| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0503/э |
| Дугаар | 520 |
| Огноо | 2020-05-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Болорзул |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 520
2020 05 29 2020/ШЦТ/520
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг
Улсын яллагч: С.Болорзул,
Шүүгдэгч Р.А (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ителиелтох овогт Рыскелди Ад холбогдох эрүүгийн 1909036330685 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баян-Өлгий, Алтайн 4-р баг, Чихэртэй гэх газар оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ители елтох овогт Рыскелди А /РД: БА96042511/,
1/ Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 480 дугаартай яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Р.А нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр архи согтууруулах ундааны зүйлд хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Фокус зочид буудлын гадна талд хохирогч Л.Лувсаншаравыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 1909036330685 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Р.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Нүрбек бид хоёр тамхилах гээд үүд рүү гарсан. Тэр үед 3 залуу гарч ирээд хасагчууд арай даварчиж гэхээр нь би очоод чи юу гээд байгаа юм бэ гэсэн чинь тэр 3 залуу над руу дайрахаар нь нэг залуугийн цээж рүү гараараа нэг удаа цохисон. Өөр хаана нь цохисон гэдгээ санахгүй байна. Тэгээд манай хэд зугтаасан, бид нар алхаж байтал цагдаа ирсэн. Би бол нэг л хүнийг цохисон. Тэр хүний хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,
Хохирогч Л.Лувсаншаравын “...тэгээд яг үүдэнд нь ороход хэдэн залуучууд байсан ба өрөө байна уу гэж асуусан тэгэхэд нөгөө залуус казакаар яриад байсан тэгсэн манай ажлын Тайван ах өө хэлийг нь ойлгохгүй байна казакаар яриад байна гэсэн тэгсэн чинь учир зүггүй манай 2-ыг заамдаад авсан тэгэхээр нь би салгах гээд очиход нэг залуу нь боогоод нэг нь хөл тэврээд байсан ба намайг заамдаж авдаг залуу гараараа миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохисон тэгсэн Тайван ах зугтаагаад цагдаад мэдэгдсэн тэгээд удаагүй цагдаа ирсэн тэгсэн нөгөө залуучууд зугтаагаад явсан ба намайг заамдсан залууг би бариад үлдсэн тэгсэн нэг залуу нь буцаж ирсэн ба намайг заамдаж авсан залуу барисан байсан цагдаагийн гараас угз татаад зугтаагаад явсан. .Миний биед цайвар жинсэн яктай, кеттэй, шөвгөр царайтай /Айдам гэсэн/ залуу боож унагаагаад дээрээс уруул, нүд, хацар, ер нь нүүр, цээжин бие рүү гараараа нэлээн хэд цохиж энэ гэмтлийг учруулсан.Казак гэж хэллээ гэж зодсон...” гэх мэдүүлэг /хх- ийн 13-14, 17 дугаар хуудас/
Гэрч Т.Тохтасын “...гарахад А шатан дээр нэг хүнтэй заамдалцаад зогсож байсан , тэнд 3 хүн байсан, бид нар салгаж авсан, тэр үед нөгөө залуу гүйж ирээд Аыг барьж тэр хоёр зодолдсон, /бие биенээ цохисон/ бид нар салгаж аваад Нүрбек, Жагсерык бид 3 явсан. А хаалганы дотор талд үлдсэн, тэгэхээр нь бид нар дахиад Аыг салгаж аваад бид нар явсан. Миний харахад тэр хүн өмнө нь хамраас нь цус гарсан байсан. А зодоонд оролцсон..” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
Гэрч Т.Жансерыкийн “...А Нүрбек хоёр тэр хүмүүстэй муулалцаж байсан, сүүлд бид нар гарч очсон болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна. А Нүрбек хоёроос бусад нь зодоонд оролцоогүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №11658 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:
1. З.Лувсаншаравын биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн зүүн дээд 1-р шүдний сулрал, уруулд язрал, цус хуралт, баруун хацарт зулгарал, хүзүү, цээж, зүүн эгэм, бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо
2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 25 дугаар хуудас/
Хохиролын мөнгө төлсөн баримт / хх-ийн 81 дүгээр хуудас / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Р.А нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Фокус зочид буудлын гадна талд хохирогч Л.Лувсаншаравыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч З.Лувсаншаравын мэдүүлэг, гэрч Т.Тохтас, Т.Жансерык нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11658 дугаартай дүгнэлт, хохирол төлсөн баримт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Р.Аын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Р.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Р.Аыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-53 хуудас/, хохирогч Л.Лувсаншаравт эмчилгээний хохиролд 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан /хх-ийн 81 дүгээр хуудас/ болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Иймд Р.Ат хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Р.А нь эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацааны дотор буюу шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Р.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч нь хохирогч Л.Лувсаншаравт хохиролын мөнгө 2.000.000 /хоёр сая/ төгрөг төлсөн талаар мэдүүлдэг бөгөөд хохирогч гомдол санал байхгүй, хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх талаар хүсэлт / хх-ийн 81 дүгээр хуудас / гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ителиелтох овогт Рыскелди Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ат 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Р.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш , эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН