Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 127/2021/0013/З |
Дугаар | 221/МА2021/0624 |
Огноо | 2021-11-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2021/0624
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг дарга Б.З нарыг оролцуулан Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг дарга болон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: “...Амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 06/176 дугаар албан бичиг болон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 31 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх “М” ХХК-ийн Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 06/176 дугаар албан бичиг, Хэнтий аймгийн Баянмөнх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 31 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар маргасан үндэслэлд дүгнэлт хийсэн талаараа тодорхойлжээ.
Иймд миний бие шүүхийн дүгнэлтийн үндэслэлийг дараах байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.
1. Анхан шатны шүүх “Хариуцагч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 32 дугаар тогтоолоор “Язаарын уул” бүс нутгийн зураглал, хилийн цэсийг баталж, тус бүс нутгийн менежментийг “М” ХХК-д хариуцуулж, нэг жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллахыг сумын Засаг даргад зөвшөөрсөн байна” гэж уг тогтоолын хэрэгжих хугацааны талаар дүгнэсэн атлаа 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 01 дугаар “Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Язаарын уул” агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийг хариуцах гэрээ” 5.2-т “Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хүчинтэй” гэсэн хугацаа болоогүй байхад буюу 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр уг заалтын шаардлагын дагуу “нэмэлт, өөрчлөлт”-өөр биш шинээр гэрээг байгуулсан байгаа бөгөөд ... Анх эрх олгосон Хэнтий аймгийн Баянмөнх сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 32 дугаар тогтоолд заасан “...гэрээний хугацааны хэрэгжилт, цаашид гэрээг сунгаж хамтран ажиллах эсэх тухай саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж ажиллах...” гэсэн шаардлагыг сумын Засаг дарга хэрхэн биелүүлсэн талаарх нотлох баримт хэрэгт байхгүй ... нэхэмжлэгч болон хариуцагч нар энэ талаар тайлбарлаж чадаагүй ... ядаж шинэ гэрээнийхээ Гуравдугаар зүйлд заасан үүргээ нэхэмжлэгч хэрхэн яаж биелүүлснээ ч нотолсон баримт шүүхэд гарган өгөөгүй зэрэг нь өөрөө “хууль зөрчсөн этгээд”-ийг эрх зөрчигдсөн гэж гомдол гаргах боломжгүй болгож, ингэснээрээ нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй болж байхад “Хариуцагч нарын дээр дурдсан шийдвэрүүд нь, “Язаарын уул” бүс нутгийн менежментийг хариуцан ажиллаж байсан “М” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн тул нэхэмжлэгч нь эдгээр шийдвэр, үйл ажиллагааны талаар нэхэмжлэл гаргах эрхтэй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа нь шүүх өөрөө Амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийн “Энэ хуулийн 22.4-т заасан гэрээг зохих бэлтгэл хангуулах зорилгоор эхний ээлжид нэг жилийн хугацаагаар, цаашид арван жилийн давтамжтайгаар 30 хүртэл жилийн хугацаагаар байгуулж болно” гэсэн журмыг зөрчих явдлыг өөгшүүлж байгаа хэрэг юм.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэхдээ зөвхөн маргаан бүхий захиргааны актуудыг 2021 оны 03 дугаар сард өмгөөллийн “Ландмэнь консалтинг” ХХН-өөр дамжуулан авснаар мэдсэн гэх, Хэнтий аймгийн Засаг даргад 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргаж, 03 дугаар сарын 23-ны өдөр хариу авсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг л үндэслэсэн нь захиргааны акт гаргах, гардуулах, гардуулсанд тооцох, дээд шатны байгууллагад гомдол гаргах, эцэст нь “шүүхэд нэхэмжлэл гаргах” гэх мэт хуульд заасан бүх журмыг хэрэглэж чадсангүй гэж үзэхэд хүргэж байна. Уул нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судлахаа байг гэхэд энэ хугацаанд гэрээт ажлаа хэрхэн яаж гүйцэтгэж байсан, гүйцэтгэх гэж оролдсон талаарх нэхэмжлэгч, хариуцагч нарын үйл үйлдэл, тайлбарыг харгалзан үзэхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх талаар төвөггүй дүгнэлт хийх боломжтой байсан.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг “нэхэмжлэгчийн буруу биш, яамны, Засгийн газрын буруугаас болсон” гэх утгаар тодорхойлсон нь өмнө дурдсан “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх” талаарх дүгнэлтийг буруугаар тайлбарласнаас улбаатай юм. Энэ нь Баянмөнх суманд ховор ан агнах тоо хуваарилагдаагүй вэ гэдэг нь юунаас болсон бэ гэдэгт хариу аваагүйтэй холбоотой. Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлд 4.1.11-д “ан агнуурын менежментийн төлөвлөгөө” гэж тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх агнуурын бүс нутагт ан амьтныг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэхэд чиглэгдсэн ан агнуурын арга хэмжээний хүрээнд гүйцэтгэх ажлыг тодорхой үе шаттайгаар цогц байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг ойлгоно” гэж заасанчлан ан агнуурын менежмент төлөвлөгөө боловсруулан гаргаж, батлуулж түүнийгээ хэрхэн хэрэгжүүлж биелүүлсэн талаараа тавьсан 2014-2019 онуудын тайлан, мэдээ, батлагдсан менежмент төлөвлөгөөний хэрэгжилт, менежмент хариуцах гэрээний биелэлтийг аймаг сумын Засаг дарга нартай хамтран дүгнэж, тайланг хагас бүтэн жилээр ирүүлж, ховор амьтан агнах, барих гэрээний биелэлтийн тайлан, ан амьтны нөөц, байршлын судалгааны тайлан зэргийг холбогдох эрх бүхий этгээдүүдэд хууль, журамд заасан хугацаанд нь гаргаж байгаад дээр нь энэ бүхэндээ тулгуурлаж угалз агнах хүсэлтээ хууль тогтоомж болон гэрээнд заасан он оны “8 дугаар сарын 01-ний өдрийн дотор” холбогдох газруудад хүргүүлж байсан бол яах байсан бэ гэдэгт хариу эрэхгүйгээр хүсэлтийнхээ үндэслэлийг тодруулан хавсаргасан ямар ч баримтгүй, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 110 дугаар, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаар албан бичгүүдийг л үндэслэж Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолоор батлагдсан журамд заасан үүргээ гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай боллоо.
4. Анхан шатны шүүх "эрх үүссэн” тохиолдолд “эрх зөрчигдлөө” гэсэн яриа байх ёстой гэдэгт анхаарлаа хандуулж чадаагүй нь түүний Баянмөнх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 32 дугаар тогтоолоор 1 жилийн хугацаагаар эрх авсан сумын Засаг дарга уг хугацаагаа дуусахад дараагийн эрхээ хэрхэн яаж авсан талаарх асуудлыг “нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно” гэсэн дүгнэлтээс тодорхой харагдаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
5. Захиргааны шүүх дан ганц “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн”-ээр хуулийн бусад нөхцөл шаардлагыг харгалзан үзэхгүйгээр шийдвэр гаргах нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадахгүй гэж үзэж байна.
Дээр дурдсан бүх үндэслэл нь Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжтой гэж үзэж энэхүү давж заалдах гомдлыг гаргалаа.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “М” ХХК-аас “Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 06/176 дугаар албан бичиг болон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 31 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, түүний үндэслэлээ “Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолоор батлагдсан “Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-ын 4.1-д заасны дагуу нэхэмжлэгч компани дараа оны тусгай зөвшөөрлөөр агнах амьтны тоо хэмжээний саналыг Хэнтий аймгийн Байгаль орчны газарт хүргүүлж байсан боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын угалз агнах тушаалд “Язаарын уул” агнуурын бүс ороогүй, 2018, 2019 онд угалз агнах хуваарь батлагдаагүй тул угалз агнаагүй” гэж тайлбарлан маргажээ.
Маргаан бүхий захиргааны акт болох Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргаас тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Алтантуяад 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 06/176 дугаар албан бичгээр “М” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 2 жил дараалан төсвийн орлогын төлөвлөгөө биелүүлэхэд хүндрэл учирсан тул хойшид хамтран ажиллах боломжгүй болж гэрээг цуцалсан болохыг мэдэгдэж, “Язаарын уул” агнуурын бүс нутаг байгуулахаар “Зэв” ХХК-ийн саналыг дэмжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр хүргүүлээд улмаар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 18 дугаар зүйлийн 18.1.2, Амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн “Язаарын уул” агнуурын бүс нутгийн менежментийг “Б” ХХК-д хариуцуулж, нэг жилийн гэрээ байгуулан ажиллахаар болжээ.
“Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хоёр жил төсөвт хүндрэл учирсан” гэсэн үндэслэлээр “Язаарын уул” агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийг хариуцах гэрээг хүчингүй болгох тохиолдолд “гэрээний үүргээ биелүүлээгүй” нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоосон байх учиртай.
Нөгөөтэйгүүр ийнхүү нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоох нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасанд нийцэх юм.
Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д “Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 5.4.8-д “амьтны нөөцийн талаарх мэдээ, тайланг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;”, 5.8-д “Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 5.8.1-д “батлагдсан ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан агнуурын нөөцөд тулгуурлан жил бүр ашиглах агнуурын амьтны төрөл, тоо хэмжээний талаар санал боловсруулж, төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэх;”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 26.1-д заасан дээд хязгаарт багтаан өөрийн нутаг дэвсгэрт агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг сум, дүүрэг тус бүрээр тогтооно” гэж тус тус хуульчилжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/370 дугаар, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/541 дүгээр тушаалуудаар тусгай зориулалтаар болон ахуйн зориулалтаар амьтан агнах, барих хуваарь баталсан бөгөөд уг тушаалын хавсралтад Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Язаарын уул” агнуурын бүс нутаг хамрагдаагүй буюу “Язаарын уул” агнуурын бүс нутагт угалз агнах зөвшөөрөл олгоогүй байна.
Гэтэл Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 06/176 дугаар албан бичгээр “М” ХХК-тай байгуулсан гэрээг цуцлахдаа “гэрээний үүргээ биелүүлээгүй” эсэхийг тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд хийж гүйцэтгэлгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хууль бус, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Нэхэмжлэгчээс “...манай компанийн зүгээс угалз агнах хүсэлтээ удаа дараа эрх бүхий албан тушаалтанд гаргаж байсан, 2018, 2019 онд “Язаарын уул” агнуурын бүс нутагт угалз агнах хуваарь батлагдаагүй ... хуваарь батлагдаагүй байхад ан агнах ёстой байсан гэсэн нь хууль бус шаардлага, 2 жил дараалан хуваарь батлагдаагүй нь нэхэмжлэгч компанийн буруу биш” гэж тайлбарлан маргасан, хэрэгт авагдсан баримтуудаар “М” ХХК гэрээний үүргээ зөрчөөгүй болох нь тогтоогдсон байхад хариуцагчаас “2018 онд 1 толгой угалз агнах хуваарь баталсан байтал 2018, 2019 онд угалз агнасан төлбөрийг төсөвт төлөөгүй” гэж үзсэн бол нэхэмжлэгчээс тэр талаар тодруулж, амьтан ашиглахтай холбогдуулан тодорхой үйл ажиллагаа явуулж байсан эсэх талаарх нөхцөл байдлыг бүрэн тогтоосны эцэст шийдвэр гаргах нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасантай нийцэх бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимтай нийцээгүй байна.
Нэгэнт сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 06/176 дугаар албан бичиг хууль бус болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх энэ тохиолдолд хууль бус захиргааны актыг үндэслэн гарсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 31 дүгээр тогтоол мөн адил хууль бус болох учиртай.
Тодруулбал, Хэнтий аймгийн “Язаарын уул” агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийг хариуцах гэрээний 5.2-т “Гэрээнд заасан үүргээ зөрчиж, байгаль орчинд хохирол учруулсныг холбогдох байгууллагаас тогтоосон тохиолдолд Засаг дарга ... хамтын ажиллагааны гэрээг хүчингүй болгох...” гэж зааснаас үзэхэд гэрээ байгуулагдсанаас хойш газраа гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, байгаль орчинд хохирол учирсан тохиолдолд гэрээ хүчингүй болохыг ойлгохоор байх боловч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын “М” ХХК-тай байгуулсан гэх хамтын ажиллагааны гэрээнээс өөр “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” эсэхийг тогтоох баримт байхгүй, хариуцагчид мөн үүнийг нотлох баримт байхгүй учраас “М” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж буруутгасан нь тодорхойгүй, маргаан бүхий актын үндэслэл нь нотлогдохгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчээс бидэнд сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 06/177 дугаар албан бичиг нь гэрээ цуцлахыг мэдэгдсэн агуулгатай байсан бөгөөд үүнээс өмнө гэрээ цуцлах шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн хуульд нийцээгүй гэсэн тайлбар үндэслэлтэй, нөгөө талаар хариуцагч сумын Засаг даргаас гаргасан шийдвэрээ хууль бус болохыг үгүйсгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ