| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2020/0098/Э |
| Дугаар | 104 |
| Огноо | 2020-05-08 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 104
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
С.Цэрэнханд даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхзул, улсын яллагч М.Сайнзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд
нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А д холбогдох 163/2020/0098/Э индекстэй, эрүүгийн 2015001400087 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “И” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 5, ээж, ах, дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Б.А.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 1300000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг, эрүүгийн 2015001400087 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны орой 22 цаг 30 минутын үед
Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд **-** БӨҮ улсын дугаартай
“Prius-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодон зорчигч С.Е, Ж.А, Х.А , О.З нарын хамт явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 12.4 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутагт асфальтан зам дээр 2020 оны 03 дугаар сарын 16наас 17-нд шилжих шөнө зам тээврийн осол гаргаж, зорчигч Х.А ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хэргийн болон ослын газарт үзлэг хийсэн “уг зам тээврийн осол гарсан газар нь Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутагт байрлах асфальтан зам дээр болсон байв. ...зам нь асфальтан хучилттай, тэгш тууш, зорчих хэсгийн гадаргуу хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй, эвдрэл гэмтэл байхгүй, гэрэлтүүлэггүй байв. ...цаг агаарын нөхцөл цэлмэг...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-12 тал/,
Хохирогч Х.А ийн өгсөн: “Би ослын улмаас биедээ гэмтэл авсан. Миний зүүн талын гурван хавирга хугарч гэмтсэн. Б.А надад эмчилгээний төлбөрт 1.300.000 төгрөг өгсөн. Мөнгөөр нь эмчилгээ, оношлогоо хийлгэсэн. Одоо надад нэхэмжлэх зүйл алга байна” гэх мэдүүлэг /хх-16-17 тал/,
Хохирогч Х.А ийн гэрчээр өгсөн: “...Тэгээд бид нар хотоос гараад замдаа нэг удаа зогсоод ачаагаа янзлаж хөдлөөд зогсолгүй явж байсан. Урд суусан хоёр хүн Булган аймгийн Сансар гэх газар өнгөрч байна гэж ярилцаж байсан. Энэ үед машин дотор зүүрмэглээд явж байсан. Тэгтэл машин гэнэт 2-3 удаа өнхөрсөн. Машин хажуу талаараа харчихсан байсан ба урд сууж байсан залуу, жолооч хоёр цонхоо хөшиж онгойлгож гараад хойд хаалгаар намайг гаргасан. Дараа нь манай найз залуу болон цуг явж байсан эмэгтэйг гаргасан. Тэгээд бид хэд зоогийн газарт орж сууж байгаад цагдаа, эмнэлэг дуудсан. ...” гэх мэдүүлэг /хх-24-25 тал/,
Гэрч С.Е ын өгсөн: “А , А бид гурав Улаанбаатар хотод хамт амьдардаг юм. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бид гурав нутаг руугаа явахаар болоод орой 22 цаг 30 минутанд миний ажил тарсан, …замаасаа эрэгтэй, эмэгтэй 2 хүнийг Баян-Өлгий рүү хамт авч явсан. ...Нэг сэрсэн машин хажуу талаараа зогсчихсон байхаар нь машины өөрийн талын хаалгыг онгойлгоод машинаас гарсан. А машин дотор сууж байгаа хүмүүсийг гадна талаас татаад гаргаад байх шиг байсан. Зам хальтиргаагүй, шулуун, эвдрэл гэмтэлгүй, гадаа харанхуй байсан” гэх мэдүүлэг /хх-18 тал/,
Гэрч Ж.А ы өгсөн: “...Нэг сэртэл машин унах гэж байгаа юм шиг донслоод байснаа хажуу талаараа 2-3 удаа хөрвөөгөөд зогссон. Тэгээд машинаасаа гарах гэсэн чинь гарч чадахгүй байсан. Арын суудал дээр сууж явсан нэг залуу намайг өргөж гаргасан. Тээврийн хэрэгслийг А жолоодон явж байсан. ...Тухайн үед зам шулуухан гадаа харанхуй байсан. Засмал зам ямар нэгэн цасгүй байсан” гэх мэдүүлэг /хх-22 тал/,
Гэрч О.З ийн өгсөн: “...Нэг сэрэхэд Булган аймгийн Рашаант сум руу орж байсан. Тэгээд би дахин унтсан. Машин дотор сууж яваа хүмүүс орилох шиг болохоор нь сэрээд хартал замын хойд тал руу замаас гарч удалгүй машин эргэсэн. Би юу болсныг сайн мэдэхгүй байна. Осол болсоны дараа харахад зам шулуун, гадаа харанхуй байсан” гэх мэдүүлэг /хх-23 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4322 дугаартай: “магадлуулагч Х.А ийн биед зүүн 9, 10 дугаар хавирганы хугарал, 7 дугаар хавирганы цуурал, хугарлын харалдаа зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-30-31 тал/,
Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 03 сарын 27-ны өдрийн: “Жолооч Б.А нь “В” ангилалын ****** дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, хүчинтэй байна. Б.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 12.4 дэх заалт “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурингийн гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна” гэх дүгнэлт /хх-35 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугар сарын 27-ны өдрийн 44 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн Б.А гэж хаяглан ирүүлсэн цусанд спиртийн зүйл илэрсэнгүй” гэх дүгнэлт /хх-56-57 тал/,
Шүүгдэгч Б.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө 10 цаг 30 минутанд Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн **-** БӨҮ улсын дугаартай “Prius 30” загварын тээврийн хэрэгслийг жолоодон Баян-Өлгий аймаг руу өөрөөсөө гадна 4 хүн аваад хөдөлсөн. ...Би тээврийн хэрэгслийг жолоодож явсаар байгаад Булган аймгийн Рашаант сумын төв өнгөрөөд ойролцоогоор 7 км явж байхад жаахан зүүрмэглэх шиг болсон. Гэнэт шор хийгээд буюу асфальтан замын хажуу талын шороо хэсэг рүү машины дугуй гарахаар нь гэнэт сэрсэн. Тэгээд тухайн үед яах учраа олохгүй сандарч байгаад улмаар осол болж тээврийн хэрэгсэл маань гурван удаа хөрвөөх шиг болсон. Машинаас хамгийн түрүүнд би гараад харахад миний тээврийн хэрэгсэл жолооч талаараа буюу хажуу талаараа хэвтэж байсан. Би машинаас хүмүүсийг гаргасан. Цайны газраас нэг ах гарч ирээд зүгээр үү гэж хэлээд цагдаа болон түргэн тусламж дуудсан. ...Хэрэг болсон газрын хувьд чигээрээ, засмал зам, ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй, мөн хальтиргаа гулгаа ч байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-68-71 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Х.А , гэрч С.Е, Ж.А, О.З нарын өгсөн мэдүүлэг нь шүүгдэгч Б.А гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.А жолоодож явсан; тээврийн хэрэгсэл замаас гарч 2-3 удаа өнхөрч уг осол гарсан болохыг шууд гэрчилсэн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 03 сарын 27-ны өдрийн дүгнэлтээс үзэхэд зам тээврийн осол гарахад шүүгдэгч Б.А гийн суурин газрын гаднах замд тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож яваагүй, тээврийн хэрэгсэл замаас гарч аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл шууд нөлөөлжээ.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.А ийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.А гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрхи хор уршигт хүргэсэн, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн жолооч Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.А гийн үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Х.А гэм хорын хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч шүүгдэгч хохирогчийн эмчилгээний зардалд нийт 1300000 төгрөгийг төлсөн, хохирогч түүнийг эмчилгээндээ зарцуулсан гэх 556500 төгрөгийн баримтыг шүүхэд ирүүлж цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.А г бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.А гийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Х.А ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.А гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.А нь ял шийтгүүлж байгаагүй, хувийн байгууллагад ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг түүний хувийн байдал нь хавтаст хэргийн 73-77 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ... биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД