Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 559

 

 

 

 

 

 

 

 

2020        06          12                                   2020/ШЦТ/559       

 

                        

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Улсын яллагч: И.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Н.Б (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Чангас овогт Нямаагийн Бөд холбогдох эрүүгийн 2009010710741 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр АНУ-ын Нью- Иорк хотод төрсөн. 47 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, ГИХА шалгалтын газрын дарга ажилтай, ам бүл 5, эхнэр 3-н хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг, 3-р хороо 5 дугаар хороолол ХД-39 дүгээр байр 29 тоотод оршин суух, улсаас авсан авъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Чангас овогт Нямаагийн Б /РД:ЧМ73010813/,

            1/ Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 527 дугаартай  яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.Б нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номун хотхоны гадна зогсоолд байрлуулж тавьсан иргэн Мөнхжаргалын эзэмшлийн 40-87 УБС улсын дугаартай, Лексус НS-250 маркийн авто машинаа зогсоолоос чөлөөлөөгүй” гэх шалтгаанаар 2020 оны 03 дугаар сарын 24-ний өглөө 08 цагийн орчим хөлөөрөө, өшиглөж, үзүүртэй зүйлээр зурж гэмтээсний улмаас 759.400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн 2009010710741 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 24-ний өглөө 07 цаг 50 минутын үед ажилдаа явах гээд гэрээс гарч ирэхэд миний машиныг 40-87 улсын дугаартай хар өнгийн суудлын жижиг тэрэг хааж тавьсан байсан ба тухайн машин дээр байсан утасны дугаар руу залгахад эхлээд дуудсан утсаа авахгүй байсан, тэгээд байнга залгасан боловч сүүлдээ утас нь холбогдох боломжгүй болсон. Энэ машины эзнийг олох гэж орцны жижүүрээс асууж тодруулсан боловч яг хаягийг мэдэхгүй гэж байсан, ажлаас хоцрох гээд уурлаж бухимдсан, мөн тэр ойролцоо хэд хэдэн жолооч машинаа гаргах гээд байсан тэгээд тэр машинд дохиолол байж магадгүй гэж машиныг дугуйны болон гуперний хэсэг рүү ганц нэг удаа өшиглөсөн, мөн машинд 1-2 удаа зураас гаргасан. /хх-ийн 29 дүгээр хуудас/,

            Хохиропч Д.Мөнхжаргалын “..2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3-р хороо, Номун хотхоны 39-р байрны гадна өөрийн 4087 УБС улсын дугаартай, Лексус НS -250 загварын автомашинаараа бусдын автомашиныг хааж тавиад гэртээ орсон юм. Өглөө 08 цаг 30 минутад над руу 99098601 дугаарын утаснаас над руу залгах үед нь миний гар утасны цэнэг дуусаад би мэдээгүй. Тэгээд 08 цаг нилээн өнгөрөөд гарахад миний автомашины хоёр талд зурагдсан байсан. Би түүнийг нь автомашинаа хөдөлгөчхөөд буухдаа харсан юм. Байрныхаа 'харуулд хэлээд асуух үед 99-00 УБЭ улсын дугаартай автомашины жолооч өглөөнөөс хойш гарах гээд тань руу олон удаа залгасан, тэгээд буцаад гэртээ орсон гэж хэлсэн. Би байрныхаа хяналтын камерыг шүүх үед 99-00 УБЭ улсын дугаартай автомашины эзэн болох 45 орчим настай эрэгтэй хүн гартаа барьсан зүйлээрээ миний автомашиныг зурсан нь харагдаж байсан. 99-00 УБЭ улсын дугаартай автомашины эзэн нь над руу автомашиныг чинь янзлуулаад өгье та үнэлгээ хийлгэсэн үү гэж мессеж бичсэн байсан. Би Вьетнам засвар ороод автомашинаа хэдээр засах вэ гэтэл 1.400.000 төгрөг болно гэж хэлсэн.Тэгээд би тэр ах руу залгаад та засаж өгөх үү гэж асуутал надад таньдаг засварын хүн байгаа тэнд засуулаад өгье гэж хэлсэн. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр би тухайн хүний зааж өгсөн засварын газар очоод автомашинаа засуулаад авсан. Миний автомашин нь Лексус НS -250 загварын автомашин 2010 онд үйлдвэрлэгдэж 2018 онд Монгол улсад орж ирсэн, хар хөх өнгөтэй автомашин юм. Тэр хүн хэлэхдээ тухайн үед уур бухимдалтай байсан учраас автомашиныг чинь зурсан уучлаарай гэж хэлсэн. Мөн тухайн үед миний автомашинаас гадна өөр нэг автомашин байсан ба тэр автомашиныг хөдөлгөж байж миний автомашин гарахаар байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4, 5-6 дугаар хуудас/, Цагдаагийн мөрдөгчийн илтгэх хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/, СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 41-42 дугаар хуудас/, Дамно ХХК-ийн гаргасан эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18-20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номун хотхоны гадна зогсоолд байрлуулж тавьсан иргэн Мөнхжаргалын эзэмшлийн 40-87 УБС улсын дугаартай, Лексус НS-250 маркийн авто машинаа зогсоолоос чөлөөлөөгүй” гэх шалтгаанаар 2020 оны 03 дугаар сарын 24-ний өглөө 08 цагийн орчим хөлөөрөө, өшиглөж, үзүүртэй зүйлээр зурж гэмтээсний улмаас 759.400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Мөнхжаргалын мэдүүлэг, “Дамно” ХХК-ний эд хөрөнгийн үнэлгээний тайлан, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Н.Бийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Н.Бийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 32 дугаар хуудас/, хохирогч Д.Мөнхжаргалд хохиролд 759.400 төгрөгийг төлж барагдуулсан /хх-ийн 53 дугаар хуудас/ болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Иймд Н.Бөд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Б нь эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацааны дотор буюу шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэв. 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч нь хохирогч Д.Мөнхжаргалд  хохиролын мөнгө 759.400 /долоон зуун тавин есөн мянга дөрвөн зуу/ төгрөг төлсөн талаар мэдүүлдэг бөгөөд хохирогч гомдол санал байхгүй, хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх талаар хүсэлт / хх-ийн 53 дугаар хуудас / гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой  эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг Си ди хавсаргаж ирүүлсэн байх ба уг баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                              ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Час овогт Н Бийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бөд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг Си ди хавсаргаж ирүүлсэн байх ба уг баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргасугай.

6. Шүүгдэгч Н.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН