Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 514

 

 

 

 

 

 

 

 

2020        05           28                                 2020/ШЦТ/514      

 

 

                                 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Г.Түвшинбаяр,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг   

Шүүгдэгч: С.Энхтайван /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн би Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сонинболдын Энхтайванд холбогдох эрүүгийн 2009006750505 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч,                                                  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол Улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Блокны үйлдвэрт туслах ажилтай, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 19- 297 тоотод оршин суух үндсэн бүртгэлтэй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны 120 айл арьс ширний 4-8 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Сонинболдын Энхтайван / РД:УК99092331/,

Холбогдсон хэргийн талаар / 2020 оны 04 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч С.Энхтайван нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мандул” зоогийн газрын урд талд хохирогч Т.Ганбаттай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхины дотор булангийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2009006750505 дугаартай хэргээс:

           Шүүгдэгч С.Энхтайван шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба  мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “..нэг мэдсэн таксины жолоочтой маргалдаж байсан .. би таксинаас буугаад жолооч Ганбатын нүүр рүү гараараа нэг удаа цохисон..” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

 

           Хохирогч Т.Ганбатын “...2020 оны 02 сарын 05-ны өдөр орой 21 цаг 50 минутын орчим би өөрийн хамаатны дүү Батзоригийн хамт Саппорогийн автобусны буудлаас үл таних архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 25-30 насны 2 үл таних эрэгтэй хүнийг авахад “Дарь-Эх рүү явна” гэж суусан. Тэгээд төв замаар явж байтал 2-3 удаа машины хаалга онгойлгосон. Тэгэхээр нь би “хаалгаа хаа” гээд хаалгыг хаалгуулсан. Тэггэл миний араас татаж чангаагаад зүгээр явуулахгүй байсан бөгөөд надад “буух газраа очоод таксины мөнгөнд зодолдоно” гээд сонин сонин юм яриад байсан. Тэгэхээр нь би цагдаад аваачиж өгье гэж бодоод талбайн хойд талд байх цагдаагийн хэлтэс рүү явахаар шийдсэн бөгөөд тэр хавьд очиж зогсоод хэлтсийн байршлыг мэдэхгүй байсан учир хүнээс асуухаар зогсоод буусан. Тэгээд би машинаа тойрч очоод тэр хоёрыг “буу” гэж хэлээд машины арын хаалгыг онгойлгоход дүү нь гэх 20 орчим насны залуу нь бууж ирээд хэл амаар доромжилж намайг барьж авснаа миний нүүр рүү нэг удаа цохисон бөгөөд тэр үед миний хамар хугарсан...” гэх мэдүүлэг /4-5 дугаар хуудас/,

 

          Гэрч Б.Батзоригийн “..С.Энхтайван манай найзыг заамдаж, куртикийг нь ураад, цохисон..” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

 

         Гэрч Б.Ганжаргалын “..Таксины жолоочийг манай дүү цохисон байх жолоочийн хамар нь гэмтсэн байсан.. “ гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

          Гэрч Б.Анарын “..намайг очиход таксины жолооч гэх залуугийн хамарнаас нь цус гарсан, хувцас нь шороо болсон байдалтай байсан.." гэх мэдүүлэг /хх-ийн 15- 16 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №2369 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:       

1. Т.Ганбатын биед хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхины дотор булангийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 24-25 дугаар хуудас/, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/, хохирогчоос гаргаж өгсөн эмчилгээний баримтууд /хх-ийн 63-68 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Энхтайван нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мандул” зоогийн газрын урд талд хохирогч Т.Ганбаттай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхины дотор булангийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Ганбатын мэдүүлэг, гэрч Б.Батзориг, Б.Ганжаргал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2369 дугаартай дүгнэлт, дуудлагын лавлагааны хуудас, эмчилгээний баримт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Энхтайвангийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул С.Энхтайванг Хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч С.Энхтайванг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүгдэгч С.Энхтайванд ял оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  хамааруулж харин  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

Прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасанаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 / нэг сая/  төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргасан ба шүүгдэгчийн зүгээс  гэртээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээдэг  болон хохирогчид учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдлыг харгалзан үзэж 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 / зургаан зуун тавин мянга / төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Энхтайван нь эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс орлоготой талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн,  нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж , шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж болохыг анхааруулж шийдвэрлэв. 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын…. эрүүл мэнд......-д  хууль бусаар санаатай буюу /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ”гэж,  мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

Хохирогч Т.Ганбатад эмчилгээний төлбөрт нийт 1.236.280 төгрөг нэхэмжилсэнээс 1.116.280 төгрөгийг шүүгдэгч С. Энхтайванаас  гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ. Хохирогчийн нэхэмжлэлээс 40.000 төгрөгийг давхардуулан нэхэмжилсэн байх тул хэрэгсэхгүй болгож, 80.000 төгрөг нэхэмжилсэн баримтын үнийн дүнг гараар тэмдэглэн бичсэн байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хөнгөн хохирол учирсантай холбоотой гарсан эмчилгээний зардлыг шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Энхтайван нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Сонинболдын Энхтайванг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энхтайваныг 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энхтайванд оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг)  650.000 / зургаан зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялыг  шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  5 /тав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энхтайван нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энхтайванаас  1.116.280/ нэг сая нэг зуун арван зургаан мянга хоёр зуун наян / төгрөгийг гаргуулж хохирогч Т.Ганбатад олгосугай.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд зааснаар хохирогч Т. Ганбатын нэхэмжлэлээс 40.000 / дөчин мянга/ төгрөгөнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 80.000 / наян мянга/ төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа шаардлага хангасан нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүгдэгч С.Энхтайван нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй,  энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            8 . Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

    9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Энхтайванд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН