Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 04

 

2016.12.23    № 04

                 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Хэргийн индекс 156/2016/00663/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам даргалж, Ерөнхий шүүгч Э.Ариунаа, Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны ”А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
     Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэнгийн 8-18 тоотод оршин суух, Цоч овогт Жигжидсүрэнгийн Батбаатарт  (РД:СЮ 87092970)  холбогдох, 
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 22-01 тоотод оршин суух, Иш овогт Лувсангомбын Амгалангийн (РД:СО 60120615)  нэхэмжлэлтэй,
    “бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 2 000 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Амгалан, хариуцагч Ж.Батбаатар, иргэдийн төлөөлөгч Д.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ  нь:

              Нэхэмжлэгч Л.Амгалан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Нэхэмжлэгч Л.Амгалан би 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны зардал болох 2 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний бие цагдаагийн дарга дээр орж хэргийн хуулбар, дүгнэлт зэргийг авахад тухайн үед болсон үйл явц, цагдаагийн дүгнэлттэй зөрүүтэй байна.
    Үүнд:  тухайн жолоочийн хурд хэтрүүлсэн талаар тэмдэглэл мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, машины номер хэсгээр тулж мөргөсөн талаарх тэмдэглэл, хэргийн газрыг орхиж явсан талаар  ямар нэгэн тэмдэглэл баримт байхгүй, олон дутагдалтай дүгнэлт гарсан байсан. Хариуцагч Ж.Батбаатар нь сүүлд ахтайгаа над дээр ирж уулзахдаа 50 000 төгрөгийг өгөөд дугуйны хамгаалалт гэмтээсэн зардал гэж хэлсэн. Осол гарснаас хойш 5 сарын хугацаанд эмнэлэг, цагдаа, прокурор, шүүх гэж явахад зардал их гарч, гэр орны ажил их хэмжээгээр алдагдсан. Иймд миний хохирлыг барагдуулж 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ ( хх-ийн 1-2 тал )
   
    Нэхэмжлэгч Л.Амгалан нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би мотоцикльтой 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 7 цагийн үед бензин авах гээд “Хишиг” баарны хажуугаар дөрвөн замаар хойшоо нэвт гарах гээд явж байсан. Тухайн үед анхааруулах дөрвөн шар гэрэл анивчиж байсан. Би замын баруун талдаа голлож явж байсан юм. Ойр хавьд ямар нэгэн машин байгаагүй учраас машин ороод ирнэ гэж санаагүй. Намайг уулзвараар ороход гэрлэн дохионы хажууд машин гэнэт гараад ирсэн. Тэгэхээр нь юмыг яаж мэдэхэв гээд би баруун гар тал руугаа дарж зугтаахад араас  ирээд мөргөчихсөн. Хойд талын хашлаганд тулаад эргээд харахад машин ухарч байсан. Нэг шар залуу гарч ирээд та гэрэл дохио хардаггүй юм уу гэж байсан. Би үг хэлэх гэсэн чинь дуу гарахгүй байсан. Би уг нь цагдаа, эмч дуудаад үзүүлээд өгөх юм байх гэж бодож байсан чинь дуудаагүй яваад өгсөн.  Би өөрөө цагдаа дуудсан. Цагдаа ирээд намайг явъя гээд аваад явсан. Тэгээд камерын бичлэг үзэхэд машиных нь дугаар харагдаагүй. Хамар нь харагдаад арагшаа ухарч байгаа бичлэг харагдаж байсан. Өөр камераас машины номерыг олсон. Тухайн үед намайг хаячихаад явсанд нь гонсойж байсан. Тэгээд би эмнэлэгт очиж үзүүлэхэд өөрчлөлт байгаагүй, миний толгой сонин байсан. Эмч надад тайвшруулах тариа хийж өгөөд үзлэг хийсэн талаар бичиг хийж өгсөн. Тэр бичгийг би цагдаад аваачиж өгсөн. Хэд хоногийн дараа энэ Ж.Батбаатар нь ахтайгаа ирээд 50.000 төгрөгийг надад өгсөн. Мотоциклийн арын дугуйны тэнд дөрвөлжин юм байхаар нь би юу юм гээд өшиглөж үзэхэд машины нь дугаар байх шиг байсан. Хүн ирээд номероо аваад явсан. Цагдаагийн мэдүүлэгт номероо аваад явсан гэж мэдүүлээгүй байсан. Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн эмч компьютер томографид харуулж ир гэж картанд бичиж өгсөн. Тэрний дагуу  би Улаанбаатар хот руу явсан. Компьютерт харуулахад мөн эм бичиж өгсөн, тэрийг нь уугаад зүгээр болохгүй байхаар нь дахиад хот явж эмчилгээ хийлгэх шаардлага гарсан. Нэг очсон чинь наадмын амралт гээд 7 хоногийн амралттай үед нь мэдэхгүй очсон. Дараа нь дахин очсон чинь оочиртой байсан. Ингээд 5-6 удаа явсан. Одоо миний толгой дүүрээд халуун оргиод байх нь гайгүй болсон. Мөр бол жаахан хүндрээд байдаг. Толгой хааяа ядарсан үед өвддөг. Хамгийн айж байгаа зүйл нь шөнө унтахаа больсон, нойр хүрэхээ больсон. Миний биеийн байдал ийм байгаа. Иймд Ж.Батбаатараас 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв. ( хх-ийн 52 тал )
Хариуцагч Ж.Батбаатар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “Л.Амгалангаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Л.Амгалан нь шүүх эмнэлэгийн үзлэгээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Биеийн байдал нь хэвийн байсан. Мөн өөр хүнд зодуулсан хуучны өвчингөө эмчүүлсэн зардлаа надаас нэхэмжилсэн байна.
Тухайн хэрэгт гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй” гэжээ. ( хх-ийн 41 тал)         
Хариуцагч Ж.Батбаатар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Л.Амгалан гуайн ярьж байгаа шиг хүчтэй мөргөсөн зүйл байхгүй. Тэр өдөр бороо ороод зам халтиргаатай байсан.  Тухайн үед машин гулгаж очоод Л.Амгаланг мөргөсөн. Мөргөсөн нь миний 100 хувийн буруу. Би мөргөсөн үйлдэлдээ жолоодох эрхээ хасуулсан.  Л.Амгалан нь эрүүгийн хэрэг үүсгүүлэх гээд цагдаагаар нилээн явсан. Л.Амгалангийн биед гэмтэл гараагүй гээд эрүүгийн хэрэг үүсээгүй юм. 50000 төгрөгийн тухайд би ахтайгаа биш найзтайгаа очиж хот  руу явж биеэ үзүүлээрэй гээд 30.000 төгрөг өгсөн. Тэгэхэд Л.Амгалан нь ганцаараа хот орж чадахгүй, хүнтэй явна гэхээр нь нэмж 20000 төгрөг өгсөн. Ингээд нийт 50000 төгрөг болж байгаа. Мотоциклийнх нь арын дугуйны хаалт, дохионы төмөр үл ялиг далийсан байсан. Тэрийг нь би гараараа тэгшилж өгчихөөд явсан. Тэгээд ор сураггүй таг алга болсон байснаа гэв гэнэт баахан гэмтэл гарсан гээд яриад ирсэн. Улаанбаатар хотод томографийн шинжилгээ хийлгэсэн байсан. Уг дүгнэлтэнд нь хуучин гэмтэл  байна гээд тодорхой бичсэн байсан. Улаанбаатар хотод хийлгэсэн эмчилгээнүүд нь яг юуны эмчилгээ вэ гэдэг нь нарийн тодорхой биш байна. Яг эмчилгээ хийлгэх гэж Улаанбаатар хот явсан уу, ямар эмчилгээ хийсэн бэ гэдэг нь тодорхойгүй байна. Мөргөлтийн улмаас гэмтэл авсан бол томограф дээр гараад ирнэ. Урьд нь хамар руугаа хүнд мөргүүлсэн хэрэг цагдаа дээр байсан. Урьдны гэмтэл байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Машин зогсох үед мотоциклд нь хальт хүрээд л хажууд тийшээ ойчоод өгсөн. Би цагдаа дээр очиж ямар зүйл болсноо хэлж, тайлбарлаж хэлчихээд дараа Л.Амгалан ахыг үзүүлье гээд нь эмнэлэг дээр очсон. Ямар эмч дээр очсон талаар нь тодруулах гээд регистрийнх нь дагуу хайгаад очиход зөөлөн эдийн мөрний гэмтэл гарсан гэж байсан. Миний хувьд Л.Амгалангийн биед зүүн гарын зулгарсан шарх, баруун мөрний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон тул 100 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө” гэв. ( хх-ийн 52 тал)

               Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                         

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Л.Амгалан нь хариуцагч Ж.Батбаатарт холбогдуулан гэм хор учруулсны улмаас гарсан гарах, эмчилгээний зардал, замын зардал, малчин ажиллуулсны хөлс нийт 2 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 
    Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангах нь зүйтэй гэж үзэв.
    
    Нэхэмжлэгч Л.Амгалан нь 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн төвд “Хишиг” зоогийн газрын урд мотоциклтой явж байхад хажуугаас хариуцагч Ж.Батбаатар нь машинаараа мөргөсний улмаас эмчилгээний зардал, замын зардал, малчин ажиллуулсны хөлс нийт 2 000 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч Ж.Батбаатар нь шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн биед зүүн гарын зулгарсан шарх, баруун мөрний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон тул 100 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу 1 900 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан: бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй) ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцах үүрэгтэй гэж заажээ.
    Хариуцагч нь нэхэмжлэгчийн биед зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо. Үүнд:
    1.Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:... Л.Амгалангийн биед зүүн гарын зулгарсан шарх, баруун мөрний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо гэжээ. ( хх-ийн 10 тал)
    2. Хэнтий аймгийн цагдаагийн газрын дүгнэлтэд: Жолооч Ж.Батбаатар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.8-д заасан: адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байна гэжээ. ( хх-ийн 13 тал)
    3. Захиргааны шийтгэл ногдуулах тухай тэмдэглэлийн хуулбарт:... Ж.Батбаатар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэжээ... ( хх-ийн 12 тал)
    4.Хариуцагч Ж.Батбаатар нь шүүх хуралдаанд гаргасан: ... хариуцагч Ж.Батбаатар нь шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн биед зүүн гарын зулгарсан шарх, баруун мөрний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон тул 100 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу 1 900 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар зэрэг болно.
    Иймд нэхэмжлэгчийн эмчлүүлэгчийн картанд бичигдсэн эмийн үнэ 159 400 төгрөг, замын зардал 52 600 төгрөг, нийт 212 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан: “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан: “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэсэн заалтыг биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 787 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Батбаатараас 212 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Амгаланд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 787 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Батбаатараас 7 016 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ         Л ЦЭРЭНДУЛАМ

           ШҮҮГЧИД                    Э.АРИУНАА

                                       П.ТУЯА

 

 


        
 .