Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 105

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхзул, улсын яллагч Э.Гантулга, хохирогч Ц.Т ,

шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч С.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Г т холбогдох 163/2020/0099/Э индекстэй, эрүүгийн 1915003580053 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ч  овогт С.Г.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Г ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 7000000 төгрөг төлсөн, үлдэх хохирлыг тохиролцсон хугацаанд төлнө гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Т гийн өгсөн: Тухайн осол гарахад байгаагүй, ослын талаар надад мэдэгдэхэд би ирсэн. Тэгээд хохирогчийг ХутагӨндөр суманд авчираад, тэндээсээ Булган аймагт авчирч эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлээд Улаанбаатар хот руу авч явсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлж хэвтээд эмнэлгийн заалтаар хагалгаанд орох байсан боловч орж чадаагүй нас барсан. Эмчилгээ оношлогоо, оршуулгын зардалд нэхэмжилсэн 10500000 төгрөгнөөс 7000000 төгрөгийг хүлээн авсан, үлдсэн 3500000 төгрөгийг хоёр хувааж 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр авахаар тохиролцсон. Цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг болон эрүүгийн 1915003580053 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Г  нь **-** УББ улсын дугаартай, “Sonata 6” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр заалтыг зөрчсөний улмаас 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн орчим Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн Соёлын төвийн гадаа явган зорчигч П.У ыг дайрч амь насыг нь хохироосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Тэшиг сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн тийш 70 километр зайнд байрлах Хужирт 1 дүгээр багийн төвд байх Соёлын төвийн байрнаас зүүн хойд зүгт 24.31 м зайд баруун хойд зүг рүү харсан хар саарал өнгийн тээврийн хэрэгсэл байв. ...үзлэгээр тээврийн хэрэгслийн дугуйн тоормозны мөр болон хэрэгт ач холбогдол бүхий ул мөр илрээгүй болно” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-15 тал/,

2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-18 тал/,

2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-23 тал/,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч Ц.Т гийн өгсөн: “...би тухайн үед Тэшиг суманд гэртээ унтах гээд хэвтэж байхад манай найз над руу утсаар залгаж У  ахыг “машинд шүргүүлсэн” байна гэж хэлсэн. Тэгээд би Хужирт багийн эмчтэй нь утсаар ярихад “биеийн байдал тааруу байх шиг байна, та нар хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би ээж, дүү, нөхрийн хамтаар Хужирт багт шөнийн 04 цагийн үед очсон. Тухайн үед У  ахын хүзүү хугаралтай хөдөлгөж болохгүй гэж байсан. ...Тэгээд маргааш өглөө нь Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын эмнэлэгт очиж хэвтэн эмчлүүлсэн. Тухайн үед мэс заслын тасагт ороод удаагүй биеийн байдал нь муудахаар нь эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн. Нээх удаагүй тухайн эмнэлэгт очоод 3 цагийн дараа амьсгал хураасан. ...Би одоо маш их гомдолтой байна, өөрийн төрсөн ахыг алдсандаа их харамсаж байна. Тухайн үед Улаанбаатар хот руу эмчилгээнд явахад хэрэглэсэн шатахууны зардал, Улаанбаатар хотоос ахын цогцосыг Булган аймгийн Тэшиг сум руу зөөвөрлөсөн шатахууны зардал, буяны ажил явдалд хэрэглэсэн хоол, хүнсний мөнгө төгрөг гээд одоогийн байдлаар 10500000 төгрөг болоод байна. Үүнийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-29-30 тал/,

Гэрч Ч.С ийн өгсөн: “Би Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн бага эмчээр 3 жил орчим ажиллаж байгаа юм. 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед манай эмнэлэгт 1 залуу орж ирээд “ойролцоох Соёлын төвийн байрны хойд талд хүнд эмнэлгийн тусламж хэрэгтэй байна” гэхээр нь очиж үзэхэд саарал өнгийн авто машины баруун талд хүн хэвтэж байхаар нь “энэ хүн яасан юм бэ?” гэж асуухад “автомашинд мөргүүлсэн хүн байгаа юм” гэхээр нь биеийн байдлыг нь үзэхэд 2 гар, хөл мэдээгүй, 2 ширхэг шүд ёзоороороо хөдөлсөн, хэл нь гол хэсгээрээ тасарсан, баруун талын хацар нь халцарсан, эрүүний доод хэсэгт ойролцоогоор 1 см орчим урттай, гүн нь 0.5 см орчим арьс нь урагдсан шархтай, баруун талынх нь чих хойд хэсгээрээ урагдсан шархтай, баруун талынх чих хойд хэсгээрээ урагдсан, амин үзүүлэлт нь хэмжигдэхгүй, зүрхний хэм маш сул, амьсгал сулавтар, хэвлийн орчим тээврийн хэрэгслийн дугуйны хээнээс үүссэн байж болзошгүй зулгаралттай байсан” гэх мэдүүлэг /хх-31-33 тал/,

Гэрч Э.А гийн өгсөн: “Би 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн орчим Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн эмнэлэг дээр сувилагчаар ажиллаж байхад гаднаас нэг залуу орж ирээд “Соёлын төвийн ард хүнд эмнэлгийн тусламж хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь эмч С ийн хамт очиход Соёлын төвийн хашааны зүүн хойд талд жижиг бага оврын суудлын автомашины баруун талын хаалганаас 1 м орчим зайд хүн хэвтэж байхаар нь эмч С  “энэ хүн яасан юм бэ” гэж асуухад нэг залуу “машинаа зүүн тийш дараад явах гэтэл дугуйнд юм тулахаар нь буугаад хартал хүн байсан” гэж хэлж байсан. Тэгээд эмч С ийн удирдлага доор анхны тусламж үзүүлж ажилласан. Би яг хэн жолоодож явсныг нь хараагүй. Сүүлд “жолооч нь хэн бэ” гэж асуухад СаранТ  овогтой Г  гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-34-35 тал/,

Гэрч Э.А гийн өгсөн: “...намайг Хужирт багийн эмнэлэг дээр байж байхад гаднаас хоёр танихгүй хүн орж ирээд “эмнэлгийн тусламж хэрэгтэй байна, хурдал, хурдал” гээд хэлсэн. Тэр даруй би нөгөө хүмүүсийг эмч С ийн хамтаар дагаж яваад Хужирт багийн соёлын төвийн зүүн талд очсон. Тэнд очиход газарт У  гуай ухаангүй байдалтай хэвтэж байсан. С  эмч биеийг нь үзсэн. Тухайн үед юу болсон талаар эмч нөгөө дуудлага өгсөн хүмүүсээс асуухад “хойшоо ухраад энэ хүний дээгүүр гарчихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-36-37 тал/,

Гэрч Х.Г ийн өгсөн: “...Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн 60 жилийн ой болох гээд Г , М  бид 3 тоглоом тоглуулахаар Тэшиг суманд 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр очсон. 2019 оны 07 дугаар сарын 29ний өдөр наадмын талбай дээр бид хэд байрлаад найзуудын хамт хөзөр тоглож байхад наадмын зохион байгуулагч нь гээд нэг хүүхэн ирж зөвшөөрлийн бичиг авчирч өгсөн. Тэгээд бид хэд “танайд янз бүрийн арга хэмжээ болж байгаа юм уу” гэж асуухад сумын Соёлын төвд бүжиг болж байгаа гэсэн. Тэгэхээр нь хэдүүлээ тоглоомоо дуусгачихаад очьё гээд бид хэд нилээн удаан тоглосон. Цаг яг хэд болж байсныг сайн санахгүй байна, 22 цаг өнгөрөөд 23 цаг болж байсан байх. Бид хэдийг очиход нэлээн харанхуй байсан. Тэгээд бид гурав Соёлын төвд очиход хаалттай гадаа нь машин тэрэг, хөл хөдөлгөөн байхгүй байсан. Бид хэд Соёлын төвийг хаалттай болохоор нь машинаасаа буугаагүй “тарсан юм шиг байна, наадмын талбай руугаа явъя” гээд баруун тал руу жоохон ухраад зүүн тал руу ханатал дараад эргэхэд нэг юман дээгүүр гарчих шиг болсон. Тэгэхээр нь “юун дээгүүр гарчихваа” гээд гараад хартал согтуу эрэгтэй хүн тасраад уначихсан байсан. Тэр хүний баруун талын мөрөн дээгүүр гарчихсан юм шиг байсан. Тэгээд М  гэж залуу Соёлын  төвийн хашаан дотор цаана нь сууж байсан хүүхэдтэй цуг эмнэлэг рүү явсан. Тэгээд удалгүй эмнэлгийн ажилчид болон цагдаа нар ирсэн. ...Тухайн үед нэлээн харанхуй байсан тэгээд эргэхэд нэг юман дээгүүр гарчих шиг болсон тэгэхээр нь мод уу, чулуу юу гээд асуутал Г  “юун дээгүүр гарчихваа, хардаа” гэхээр нь цонхоо буулгаад хартал хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-39-40 тал/,

Гэрч Б.М ийн өгсөн: “...Соёлын төвийг хаалттай болохоор нь машинаасаа буугаагүй. “Тарсан юм шиг байна, хэдүүлээ майхан руугаа буцья” гээд Соёлын төвийн хашаа руу тулсан байсан учраас ухраад зүүн тал руу дараад эргэхэд нэг юман дээгүүр гарчих шиг болсон. Тэгээд юу вэ гээд зогсохоор нь би цонхоо буулгаад хартал машины хажууд хүн хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-4142 тал/,

Гэрч Ц.Б ын өгсөн: “...Хужирт багийн эмнэлгийн хашаанд мотоциклыг минь тавиад намайг явуулахаар нь ...дахин талийгаач болон Г  тай тааралдалгүй наадмын талбай дээр байсан цайны газарт очиж хоносон юм. Тэгээд мотоциклио авах гээд 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 05 цагийн үед эмнэлэг дээр очиход талийгаач машинд дайруулсан байдалтай эмнэлэгт хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-46-47 тал/,

Гэрч Э.Г  хуягийн өгсөн: “...тэгээд талийгаач У  бид 2 алхаад Соёлын төв рүү шууд очтол хөгшчүүл концерт тоглож байхаар нь тэрийг хараад сууж байхад У  орж гараад явж байснаа алга болсон. Би Соёлын төвийн үйл ажиллагаа тарахаар нь Б.Б  гэдэг залуугийн наадмын талбай дээр ажиллуулж байсан цайны газрын гэрт очиж амарсан дахин У тай таараагүй. Бид нар хоорондоо хэрүүл маргаан зодоон цохион хийсэн хүн байхгүй.

У  нэлээд их согтсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-54-55 тал/,

Гэрч Э.Г гийн өгсөн: “...Талийгаач нь “Sonata 6” загварын тээврийн хэрэгслийн баруун талд талийгаачийн толгой нь хойд зүгт харсан байдалтай машинаас 50-80 см орчим зайтай хэвтэж байсан. Тэгээд тухайн газрыг хамгаалалтад авч хоносон...” гэх мэдүүлэг /хх-56-57 тал/,

Гэрч С.Р гийн өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Тэшиг сумын Хужирт багийн 60 жилийн ойн баяр наадмаар хэв журмын хамгаалалтад гарч ажилласан. Тухайн баяр наадмын эхний өдөр талийгаач П.У тай Хужирт багийн соёлын төвийн гадна талд 21 цагийн орчим хүлээн авалт дуусаад хүмүүс тарж байхад тааралдсан. Тухайн үед талийгаач П.У  нь согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн болов уу гэлтэй харагдаж байсан. Мөн ил харагдах шарх сорви байхгүй. Өөрийгөө удирдан жолоодох чадвартай, “одоо харилаа” гэж хэлээд ганцаараа явж байсан. Тэгээд тухайн газраас би хүмүүсийг тараачихаад цайны газрын гэрийн ойролцоо явж байхад Хужирт багийн сувилагч С  гэх эмэгтэй над дээр ирээд “машинд дайруулчихсан хүн Соёлын төвийн гадна талд хэвтэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн газраас С  сувилагч, багийн дарга А  нарын хамтаар очиход Соёлын төвийн хойд талын хашааны гадна талд “Sonata 6” загварын тээврийн хэрэгслийн буруу талын хаалганы хажуу талд П.У  хэвтэж байсан. Тэгээд талийгаач П.У  дээр очоод “юу болов, яав ийв зүгээр үү” гэж асуухад талийгаач П.У  нь ухаантай байсан бөгөөд “над дээгүүр юу гарчихваа” гэж хэлж байсан. Тухайн үед талийгаач П.У ын үүдэн шүд нь хугарсан байдалтай хөдөлж чадахгүй байдалтай эгц дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд эмнэлэгт байх хугацаандаа П.У тай ярилцахад “над дээгүүр юу гарчихваа, би одоо үхэх үү” гэж асууж байсан. Тэр үед У  хэлэхдээ “миний бүх бие мэдээгүй болчихсон байна” гэж хэлж байсан. Тухайн газар нь багийн төв байсан учир огт хяналтын камер байхгүй...” гэх мэдүүлэг /хх58-59 тал/,

Гэрч П.О ийн өгсөн: “...хэрэг болохоос өмнө Соёлын төвийн үйл ажиллагаа тарцгааж байх үед Соёлын төвийн гадна талд надтай 22 цагийн орчим тааралдсан. Тухайн үед талийгаач П.У  нь “сайн байна уу та” гэж хэлээд надтай бүр гар барьж мэндэлсэн юм. Тухайн үед өөрийгөө удирдан жолоодох чадвартай унаж тустлаа архи уугаагүй мэт харагдаж байсан. Тэгээд би тэндээс шууд хөдөө очоод байж байтал ойролцоогоор 1 цагийн дараа “хүн бэртчихлээ, та үзээд өгөөч” гэж хэлээд намайг машинаар авсан юм. Тухайн үед ил харагдах гэмтэл бэртэлгүй, хувцас нь шороо болж урагдсан зүйл ажиглагдаагүй” гэх мэдүүлэг /хх-60-61 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1440 дугаартай: “Талийгаач П.У ын цогцост хүзүүний 4 дүгээр нугалмын их бие, хөндлөн нүх, арын сэртэнгийн хугарал, нугасны бүрэн бус тасрал, баруун 2 дугаар хавирганы хугарал, зүүн уушги, элэгний язрал, дотор эрхтнүүдийн гялтан хальсан доорхи цус хуралт, тархины аалзан хальсан доорхи голомтлог цус харвалт, эрүүний ясны зүүн талын үений сэртэнгийн хугарал, баруун чихний дэлбэнд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, эрүү, хүзүү, цээж, хэвлийд зулгаралт гэмтлүүд тогтоогдсон байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх хүзүүний 4 дүгээр нугалмын их бие, хөндлөн нүх, арын сэртэнгийн хугарал, нугасны бүрэн бус тасрал, баруун 2 дугаар хавирга, зүүн 1-4 хавирганы хугарал, зүүн уушги, элэгний язрал, дотор эрхтнүүдийн гялтан хальсан доорхи цус хуралт гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5, 3.1.12-т зааснаар хүнд зэрэгт, эрүүний ясны зүүн талын үений сэртэнгийн хугарал гэмтэл нь хүндэвтэр, тархины аалзан хальсан доорхи голомтлог цус харвалт, баруун чихний дэлбэнд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, эрүү, хүзүү, цээж, хэвлийд зулгаралт гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь дээрх хүзүүний нугалмын хугарал, нугасны бүрэн бус тасрал, цээж, хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед хэвтээ байрлалд тээврийн хэрэгсэл бие дээгүүр гарсан тохиолдолд үүсэх боломжтой. Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлж дараагийн шатлалын эмнэлэг рүү тээвэрлэсэн байна. Босоо байрлалд үүссэн гэх гэмтэл тогтоогдохгүй байна” гэх дүгнэлт /хх-102-106 тал/,

Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 46 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Жолооч С.Г  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсэхгүй байх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байна. Жолооч С.Г ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хүчинтэй байна. Амь хохирогч П.У  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Осол гарах үндсэн шалтгаан нөхцөл нь жолоочийн буруутай үйлдлээс гарсан байна” гэх Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-111-112 тал/,

Шүүгдэгч С.Г ын яллагдагчаар өгсөн: “...тээврийн хэрэгслийнхээ толинд харж байгаад ухраад жолооны хүрдийг зүүн тийш нь тултал дараад эргэх үйлдэл хийсэн. Тэгээд эргэх үйлдэл хийж байх үед ямар нэгэн юман дээгүүр гарчих шиг болсон. Машинаа зогсоогоод буугаад хартал тээврийн хэрэгслийн баруун талын урд талын дугуйгаар талийгаач П.У ын баруун мөрөн дээгүүр гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-121-122 тал/ зэрэг нотлох баримтуудаар ханГ  тай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ханГ  тай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ч.С , Э.А , Х.Г , Б.М , Э.Г , С.Р , П.О  нарын өгсөн мэдүүлгийг шүүгдэгч С.Г ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, тухайн тээврийн хэрэгслийг шүүгдэгч С.Г  жолоодон Соёлын төвийн хашаанаас тээврийн хэрэгслийг ухрааж зүүн тал руу дараад эргэхэд амь хохирогч дайрагдсан үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтээс үзэхэд зам тээврийн осол гарахад шүүгдэгч С.Г ын Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсэхгүй байх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл шууд нөлөөлжээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрхи хор уршигт хүргэсэн гэм буруутай байна, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн жолооч Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.Г ын үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний амь хохироосон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Г ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч Ц.Т  мөрдөн шалгах ажиллагааны шатанд талийгаачийг оршуулах болон буяны ажилтай холбогдуулан гарсан зардалд нийт 10500000 төгрөгийг нэхэмжилж /хх-146-147/ баримтыг ирүүлсэн байна.

Шүүгдэгч С.Г  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, гэм хорын хохиролтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Ц.Т гийн эзэмшлийн ХААН банкны ********** тоот данс руу 7000000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 3500000 төгрөгийг хоёр хувааж буюу 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1750000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1750000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохирч хохирогчтой эвлэрлийн гэрээ /хх-198-201 тал/ байгуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Г ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хүний амь хохироосон гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндсэлэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч С.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Г ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Г  нь эхнэр, бага насны хоёр хүүхдийн хамт хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал нь хавтаст хэргийн 121-122, 130-131 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хорооны засаг даргын тодохойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан, түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт хавсаргагдан ирсэн “В” ангилалын ****** дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7,

36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч  овогт С.Г ыг Эрүүгийн хуулийн тусгайангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-тзаасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.5-т тус тус зааснаар шүүгдэгч С.Г т гэмт хэргийн хор уршгийг арилгах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснааршүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч С.Г т мэдэгдсүгэй.

  5. Энэ хэрэгт шүүгдэгч С.Г  цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянаншийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргагдан ирсэн “В” ангилалын ****** дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.

  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-дзаасныг баримтлан гэм хорын хохиролд 10500000 /арван сая таван зуун мянга/ төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч С.Г  нь 7000000 /долоон сая/ төгрөгийг төлсөнг дурдаж, үлдэх 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг хоёр хувааж буюу 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1750000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1750000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохирч, хохирогчтой эвлэрсэн эвлэрлийг баталж, гэм хорын хохирлыг энэ хугацаанд бүрэн төлж барагдуулахыг үүрэг болгосугай.

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-тзааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД