Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 558

 

 

 

 

 

 

 

 

2020        06          12                                   2020/ШЦТ/558       

 

                        

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг

Улсын яллагч: И.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Г.Н (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бичээч овгийн Ганбаатарын Нт холбогдох эрүүгийн 1909046930750 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

     Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 36 настай эрэгтэй, халх, дээд боловсролтой, технологич мэргэжилтэй, Нирван кинг ХХК-д менежер ажилтай, ам бүл 4 эцэг, эх, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Шинэ барилга, 4а-32 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан мэдрэл бүрэн гэх Бичээч овгийн Ганбаатарын Н /РД:ФА83120816/,  

            1/ Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 537 дугаартай  яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Миами зочид буудалд хохирогч Н.Золбоогийн биед халдаж тархи доргилт, нүүрэнд зулгаралт, хуйх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, эрүүний зөөлөн эдэд няцрал, зүүн чихний арын төвгөрт зулгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн 1909046930750 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Г.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба  мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 15-ны орой Эрдэнэт хотын нутгийн зөвлөлийн шинэ жилд оролцож согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн. Ингээд арга хэмжээнээс гараад явж байснаа санаж байна. тэгээд өглөө гэртээ сэрсэн. Би Золбоо гэх хүнийг Эрдэнэт хотод зүс харж байсан. Шинэ жилийн арга хэмжээ болсоны маргааш Золбоо над руу залгаад та бид 2 өчигдөр жоохон маргалдсан гэсэн. Би толгойны зураг авхуулсан та 130.000 төгрөг өгчих гэсэн. Би өөрийын хаан банкны данснаас шижлүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Хохирогч Н.Золбоогийн “...2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Эрдэнэт хотын иргэдийн шинэ жил болсон бөгөөд тэр арга хэмжээнд оролцоод зүс таних Нараа гэж дууддаг нэг ах найзууд дээр маань хүргээд өг гэхээр нь би Миами зочид буудалд оруулж өгсөн. Тэгээд би өрөөнд нь найзууд дээр нь оруулж өгчхөөд гартал Нараа гэх ах араас гарч ирээд коридорт шууд намайг түлхээд гар, хөлөөрөө нүүр, толгой хэсэг рүү олон удаа цохиж өшиглөсөн. Энэ үед би газар унаж өвдөг тохой шалбарсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан. Намайг цагдаа дуудчихлаа гэтэл тэр хүмүүс бүгдээрээ гараад зугтаачихсан. Тархи доргилт, нүүрэнд зулгаралт, хуйх зүүн нүдний зовхи, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн чихний арын төвгөр гэмтлүүдийг Нараа гэх хүн гараараа цохиж хөлөөрөө өшиглөж учруулсан. Мөчдөд зулгаралт гэмтэл нь намайг Нараад цохиулаад газар унаж, мөлхөх үед үүссэн. Би Нараа гэх хүнд Миами зочид буудалд зодуулсныхаа маргааш нь утсаар залгаад хоёулаа өчигдөр муудалцаж та намайг зодсон асуудал болсон ш дээ ахаа гэтэл Нараа нь харин тийм байна лээ балай юм болсон байна, зүгээр үү гэж ярьж байсан. Тэгээд би Нараад КТГ зураг авахуулсан гэж хэлтэл тухайн үедээ над руу КТГ зурагны мөнгө гэж миний данс руу шилжүүлж байсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх- ийн 9-11 дүгээр хуудас/

           

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №323 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн  “...Дүгнэлт:        

1. Н.Золбоогийн биед тархи доргилт, нүүрэнд зулгаралт, хуйх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, эрүүний зөөлөн эдэд няцрал, зүүн чихний арын төвгөр, дээд доод мөчдөд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

                 102 дугаарын утсанд дуудлага өгсөн талаарх тэмдэглэл /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

 

                 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 57 дугаар хуудас/, хохиролын мөнгө шилжүүлсэн дансны хуулга /хх-ийн 19 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Миами зочид буудалд хохирогч Н.Золбоогийн биед халдаж тархи доргилт, нүүрэнд зулгаралт, хуйх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, эрүүний зөөлөн эдэд няцрал, зүүн чихний арын төвгөрт зулгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Золбоогийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №323 дугаартай дүгнэлт, хохирол төлсөн баримт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Нын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Г.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Г.Ныг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-ийн  хуудас/, хохирогч Н.Золбоогийн эмчилгээний хохиролд 130.000 төгрөгийг төлж барагдуулсан /хх-ийн 19 дүгээр хуудас/ болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Иймд Г.Нт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Н нь эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацааны дотор буюу шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэв. 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч нь хохирогч Н.Золбоод  хохиролын мөнгө 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөг төлсөн талаар мэдүүлдэг бөгөөд  хохирогч гомдол санал байхгүй, хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх талаар хүсэлт / хх-ийн 60 дугаар хуудас / гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой  эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                              ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Бичээч овгийн Ганбаатарын Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Г.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш , эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН