Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 519

 

 

 

 

 

 

 

 

 2020         05           29                                   2020/ШЦТ/519     

 

 

                                 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Ж.Энх-Амгалан,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг   

Шүүгдэгч: Р.Батчимэг /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овгийн Рэнцэндоржийн Батчимэгт холбогдох эрүүгийн 200900000565 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

     Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1978 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 42 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдрах, Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 14 гудамж 13 тоотод оршин суух, ял шийтгэлгүй Боржигон овогт Рэнцэндоржийн Батчимэг /РД:ЖЮ78051109/,

 

Холбогдсон хэргийн талаар / 2020 оны 05 дугаар сарын 15-нs өдрийн 457 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Р.Батчимэг нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 5/6-00 тоотод эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, эдийн баялагийг ззэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичиг болох “Хишиг Ундарга” Хадгаламж зээлийн хоршоо 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн АБ/20/19 тоот албан бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 200900000565 дугаартай хэргээс:

 

           Шүүгдэгч Р.Батчимэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба  мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “…2015 онд эгч Батцэцэгийн нэр дээр 59-18 УБА улсын дугаартай тоёота витс маркийн автомашиныг “Хан хишиг ундарга” хадгаламж зээлийн хоршоонд 3.500.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. 2019 оны сүүлээр зээлийг бүрэн төлж барагдуулсан. Тухайн газраар 1 дүгээр сарын 24-ний өдөр зээлийг бүрэн барагдуулсан гэсэн бичиг гаргуулсан. Тухайн өдөр тээврийн үндэсний төв дээр очиж эгчийнхээ нэр дээр тухайн машиныг шилжүүлэх гэсэн боловч автомашины торгуулыг төлж барагдуулаагүй гэх шалтгаанаар хойшилсон. Тэгээд 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр дахиад тээврийн төв дээр очиж шилжүүлэх гэсэн боловч албан тоотын хугацаа дууссан байна гэсэн шалтгаанаар чадаагүй. Хан хишиг ундарага зээлийн газар очиход хаалттай байсан. Тэгээд ажил дээрээ очоод тухайн албан тоотыг он сарыг хуурамчаар дахин үйлдэж авто тээврийн үндэсний төвд бүрдүүлж өгөхөд тамга тэмдэг хуурамчаар үйлдсэн байна гэж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

 

Гэрч Р.Батцэцэгийн “...Батчимэг миний байсан Авто тээврийн үндэсний төв дээр ирж надаас “Хан хишиг ундарга” ХЗХ-ний 1 дүгээр сарын зээлээс чөлөөлсөн бичгийг байгууллага дээр нь очоод огноог нь өнөөдрийн огноогоор гаргуулаад ирье гэж хэлээд аваад явсан. Тэр хооронд нь би авто тээврийн үндэсний төв дээр хүлээгээд үлдсэн. Би тэр бичгийг нь аваад Авто тээврийн үндэсний төв дээр тухайн баримт бичгийг гаргаж өгөхөд нэг эмэгтэй ажилтан канондсон байна, жинхэнэ бичиг биш байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,

Гэрч С.Доржпагмын “...”Авто тэзврийн үндэсний төвд “Авто машин чөлөөлөх тухай” 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр АБ/20/017 дугаартай албан бичгийг хийж өгсөн. Сүүлд 2020 оны 03 сард цагдаад баригдчихлаа бичиг хийгээд өгөөч гээд Батчимэгийг гуйхад нь 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хуучин хадгалсан байсан файлаасаа он сарыг нь шинэчилж өгөөд албан бичиг өгч явуулсан” гэсэн мэдүүдэг /хх-ийн 45 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №2272 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:       

1. Шинжилгээнд      ирүүлсэн       “Ханхишиг    Ундрага”        хадгаламж зээлийн хоршооны 2020.03.24 гэх огноотой №АБ/20/017 дугаартай 1 хуудас баримт гэх зүйл, “Ханхишиг Ундрага” хадгаламж зээлийн хоршооны 2020/03/25 гэх огноотой №АБ/20/19 дугаартай 1 хуудас баримт гэх зүйл нь тус тус шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд      ирүүлсэн       “Ханхишиг    Ундрага”        хадгаламж зээлийн хоршооны 2020.03.24 гэх огноотой №АБ/20/017 дугаартай 1 хуудас баримт гэх зүйл дээрх бичвэрийг лазер хэвлэгчээр хэвлэсэн хэвлэмэл бичвэртэй байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн “Ханхишиг    Ундрага” хадгаламж зээлийн хоршооны 2020.03.24 гэх огноотой №АБ/20/017 дугаартай 1 хуудас баримт гэх зүйл дээрх “ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАП С.ДОРЖПАГМА” гэх хэсэгт байх тэмдэгний дардас нь бараар дарагдсан байна.

4. Шинжилгээнд      ирүүлсэн “Ханхишиг Ундрага” хадгаламж зээлийн хоршооны 2020.03.24 гэх огноотой №АБ/20/017 дугаартай 1 хуудас баримт гэх зүйл дээрх “ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАП С.ДОРЖПАГМА” гэх хэсэгт байх гарын үсэг нь хөх өнгийн будагчтай бичгийн хэрэгслээр зурагдсан байна.

5. “Ханхишиг Ундрага” хадгаламж зээлийн хоршооны 2020.03.25 гэх огноотой №АБ/20/19 дугаартай 1 хуудас баримт гэх зүйл дээрх бичвэр, тэмдэгийн дардас болон •арын үсэг гэх зүйлүүдэд олон өнгийн хэвлэлийн бичил цэгүүд илэрч байх тул шингэн хортой өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн байна.

6.  Шинжилгээний явцад ач холбогдол бүхий өөр зүйл илрээгүй болно. Жич: Шинжээчийн 2272 тоот дүгнэлт, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтийг шинжилгээнд ирүүлсэн зүйлийн хамт бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн болно...” гэжээ /хх-ийн 49-50 дугаар хуудас/,  

 

“Хишиг Ундарга” Хадгаламж зээлийн хоршоо 2020 оны 03 дугаар сарын 24- ний өдөр АБ/20/017, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн АБ/20/19 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Р.Батчимэг нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 5/6-00 тоотод эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, эдийн баялагийг ззэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичиг болох “Хишиг Ундарга” Хадгаламж зээлийн хоршоо 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн АБ/20/19 тоот албан бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглахыг завдсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Р.Батцэцэг, С.Доржпагма нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2272 дугаартай дүгнэлт, “Хишиг Ундарга” Хадгаламж зээлийн хоршоо 2020 оны 03 дугаар сарын 24- ний өдөр АБ/20/017, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн АБ/20/19 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь “Хишиг Ундарга” Хадгаламж зээлийн хоршоо 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн АБ/20/19 тоот албан бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашиглахыг завдсан болох нь шүүгдэгч, гэрч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр шүүгдэгчийн ашигласан албан тоот нь хуурамч болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүгдэгч Р.Батчимэгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашиглахыг завдсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Р.Батчимэгийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүгдэгч Р.Батчимэгт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх Р.Батчимэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар  шийдвэрлэв.

Шүүгдэгч Р.Батчимэг нь ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Р.Батчимэг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигон овгийн Рэнцэндоржийн Батчимэгийг эрх олгосон баримт бичиг, эдийн баялгыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Батчимэгийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Батчимэгт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Батчимэг нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

  5. Шүүгдэгч Р.Батчимэг нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

             6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

    7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Батчимэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН