Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 549

 

 

 

 

 

 

 

 

  2020         06          10                                   2020/ШЦТ/549      

 

 

                                 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Г.Сундуй,

Нарийн бичгийн дарга: Г.Энхжин,  

Хохирогч Г.Батгэрэл, түүний өмгөөлөгч Б.Отгонжаргал,

Шүүгдэгч: А.Т, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр

Иргэний хариуцагч А. Энхманлай нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогтой Ариунаагийн Тт холбогдох эрүүгийн 2009000000583 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

  Монгол Улсын иргэн, 2002 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, 31 дүгээр сургуулийн сурагч, ам бүл 3 ээж дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамж, 282 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогтой Ариунаагийн Т /РД:СЮ02260150/,

Холбогдсон хэргийн талаар / 2020 оны 05 дугаар 13-ны өдрийн 10 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч А.Т нь 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны арын сааданд Г.Батгэрэлтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2020 оны 04 дүгээр сарын 12ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны арын сааданд Б.Энхтайвантай маргалдаж, улмаар шанаа тус газар мөргөх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2009000000583 дугаартай хэргээс:

            Хохирогч Г.Батгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 21 цагийн үед 23 дугаар байрны арын сааданд 2 найзтайгаа тамхи татаж байхад хэдэн залуучууд ирж тамхи асуусан. Тамхи байхгүй гэсэн чинь та нар энд тамхи татаж болохгүй, явцгаа гэхээр нь одоо явлаа гэж хэлсэн чинь найз Энхтайван руу дайраад байсан. Т гэх залуу нь над дээр ирээд та нар зодолдох юм уу, яв гэхээр нь би явлаа гэж хэлсэн чинь шууд миний баруун эрүү рүү гараараа 1 удаа, зүүн эрүү рүү 1 удаа цохиж энэ гэмтлийг учруулсан. Тэгээд бид нар сааднаас гараад алхаж байсан намайг цохидог Т гэх залуу Энхтайваны нүүр лүү нь мөргөсөн. Тэр үед Энхтайван газар унасан...”гэх мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хуудас/,         

Хохирогч Г.Батгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би энэхүү хэргийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж ажил хийх боломжгүй болсон. Би Энхтайван, Билгүүн нарын хамт гадаа сааданд сууж байхад Т ирээд тамхи асуусан. Тэр 2 согтуу томроод байсан. Бид арван жилийн бацаан байна гэхэд бид бацаан биш гэж хэлсэн. Тэгэхэд Т ирээд шууд цохисон. Би цаашаа явахад Энхтайванг цохиж байсан. Үүний улмаас юм идэхэд хүндрэлтэй байдаг. Одоо 2 шүдийг 8 сая гаруй төгрөгөөр хийлгэх хэрэгтэй байх тул уг мөнгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна гэв. Иймд шүдэндээ эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул нэхэмжилсэн мөнгийг гаргуулж өгнө үү...” гэв.

            Хохирогч Б.Энхтайваны "... 2020 оны 04 сарын 12-ны өдөр 21 цагийн үед Батгэрэл, Билгүүн бид гурав дэлгүүр орж 3 лааз пиво аваад гэрийн үүдэнд тамхи татаж байхад хэдэн залуучууд ирж тамхи асуусан. Тамхи байхгүй, тэр дэлгүүр онгорхой байна, тэндээс ав гэсэн чинь тэд нар уурлаад бид гурвыг тэндээс хөөсөн. Бид гурав тэндээс гараад би түрүүлээд явж байсан чинь хар цамцтай Т гэх залуу араас ирээд гэнэт миний зүүн шанаа руу 1 удаа мөргөж энэ гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг, гэрч Р.Ууганзулын "... 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 20 цаг өнгөрч байсан. Манай найз болох Т, Мөнхжаргал, Бат-Очир, Хатанбаатар бид нар Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо Дээж гэх нэртэй дэлгүүрийн хойд талын ногоон төгөл гэх нэртэй сааданд сууж байсан. Тэгсэн чинь үл таних 3 залуу хүрч ирээд нөгөө талын сааданд орж суусан. Тэгээд байж байсан Т тэр залуучууд дээр очоод тамхи асуусан. Тэгээд тэр залуучууд тамхи байхгүй гээд муудалцсан, тэгээд зодоон эхэлсэн. Т нэг залуутай нь зодолдож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

     Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

            Шүүгдэгч А.Т нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 23 дугаар байрны арын сааданд найзуудын хамт байж байхад 3 ах ирээд эсрэг талын сааданд суусан. Бат-Очир бид хоёр очоод тамхи асуусан чинь тэр ах нар өөрөө аваад тат гэхээр нь Бат-Очир “юу гэнээ гэсэн чинь” тэр ах нар “харахад бацаан юм шиг байх юм, яах гээд байгаа юм” гээд босоод сандал дээр зогссон... эргээд харсан чинь Батгэрэл гэх ах гараа өргөөд зогсож байхаар нь би шууд шанаа руу нь гараараа 2 удаа цохисон. Тэгээд би эргээд явж байтал Энхтайван ах өөдөөс хүрээд ирэхээр нь би гараараа шанаа руу нь 1 удаа цохисон..” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

            Гэрч Д.Мөнхжаргалын "... бид 4 уулзаад Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо Дээж гэх нэртэй хүнсний дэлгүүрийн хойд талын ногоон төгөл гэх нэртэй сааданд сууж байсан. Тэгсэн чинь үл таних хэдэн хүн ирээд нөгөө талын сааданд манай найз нар ярьж байсан... тэгээд тухайн үед бид нарт тамхи байхгүй байсан болохоор Т тэр залуучууд дээр очоод тамхи асуусан. Тэгээд тэр залуучууд тамхи байхгүй өөрсдөө ав гэж хэлсэн. Тэгээд тэд нартай бид нар маргаан үүсгэсэн. Тэгсэн чинь буржгар үстэй өндөр банди, манай Бат-Очиртой барьцалдаад авсан. Тэгээд би салгах гэж оролдсон. Би тэр хоёрыг салгасан нөгөө хэдийг бол тухайн үед би хараагүй. Тэгсэн чинь Т нэг залууг нь цохисон тэгээд салгаад явсан...” гэх мэдүүлэг /13-14 дүгээр хуудас/,

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 сарын 06-ны өдрийн №4736 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:         

1. Б.Энхтайваны биед зүүн дээд 3-р шүдний паалангийн ховхрол, зүүн дээд 5, зүүн доод 3-р шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 сарын 06-ны өдрийн №4686 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:         

1. Г.Батгэрэлийн биед эрүү ясны хугарал, тархи доргилт, 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 25-26 дугаар хуудас/, хохирлын мөнгө хүлээн авсан баримт /хх-ийн 40 дүгээр хуудас/, А.Тийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 55-58 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Т нь 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны арын сааданд Г.Батгэрэлтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

2020 оны 04 дүгээр сарын 12ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны арын сааданд Б.Энхтайвантай маргалдаж, улмаар шанаа тус газар мөргөх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Батгэрэл, Б.Энхтайван нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4736, №4686 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, нэг нэгнийгээ үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Тийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Б.Тийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан “ Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Тийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

Шүүгдэгч Б. Т нь 2002 оны 06 сарын 01-ны өдөр төрсөн ба гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 10 сар 11 хоногтой байсан болох нь нас тоолсон тухай тэмдэглэл болон иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүхээс арван найман  насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж , хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор заасан боловч шүүгдэгч нь оюун санаа сэтгэхүйн хөгжлийн хувьд юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаварыг ухамсарлан ойлгох чадвартай болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгч буй мэдүүлэг, асуултанд хариулж, хийсэн үйлдэлдээ гэмшиж ухаарч байгаа байдал зэргээс тодорхой харагдаж байх тул шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Энхтайваны биед хөнгөн гэмтэл учруулсан ба 100.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан байна. Хохирогч Г.Батгэрэлийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан ба хохирогчид 1.730.000 төгрөгийн хохирол төлсөн байна. Хохирогч Г.Батгэрэлээс цаашид гарах эмчилгээний зардалд 8.474.000 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгчийн төлсөн 1730.000 төгрөгийг хасаж үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь хүндэвтэр гэмтэл учирсан эмчилгээтэй холбоотой зардлаа шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй талаар шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас” /хх-36 дугаар хуудас/-аар, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг шүүхийн шатанд нотлох баримтын хэмжээнд бүрэн төлсөн, түүний хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамаарууллаа.  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдал  зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон хуульд заасан ялыг гэмт хэрэг тус бүрд нь ялгамжтай оногдуулахаар шийдвэрлэв. Тодруулбал, шүүгдэгч Тийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогтой Ариунаагийн Тт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд,

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Шүүгдэгч А.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг баримтлан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн А.Тт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 540 /таван зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан А.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

  5. Шүүгдэгч А.Т нь хохирогч Б.Энхтайванд төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь  хохирогч Г.Батгэрэлд  нь 1.730.000 / нэг сая долоон зуун дөчин дөрвөн мянга / төгрөг төлсөн болохыг дурьдаж, нэхэмжлэлээс 6.744.000 / зургаан сая долоон зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгөнд холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид энэ хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээтэй холбоотой гарсан зардлаа шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар  нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН