Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 504

 

 

 

 

 

 

 

 

2020        05          26                                  2020/ШЦТ/504       

 

 

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Улсын яллагч: Э.Оюунтунгалаг,

Шүүгдэгч Б.Санчир (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овгийн Бөхбатын Санчирт холбогдох эрүүгийн 2009009200595 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Пума империал зочид буудалд зохион байгуулагч ажилтай, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 19 дүгээр гудамжны 469 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Хиад Боржигон овгийн Бөхбатын Санчир, /РД:УИ94010890/,

            1/ Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын 2020 оны 05 сарын 21 -ны өдрийн 111 дугаартай  яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Санчир нь 2020 оны 02 дугаар сарын 11- ний өдрөөс 12-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрийнх нь гаднаас иргэн Б.Энхбаярын 78-92 УНГ улсын дугаартай тоёота приус 20 маркийн автомашиныг Б.Тулгаас “Автомашиныг чинь түр хэрэглээд өгье” гэж хэлж авч яваад, авч ирж өгөхдөө автомашины янданг зарж бусдын итгэмжпэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад 1.170.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Энхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...            2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэр лүүгээ залгахад манай нөхөр танил Санчир машин аваад явчихсан гэж хэлсэн. ...шөнө 00 цаг өнгөрч байхад манай нөхөр машинаа авчихлаа гээд машиныхаа түлхүүрийг бариад орж ирсэн. Маргааш нь дэлгүүр орох гээд машиндаа суутал бензин үнэртээд байсан. ...Дэнжийн мянгын зах руу явах замдаа 32-ийн тойргийн приус засварын газар ороод машинаа үзүүлтэл таны машины янданг комоор нь тайлаад авсан байна гэсэн. Тэгээд нөхөр бид 2 цагдаагийн байгууллагад бүртгүүлээд өргөдлөө өгсөн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 3-5 дугаар хуудас/

Шүүгдэгч М.Санчир нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 02 дугаар сарын 07-ны орой танил Тулгаа ахтай уулзаад машинаар чинь ажил амжуулчихаад өгье ээжийг эмнэлэгээр авч явах гэсэн юм, миний машины татвар төлөгдөөгүй ойрын гэрэл асахгүй байгаа болохоор цагдаа зогсоогоод явуулахгүй байна түр солиод барья гэсэн чинь тэг тэг гэж надад зөвшөөрсөн. Би маргааш буюу 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 хорооллын Номин дэлгүүрийн урд талын клонкын хажууд Тулгаа ахтай машинаа солилцоод явсан. Урьд нь би фэйсбүүк хаягнаас яндан авна, зарна гэсэн зар харж байсан юм тэгээд байрны түрээс машины лизинг нэхэгдээд мөнгөний хэрэг гараад байсан.Надад мөнгөний хэрэг гарсан учир би Тулгаа ахын машины янданг зарья гэж бодсон. Машины яндан сольсон нь мэдэгдэхгүй гэж хүмүүсийн ярианаас сонсож байсан учир мэдэгдэхгүй байх гэж бодоод солихоор шийдсэн. Зар харахад 88082787 дугаарын утсыг тавиад приус машины нүүрсэн яндан авна, зарна гэсэн дугаар руу залгаж яндан авах уу гэж асуухад авна хүрээд ир гээд Шар хад руу явах зам дагуу Да хүрээ захын хойд талд ирээд залга гэж зааж өгсөн. Тэгээд би тэр газар нь очоод хэдээр авдаг вэ? дараа нь машинд ямар нэгэн гаж нөлөө байх уу гэж асуухад ямар ч нөлөө байхгүй 1 жилийн баталгаа гаргаж өгнө гэж тайлбарлаж байсан. Тэгээд миний унаж явсан Тулгаа ахын машины янданг бүхлээр нь тайлж аваад оронд нь өөр яндан суулгаад надад 200.000 төгрөгийг миний Хаан банкны 5664069234 дугаартай данс руу шилжүүлсэн. Засварын газрын хүмүүс нь янданг нь авчихаад оронд нь бэлдээд тавьчихсан янданг нь тавьж өгдөг юм байна лээ. Да хүрээ захын хойд талаас гараад Тулгаа ахын гэр рүү нь явсан. Би баярлалаа гээд түлхүүрийг нь өгөөд өөрийнхөө машиныг аваад Тулгаа ахыг орцных нь үүдэнд оруулаад би гэртээ харьсан. Хэд хоногийн дараа 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Тулгаа ах надруу залгаад чи машины яндан сольчихсон байна ирээд уулз гэхээр нь дүү нь хөдөө явж байна маргааш нөгөөдөрөөс очиж уулзая гээд 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр утсаар ярьж байгаад очиж уулзсан. Би Тулгаа ахтай улзаад шууд л хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөөд уучлаарай ахаа дүүд нь мөнгөний хэрэг гараад ийм асуудал гаргачихлаа гэхдээ дүү нь янданг нь солиулж өгнө хохирлыг нь барагдуулнаа уучлаарай гэхэд яндангаа буцааж авахгүй, бид 2 цагдаад хэлчихсэн байгаа чи мөнгөө хурдан өгчих юм бол бид цагдаагаас өргөдлөө буцаагаад авч болно гэж хэлсэн. Тэгээд Тулгаа ах эхнэр уурлаад байна 850.000 төгрөг өг гээд хэд хоногийн дараа залгаад 1.250.000 төгрөг болдог гэж байна энэ мөнгөн дээрээ тогтоё гэсэн. Тэгээд би 1.250.000 төгрөгийг 400.000, 400.000, 450.000 төгрөгөөр нийт 3 удаа шилжүүлж хохирлыг барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

                 Гэрч Б.Баттөгсийн “... Хүрээ нэртэй засварын газрыг би хариуцаж ажиллуулдаг юм. ...камер шүүж үзэхэд 78-92 УНГ приус 20 маркийн автомашины янданг солиулсан хүнийг мэдэхгүй, урьд нь хараагүй хүн байна лээ. Тэр өдөр Дэмбэрэлжав машиныг нь оруулж ирээд янданг нь сольсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

                

                 Гэрч Ц.Дэмбэрэлжавын “... приус машины нүүрсэн яндангаа хулгайд алдаж байхаар энд ирээд солиулаарай гээд таньдаг мэддэг найз нөхөддөө хэлж байсан юм. Яндангаа солиулах гэж байгаа хүмүүсийг би Баттөгсийн засварын газар дагуулж солиулдаг. Би 88011596 дугаарын утас ашигладаг бөгөөд нэг яндаг 200.000 төгрөгөөр аваад 250.000 төгрөгөөр зардаг ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-аас гаргасан “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /хх-17-18 дүгээр хуудас/, дасны гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 90/ дугаар хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 91 дүгээр хуудас/ зэрэг баримтууд болно.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан эсэхийг хянан үзээд: шүүгдэгч Б.Санчир нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрийнх нь гаднаас иргэн Б.Энхбаярын 78-92 УНГ улсын дугаартай тоёота приус 20 маркийн автомашиныг Б.Тулгаас “Автомашиныг чинь түр хэрэглээд өгье” гэж хэлж авч яваад, авч ирж өгөхдөө автомашины янданг зарж бусдын итгэмжпэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад 1.170.000 төгрөгний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Энхбаярын мэдүүлэг, Дамно хөрөнгийн үнэлгээний газрын дүгнэлт, гэрч Б.Баттөгс, Ц.Дэмбэрэлжав нарын мэдүүлэг, дасны гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл, Б.Санчирын Хаан банкны дансны хуулга зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл хохирогч шүүгдэгч Б.Санчирт машинаа өгч явуулсан боловч тэрээр дур мэдэн тухайн машины янданг сольж авсан болохыг  хохирогчоос тодорхой мэдүүлж, хохирол учирсан болохыг баримтаар тогтоосон зэрэг ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Санчирын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Б.Санчирыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх нь  хуульд нийцнэ гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч М.Санчирыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзлээ.

 

Иймд М.Санчирийн хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг /жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Санчир нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, хохирогч Б.Энхбаярт 1.250.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн /хх-ийн 91 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой  эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Хиад Боржигон овгийн Бөхбатын Санчирыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг авч завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Санчирыг  1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Б.Санчирт шүүхээс  тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Санчир нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах болохыг анхааруулсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Санчир нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.  

6. Шүүгдэгч Б.Санчир нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 1.250.000 / нэг сая хоёр зуун тавин мянган / төгрөг төлсөн ба хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш , эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Санчирт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН