Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 59

 

 

ШИЙДВЭР

2016-0    №521       Хэрлэ
2017 оны 01 дүгээр сарын 23                156/ШШ2017/00059                                  Хэрлэн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2016/00694/И

            Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
    Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Норовлин сумын Баян-Өлзийт багт оршин суух Гэрлийнхэн овогт Гансэлэмийн Мөнхцэцэгийн /РД: СП80090509/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
            Нэхэмжлэгч Г.Мөнхцэцэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний биеэ эмчлүүлж байгаа тул нааш цаашаа явах чадахгүйгээс шүүх хуралд оролцох боломжгүй болоод байгаа тул намайг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шүүх зохигчийн хүсэлтийг хүлээн авч түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч Г.Мөнхцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 
 Миний бие Г.Энхтөрд холбогдуулан гэрлэлт цуцлуулах хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан. Г.Энхтөр нь Хэнтий аймаг Норовлин сумын Баян-Өлзийт багт оршин суудаггүй болох нь Хэнтий аймгийн  Норовлин сумын Баян-Өлзийт багийн засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 тоот албан тоотоор батлагдаж байна. Иймд би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагчийг эрэн сурвалжлах хүсэлтийг гаргаж байна гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
                                                                                                            
ҮНДЭСЛЭХ НЬ:

Гэрлийнхэн овогт Гансэлэмийн Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Гомбын Энхтөр нь оршин суугаа хаяг нь тодорхойгүй, одоо тэрбээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Норовлин сумын Баян-Өлзийт багийн засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 тоот албан тоот зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.           
           
           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                 

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Хэнтий аймгийн Норовлин сумын Баян-Өлзийт багт оршин суух Гэрлийнхэн овогт Гансэлэмийн Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Гомбын Энхтөрийг  /РД:СП77071814/ эрэн сурвалжилсугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Гомбын Энхтөрийг эрэн сурвалжилж, түүний байгаа газрыг олж тогтоон, шүүхэд авчрах ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
           
3.Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Гомбын Энхтөрийн талаарх баримтыг хуулбарлан шийдвэрийн хамт Хэнтий аймгийн цагдаагийн газарт хүргэхийг шүүгчийн туслах З. Отгобаярт үүрэг болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Мөнхцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн  хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Ж.БОЛДБААТАР