Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
Хэргийн индекс | 150/2017/00019/И |
Дугаар | 0027 |
Огноо | 2017-02-07 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 0027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Дүнжингарав 108 байр, 13 тоотод оршин суух Л овогтой Ла/РД:ЧН-/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Гавшгай 15 дугаар баг, 12 тоотод оршин суух, *******/РД:ТГ-/-д холбогдох, зээлийн гэрээний үүрэг 2.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү, гэрч Р.Мөнхтуул, нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэн ******* нь надаас 2.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүтэй зээлээч гэсэн хүсэлт гаргасаны дагуу охин Буян-Оршихын Эрдэнэцэцэгийн Хаан банкны 5675493207 дугаарын дансанд өөрийн үүсгэн байгуулсан “*******” ХХК-ны Хаан банкны - дугаарын данснаас 2.000.000 төгрөг шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй тул уг мөнгийг *******гаас гаргуулж хохирлыг минь барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай ТунЖөү ХХК-н нь Зүүн хараад ирээд 96 айлын орон сууцанд хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Нэг өдөр Жавзмаа гуай надтай таараад чи надад 2.000.000 төгрөг зээлээч манай хүүхэд Улаанбаатар хотоос машин авах гэсэн чинь машины мөнгө нь дутаад болохгүй байна гэсэн. Тэгээд манай байрны тэндээс Ягаанаа гарч ирсэн. Би Ягаанаагаас асуусан энэ хүн намайг 2.000.000 төгрөг зээлээч гээд байна. Хэр хүн бэ гэж асуусан. Тэгсэн Ягаанаа энэ хүн дажгүй хүн байгаа. Охин нь Зүүнхараад татварын байцаагч хийдэг дажгүй хүмүүс байдаг юм гэсэн. Тэгэхээр нь би итгээд өгсөн. Одоо энэ хүн миний мөнгийг өгөхгүй байгаа. Энэ ёстой хүн чанаргүй хүн байна. Би тэр мөнгийг зээлэхдээ Ягаанаа, Жавзмаа гуай бид гурав хамт явж би Замын арын ХААН банкнаас мөнгө авч охиных нь данс руу шилжүүлсэн. Шилжүүлсэн дансны баримт нь хавтаст хэрэгт байгаа. Энэ хүн надаас ингэж мөнгө авчихаад одоо болохоор аваагүй гээд мэлзээд байх юм. Энэ ёстой хүн чанаргүй, муухай хүн байна. Манай Хятад улсад мөнгө авсан л бол буцаагаад өгдөг. Надаас зөндөө л хүн мөнгө зээлдэг би тус болоод өгдөг. Мөнгө зээлсэн талаар Ягаанаа хүртэл мэдэж байгаа. Энэ мөнгө бол байртай ямар ч холбоо байхгүй. Тухайн үед манай барьсан барилга цантаад байсан. Тэгээд манайх 2016 онд дээврийн шинэчилсэн засвар хийгээд одоо ямар ч асуудалгүй болсон байгаа. Иймд *******гаас 2.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Би энэ мөнгийг хариуцахгүй. Манай охин Эрдэнэцэцэг авсан. Миний охин эдний компани барьсан байрыг авсан. Би тэнд хэсэг охинтойгоо хамт байсан. Биднийг тэр байранд байх хугацаандаа гэрэлгүй, усгүй, 4 сар байлгасан. Тэгээд өвөл нь паар нь хөлдөж, хагараад манай Зүүн хараад слесарь байдаггүй. Би Эрдэнэтээс хүн дуудаж байж янзлуулсан. Тэгээд байрыг чинь засаж өгнө гээд манай охинд 2.000.000 төгрөг өгсөн юм байна лээ. Тэгээд манай охины байрыг янзалж өгөөгүй. Энэ мөнгийг бол би зөвшөөрөхгүй. Би учрыг нь олоогүй надаар энэ цаасан дээр “за чи бич” гээд нэг юм бичүүлсэн. Ягаанаа энэ хоёр манайд ирж бичүүлж авсан. Би зөвшөөрөхгүй байна гээд гарын үсэг зураагүй. Зөвхөн юуг нь ойлгохгүй бичээд өгсөн. Би тэр байрыг хамтран зээлдэгчээр авсан. Би итгэмжлэлээр нь явдаг одоо болтол би тэр байрны үнийг төлж байгаа. Анх энэ байрыг авахдаа 30 хэдэн сая төгрөгөөр авсан. Мөн манай хүргэнийг энэ асуудлаас болж шүүхэд өгсөн байсан. Намайг учир мэдэхгүй болохоор энэ цаасан дээр бичүүлсэн юм чинь шүүхэд хандана гэж бодоод хандсан юм шиг байна. Би энэ мөнгийг аваагүй, мэдэхгүй байна. Би энэ байрны төлөлт гэж сар болгон 276000 төгрөгийг төлж байгаа. Энэ хүн манай охиноос нэхэх боломж байсан шүү дээ. 2015 онд тэр байранд байж чадахгүй хөл гар хавагнаад даралт ихдээд байсан болохоор энд ирсэн. 2016 оны 01 дүгээр сар хүртэл байсан. Энэ мөнгийг 2014 онд өгсөн мөртлөө 2016 он хүртэл байхад нь нэхээд авахгүй яасан юм бэ? Манай охин гадаад гараад явсан хойгуур нь надаас авч болно гэж бодоод шүүхэд хандсан юм байна. Энэ хүн Ягаанаагийн хажууд байрыг нь засаж өгнө, засвараа хийсний дараа чамаас би мөнгөө авъя гэж хэлчихээд одоо яагаад надаас нэхээд байгаа юм би ойлгохгүй байна. Байр янзалж өгөөд авна гэж хэлчихээд одоо болохоор машин гэж яриад байх юм би үүнийг ойлгохгүй байна. Би ёстой зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээний үүрэг 2.000.000 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Лянхуа нь “2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ******* нь манай охин хотод машин авах гээд мөнгө нь дутчихаад байна. 2.000.000 төгрөг зээлээч, 1 сарын дараа үхэр малаа зарж байгаад өгье гэхээр нь би зээлсэн бөгөөд охин Эрдэнэцэцэгийнх нь дансруу хийсэн. Би Эрдэнэцэцэгт мөнгө зээлээгүй, энэ талаар гэрч Мөнхтуул гэрчлэх болно” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би Лянхуагаас 2.000.000 төгрөг зээлээгүй, би энэ талаар мэдэхгүй байна. Манай охин Эрдэнэцэцэг л зээлсэн, шилжүүлсэн данс нь ч гэсэн манай охин Эрдэнэцэцэгийн данс юм. Тухайн үед Лянхуа байрыг нь засаж өгнө, засвараа хийсний дараа мөнгөө авъя гэж хэлчихээд одоо болохоор намайг машин авах гээд мөнгө зээлсэн мэтээр ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай охин 2016 оны 01 сард гадагшаа явсан. Тийм учраас би энэ зээлийг хариуцахгүй гэж маргаж мэтгэлцэж байна.
Гэвч дээрх байдал нь гэрч Р.Мөнхтуулын: ...Би 2012 оноос Лянхуа эгчийг таньдаг энэ хүнтэй хамтарч ажиллаж байгаа. Тухайн үед би ажилчин нь байгаагүй зүгээр таньдаг байсан. Энэ хоёр хүний хооронд 2.000.000 төгрөг авч өгөлцсөн асуудал бол байдаг. Жавзмаа эгчид 2.000.000 төгрөгийг өгөх үедээ ч надтай ярилцаж байсан. Лянхуа эгч “Жавзмаа гэдэг хүн 2.000.000 төгрөг зээлээч гээд байна өгчих үү” гэхээр нь би энэ хүмүүс боломжийн хүмүүс байгаа, энэ хүний охин нь татварт ажилладаг. Жавзмаа эгч ч гэсэн гайгүй хүн байгаа гэж би хэлээд 2.000.000 төгрөгийг өгүүлж байсан. Тэр үед 2014 оны хавар байсан тэгээд Жавзмаа эгч Лянхуа эгчид санал тавиад манай охин хотод машин авах гэсэн чинь мөнгө нь дутаад байна гэж 2.000.000 төгрөг зээлээч гээд зээлсэн. Тэгээд Жавзмаа эгч Лянхуа эгч бид гурав хамт явж замын хойд талын Хаан банк орж мөнгийг нь шилжүүлж өгч байсан. Энэ манай охины данс гээд Эрдэнэцэцэгийн дансруу хийлгэж байсан. Тэгээд 1 сарын хугацаатай үхэр малаа зараад мөнгийг нь өгнө гэж ярьж байсан. Дараа нь охин нь машин аваад ирж байсан. Жавзмаа гуай өөрийн биеэр хэлж авсан юм. Мөн энэ тэмдэглэлийн дэвтэр дээр бичсэн тэмдэглэлийг Жавзмаа гуай өөрөө бичиж өгсөн. Лянхуа эгч надад хэлэхдээ би одоо Жавзмаа гуайгаас мөнгөө авмаар байна, яаж авах вэ? эсвэл шүүхээр явах уу гэхээр нь би та хэлээд үзээч энэ айл боломжийн айл юм чинь өгөх байлгүй, ямар 20.000.000 төгрөг биш 2.000.000 төгрөг юм чинь гэж би хэлж байсан. Тэгээд Хөтөлд байдаг хүнээр дамжуулж Жавзмаа эгчтэй ярьсан. Тэгээд Жавзмаа эгчийг “та хаана байна” гэсэн чинь Хөтөлдөө байна гэхээр нь маргааш нь Лянхуа эгч бид хоёр хамт ирсэн. Энэ бичгийг бол Жавзмаа эгч өөрөө бичиж өгсөн. Тэгэхдээ Жавзмаа эгч одоо болтол энэ мөнгийг төлөөгүй байгаа юм уу? гэж хэлсэн. Түүнээс тийм шахалт дарамтаар бичсэн гэх зүйл бол байхгүй. Лянхуа эгч чи тэгвэл найздаа авсан гэдгээ бичээд өгчих гэсэн чинь Жавзмаа эгч бичиж өгсөн. Тэгсэн хүүхэд нь залгаад хүүхэдтэйгээ яриад Лянхуа ирж уулзаж байна. Би энэ мөнгийг зээлсэн юм чинь өгөхгүй гээд яах юм гээд хүүхэдтэйгээ утсаар яриад байсан. Тэднийд тийм хэрүүл маргаан хийсэн зүйл болоогүй... гэх мэдүүлэгээр няцаагдаж байх бөгөөд хариуцагч ******* нь *******гаас өөрийн биеэр зээл хүсч 2.000.000 төгрөгийн зээл авсан нь тогтоогдож байна.
Шүүх гэрч Р.Мөнхтуулд Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлд зааснаар худал мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайсхийвэл хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулан гэрчийн мэдүүлэг авсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар гэрчийн мэдүүлэг нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүх үнэлсэн болно.
Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд мөнгө зээлэх үедээ бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй боловч *******гийн хүсэлтээр түүний охин *******ийн-тоот дансруу 2.000.000 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Тунжөү ХХК-ийн - тоот данснаас шилжүүлсэн болох нь Хаан банкны Зүүнхараа дахь Төмөр замын тооцооны төвийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хаан банкны Хөтөл бизнес зээлийн төвийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдийн 01/10 тоот “...Хаан бакны - тоот харилцах дансны эзэмшигч нь Буян-Орших овогтой Эрдэнэцэцэгийн хугацаагүй хадгаламжийн данс болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт, *******гийн өөрийн бичиж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн: “...2014 оны 05 дугаар сарын 26-ний өдөр Лянхуа Тунжөү компаниас 2.000.000 төгрөг авсан нь үнэн...” гэх тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Р.Мөнхтуулын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар ...“зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,
282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно,
196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч *******гаас нэхэмжлэх эрхтэй ба ******* нь зээлийн гэрээний үүргийн дагуу 2.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Иймээс хариуцагч *******гаас 2.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Мөн нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүтэй зээлсэн гэх боловч хэдэн хувийн хүү төлөх талаар тохиролцоогүй, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн хүү гаргуулах талаар шаардлага гаргаагүй тул үндсэн зээл 2.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүрэг 2.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 46.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН