ББСБ” ХХК-ийн зүгээс зээлийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахгүй удсан, ийнхүү хүүг зогсоохгүй байснаараа зээлдэгчид дарамт учруулсан байх тул шүүхээс үүнийг анхаарахыг хүсье.

Холбогдох төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан журмын дагуу бол энэхүү зээл төлөгдөхгүй удсан тохиолдолд зээлдүүлэгч талаас нэн яаралтай зээлийг төлүүлэх арга хэмжээ авах ёстой байсан атал шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хойшлуулж, хүүг их хэмжээгээр тооцсон байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд, шүүхээс олгосон зээл, буцаан төлсөн зээл болон хүү зэргийг харгалзан үзэж зохих ёсоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Ц.А гаас 74 526 027.36 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25 073 972.64 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч Ц.А шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ....... дүүрэг, ...... дугаар хороо, Дүнжингарав хороолол, Их монгол улсын гудамж, .......дүгээр байрны ......тоот хаягт орших 86.96 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 болон 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ц.А гаас 530 580 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч “М” ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлагаас 25 073 972.64 төгрөгийн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шүүх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т тус тус зааснаар “зээлдэгч нь зээлийг тохирсон хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй...”, мөн “...хэдийгээр зээлдэгч Ц.А гийн зээл төлөх хугацаа 2014.09.26-ны өдөр дууссан боловч тэрээр зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш зээлийг төлөх хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрөөс чөлөөлөгдөхгүй...” гэж тус тус хуулийг зөв тайлбарласан атлаа шийдвэрийн тогтоох хэсэгтээ үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн xүү 49 600 000 төгрөг нийт 99 600 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр 25 073 972.64 төгрөгийг хасаж шийдвэрлэсэнд гомдож байна.

Мөн шүүх ...Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй юм. Хэдийгээр зээлдэгч Ц.А нь 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зөрчсөн боловч талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үр дагавар үүссэн байхад зээлдүүлэгч “М” ББСБ-ийн зүгээс зээлийг төлүүлэх талаар гэрээ болон хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүйгээс нөгөө талдаа тэгш бус байдал бий болсон байна.” гэж илт хуулийг буруу тайлбарлаж зээл аваад зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөхгүй янз бүрийн арга хэрэглэж удахгүй төлнө, 2 өрөө байраа зараад ойрын хугацаанд төлнө гэж худал ярьж манай ББСБ-ыг өнөөдрийг хүртэл хохироогоод явж байгаа зээлдэгч, хариуцагч Ц.А гийн үйлдлийг шударга гэж үзээд зээлийн хүүгээс 25 073 972.64 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 50 000 000 төгрөгөө зээлдүүлээд төлөхгүй болохоор нь шүүхэд нэхэмжлэл гаргасан манай ББСБ-ын үйлдлийг шударга бус гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдож байна.

Бодит байдал дээр бид зээлдэгч Ц.А гаас үндсэн зээл, зээлийн хүүгээ төлөхийг удаа дараа шаардаж, утас нь холбогдохгүй юм уу авахгүй тохиолдолд гэрт нь очиж Ц.А гаас үндсэн зээл, зээлийн хүүгээ төлөхийг шаардаж байсан. Зээлдэгч Ц.А нь зээлээ төлөхийг шаардахад удахгүй төлнө гэж зээл төлөх хугацаагаа хойшлуулсаар өдийг хүрсэн. Хариуцагч Ц.А нь энэхүү өнгөрсөн хугацаанд хэзээ ч би зээлээ төлж чадахгүй болчихлоо, асуудлаа шүүхээр шийдвэрлүүлье гэж хүсэлт, өргөдөл өгч байгаагүй. Гэтэл анхан шатны шүүх зээлдэгч Ц.А гийн “М” ББСБ-д 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хандаж гаргасан зээлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлтийг “зээл эргэн төлөх хугацаа хэтрүүлсэн эцсийн хугацаа” гэж үзэж зээлийн хүүг 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөр тогтоож зээлийн хүү 49 600 000 төгрөгөөс 25 073 972.64 төгрөгийг хэрэгсэхгүй болгож 24 526 027.36 төгрөгийн хүү болгож бууруулсан нь ойлгомжгүй, ямар ч хууль зүйн үндэслэлгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал юм.

Өнөөдрийн байдлаар зээлдэгч Ц.А гийн “М” ББСБ-д төлөх ёстой үндсэн зээл нь 50 000 000 төгрөг, зээлийн хүү нь 49 600 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 8 000 000 төгрөг нийт 107 600 000 төгрөг байсан бөгөөд манай ББСБ нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэмэгдүүлсэн хүү 8 000 000 төгрөгийг нэхэмжлээгүй болно.

Иймд нэхэмжлэгч “М” ББСБ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүү 49 600 000 төгрөг нийт 99 600 000 төгрөгийг хариуцагч Ц.А гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тодорхойлсон байх боловч хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэрийг зөв бичээгүй, хэрэглэвэл зохих Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байна.

 

Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь хариуцагч Ц.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 99 600 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 50 000 000 төгрөгийг аваагүй гэжээ.

 

Талуудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж хариуцагч нь 50 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй нэхэмжлэгчээс зээлж, үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулахаар хариуцагч нь өөрийн эзэмшлийн ...... дүүргийн .....дугаар хороо, Дүнжингарав хороолол, Их Монгол Улсын гудамж ........ дүгээр байр ..... тоот 86.96 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хэргийн 8-13 дугаар тал/

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн харилцаа, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан барьцааны эрхийн харилцаа үүссэн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсгүүдэд зааснаар зээл, хэтэрсэн хугацааны хүүг барьцааны зүйлээр хангуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв юм.

 

Талуудын хооронд 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 30 000 000 төгрөгийн, 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүсэж, хариуцагч гэрээний үүргийг биелүүлж дуусгавар болсон нь зээлдэгчийн хяналтын карт, бэлэн мөнгөний орлогын баримтуудаар тогтоогдсон байна.

/хэргийн 63, 72-77 дугаар тал/

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ өмнө нь байгуулсан дээрх гэрээнүүдийн дагуу нэмж хийсэн гэрээ бөгөөд 50 000 000 төгрөгийг бодитоор аваагүй гэх боловч анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа “2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн хажуу талын “Голомт банк” ХХК-ийн салбараас орой 17 цагийн үед надад мөнгө гаргаж өгсөн” гэсэн болон тэрээр 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтанд гарын үсэг зурж 50 000 000 төгрөг хүлээн авсан болохоо үгүйсгээгүй байна.

 /хэргийн 16, 102 дугаар тал/

 

Хариуцагч нь 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хооронд нийт 14 000 000 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй бөгөөд талууд зээлийн сарын хүүгийн хэмжээ 4 хувь байхаар тохиролцсоны дагуу хариуцагч сард хүү 2 000 000 төгрөг төлөхөөр байх тул шүүх уг мөнгийг зээлийн хүүд тооцож шийдэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагч нь зээлийг гэрээнд заасан газар худалдан авах зориулалтын дагуу ашиглаагүй, 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр буюу гэрээний хугацаа дуусахаас өмнө хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ удаа дараа биелүүлээгүй зөрчил гаргаж, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6.2, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан гэрээг цуцлах, дуусгавар болгох нөхцөл байдал бий болсон байхад нэхэмжлэгч нь гэрээ болон хуульд заасан арга хэмжээ аваагүй гэж шүүх үзэж, зээлийн хугацаа хэтрүүлсэн хүүг нэхэмжлэгчид зээл төлөх хугацааг 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж өгөхийг хариуцагч хүссэн хугацаагаар тооцож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хууль болон гэрээнд заасны дагуу зээлийн ашиглалт зарцуулалт, эргэн төлөлтөнд хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Харин шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй болон нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн нэрийг “М” ББСБ гэж буруу бичсэнийг тус тус зөвтгөж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/05570 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “М” ББСБ” гэснийг “М ББСБ” ХХК-д” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.А шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд ....... дүүрэг, ..... дугаар хороо, Дүнжингарав хороолол, Их монгол улсын гудамж, .... дүгээр байрны ...тоот хаягт орших 86.96 м.кв талбайтай орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 320 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.ОТГОНЦЭЦЭГ

                       

                                                ШҮҮГЧИД                            Ш.ОЮУНХАНД     

                    

                                                                                С.ЭНХТӨР