Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
Хэргийн индекс | 135/2017/00031/и |
Дугаар | 135/шш2017/00045 |
Огноо | 2017-01-04 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 135/шш2017/00045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00031/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Санжинт баг, ****** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД: *******/-ийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Нэхий эдлэлийн үйлдвэрийн харьяа Шарын гол дахь Өөдсөн цехэд 1976 оны 09 сарын 26-ны өдрөөс 1980 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан 4 жил 1 сар, Шарын гол дахь Усны аж ахуйн техникумд номын санчаар 1980 оны 10 сарын 10-ны өдрөөс 1985 оны 01 сарын 31-ний өдөр хүртэл ажилласан 4 жил 1 сар, Шарын гол сумын 14-р цэцэрлэгт тооцооны нягтлан бодогчоор 1994 оны 08 сарын 23-ны өдрөөс 1996 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан 1 жил 10 сарын хугацааг сэргээн тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд бичигдсэн байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал архивт байхгүй байна. Иймд холбогдох баримт материалыг үндэслэн ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Б.******* нь Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн Яамны харьяа Дархан хот дахь Нэхий эдлэлийн үйлдвэрийн Шарын гол дахь Өөдсөн цехэд 1976 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд эсгүүрчнээр, Усны аж ахуйн яамны харьяа Шарын гол дахь Усны аж ахуйн техникумд 1980 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд номын санчаар, Шарын гол сумын 14 дүгээр цэцэрлэгт 1994 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1996 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болох нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгогдсон №037779 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 1978 онд олгогдсон хөдөлмөрийн дэвтэр, Усны аж ахуйн яамны харьяа Шарын гол дахь Усны аж ахуйн техникумын захирлын 1980 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 143 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 128 дугаартай Эхний хагас жилийн эд, аж ахуйн зүйлийн тооллого явуулах тухай тушаал, хамт олонтойгоо авахуулсан гэрэл зургууд, №264458 дугаартай Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, Оёдол эсгүүрийн хос мэргэжлээр 4 дүгээр зэрэг олгосон мэргэжлийн үнэмлэх, Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн Яамны харьяа Дархан хот дахь Нэхий эдлэлийн үйлдвэрийн захиргааны 1976 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 175 дугаартай Ажилд томилох тухай тушаал, 1979 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 283 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Б.*******гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД: *******/-ийн Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн Яамны харьяа Дархан хот дахь Нэхий эдлэлийн үйлдвэрийн Шарын гол дахь Өөдсөн цехэд 1976 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд эсгүүрчнээр, Усны аж ахуйн яамны харьяа Шарын гол дахь Усны аж ахуйн техникумд 1980 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд номын санчаар, Шарын гол сумын 14 дүгээр цэцэрлэгт 1994 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1996 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ