Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 159/ШШ2018/0009

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн зөрчил хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Прокурорын газар

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч ******* холбогдох 

“Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2018.03.12-ны өдрийн 0171920 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хяналтын прокурор: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Сувд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газар шүүхэд гаргасан дүгнэлтэд: Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* би тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* 200.000 төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг хянавал:

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг дарга ******* “хуульд заасан ундны болон ахуйн нөхцөл, шаардлагыг хангасан  усаар хангаагүй” гэж үндэслэлээр зөрчлийн тухай хуулинд заасан торгуулийн шийтгэл оногдуулсан нь  үндэслэлгүй байна.

Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 “Харъяалах нутаг дэвсгэрийнхээ хүн амыг энэ хуулийн 4.9-т заасан стандартыг хангасан ундны усаар тогтвортой, хүртээмжтэй хангах арга хэмжээг тухайн шатны Засаг дарга хэрэгжүүлэх”, 22 дугаар зүйлийн 22.1-т “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэг “Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилтэд аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина”, 23 дугаар зүйлийн 23.1-т “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”... гэж тус тус заасан байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ” гэснийг үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0171920 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.  

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч ******* миний бие Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсан газрын даргын баталсан 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 18-02-033-13 тоот нэгдсэн төлөвлөгөөт шалгалт хийх удирдамжийн дагуу Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын харъяа ундны усны эх үүсвэрт төлөвлөгөөт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалтын явцад хүн амыг Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуульд заасан ундны болон ахуйн нөхцөл шаардлагыг хангасан усаар хангаагүй” гэх үндэслэлээр Засаг даргын тамгын газарт Засаг дарга ажилтай ******* хялбаршуулсан журмаар 200.000 төгрөгөөр торгосон.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх *******гийн 0171920 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот Прокурорын үйлдсэн дүгнэлтийг татгалзах зүйлгүй. Хариуцагч миний эзгүйд хурал явагдах татгалзах зүйлгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0171920 дугаартай шийтгэлийн хуудсаар Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг дарга ******* “Хуульд заасан ундны болон ахуйн нөхцөл, шаардлагыг хангасан усаар хангаагүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200.000 / хоёр зуун мянга / төгрөгөөр торгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас дээрх зөрчлийн материалыг хянаад Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль, тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ” гэснийг үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0171920 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг дарга Ц.Отгонтүйнд Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагч энэ хууль болон бусад хуулийг зөрчсөн тохиолдолд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 “Харъяалах нутаг дэвсгэрийнхээ хүн амыг энэ хуулийн 4.9-т заасан стандартыг хангасан ундны усаар тогтвортой, хүртээмжтэй хангах арга хэмжээг тухайн шатны Засаг дарга хэрэгжүүлэх”, 22 дугаар зүйлийн 22.1-т “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэг “Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилтэд аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина”, 23 дугаар зүйлийн 23.1-т “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль, тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн нь хэрэгт цугларсан нотлох баримт болох хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, хяналтын улсын байцаагчийн 0171920 дугаартай шийтгэлийн хуудас болон хариуцагчийн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай дүгнэлт нь хуульд нийцсэн, үндэслэлтэй байх тул Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0171920 дугаартай шийтгэлийн хуудсыг Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0171920 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгосугай.

2.Иргэн Цэрэнбалжир овогтой Отгонтүйн / РД: МН-72111677 / нь Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0171920 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан 200.000 / хоёр зуун мянга / төгрөгийг төлөөгүй болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар Прокурорын байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Хэргийн оролцогч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ОДБААТАР