| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0557/э |
| Дугаар | 544 |
| Огноо | 2020-06-09 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 544
2020 06 09 2020/ШЦТ/544
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг
Улсын яллагч: С.Болорзул,
Шүүгдэгч Б.А (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батхуягийн Аптангэрэлд холбогдох эрүүгийн 2009007310727 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5 эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овоогийн 12 дугаар гудамжны 20 тоотод оршин суудаг, Астрафарм ХХК-д борлуулагч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн ял шийтгэлтэй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 750 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ялыг тэнсэж 1 жил хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батхуягийн Ап /,
1/ Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 515 дугаартай яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.А нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Улаанбаатар их дэлгүүрийн орчим иргэн Л.Батбаярын эзэмшлийн таксинд мартаж буусан гээгдэл эд хөрөнгө болох Самсунг галакси А-50 маркийн гар утас завшиж 671.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2009007310727 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...би гэрчээр мэдүүлэг өгөхдөө айж сандраад тухайн гар утсыг худалдаж авсан гэж худлаа хэлсэн юмаа. Би 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өөрийн 19-17 УБМ улсын дугаартай цагаан өнгийн Соната 6 маркийн автомашинтай таксинд явж байгаад Саппорагийн автобусны буудал дээр бараан өнгийн хувцас өмссөн 40 орчим насны ах гар өргөхөөр нь аваад хаашаа явах вэ гэж асуусан чинь Улсын их дэлгүүр гэж хэлсэн. Тухайн үед ах нэлээн согтуу байсан бөгөөд Улаанбаатар их дэлгүүрийн ойролцоо эмийн сангийн тэнд зогсоод тооцоогоо хийгээгүй аптек орно гээд буугаад явсан би тэр ахыг хүлээж байгаа ирэхгүй бас согтуу замд явж байхдаа янз бүрийн хачин хачин юм яриад байсан. Маргааш өглөө нь буюу 2020 оны 02 дугаар сарын 11-ний өглөө машинаа халаагаад шалавчаа гөвөөд байж байсан чинь миний машины ар талын суудлын шалавчин дээр хар хөх өнгийн цэнэггүй гар утас хэвтэж байсан тэгээд утсыг аваад харахад шилэн наалт нь хагарсан байсан. Бусдын гээгдүүлсэн эд зүйлийг засаж янзлуулан өөрөө дураараа ашигласан үйлдэлдээ гэмшиж байна. гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас /,
Хохирогч Д.Батбаярын “...2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 18.30 минутын үед Саппорогийн автобусны урд талаас такси бариад Улаанбаатар их дэлгүүрийн хажуу талд автобусны зогсоол дээр цээж хорсоод байхаар нь эм авах гээд эмийн сан руу ороод эм аваад ирье гээд таксигаа байж байгаарай гэж хэлээд эмийн сан ороод авсан эмнийхээ мөнгийг мобайл мөнгөөр төлөх гээд гар халаасандаа үзэхэд гар утас байхгүй байсан бөгөөд буцаж гараад таксиндаа унагаасан байх гэж очиход миний суусан такси зогсоол дээр байхгүй байсан бөгөөд тэнд байсан өөр таксины жолооч ахаас асуухад чамайг дөнгөж буух үед хөдлөөд явсан ш дээ гэж надад хэлсэн. Би өөрийн гээгдүүлсэн гар утсаа цагдаагийн байгууллагаар олуулж авсандаа баярлаж байна. Миний гар утас бүрэн бүтэн байна, надад өөр ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 7-10 дугаар хуудас/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний компаний эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгч хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Юнител ХХК-ийн албан тоот /хх-ийн 57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Улаанбаатар их дэлгүүрийн орчим иргэн Л.Батбаярын эзэмшлийн таксинд мартаж буусан гээгдэл эд хөрөнгө болох Самсунг галакси А-50 маркийн гар утас завшиж 671.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Батбаярын мэдүүлэг, Дамно хөрөнгийн үнэлгээний газрын үнэлгээ, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Юнител ХХК-ний албан тоот зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Аийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Б.Аийг бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болж хувийн хэрэгцээгээ хангах гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Аийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хохирогч Л.Батбаярт гар утсыг нь буцаан өгч хохирол барагдуулсан /хх-ийн 19-20 дугаар хуудас/ болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Иймд Б.Ад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А нь эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацааны дотор буюу шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч нь хохирогч Л.Батбаярын гар утсыг буцаан өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Батхн Аийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Б.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш , эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН