Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 08

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.Алтанзаяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ  аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, хуралдаан даргалагч Б.Бямбадорж нарт холбогдох,

“Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хурлыг хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, хуралдаан даргалагч Б.Бямбадоржийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай, “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2018.01.25-ны өдрийн 02 дугаар болон 03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Алтанзаяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Б.Нямхүү, төлөөлөгч Д.Эрдэнэбулган

Хариуцагч: ИТХ-ын төлөөлөгч, хуралдаан даргалагч Б.Бямбадорж

Гуравдагч этгээд Э.Одгаравын итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Энхтуяа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Баднайсүрэн

Хариуцагч нарын өмгөөлөгч: Г.Амартүвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Б.Алтанзаяа миний бие Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар 2016 оны 11 дүгээр сараас эхлэн сонгогдож, үүрэгт ажлаа хийж эхэлсэн.  

          2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн миний бие томилолтоор БНХАУ-руу явахаар Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу явах замдаа авто тээврийн осолд өртөж эрүүл мэндийн байдал тогтворгүй болсон. Энэхүү авто тээврийн ослын улмаас эрүүгийн хэрэг үүсгэгдэж, шалгаж тус хэрэгт миний бие хохирогчоор тогтоогдсон.

          Ийнхүү 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан нь 14 цаг 30 минутанд товлогдсон бөгөөд дээрх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас миний бие албан ёсоор тус өдөр албан үүргээ гүйцэтгэлгүй чөлөөлөгдсөн. Гэтэл Монгол Ардын намын бүлгээс ирүүлсэн гэх “07 тоот албан бичгийг хэлэлцэх тухай” хурал зарлаж, тус хурлаар “Тооллогын комиссын санал хураалтын дүнгийн тухай” гэх 01 тоот тогтоолыг үндэслэж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Б.Амарзаяа намайг үүрэгт ажлаас маань чөлөөлсөн байсан.

          Энэхүү “07 тоот албан бичгийг хэлэлцэх тухай” хурал нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд заасан ээлжит бус хурал хуралдуулах болон хуульд заасан процесс зөрчиж хийгдсэн хурал бөгөөд энэхүү хууль бус хурлаас дээрх үндэслэлгүй тогтоолыг баталсан.

          Иймд Б.Алтанзаяа миний бие өнөөдрийг болтол хууль ёсны Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгдчийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын эрх, үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий статустай этгээд гэж үзэж байна. Гэтэл ийнхүү 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдсан хуралдаанаас гарсан 01 дүгээр тогтоолыг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба буюу хурлын нарийн бичгийн дарга П.Хэрлэн нь тамга дарж баталгаажуулсан бөгөөд Б.Алтанзаяа надад 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гардуулж өгсөн. Гэтэл тухай хугацаанд буюу 2018 оны 01 дүгээр сарын 29-өөс 02 дугаар сарын 03-ныг хүртэлх хугацаанд эмнэлэгийн магадлагаатай буюу өвчтэй болно.

          Энэхүү хүндэтгэн үзэх шалтгаантай байх хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын эрх хэмжээний асуудал болох баримт бичгийг баталгаажуулж гарын үсэг зурах, тамга дарах эрх хэмжээг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба буюу хурлын нарийн бичгийн дарга Б.Хэрлэнгээр хэрэгжүүлж энэхүү 01 дүгээр тогтоолыг албажуулсан байсан.

Энэ мэтээр илт хууль бус хурлыг хуралдуулж, хууль бусаар тогтоол гаргаж баталгаажуулан Б.Алтанзаяа миний эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн тул Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хурлыг хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, хуралдаан даргалагч Б.Бямбадоржийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай” 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Мөн нэхэмжлэгч М.Алтанзаяа миний бие Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдсан хуралдаанаас гарсан 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас ирүүлсэн баримтуудтай танилцтал тус өдрийн хуралдаанаар хэд хэдэн тогтоолуудыг гаргасан байна.

Тухайлбал Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Б.Алтанзаяа тэргүүлэгчтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхийг дуусгавар болгож, шинээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн томилсон буюу Б.Алтанзаяа миний иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч байх эрх хэмжээг энэхүү актаар дуусгавар болгосон байна. Мөн тус хуралдаанаар 03 дугаар тогтоолоор Б.Алтанзаяа Ерөө сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэргийг баталсан байна. Энэхүү хурлыг нэхэмжлэгч миний зүгээс анхнаасаа хууль бус гэж үзэж байгаа бөгөөд дээрхи хуралдаанаас гарсан бүхий л баримт бичиг, тогтоолууд нь хууль бус гэж үзэж байгаа тул Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны 02 дугаар болон 03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. ...2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, түүнээс гарсан эрх зүйн баримт бичгүүдийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дээрх шаардлагыг нэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ээлжит бус хуралдаанаар ямар процесстой явагддаг, хоёрт тухайн өдөр хуралдсан гэх 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаан нь ямар журам зөрчсөн бэ гэсэн хоёр үндсэн хэсэгт хувааж тайлбарыг гаргана. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14–т зааснаар “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэж зааснаар Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 08 тоот буюу хавтаст хэргийн 78 дугаар хуудсанд “сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нийтлэг дэг батлах” тухай тогтоол гаргасан. Дээрх тогтоолын хүрээнд Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг буюу хавтаст хэргийн 77-83 дугаар хуудсан дахь дэг нь 2017 онд батлагдсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан хуралдахаар тохиолдолд хуульд заасан 7 процессын үе шаттайгаар хуралдах ёстой, тухайн хуралдааны хэлэлцэгдсэн асуудал нь дээрх 7 үе шаттайгаар явагдсанаар хүчин төгөлдөр болно гэдэг нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон дэгд заасан байна. Хуралдаанаар дээрх дэгийн аль нэгийг нь хэрэгжүүлснээр хурал хууль ёсны болсон гэж үзэж байгаа нь хууль зөрчсөн асуудал болж байна. Дэгийн 1 дүгээр зүйл буюу нийтлэг зүйлд “Ээлжит бус хуралдааныг хуралдуулж болно.”, 1.2-т ээлжит бус хуралдааныг хуралдуулахаар байгаа тохиолдолд тухайн хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр хуралдааныг явуулна” гэж заасан байна. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ээлжит бус хуралдааныг товлосон тэргүүлэгчдийн шийдвэр байхгүй байна.  2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэлийг хавтаст хэргийн 85 дугаар хуудсанд хавсаргасан байна. Тухайн хуралдааны тэмдэглэлд “Өнөөдрийн хуралдааныг Б.Нямхүү нь нээж, өнөөдрийн хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдуулахыг зөвшөөрч байна уу” гэж Б.Нямхүү бусад төлөөлөгч нараасаа санал аван “100 хувийн саналтайгаар хүлээн зөвшөөрлөө” гэсэн хурал явагдсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нар нь тухайн өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хурлыг хуралдуулах шийдвэрийг гаргасан байна. Хурлыг хуралдуулах талаар Тэргүүлэгчдийн тогтоол гарснаар хуралдах ёстой байтал тухайн өдөр төлөөлөгч нар санал аваад шийдвэрлэсэн нь хуралдааны дэгийн нийтлэг зүйлийн 1 дүгээр зүйлийг зөрчсөн. Хуралдааны дэгийн 2 дугаар зүйлийн 2.1-д ээлжит хуралдааныг хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө, ээлжит бус хуралдааныг 5-аас доошгүй хоногийн өмнө Тэргүүлэгчдийн шийдвэрээр зарлана гэж заасан. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр товлосон мөртлөө 5 хоногийн өмнө бусад тэргүүлэгч нарт зарлан хуралдуулах тухай мэдэгдэх ажиллагаа огт хийгдээгүй, хуралдуулах тухай тогтоол гараагүй байхад тухайн өдөр хуралдсан.

Хуралдаанд бэлтгэх ажиллагааны хувьд хавтаст хэргийн 85 дугаар хуудсанд “Хэлэлцэх асуудал №2 2018 оны 01 сарын 25”-ны өдрөөр огноолсон шинэ 4 асуудлаар хэлэлцэх асуудлыг оруулж ирсэн. Энэ хэлэлцэх асуудлаар бусад төлөөлөгч нарт мэдэгдэх, танилцуулах ажиллагаа хийгдээгүй нь хуралдааны дэг болон Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасныг зөрчиж байна. Хуралдааны дэгийн 5 дугаар зүйлд “Хуралдааны даргалагч хуралдааныг нээж, хааж, удирдана”  гэж заасан байхад 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тухайн хурлын тэмдэглэлд хуралдааныг Б.Нямхүү гэх хүн хуралдааныг нээж, удирдсан байсан. Гэтэл Б.Нямхүүд хуралдааныг даргалах эрхийг олгосон тогтоол байхгүй байна. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т “тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах”, Хуралдааны дэгд мөн “хурлын дарга нээж удирдана” гэж заасан. Гэтэл Б.Нямхүү нь хурлын даргын эрх үүргийг эдлэн хуралдааныг явуулсан. Тухайн хуралдаан хуралдааны дэгийн дагуу 7 үе шаттайгаар явагдсанаар хууль ёсны дагуу хүчин төгөлдөр болох байтал дээрх хуралд 5 үе шат зөрчигдсөн буюу хууль ёсны бус хурал болсон. Хариуцагчийн тайлбараас харахад 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хуралдаад 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хурал үргэлжилсэн тухай хэлдэг. Хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг харахад хуралдааныг нээсэн, мөн хуралдааныг хойшлуулах тухай дурдаагүй байсан. Хуралдааныг хойшлуулж буй тохиолдолд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д зааснаар “Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна” гэж заасан байхад 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаас хурал хойшлуулах тухай тогтоол гаргаагүй мөн Б.Нямхүүг цаашид хуралдааныг үргэлжлүүлэн даргалах эрх зүйн баримт бичиг гараагүй байна, шийдвэрүүд гараагүй байхад хуралдааныг үргэлжлүүлсэн гэдэг нь үндэслэлгүй байна.

          Дээрх хурал нь хуралдааныг товлон зарлахаас эхлээд, шийдвэр гаргах хүртэл хууль зөрчиж хуралдсан. Тиймээс иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас шийдвэрлэгдэн гарсан шийдвэр нь хууль бус буюу хүчингүй шийдвэр гарсан гэж үзэж байна. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас гарсан баримт бичгүүд эрх зүйн үр дагаваргүй юм. Нэхэмжлэгч Б.Алтанзаяагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга байх эрхийг хууль бусаар шилжүүлэн авсан хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямхүү шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хурлын даргыг огцруулах асуудлаар 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн. Иргэдийн Хурлын Төлөөлөгч Э.Одгаравтай хамт хурлын даргыг огцруулах үндэслэлийг албан ёсоор хуралд хэлэлцүүлэхээр оруулсан. Харин Б.Алтанзаяа нь дээрх асуудлаар хуралд хэлэлцүүлэхийг эсэргүүцэж байсан. Мөн Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг урьдчилан хэлэлцүүлж тогтоол гарснаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлдэг. Дээрх асуудлаар Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлээгүй байсан. Нэн шаардлагатай тохиолдолд Хурлын Төлөөлөгчид хэлэлцэх асуудлыг нэмж оруулж болдог тул дээрх зарчмаар тухайн асуудлыг хэлэлцүүлэхээр оруулсан. Жилийн эцсийн хуралдаан учраас тайлан тайлагнах хуралдаан болох байсан боловч байгууллагууд тайланг урьдчилан төлөөлөгч нарт танилцуулаагүй байсан учир иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг нэг өдрөөр хойшлуулж 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хуралдааныг үргэлжлүүлэн хуралдсан. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Хурлын дарга Б.Алтанзаяа болон 21 Төлөөлөгчид оролцсон. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон Тэргүүлэгчдийн хурлын 1 жилийн тайланг хэлэлцээд 21 төлөөлөгчид 100 хувийн саналаар тайланг хангалтгүй гэсэн үнэлгээ гаргасан. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Төлөөлөгч Э.Одгаравын хамт хэлэлцүүлэхээр оруулсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Ерөө сумын Засаг даргыг огцруулах саналыг татан авсан. Тухайн өдрийн хуралдаанаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, болон 2018 оны төлөвлөгөө зэргээс бусад хэлэлцүүлэхээр оруулсан асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргасан. Үүнээс үүдэн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс иргэдэд газар өмчлүүлэх хуулийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна. 2017 оны 12 дугаар сард багтан газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон биелэлтийг хэлэлцээд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод хүргүүлэх ёстой байсан. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хурал хэлэлцэгдэж шийдэгдээгүй байсан. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон биелэлтийн асуудлыг хэлэлцэж баталсан. Хурлын дарга Б.Алтанзаяа нь хэд хэдэн удаагийн үйлдлээр хүндэтгэн үзэх шалтгаантай гэж хэлээд хуралдааныг орхин гарсан. Улсын дээд шүүхээс “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдгийг эрүүл мэндийн байдал, албан томилолтоор явсан, ар гэрт нь гачигдал гарсан, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан бусад гамшиг тохиолдсон зэрэг хувь хүнээс өөрөөс нь үл хамаарсан нөхцөл байдлыг ойлгоно гэж тайлбарласан байна. Хурлын дарга Б.Алтанзаяа нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэсэн бичиг гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч тал намайг хуралдааныг үндэслэлгүйгээр удирдсан мэтээр тайлбарлаж байна. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдсан 14 төлөөлөгчдийн дотор миний бие мөн оролцсон. Хурал эхлэхээс өмнө хурлын дарга Б.Алтанзаяатай ярьсан, бичгээр хүндэтгэн үзэх шалтгаанаа гаргаж өгөөгүй учир хуралд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар намайг хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү гэсэн учир хуралдааныг үргэлжлүүлэн, хуралдааныг даргалагчаар Б.Бямбадоржийг томилох саналыг гаргасан. Төлөөлөгчид 100 хувийн саналтайгаар хүлээн зөвшөөрч Төлөөлөгч Б.Бямбадоржийг хуралдааны даргалагчаар томилсон шийдвэр гаргасан. Ингээд тухайн өдрийн хуралдааныг Б.Бямбадорж даргалан дуусгасан гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбулган шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн 2017 оны үйл ажиллагааны тайлан 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн өдрийн хуралдаанаар хэлэлцэгдэж хуралд оролцсон 21 төлөөлөгчийн 100 хувийн саналаар “Хангалтгүй” гэж дүгнэгдсэн бөгөөд уг дүгнэлтээс үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах асуудал яригдаж 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж 01 тоот тогтоолоор шийдвэрлэсэн. Иймд уг тогтоолыг зөв хэмээн үзэж байна. Нэхэмжлэгчийн шаардлагыг Төлөөлөгчдийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талаас 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 тоот тогтоолыг болон түүнтэй холбогдон гарсан эрх зүйн актуудыг хүчингүй болгуулах тухай саналыг гаргасан. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдааныг хууль бус гэж тайлбарлаж байна. Тухайн хуралдаан нь 2018 он 01 дүгээр сарын 16-ны өдөр 13 төлөөлөгч, Тэргүүлэгчдийн даргын хамт хуралдааныг нээсэн ч хуралдааны дундуур Б.Алтанзаяа нь “энэ хурлаас татгалзаж байна” гэж хуралдааныг хаяж явснаар хуралдаан үргэлжлэх боломжгүй болж хуралдааныг хаалгүйгээр 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үргэлжлүүлэн хуралдаж шийдвэр гаргасан. Тухайн өдрийн хуралдааныг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар “Хурлын даргын эзгүйд тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч хурлыг удирдан зохион байгуулна” гэж зааснаар хурлын Тэргүүлэгч Б.Нямхүү нь хуралдааныг даргалж явуулсан. Үүнтэй холбогдуулан ээлжит бус хуралдааныг явуулах журмыг баталсан. Дээрх хуралдаан дээр 5 заалтыг зөрчсөн гэж хэлж байна. Тухайн хуралдаан нь хурлын процессыг зөрчөөгүй гэж үзэж байна. Ийм учраас 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд хүчин төгөлдөр гэж үзэж байна. Хурлын даргыг огцруулах, өөрчлөх талаар саналыг бүлгээс хуралд гаргасан. Энэ үйл явц нь хурлын дэгийн дагуу явагдсан юм. Хуралдаан эхлэхээс 5 хоногийн өмнө хүлээлгэж өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдсан. Энэ хуралдаанаар хэлэлцсэн тогтоолууд өнөөдрийг хүртэл гараагүй байна. Ерөө сумын 3 дугаар баг болох Бугант тосгоны 3000 иргэдийн Ерөө сумаас тусдаа сум болох талаар багийн иргэдийн хурлыг хуралдуулаад тосгоны захирагчийн албан тоот хүсэлтийг Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргасан. Энэ хүсэлтийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хуралдаанаар хэлэлцээд өнөөдрийг хүртэл 4 сарын хугацаанд тогтоолыг гаргаагүй байна. Тэгэхээр дээрх 3000 иргэний эрх зөрчигдөж байна. Энэ асуудлаар хурлын даргаас цаг тухайд нь асуухад тухайн өдрийн хуралдааны тэмдэглэл байхгүй учраас тогтоол гаргах боломжгүй гэсэн хариу хэлж байсан. Тухайн өдрийн хуралдаанд хуралдааны тэмдэглэл хөтөлж байсан ажилтан байсан. Тэгэхээр хурлын дарга ажлаа хийгээгүйтэй холбоотой олон хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж байна. Тийм учраас Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хурлын дарга Б.Алтанзаяаг огцруулахаар санал гаргасан. Дээрх саналын дагуу хурал хууль ёсны дагуу явагдаж хуралдаанаас тогтоол гарч Б.Алтанзаяаг ажлаас нь чөлөөлсөн гэв.

Хариуцагч  Б.Бямбадорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Тус шүүхэд гаргасан Б.Алтанзаяагийн нэхэмжлэлийн шаардлагатай миний бие танилцлаа. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хурлыг хүчингүй болгох, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай 01 тоот тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний бие энэ хэрэгт хариуцагчаар татагдах үндэслэлгүй. Учир нь хурлын шийдвэр бол хамтын зарчмын хүрээнд олонхийн саналаар шийдэгддэг ба намайг зөвхөн тухайн өдрийн хурлын даргалагчаар оролцсоныг бие дааж шийдвэр гаргасан гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Ер нь Б.Алтанзаяа гэдэг хүн бол хурлын даргалагчаар ажиллах хугацаандаа хууль дүрмийг баримтлахгүй, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг үл ойшоож санаатайгаар саад учруулж байгаа нь түүний үйлдлээр нотлогдож байгаа юм. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаан хуралдахаар болсон ба тухайн хурлын ирц бүрдсэн байхад ирц хүрээгүй гэж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хурлыг орхин гарсан. Хурлыг орхин гарахдаа албан ёсоор хаагаагүй учир бид 14 төлөөлөгч оройны 21 цаг өнгөртөл хүлээж байгаад тарсан. Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хурлын дарга Б.Алтанзаяад мэдэгдэл хүргүүлж хуралдаанаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн. Гэтэл энэ талаар огт хариу өгөөгүй тул 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаанаа үргэлжлүүлж хэлэлцэх асуудлаа шийдвэрлэж 01 тоот тогтоолыг гаргасан. Иймд дээрх тогтоолыг хуулийн хүрээнд гарсан тогтоол гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байна гэв.

Гуравдагч этгээд Э.Одгарав шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Э.Одгарав миний бие 2018 оны 01 дүгээр сарын 25-нд болсон Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаас  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа болон Засаг даргын ажлыг хангалтгүй гэж дүгнэсэн. Иймд хангалтгүй дүн үзүүлсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хариуцлага тооцох талаар нэр бүхий 14 төлөөлөгч санал гаргаж ээлжит бус хуралдаан хийх саналыг гаргасан боловч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Алтанзаяа хурлыг хуралдуулахгүйгээр асуудлаас зайлсхийсээр 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүргэсэн. Хэдийгээр Алтанзаяа гаргасан гомдолдоо хүндэтгэн үзэх шалтгааны улмаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулах түүнд оролцох боломжгүй байсан гэж байгаа боловч боломжит хуралдааныг товлон хурлыг хуралдуулж гаргасан саналыг хэлэлцэх эрх мэдэл, цаг хугацаа өөрт нь хангалттай байсан болно.

Мөн Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 14 тоот захирамжаар  үүрэгт ажлаасаа түдгэлзээд байгаа билээ. Гэтэл хуучин дарга болох Б.Алтанзаяа нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажлаа хийж байгааг шүүгчийн захирамжийг хүндэтгэн үзээгүй биелүүлэхгүй байгаагаас гадна иргэдэд шүүх дээр ялалт байгаа нь өөрөө хууль зөрчиж байна гэж үзэж болох юм. Миний хувьд шүүхийн шийдвэр хурдан гарч энэхүү асуудал нэг тийшээ шийдэгдэх нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа болон сум орон нутагт хэрэгтэй байна гэдэг талаас нь харан шүүхийн шийдвэрийг хүлээж байна гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр татагдсан Э.Одгаравын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар Б.Алтанзаяаг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас чөлөөлж, Э.Одгаравыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан учраас Э.Одгаравын эрх ашиг зөрчигдөж болзошгүй юм.

Нэхэмжлэгч тал анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч талыг буруу сонгож үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан тогтоолыг хүчингүй болгуулах тухай, тухайн өдрийн хуралдааныг хууль бусад тооцуулах, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаас гарсан 02, 03 тоот тогтоолыг хүчингүйд тооцуулъя гэсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хариуцагчаар Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг татан оролцуулсан харагдаж байсан. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулах гээд байгаа тогтоол нь хамтын шийдвэрээр гарсан. Энэ тогтоол нь тухайн хуралд оролцсон 14 төлөөлөгчийн олонхийн саналаар шийдвэрлэн гарсан. Нэхэмжлэгч нь Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг бүхэлд нь хариуцагчаар татах ёстой байсан. Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хариуцагч Б.Бямбадоржийг татсан байна. Энэ бол процессын алдаа юм. 02, 03 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Б.Бямбадорж гэх хүнд холбогдуулан гаргаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал бүхэлдээ хууль зөрчсөн гэж нэхэмжлэгч тал хэлж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлэхдээ энэ хурлыг товлон зарлахдаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр гарах ёстой. Гэтэл дээрх шийдвэр гарах ёстой гэж байна. Гэтэл хавтаст хэргийн 88 дугаар хуудсанд Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол гэсэн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 04 тоот, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны товыг тогтоох тухай гэсэн тогтоол гарсан байна. Хурал эхлэхээс 16 хоногийн өмнө хурлын тов гарсан байна. Хурлын товыг зарласан Тэргүүлэгчдийн шийдвэр гараагүй гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг үгүйсгэж байна. Хоёрдугаарт хурал хууль ёсны болсон. Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагаас Ерөө сумын төвд хуралдуулсугай гэж хурлын дарга өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Хуралдааны тэмдэглэлээс харахад иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 16 төлөөлөгч ирсэн хурлын ирц бүрэн байхад Б.Алтанзаяа нь хурлын ирц бүрдээгүй байна гэсэн үндэслэлээр хурлыг хуралдуулалгүй орхиж явсан. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д Төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүй нь шаардсанаар, эсхүл Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болно гэж заасан байна. Хурлын Тэргүүлэгчдийн тов зарласан тогтоол гарсан нь дээрх заалтыг зөрчөөгүй юм гэж үзэж байна. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно гэж зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хуралдсан хуралдаанд Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 14 төлөөлөгч буюу 50+1 гэсэн зарчмаар тухайн өдрийн хуралдаанд олонх бүрдсэн байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Алтанзаяа нь хурал удирдаж явуулах үүргээсээ үндэслэлгүйгээр татгалзаж, хурлын ирц бүрдээгүй гэж үндэслэлгүй шалтгаанаар хурлыг орхиж явсан. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно гэж заасныг хурлын дарга Б.Алтанзаяа нь ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-д Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна гэж зааснаар Төлөөлөгчид 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой байсан.

2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралд Б.Алтанзаяа нь Дархан-Уул аймагт шүүх хурал давхацсан, хүндэтгэн үзэх шалтгаантай тул шүүх хуралдаанд оролцоогүй байна. Гэхдээ шүүх хурал давхацсан гэсэн нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байна. Тухайн өдрийн шүүх хурал 14 цаг 30 минутад эхлэн шүүх хурадааныг хойшлуулах тухай хүсэлтийг хэлэлцээд Б.Алтанзаяагийн хүсэлтийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал 17  цагт эхэлсэн. Б.Алтанзаяа нь хуралд оролцох боломжтой байсан гэж үзэж байна. Хурлын нарийн бичгийн дарга Хэрлэн гэрчээр мэдүүлэхдээ 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдааныг мессежээр Б.Алтанзаяад мэдэгдсэн, хариу ирээгүй ба тухайн хурлын өдөр би хуралтай явж байна гэсэн хариу хэлсэн байна. Хурлын дарга нь хуралд оролцохгүй тухай шалтгаанаа албан бичгээр мэдэгдэх ёстой байсан. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдсан хуралдаан нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8, 23.9-д заасныг зөрчсөн харагдаж байна. Хуралд хэлэлцэх асуудал оруулах тухай яригдаж байна. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй гэж зааснаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 төлөөлөгчдөөс 4 Тэргүүлэгч нь хэлэлцэх санал оруулсан байна. Хурлын дарга Б.Алтанзаяа нь шалтгаангүйгээр хуралд оролцоогүй. Тухайн өдрийн хуралдааныг даргалсан Б.Бямбадорж нь 03, 04 тоот тогтоолд гарын үсэг зурсан.  Энэ нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна гэж заасныг зөрчөөгүй гэж үзэж байна. Хурлын тэмдэглэлд бичигдсэнээр тухайн өдрийн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 93,5 хувийн саналаар Э.Одгарав төлөөлөгчийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас Б.Алтанзаяаг огцруулсан шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас баталсан дэгийг зөрчсөн талаар ярьж байна. Тэгэхээр шүүх нь аливаа дүрэм, журам, дэгийг баримтлах гэхээсээ илүү Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг зөрчсөн эсэхэд хяналт тавьдаг байгууллага юм. Дээрх хуралдаан нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгийг зөрчөөгүй, мөн хуульд заасан процессыг зөрчөөгүй гэж харагдаж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан 01, 02, 03 тоот тогтоолыг хүчинтэй хэвээр үлдээж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Ж.Төгсбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018.01.25-ны өдрийн 02, 03 тоот тогтоол нь хуулийн дагуу хүчинтэй гэж үзэж байгаа тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн өдрийн хурлыг хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс хүчинтэй гэсэн тайлбар гаргасан тул тухайн хүмүүсийн тайлбар саналыг дэмжиж байна. Мөн энэ хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй тул тухайн хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Гуравдагч этгээд Н.Пүрэвдорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар болон 03 дугаар тогтоол нь хуулийн дагуу хүчинтэй гэж үзэж байгаа тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн өдрийн хурлыг хариуцагч болон Э.Одгаравын зүгээс хүчинтэй гэсэн тайлбар гаргасан тул тухайн хүмүүсийн санал тайлбар зэргийг дэмжиж байна. Энэ хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Гуравдагч этгээд Т.Батболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар болон 03 дугаар тогтоол нь хуулийн дагуу хүчинтэй гэж үзэж байгаа тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн өдрийн хурлыг хариуцагч болон Э.Одгаравын зүгээс хүчинтэй гэсэн тайлбар гаргасан тул тухайн хүмүүсийн санал тайлбар зэргийг дэмжиж байна. Энэ хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Гуравдагч этгээд Б.Оюун-Ундрах шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ерөө сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Бямбасүрэн овогтой Оюун-Ундрах миний бие нь 2016 оны 11-р сарын 02-ны өдөр Ерөө сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон 2016 оны 11-р сарын 02-ны өдөр баталгаажуулагдсан. МУ-ын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоо нь тухайн хуулийн 2-р бүлгийн 7-р зүйлийн 7.1.1-т заасан хурлын хуралдааны чөлөө цагт тэргүүлэгчид байхаар заасан байдаг. Энэ заалтын хүрээнд 2016 оны 11-р сарын 02-ны өдөр сонгогдон одоог хүртэл хуулийн хүрээнд тэргүүлэгчээр ажиллаж байсан. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20-р зүйлийн 20.1.1-т зааснаар хурлын тэргүүлэгчид 2017-2018 онуудад хурлын хуралдааныг товлон зарлаж, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулан хэлэлцэж ирсэн. Хурлын тэргүүлэгчдийн хуралдаан өдөр тутмын үйл ажиллагааг тэргүүлэгч миний бие нь удирдах эрхтэй. Тэргүүлэгч миний бие нь 2018 оны 01-р сарын 25-ны өдөр төлөөлөгчдийн хурлыг хуралдуулах шийдвэр гаргаагүй байхад хурлын зарим төлөөлөгчид хууль зөрчиж, төрийн удирдлагыг гартаа оруулахын тулд 14 төлөөлөгчийг хууль бусаар цуглуулж, хурал хийснээр тэргүүлэгч миний бүрэн эрхийг зөрчиж, ИТХ буюу хурлын дарга, тэргүүлэгч, сумын засаг даргыг огцруулж, бүрэн эрхийг түдгэлзүүлснээр сумын 6000 иргэний эрх ашиг, зөрчигдөж, төр захиргааны орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа тасалдаж байгаад сумын иргэд гомдол гаргасаар байгаа билээ. Иймээс би хууль бус хурлын төлөөлөгчдийн гаргасан №02 тоот тогтоолыг ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд миний бие биечлэн оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан явуулахад татгалзах зүйлгүй, мөн 2018 оны 01-р сарын 25 -ны өдрийн хууль бус хурлаар тэргүүлэгчээс огцруулсан гэх шийдвэрийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Д.Уянга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар болон 03 дугаар тогтоол нь хуулийн дагуу хүчинтэй гэж үзэж байгаа тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн өдрийн хурлыг хариуцагч болон Э.Одгаравын зүгээс хүчинтэй гэсэн тайлбар гаргасан байна. Иймд тодорхой төлөөлөгчийн саналын тайлбарыг дэмжиж байна. Энэ хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Гуравдагч этгээд Х.Батцэнгэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хишигдорж овогтой Батцэнгэл миний бие Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд мөн Тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байгаа билээ. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан тус хурал хүчин төгөлдөр бус хэсэг бүлэг төлөөлөгч болон Ерөө сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал Э.Ариунбат нарын хууль бус зохион байгууллалттай хурал болсон гэж үзэж байна. Мөн энэхүү өдөр төлөөлөгчдийн хуралдаж гаргасан шийдвэрүүд үндэслэлгүй Тэргүүлэгчдийн бүрэн эрхт халдсан учир шүүхийн байгууллага хуулийн дагуу шударгаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна. Энэ хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 Гуравдагч этгээд Ж.Батбуян шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2018.01.16-нд Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар товлосон  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулах товын дагуу хурал хийгдэж байсан ч зарим гишүүд хуралд суух боломжгүй гэдгээ мэдэгдсэн тул хурал ирц хүрээгүй тул тодорхойгүй хугацаагаар хойшилсон болно.

Гэтэл 2018.01.25-нд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 14 төлөөлөгч хууль бусаар хуралдаж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Тэргүүлэгчдийг өөрчилсөн байна. Энэ хурлаар төлөөлөгч надад хурлын зар ирээгүй. Ийм учраас 25-нд хуралдсан хурлыг хууль бус гэж үзэж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь хурлын чөлөөт цагт хурлын үйл ажиллагааг ханган ажиллах ёстой байдаг ба иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар өөрчлөгдөж чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байна. Хууль бусаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс чөлөөлсөн шийдвэрийг шалгаж үнэн зөвийг тогтооно гэж найдаж байна гэжээ.

Гуравдагч этгээд С.Батсүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр ажиллаж байсан. Гэтэл 2018.01.25-нд хурал хууль бусаар хуралдсан учир энэ хурлыг хууль бус хурал болж шийдвэр гарсан гэж бодож байна. Иймд миний хувьд 700 гаруй иргэдийн саналыг авсан иргэдийнхээ өмнөөс тулгамдаж байгаа асуудлыг шийдэхийн тулд хуралд байгаа гэж ойлгож байгаа. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг ийм байдалд хүргэж байгаад миний хувьд маш их харамсаж байна. Мөн энэ хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Гуравдагч этгээд Т.Болд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Түглий овогтой Болд миний бие нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр баталгаажуулагдсан.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тогтолцоо нь тухайн хуулийн 2 дугаар бүлгийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасан хурлын хуралдааны чөлөө цагт тэргүүлэгчид байхаар заасан байдаг. Энэ заалтын хүрээнд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр сонгогдон одоог хүртэл хуулийн хүрээнд тэргүүлэгчээр ажиллаж байсан.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т зааснаар хурлын тэргүүлэгчид 2017-2018 онуудад хурлын хурлын хуралдааныг товлон зарлаж, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, төсөл боловсруулан хэлэлцэж ирсэн.

Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан өдөр тутмын үйл ажиллагааг тэргүүлэгч миний бие нь удирдах эрхтэй. Тэргүүлэгч миний бие нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлөөлөгчдийн хурлыг хуралдуулах шийдвэр гаргаагүй байхад хурлын зарим төлөөлөгчид хууль зөрчиж, төрийн удирдлагыг гартаа оруулахын тулд 14 төлөөлөгчийг хууль бусаар цуглуулж, хурал хийснээр тэргүүлэгч миний бүрэн эрхийг түдгэлзүүлснээр сумын 6000 иргэний эрх, ашиг зөрчигдөж, төр захиргааны орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа тасалдаж байгаад сумын иргэд гомдол гаргасаар билээ. Иймээс би хууль бус хурлын төлөөлөгчдийн гаргасан 02 тоот тогтоолыг ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд миний бие биечлэн оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан явуулахад татгалзах зүйлгүй, мөн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хууль бус хурлаар тэргүүлэгчээс огцруулсан гэх шийдвэрийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаанаараа  2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг сонгох, чөлөөлөх” тухай 01 дүгээр, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай 02 дугаар, Сумын газар зохион байгуулалтын 2017 оны тайлангийн тухай 03 дугаар тогтоолуудыг тус тус гаргасан байна.

           Нэхэмжлэгч Б.Алтанзаяа нь “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хурлыг хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн төлөөлөгч, хуралдаан даргалагч Б.Бямбадоржийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах үндсэн, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай 02 дугаар, Сумын газар зохион байгуулалтын 2017 оны тайлангийн тухай 03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагууд гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах зүйлүүд тогтоогдож байна.

 

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Иргэдийн төлөөлөгчийн хурал, тэргүүлэгчид, түүний ажлын алба нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “...24.1, 24.2 дахь хэсэгт заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах...” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах үүрэг хүлээсэн субъект нь энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас хуралдаанд оролцоогүй бусад иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийг эдлүүлээгүй  байна.

Ерөө сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдааны хувьд хурлын даргын эзгүйд хуралдаан даргалагчийг сонгон хуралдаан зохион байгуулах ажиллагааг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “...бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана” гэж заасныг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

          Ерөө сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг шийдвэрлэсэн гэх боловч ямар хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу Б.Алтанзаяаг хурлын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

          Хурлын дарга нь иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарын дундаас нэр дэвшин сонгогдсон төлөөлөгч бөгөөд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан “...эрх бүхий бусад албан тушаалтан хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна.” гэх хурлын төлөөлөгчийн үйл ажиллагааны батлагааг эдлэхээр байна. Гэтэл уг баталгааг эдлүүлэхгүйгээр төлөөлөгчийг чөлөөлөх асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. Мөн хурлын даргын хуульд заасан “хуралдаан даргалах” нийтлэг бүрэн эрхийг эдлүүлээгүй нь тухайн хуралдаан хууль бус байх нөхцөлд хамаарахаар байна.          

          Хариуцагч нараас 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаан нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үргэлжилж байгаа хуралдаан гэж маргаж байгаа хэдий ч  хуралдаан үргэлжилсэн, үргэлжлээгүй үйл баримт нь чухал ач холбогдолгүй, хуульд заасан хуралдаан зохион байгуулах урьдчилсан нөхцлийг хангаагүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.3-д тус тус заасан “захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх”, “...үйл ажиллагаанд ил тод нээлттэй байх” зарчмуудыг зөрчсөн байх тул Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдааныг хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

 

          Иймд тухайн өдрийн хуралдаанаас гарсан “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг сонгох, чөлөөлөх” тухай 01 дүгээр, “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай” 02 дугаар, “Сумын газар зохион байгуулалтын 2017 оны тайлангийн тухай” 03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.