Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 523

 

 

 

 

 

 

 

 

2020         06          02                                   2020/ШЦТ/523       

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг

Улсын яллагч: С.Эрдэнэтуяа,

Шүүгдэгч Ц.Г (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гэгээнтэн овогт Цэрмаагийн Г холбогдох эрүүгийн 2009000000564 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

     Монгол улсын иргэн, 1980 оны 10 сарын 19-ний өдөр Архангай аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, одоогоор ажилгүй, Архангай аймгийн Эрдэнэбулганы 5 дугаар баг 43-6 тоотод оршин суух хаягтай, урд 2 удаагийн ял шийтгэлтэй, Гэгээнтэн овогт Цэрмаагийн Г /РД: АО80Ю1916/,  

            1/ Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын 2020 оны 05 сарын 26-ны өдрийн 495 дугаартай  яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ц.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт такси үйлчилгээгээр үйлчилж байсан үл таних иргэний тээврийн хэрэгсэл дотор хохирогч Н.Аптантөгстэй хэрүүл маргаан үүсгэн хоорондоо харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн 2009000000564 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Ц.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба  мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 07-ны орой Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт танил Алтантөгс, Хүрэлбаатар, нарын хамт архи уучаад такси бариад явж байхад Хүрэлбаатар ахын гар утас алга болсон байна гээд тэгээд би Алтантөгсөд чи авсан юм уу гэхэд би утас авдаг хүн биш гээд бид 2 маргалдсан. Тэгээд Алтантөгс миний нүүр рүү 3-4 удаа тохойлдсон тэгээд эргүүлээд би Алтантөгсийн нүүр рүү нь тохойгоороо 1 удаа цохисон тэгэхэд хамарнаас нь цус гарсан. Таксины жолооч Хүрэлбаатар ах бид хоёрыг машинаасаа буулгасан. Алтантөгс машин дотор байхдаа гар утсаараа цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд цагдаагын хэлтэс рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

            Хохирогч Н.Аптантөгсийн “...2020 оны 04 дүгээр сарын 07-ны орой 18 цагийн орчимд Хуягаа гэх залуу намайг 28-р сургуулийн зогсоол дээр хүрээд ир гэсний дагуу очсон, ...таксины хойд талын суудал дээр Г намайг дээрээс цохиод байхаар нь би өөрийгөө хамгаалах гэж тохойгоороо түлхсэн. Миний хамар хавдаж, цус гараад байсан. Би суудал дээр дээш харсан байдалтай байсан. Миний дээрээс цохиод байхаар би тохойгоороо түлхсэн хаашаа түлхсэнээ мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 03-04 дүгээр хуудас/,  

 

            Гэрч Д.Хүрэлбаатарын “...2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Драгон дээр Гтай уулзаж гадуур явж байгаад Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн хойд талд машинаа тавиад нэг шил архи уусан. Тэгээд Гийн найз нь гэх Алтантөгс 0.75 авч ирсэн. Тэгээд бид 3 такси бариад 100 айл руу явах замдаа Г, Алтантөгс 2 хойд талын суудал дээр утас алга болчихлоо гээд маргалдаад байсан. Тэгээд таксины жолооч машинаа зогсоогоод буулгаад цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №4471 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн  “...Дүгнэлт:      

1. Н.Алтантөгсийн биед хамрын нурууны зулгаралт, баруун хацар, эрүүний зулгаралт, доод уруулын дотор салст, зүүн хацрын доор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 16-17 дугаар хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт такси үйлчилгээгээр үйлчилж байсан үл таних иргэний тээврийн хэрэгсэл дотор хохирогч Н.Алтантөгстэй хэрүүл маргаан үүсгэн хоорондоо харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Алтантөгсийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4471 дугаартай дүгнэлт, хохирол төлсөн баримт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Гын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Ц.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ц.Гыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүгдэгч Ц.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Иймд Ц.Гт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 675 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 675.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Г нь эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацааны дотор буюу шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэв. 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, хохирогч гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт  / хх-ийн 62 дугаар хуудас / гаргасан  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой  эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                              ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Гэгээнтэн овогт Цэрмаагийн Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гт 675 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 675.000 / зургаан зуун далан мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Ц.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш , эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН