| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2020/0100/Э |
| Дугаар | 107 |
| Огноо | 2020-05-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 107
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,
Шүүгдэгч И.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Э д холбогдох эрүүгийн 2015001390083 дугаартай, 163/2020/0100/Э индекстэй хэргийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт И.Э.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч И.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Э ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлын 1679451 төгрөгийг төлсөн гэх мэдүүлэг, эрүүгийн 2015001390083 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч И.Э нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багийн нутагт “өөрийн эмэгтэй дүү Ү г оролдсон” гэх шалтгаанаар У.Ц ыг зодож биед нь хамар яс, баруун ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, хамрын нуруу, зүүн баруун дээд, доод зовхи, зүүн баруун хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн шанаанд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хохирогч У.Ц ын өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр би өөрийн гэртээ өөрийн танил болох Э гэх залууд зодуулж биедээ гэмтэл авсан. Тухайн өдөр …насанд хүрээгүй Ү гэх хүүхдийг үнсэж таалсан гэх шалтгаанаар Ү гийн ах нь болох Э манай гэрт ирж миний нүүр ам руу хөлөөрөө хоёр удаа өшиглөөд авсан. Намайг газраас өндийх гэтэл дахиад нүд рүү толгойгоороо нэг удаа мөргөсөн. Ингээд би ухаан балартсан. Нэг мэдэхэд нүүр ам, толгой тархинаас их хэмжээний цус гарсан. Шөнө цагдаагийн алба хаагч нар ирсэн. ... Би Э аас эмчилгээний зардалд 1675000 төгрөг нэхэмжилж байна...надад санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-17-20 тал/,
Гэрч С.Ж ын өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хониндоо яваад орой 19 цагийн орчимд гэртээ орж иртэл гэрт нөхөр Ц нь Э гэдэг хүнд зодуулсан байдалтай нүүр ам нь нилэнхүйдээ цус гараад цусаа арчаад сууж байсан. Тухайн үед намайг гэрт явж ороход Э болон түүний эхнэр О , Ү нар байцгааж байсан. Би гэрт ороод юу болсон талаар тодруулахад Э нь халамцуу “танай нөхөр хүүхэд хүчиндсэн байна” гээд зогсож байсан. Би нөхрөөсөө асуухад “тийм зүйл болоогүй, Э гэрт шууд орж ирээд үгийн зөрөөгүй нүүр рүү 2 удаа өшиглөөд дараа нь толгой руу мөргөчихсөн” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-21-23 тал/,
Гэрч Ч.О ийн өгсөн: “...Тэр өдөр Ц нь миний дүүг оролдож өмд, цамцыг нь тайлсан юм байна лээ. Энэ асуудлыг сонсоод нөхөр бид хоёр Ү г дагуулаад шууд хэрэг явдал гарсан гэх Ц ынд алхаж очсон. Бид гурвыг явж очиход Ц ын байшинд Ц бага насны хүүхдийнхээ хамтаар байж байсан. Байшин дотор явж ороод миний нөхөр Ц ыг “чамайг арай ч ийм зүйл хийчихнэ гэж санасангүй” гээд шууд цохиод авсан. Миний мэдэхийн 2-3 удаа гараараа цохиод авсан. Ингээд тэднийд сууж байхад ойролцоогоор 30 орчим минутын дараа эхнэр Ж гаднаас орж ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-26-28 тал/,
Хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон “У.Ц ын биед хамар яс, баруун ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, хамрын нуруу, зүүн баруун дээд, доод зовхи, зүүн баруун хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн шанаанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 79 дугаартай дүгнэлт /хх-3940 тал/,
Шүүгдэгч И.Э ын яллагдагчаар өгсөн: “...Манай эхнэр Ү гоос “яасан юу болсон бэ” гэж асуухад “Ц ах намайг дарж аваад миний өмдийг тайлаад намайг хөөрхөн ш дээ гэж хэлээд үнсээд байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь манай эхнэр, Ү бид гурав Ц ын гэрт хамт очоод Ц т хандаж “чи арай ч дээ, би чамд итгэж байсан ш дээ” гэж хэлээд баруун гараа атгаж байгаад нүүр хэсэгт нь нэг удаа цохиход Ц “уучлаарай” гэж хэлээд босоод ирэхээр нь баруун гараа атгаж байгаад дахин нүүр хэсэгт 2 удаа цохисон. Тэгээд Ц газар унасан, хамарнаас нь цус гарч байсан. ...Ц т учирсан гэмтлийг би учруулсан. Миний буруу, би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх55-56 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Хэрэг үйл баримт болсон шалтгаан, нөхцөлийн талаар хохирогч У.Ц , гэрч С.Ж , Ч.О нарын өгсөн мэдүүлэг нь шүүгдэгч И.Э ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийг нотолсон, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шууд гэрчилсэн нотлох баримтууд юм.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч У.Ц ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч И.Э ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч И.Э ын үйлдэл идэвхтэй, хохирогчийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байх бөгөөд шүүгдэгч И.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч У.Ц ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч И.Э ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Хохирогч У.Ц , шүүгдэгч И.Э нар харилцан тохиролцож эвлэрсэн /хх-65 тал/, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.
Шүүгдэгч И.Э ын үйлдэл идэвхтэй, хохирогч У.Ц ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч У.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1675000 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтыг ирүүлсэн /хх-7-12тал/ байх бөгөөд шүүгдэгч И.Э уг хохирлыг төлсөнөөр хохирогч шүүгдэгчтэй эвлэрч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг /хх-63-65 тал/ гаргасан байх тул шүүгдэгч И.Э ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч И.Э ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч И.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч И.Э ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч И.Э нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч И.Э нь урьд ял шийтгүүлж байгаагүй, Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багт эхнэрийн хамт мал аж ахуй эрхлэн амьдардаг зэрэг түүний хувийн байдал нь хавтаст хэргийн 43-49 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, багийн засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг 3 сарын хугацаанд төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ... биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч И.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Шүүгдэгч Б овогт И.Э ыг Эрүүгийн хуулийнтусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч И.Э ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
Энэ хэрэгт шүүгдэгч И.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдадтөлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч И.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД