Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 31

 

      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс: 135/2017/00024/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р багт байрлах Капитрон банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р баг, Партизан, 5-66 тоотод оршин суух Боржигон овогт Баярсайханы Гантулга /РД: ЙЮ93011002/, Элдэв овогт Дашцэрэнгийн Болормаа /РД: ЧГ70080608/ нарт холбогдох,

“10,341,047 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хариуцагч Б.Гантулга, Д.Болормаа нар шүүхэд гаргасан тайлбартаа:“... Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 10,341,047 төгрөгийг төлөх нь үнэн, үнийн дүнд маргаангүй, хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р баг, Партизан, 5-66 тоотод байрлах 30 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003012606 дугаартай хувийн сууц болон 489 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-2003012744 дугаартай, нэгж талбарын 080123489 дугаарын өмчлөх эрхтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Капитрон банк нь хариуцагч Б.Гантулга, Д.Болормаа нарт холбогдуулан 10,341,047 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Гантулга, Д.Болормаа нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Капитрон банкны нэхэмжлэлтэй, Б.Гантулга, Д.Болормаа нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 10,341,047 төгрөг төлөхийг, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р баг, Партизан, 5-66 тоотод байрлах 30 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003012606 дугаартай хувийн сууц болон 489 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-2003012744 дугаартай, нэгж талбарын 080123489 дугаарын өмчлөх эрхтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                      

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,407 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 90,203.5 төгрөгийг Төрийн сангийн данснаас, тал хувь болох 90,203.5 төгрөгийг хариуцагч Б.Гантулга, Д.Болормаа нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Капитрон банкинд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    М.ОЮУНЦЭЦЭГ