Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 411

 

 

                                                           

 

 

 

 

   

2020        05          28                                2020/ШЦТ/411

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

Улсын яллагч Б.Бүжинлхам,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунтуяа,

Гэрч Б.Отгонжаргал,

Шүүгдэгч Я.Б, Д.О, тэдгээрийн өмгөөлөгч Б.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Ядмаагийн Б, Сартуул овогт Даваагийн О нарт холбогдох эрүүгийн 1802 0019 60021 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, “Сэрж групп” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, нөхөр хүүгийн хамт, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Алтантэвш АОС хорооллын 44 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Боржигон овогт Ядмаагийн Б, /РД: _____/,

Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүү бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Серж групп” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 25-р байрны 22 тоотод оршин суух хаягтай,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Сартуул овогт Даваагийн О, /РД: ______/,

 

/Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд бичигдсэнээр

Шүүгдэгч Я.Б, Д.О нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 2 дугаар 40-н мянгат 26 дугаар байрны 1 давхарт бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг “Сэрж групп” ХХК /тухайн үеийн нэршлээр “Сэрж интернейшнл” ХХК/-ийн удирдах албан тушаалтан, захирал шүүгдэгч Я.Б нь нягтлан бодогч Д.Отэй бүлэглэн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2014 оноос 2018 оны хооронд үргэлжилсэн үйлдлээр 1,994,643,171.46 төгрөгийн татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж, нуун 199,534,513.8 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн,

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 2 дугаар 40-н мянгат 26 дугаар байрны 1 давхарт бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг “Сэрж групп” ХХК /тухайн үеийн нэршлээр “Сэрж интернейшнл” ХХК/-ийн нягтлан бодогч шүүгдэгч Д.О нь тус компанийн захирал Я.Бтэй бүлэглэн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2014 оноос 2018 оны хооронд үргэлжилсэн үйлдлээр 1,994,643,171.46 төгрөгийн татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж, нуун 199,534,513.8 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь

Шүүгдэгч Я.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай байгууллага 2000 оноос эхлэн үйл ажиллагаа явуулсан. Энэ хэрэг манай байгууллагад ажилд орох гэж намайг жил гаран гуйсан залуугаас үүдсэн. Би хэзээ ч гүйцэтгэх захиралтай байгаагүй цэвэрлэгчээс тогооч хүртэл бүх ажлаа хийдэг. Анх удаа гүйцэтгэх захиралтай болж 3 сарын хугацаанд хамтран ажиллаад зан чанарын хувьд цаашид ажиллах боломжгүй болохоор хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. 1 дүгээр сарын 04-ний өдөр Отгонжаргал дараа жилийн бизнесийн төлөвлөгөөг танилцуулах байсан боловч танилцуулаагүй. Тайлангын хуралд Отгонжаргалтай муудалцсан. Надад Д.Оийг сувай эм / хүүхэд төрүүлдэггүй эмэгтэй/ гэх мэтээр доромжилсон. Би хуучин ажиллаж байсан хүмүүсээ өмөөрнө гэдгээ хэлсэн. Энэ хүн өөрийгөө гүйцэтгэх захирал хийж байсан гэж байгаа боловч ерөнхий менежер хийж байсан юм билээ. Энэ хугацаанд гэрээгээр ажиллаж байсан удирдах ажилтан маань манай нэг ажилтаныг хууль бусаар өвчтэй байхад нь ажлаас нь халсан үйдэл болсон бөгөөд тухайн хүн нь биднийг татварын албанд хандан шалгуулж байсан. Үүнээс эхлэлтэй гэж би үзэж байгаа. Би татвар төлөгч улсын төсөв бүрдүүлэгч. 2013-2018 оны хугацаанд 24 тэрбум төгрөгийн хөрөнгөө тайлагнасан бөгөөд улсад  2 тэрбум гаруй төгрөгийн татвар төлсөн бөгөөд энэ хугацаанд 147-204 ажилтан цалинжуулж ажилласан. Энэ хугацаанд манай байгууллагад олон шалгалт орсон. Энэ хэрэгт шүүгдэгч болох болсон шалтгаан нь Отгонжаргалтай хувийн таарамжгүй харилцаанаас үүдсэн. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсны дараа 1 дүгээр сарын 24-ний өдөр надтай уулзаад надад хандан “...Та надад 78 сая төгрөг өг...” гэж хэлсэн. Би тухайн мөнгийг өгөх боломжгүй гэдгээ хэлтэл “...Галт тэрэг хөдөлсөн. Я.Бээ чамайг би ялтан шүүгдэгч гэж хэн байдгийг харуулна. Танай байгууллагыг газрын хөрснөөс арчина...” гэж заналхийлсэн. Энэ бол шантааж. Би төсөв бүрдүүлэгч бөгөөд 20 жилийн хугацаанд 9 тэрбум төгрөгийн зээл авч энэ бизнесийг босгосон. Энэ үйл явдлаас болоод надад ажил хийх хүсэл алга. Энэ хэрэг хувийн өс хонзонгоос үүдэлтэй шүүхийн шат хүртэл явж байна ...” гэв.

Шүүгдэгч Я.Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ “...Би Д.Отгонжаргалыг танина. 2016 онд манай компанид хөргүүртэй агуулахын төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж эхлэх үед манай охин компани болох “Серж консракшн” компанийн гүйцэтгэх захирал Нармандах гэдэг хүн анх Д.Отгонжаргалын талаар ярьж танилцуулж төсөл удирдаад явах боломжтой хүн байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй 2-3 сарын дараа Нармандах захирал Д.Отгонжаргал бид 3 уулзалт зохион байгуулж уулзсан. Уулзахаас өмнө Отгонжаргал манай компани руу өөрийнхөө анкетыг ирүүлсэн байсан.  Ингээд Отгонжаргалтай уулзаж хэрэгжүүлэх гэж байгаа төслынхөө талаар санал бодлоо солилцоход Отгонжаргал бол ер нь болохгүй зүйл байхгүй гэхдээ хэцүү бизнес гэж хэлж байсан. Тухайн үед бид нар төслийн удирдагч хайж байгаа гэдгээ хэлж танилцуулсан. Отгонжаргал нь ажлаа сайн бодож хийгээрэй гэж хэлсэн. Ингээд бид нарын уулзалт дууссан. Тэгээд хэдэн сарын дараа Нармандах надруу яриад нөгөө залуу чинь ажлаасаа гарсан гэнэ гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Отгонжаргал Нармандах захирал руу яриад танай төслийн ажил эхэлсэн үү би ажилд ороход бэлэн байна гэж хэлсэн юм байна лээ. Гэхдээ хэд хэдэн удаа асууж байсан гэдэг Тэгээд 2017 онд манай компанийн гүйцэтгэх захирлын орон тоо гараад ажилтан авах болсон. Ингээд Отгонжаргалыг гүйцэтгэх захирлын ажил горилогчоор 1 сар танилцах дадлагажих шийдвэр гарган ажилд авсан. Гэрээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд танилцан дадлагажих хөлсөөр ажиллах түр гэрээг байгуулсан. Гэрээний хугацаанд Отгонжаргал нь үүрэгт ажлаа хангалттай гүйцэтгээгүй. Цаашид хамтран ажиллах гэрээг сунган ажиллах нөхцлийг хангаагүй учраас Отгонжаргалын гэрээ дууссаны дараа 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр болсон удирдах зөвлөлийн хурал дээр ажлынхаа тайлан болон 2018 оны бизнес төлөвлөгөөг танилцуулсан. Тухайн үед нь гэрээг сунгах боломжгүй гэдгийг Отгонжаргалд хэлээд гэрээг цааш сунгах боломжгүй гэдгийг хэлсэн. “...Манай компанид нийгмийн даатгалаас бол жил болгон шалгалт орж байсан. Харин татвараас бол хамгийн сүүлд хуваарийн дагуу 2014 оны жилийн эцэст орсон санагдаж байна. Би одоо шууд хэлж мэдэхгүй байна. 2015 онд өршөөлийн хуулиар ил тодоо тайлагнасан. Түүнээс хойш татварын шалгалт ороогүй байна....” гэх /хх-ийн 09-10х/,

Шүүгдэгч Д.Оюуцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би энэ байгууллагад 2009 оноос одоог хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд татварын байгууллагаас манайд 5 удаагийн хяналт шалгалт хийгдсэн. Татварын хяналт шалгалтаар бага хэмжээний зөрчил гарч байсан үүнийг эрүүгийн гэмт хэрэгтээ жишиж байгаа нь өрөөсгөл санагдаж байна ...”  гэв.

Шүүгдэгч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “ ... Би тухайн акттай танилцсан. Манай компанид ажиллах хүчин тун дутуу байдаг. Түүнээс болоод цагийн ажилтан түр ажилтан зэргийг цагаар авч ажиллуулахаар тухайн хүмүүс нь татвар суутгуулахгүйгээр гар дээрээ бэлэн мөнгө авах сонирхолтой, дээр нь шинэ хүн аваад ажиллуулахаар 1-2 сар ажиллаад цалин мөнгөө авахдаа шимтгэл авч байна гээд хэл ам хийгээд байдаг. Ялангуяа хөдөөнөөс орж ирсэн хүмүүс татвар шимтгэлийг ойлгохгүй. Анх тохирсон цалингаа авна гээд хэл ам гаргаад байдаг. Ер нь бол манай аль нэг салбар дээр үндсэн ажилтан дутагдалтай байдаг тул өдрөөр ажилтан дуудаад хөлсийг нь өгдөг. Энэ асуудлаас болоод Нийгмийн даатгалыг шимтгэл дутуу тайлагнасан зөрчил илэрсэн. Манай компанид хэд хэдэн тэтгэвэрт гарсан хөгшид ажилладаг ба тэдгээр хүмүүс шимтгэл төлөхөөс татгалздаг гэх зэргээр шимтгэл дутуу тайлагнасан зөрчил гэж 42,018,545 төгрөг байсан санагдаж байна. Манай тухайн мөнгийг 2018 оны 2 дугаар улиралд багтааж Нийгмийн даатгалын газарт төлөхөөр тохирсон байгаа. Мөн энэ асуудлаас болж Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс дээр манай компанид холбогдуулан зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа...” “ ... манай компани 2013 оноос 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл татварын тайлан санхүү бүртгэлийн үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс хяналт шалгалт хийгдэж байгаа дуусах шатандаа ороод байгаа байх гэж бодож байсан. Манай компанийн зүгээс шаардлагатай анхан шатны баримт материалыг шалгагч нарт цаг хугацаанд нь гаргаж өгсөн. Акт яаж гаргахыг мэдэхгүй байна. Татвараас зайлсхийсэн үйлдэл байхгүй. Хүн амын орлогын албан татвар дээр тодорхой хэмжээний татварын зөрчил үүсэх байх гэж би хувьдаа бодож байна. Гэхдээ актыг яаж гарахыг хэлж мэдэхгүй байна...” гэх /хх-ийн 13-14х/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ...Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгийг дэмжиж байна. 4 байцаагчийн шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийг зөрчил шалган шийвэрлэх ажиллагааны журмаар хялбаршуулан шийдвэрлэсэн. Хохирлын дүнгээс нэгдэх актад тусгагдсан 30,296,383 төгрөг, 2 дахь акт буюу 6,424,249 төгрөгийг хасаж тооцоход татгалзах зүйлгүй. Үлдэх татварыг хохирол гэж үзэж байна...”  гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн хуулийн мэргэжилтнээр ажилладаг намайг ажлын чиг үүргийн дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулахаар томилсон. Энэ компани Чингэлтэй дүүргийн татварын албанд бүртгэлтэй татвар төлөгч аж ахуй нэгж юм. Миний хувьд энэ хүмүүсийг танихгүй, тухайн аж, ахуй нэгжтэй ямар нэгэн холбоо хамаарал байхгүй...тус аж ахуйн нэгжийн 2014-өөс 2017 он татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч А.Өнөрмөө, Г.Баттулга нарын 2018 оны 05 сарын 30-ны өдрийн 351830114 дугаартай шийтгэлийн хуудсаар 30,296,383 төгрөгний нөхөн татвар, тухайн цаг хугацааг хамруулан хяналт шалгалт явуулсан шинжээч Ц.Энхнаран, П.Отгонсүрэн нарын 2019 оны 10 сарын 15-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон, 132,437,458.83 төгрөгний төлөх ёстой байсан татвар, мөн 2018 оны татвар төлөлтийн байдалд хяалт шалгалт хийсэн татварын улсын байцаагч Л.Энхтуяа, Б.Гантуул нарын 2019 оны 05 сарын 17-ны өдрийн 0295052 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан 6,4224,249.9 төгрөгний нөхөн татвар, Шинжээч Ц.Энхнаран, П.Отгонсүрэн нарын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон 30,376,423.81 төгрөгний төлөх ёстой байсан татвар буюу “Серж Групп” ХХК нь 2014-өөс 2018 онд нийт 199,534,513.8 /нэг зуун ерэн есөн сая , таван зуун гучин дөрвөн мянга, таван зуун арван гурван төгрөг, наян мөнгө/ төгрөгийн татварыг төлөөгүй байна гэж ойлгогдож байна ... Удаа дараагийн татварын хяналт шалгалт явуулсан байцаагчдын шийтгэлийн хуудас болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон улсад төөлөх ёстой татварын үнийн дүнгээр хохирыг нэхэмжилнэ...” гэх /4-р хх-ийн 19-20х/,

Гэрч Б.Отгонжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би энэ байгууллагад 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажилласан. Миний үндсэн цалин 3,000,000 төгрөгийн цалин байсан боловч нийгмийн даатгалын байгууллагад 1,000,000 төгрөг гэж бичигдсэн байсан. Би учрыг Я.Бээс асуухад надад. “...Чи нэг муу хуульч цагдаагийн хүүхэд юм билээ. Чи чаддаг юм гэсэн...” Би энэ талаар Эрүүгийн цагдаагийн Газрын Эдийн Засагтай тэмцэх хэлтэст мэдэгдсэн. Би 2018-2019 оны бизнесс төлөвлөгөөг гаргасан. Үүнтэй хархад татвар төлсөн 5 тэрбум, дотоод борлуулалтын орлого 7 тэрбум байсан тул би иргэний үүргээ биелүүлж цагдаагийн байгуулагад мэдэгдсэн гэв...”, гэх мэдүүлэг

Гэрч Д.Отгонжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Серж интернэшнл ХХК-нд ажиллаж байх явцад Монгол Улсын хууль, дүрэм түүнтэй холбоотой нийгмийн даатгалын шимтгэл төлөх, аж ахуй нэгжийн татварыг нуун дарагдуулан, ерөнхий захирал Я.Б нь ажилчид албан хаагчдын өмнө надад Монгол Улсын хууль үйлчлэхгүй гэж удаа дараа хэлдэг. “Серж интернэшнл” ХХК нь 200 гаруй ажилтантай мөртлөө 100 гаруй ажилтнаар Нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг ба Чингэлтэй дүүргийн татварын албанд өгсөн 2017 оны 4 улирлын тайлан нь 2017 оны “Серж интернэшнл” ХХК-ийн дотоод борлуулалтын тайлан хоёр нь хоорондоо 2 тэрбум төгрөгөөр зөрж байгаа нь орлогын татварыг нуун дарагдуулсан гэж үзээд хуулийн дагуу шалгуулахаар өргөдөл гаргасан...” гэх /1-р хх-ийн 6-8х/,

Гэрч А.Өнөрмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Серж интернэшнл ХХК-ий татварын хөөн хэлэцэх хугацааны хүрээнд 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татварын ноогдуулалт, төлөлийн байдалд ... тус татвар төлөгчийн анхан шатны баримт, санхүүгийн тайлан баланс, хөндлөнгийн мэдээлэл зэрэгт үндэслэн татварын ерөнхий газрын хяналт шалгалт хийлгэх албан бичгийн дагуу хяналт шагалтыг хийж гүйцэтсэн...Нийт 174,150,762 төгрөгийн зөрчил нь тайлангаар ногдуулсан татвараа хугацаанд нь төлөөгүй зөрчил, үлдэгдэл 601,429,517 төгрөгийн орлогыг 3 төрлийн татвараар нуун дарагдуулсан зөрчил илэрч байгаа хэдий ч 2015 онд тус компани нь 157,924,562 төгрөг, 2016 онд 150,171,539 төгрөгийн алдагдалтай ажилсныг хааж, үлдсэн 302,9633,830 төгрөгийн орлогыг нууж дарагдуулсан нь илэрсэн. Үүнээс нөхөн татварт 30,296,383 төгрөг, торгуульд 14,313,436 төгрөг, алдангид 10,382,763 төгрөгийг төлүүлэхээр шийтгэлийн хуудас бичиж шийдвэр гаргасан...” гэх /1-р хх-ийн 17-18х/,

Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтэд: “...Сэрж интернэшнл” ХХК буюу одоогийн нэршлээр “Сэрж групп” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд нотлох баримтуудын хүрээнд шинжилгээ хийхэд татвар төлөхөөс дараахь байдлаар зайлсхийсэн байна.

1. 2017 онд Үл хөдлөх хөрөнгө зарж борлуулсан орлого 440,000,000 төгрөг- ний 10%  44,000,000 төгрөг /НӨАТ/,

2. 2017 онд ААНОАТ-аас Хөрөнгө оруулалтын зориулалттай хөргөлтийн агуулах барьж байгуулахад зарцуулсан зээлийн хүүгийн зардлыг зардалд тооцож ТНО-ыг бууруулсан 485,186,624,48 төгрөгний 10 % 48,618,662.45 төгрөг,

3. 2017 онд Монгол тамхи Со ХХК-аас НӨАТ-тай худалдан авалт хийсэн гэж хуурамч падаан ашиглаж төсөвт төлөх НӨАТ бууруулсан 113,595,909.10 төгрөгний 10 хувь 11,359,590.91 төгрөг /НӨАТ/,

4. 2014-2017 онд Оршин суугч бус этгээдэд шилжүүлсэн орлогоос НӨАТ суутган тооцоогүй/ түрээсийн төлбөр ОХУ-руу шилжүүлэхдээ/ НӨАТ/,

-2014 онд 4,060,175.16

-2015 онд 4,441,894.62

-2016 онд 4,745,230.35

-2017 онд 7,340,127.74

5. 2016, 2017 онд Үндсэн хөрөнгө бий болгоход хувийн хэрэгцээнд зориулан худалдан авсан НӨАТ-с хасаж тооцсон

-2016 онд 4,950,973.60

-2017 онд 2,920,804.00

Нийт 1,324,374,588.32 төгрөгний орлогод ноогдох 132,437,458.83 төгрөгийн татвар төлөхөөр байна.

“Сэрж интернэшнл” ХХК-ийн 2013-2017 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Өнөрмаа, Г.Баттулга нар татварын шалгалтын ажил явуулж 2018 оны 05 сарын 30-ны өдийн 351830114 дугаар Шийтгэлийн хуудсаар 54992,6 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан байна. Шинжилгээний явцад татварын байцаагчдын илрүүлсэн зөрчлүүдийн нотлох баримт тооцооллыг үзэхэд шийтгэлийн хуудсаар ногдуулсан зөрчлүүд үндэслэлтэй байна...” гэх / 2-р хх-ийн 183-191х/,

Шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтэд:

Дээрх зөрчлүүд нь Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ ”-ийн

18.1.1. “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”,

18.1.3. “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах...”

18.1.14-д “хууль тогтоомжид заасан бусад үүрэг” гэж заасныг болон бусад хууль тогтоомжийн заалтуудыг зөрчсөн байх тул Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татцарын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11.1-д заасан хувь хэмжээгээр тооцоход 30,376,423.81 төгрөгийн татвар төлөхөөр байна...” гэх /2-р хх-ийн 192-196х/,

Шинжээч Ц.Энхнаран мөрдөн шалгах ажиллагаанд: “...Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Баасанбатын шинжээч томилсон тогтоолын дагуу татварын улсын байцаагч П.Отгонсүрэн бид нар шинжээчээр томилогдон ажиллаж дүгнэлтийг гаргасан. “Серж групп” ХХК-иас гаргаж ирүүлсэн санхүүгийн анхан шатны баримтууд, зээлийн болон түрээсийн гэрээнүүд, харилцах дансны хуулгууд, хөрөнгийн бүртгэл, хөдөлгөөний мэдээ, татварын албаны цахим тайлангийн систем дэх татварын тайлангийн мэдээлэл болон шинжээч томилсон тогтоолын хамт ирүүлсэн 294 хуудас баримт, тухайн компаний санхүүгийн хэрэгцээнд ашиглаж байсан компьютерээс гаргуулж авсан мэдээлэл зэрэг баримтын хүрээнд дүгнэлтийг гаргасан. Аж ахуйн нэгжид заавал хөтлөгдөж хадгалагдах ёстой санхүүгийн анхан шатны баримтууд дутуу, санхүү бүртгэлийн программ хангамж зохих ёсоор ашиглагддаггүй, ерөнхий журнал, гүйлгээ бланс хөтлөдөггүй зэрэг байдлууд тогтоогдсон. Иргэн Д.Отгонжаргалаас гаргаж өгсөн 294 хуудас материалд хавсаргагдсан 2017 оны 09, 10, 11 дүгээр саруудын зарим салбарын борлуулалтын орлогын мэдээ нь тухайн компаний тайлагнасан мэдээтэй таарч байсан. Харин 2017 оны борлуулалтын орлогын нэгдсэн мэдээний дүн нь татварын албанд тайлагнасан борлуулалтын орлогын мэдээнээс 882,7 сая төгрөгөөр зөрүүтэй /илүү/ байгаа байдал тогтоогдсон. Гэвч эдгээр орлогыг нотлох санхүүгийн анхан шатны баримт материалууд бүрэн биш, энэ талаар санхүү бүртгэлийн тайланд тусгаагүй байсан тул бодит орлогыг тогтоох зорилгоор Пос-ын мэдээг гаргуулж авсан боловч мөн л борлуулалтын орлогын мэдээнээс зөрүүтэй бүрэн бус /дутуу/ хөрвүүлж ирүүлсэн бөгөөд посын өмнөх нэгтгэлүүд нь устсан, 2018 оны 03 сарын 29-өөс 30-нд шилжих шөнө баримт хадгалагдаж байсан өрөөнд ус алдсанаас санхүүгийн зарим баримтууд устсан гэдэг тайлбарыг тус компаний санхүү бүртгэлийн албаны дарга Д.О хэлж байсан. Тухайн компаний санхүүгийн анхан шатны баримтын хадгалалт хамгаалалт, архивлалтын байдал хангалтгүй, санхүүгийн программ хангамж ашиглалт хангалтгүй, анхан шатны баримт материалууд бүрэн бус дутуу байдлаас шалтгаалж дүгнэлт гаргахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байсан боловч цугларсан нотлох баримтын хүрээнд шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Хяналт шалгалтаар 2014-өөс 2017 онуудад хамаарах татвар төлөхөөс зайлсхийсэн 5 удаагийн үйлдэл тогтоогдсон. Тэдгээр таван үйлдлүүд нь өмнөх хяналт шалгалтаар тогтоогдож байгаагүй бөгөөд нийт үнийн дүн нь 1,324,374,588.32 /нэг тэрбум гурван зуун хорин дөрвөн сая гурван зуун далан дөрвөн мянга, таван зуун наян найман төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөг бөгөөд татварын хуульд заасан хувь хэмжээгээр тооцоход 132,437,458.83 /нэг зуун гучин хоёр сая дөрвөн зуун гучин долоон мянга дөрвөн зуун тавин найман төгрөг, наян гурван мөнгө/ төгрөгийн албан татвар ногдохоор байна. Татвар төлөхөөс зайлсхийсэн тэдгээр үйлдүүдэд холбогдох 160 хуудас баримтыг шинжээчийн дүгнэлттэй хавсаргаж танай байгууллагад хүргүүлсэн байгаа. Санхүүгийн холбогдох баримтуудыг бүрэн гаргаж ирүүлэхгүй байсан тул нэмэлт материал шаардлагатай байгаа талаар бид мөрдөгчид хүсэлт гаргасан Түүний хүрээнд хийгдсэн нэгжлэгийн ажиллагаанд бид хүсэлт гаргаж оролцсон Тухайн ажиллагааны үед санхүүгийн бүртгэлийн албаны дарга Д.Оийн компьютерт хадгалагдаж байсан мэдээллээс үндэслэн тухайн үйлдлийг илрүүлсэн тул өмнөх шалгалтуудаар тэдгээр үйлдэл мэдэгдэлгүй өнгөрсөн байх гэж бодож байна..." гэх / 2-р хх-ийн 192-194х, /

Шинжээч Т.Отгонсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд “...Тэр материалд зарим нэг салбаруудын 2017 оны 9, 10, 11 дүгээр сарын үйл ажиллагааны тайлан, мөн 2017 оны нийт салбаруудын орлогын мэдээний нэгтгэлийг харуулсан хүснэгтэн мэдээ зэрэг баримтууд байсан. Тэдгээр нь санхүүгийн анхан шатны баримт материалд хамаарахгүй. Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан анхан шатны баримтын шаардлага хангасан баримтууд тухайн материалд байгаагүй. Д.Отгонжаргалын гаргаж өгсөн 2017 оны нийт борлуулалтын мэдээ нь “Серж Групп” ХХК-ий 2017 оны татварт тайлагнасан мэдээнээс зөрүүтэй байсан ба Д.Отгонжаргалын ирүүлсэн хүснэгтэн мэдээг хэн гаргасан нь тодорхой бус, тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажаагүй байсан ба тухайн компаний анхан шатны баримт, посын баримт, харилцахын баримт анхан шатны бүртгэл мэдээлэлтэй харьцуулан шалгалтыг явуулсан. Гэхдээ тухайн байгууллагаас гаргаж ирүүлсэн баримт материал хангалтгүй байсан тул бид нэмэлт материал гаргуулах хүсэлт гаргасан. Улмаар нэгжлэгийн ажиллагаа явагдаж зарим нэг материалыг олж авсан боловч тэдгээрээс Д.Отгонжаргалын материалд дурьдагдсан орлогыг нотлох нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүртгэл мэдээлэл баримт олдоогүй. Гэхдээ тухайн ажиллагааны үр дүнд татвар төлөхөөс зайлсхийсэн өөр баримтуудыг олж илрүүлсэн.” гэх /2-р хх-ийн 196-197х/,

Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 351830114 дугаартай шийтгэл оногдуулсан хуудсаар” Холбогдогч “Сэрж интернэйшнл” ХХК-ийн гаргасан 775,580,279,95 төгрөгийн зөрчилд 30,296,383.00 төгрөгийн нөхөн татвар, 14,313,436.70 төгрөгийн торгууль, 10,382,763.00 төгрөгийн алданги, нийт 54,992,583.30 төгрөгийн төлбөр оногдуулсугай “ гэх /1-х хх-ийн 30-35-р хуудас/,

 Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2019 оны 05 сарын 16-ны өдрийн татварын байцаагчийн тэмдэглэлээр “...”Сэрж-Интернейшнл” ХХК ...2018 онд 701,969,00 төгрөгийн орлогыг аж, ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртөгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулаагүй. албан татвар төлөөгүй, 39,348,154.56 төгрөгийн их завсрын зардлыг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулан тооцсон, 23,490,391.83 төгрөгийн үндсэн хөрөнгө олж бэлтгэхтэй холбоотой худалдан авалт хийхэд нэмэгдсэн өртөгийн албан татвар ногдуулсанг худалдан авалтын хасалт хийж нэмэгдсэн өртөгийн албан татварын ногдуулах орлогыг бууруулсан / 3-р хх-ийн 118х/,

0295052 дугаартай шийтгэлийн хуудсаар “2018 онд 63,540,515,39 төгрөгийн татвар ногдох орлогыг нууж 6,424,249, төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн “ гэх /3-р хх-ийн 117-127х/, болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч “Сэрж групп” ХХК /тухайн үеийн нэршлээр “Сэрж интернейшнл” ХХК/-ийн удирдах албан тушаалтан захирал Ядмаагийн Бийг нягтлан бодогч Д.Отэй бүлэглэн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2014 оноос 2018 оны хооронд үргэлжилсэн үйлдлээр 1,994,643,171.46 төгрөгийн татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж, нуун 199,534,513.8  төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч “Сэрж групп” ХХК / тухайн үеийн нэршлээр “Сэрж интернейшнл” ХХК/-ийн нягтлан бодогч Даваагийн Оийг тус компанийн захирал Я.Бтэй бүлэглэн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2014 оноос 2018 оны хооронд үргэлжилсэн үйлдлээр 1,994,643,171.46 төгрөгийн татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж, нуун 199,534,513.8 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэгдээрт ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нарын татвараас зайлсхийх үйлдэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...”,  2 дахь хэсэгт заасан “...гэмт үйлдэл эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно...”, 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж хуульчилсны дагуу 2014 оноос 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилсэн үйлдлээр үйлдэгдэж төгссөн байх тул мөн өдрөөс хойш гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Монгол Улсын хууль Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн №07/1109/ дугаарт албан ёсоор хэвлэгдэн нийтлэгдсэн, Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлсэн албан ёсны эхийг баримтлах бөгөөд дамжуулан нийтэлснийг албан ёсны бус гэж үзнэ. 43.2 дахь хэсэгт Улсын Их Хурлын тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол уг шийдвэр албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно гэж тус тус заасны дагуу Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, мөн зүйлийн 2-т “...гэмт хэрэг хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хуульчлан тогтоосныг баримтлан 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно”, мөн зүйлийн 5-д “татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш таван жил байна” гэсэн заалтыг буцаан хэрэглэх боломжгүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар уг гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш буюу 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хуульд заасан 1 жил өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т заасныг баримтлан шүүгдэгч Я.Б, Д.О нар нь 1,994,643,171.46 төгрөгийн татвар ногдох орлогыг нууж, татвар төлөхөөс зайлсхийж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 199,534,513.8 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн тул шүүгдэгч нараас гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Я.Б, Д.О  нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ядмаагийн Б, Сартуул овогт Даваагийн О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үргэлжилсэн үйлдлээр татвар ногдох орлого, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Я.Б, Д.О нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дах хэсгийг баримтлан шүүгдэгч Я.Б, Д.О нараас нийт 199,634,513.8 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагданн ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Я.Б, Д.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.АРИУНБОЛД