Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 108

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч Ц.Н ,

Шүүгдэгч О.Н , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Н , Ц.Н  нарт холбогдох 163/2020/0091/Э индекстэй, 2015000500035 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц овогт  О.Н,
  2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д  овогт Ц.Н,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Н  нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн ... сумын 2 дугаар багийн нутаг “О” гэх газраас хохирогч Б.Э ийн 1 тооны үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Н , Ц.Н  нар нь бүлэглэж 2019 оны 07 дугаар сард О.Н тай бүлэглэн Булган аймгийн ... сумын 2 дугаар багийн нутаг “О” гэх газраас иргэн Б.Э ийн 6 тооны үхрийг хулгайлж 9.700.000 төгрөгний хохирол учруулсан  гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Н ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Н ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

2015000500035 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Б.Э ийн өгсөн: ... 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн ... сумын 2 дугаар багийн нутаг “О” гэх газраас 1 тооны хар халзан зүсмийн нас гүйцсэн эр үхэр алдсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 1112 дугаар хуудас/,

 Гэрч О.Б ийн өгсөн:… О.Н  2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1 тооны үхрийн махан дээр гарал үүслийн бичиг авсан. Улаанбаатар хот руу явж байна нэг махтай явна гарал үүсэл авъя гээд өдөр 17 цагийн орчимд ирж авсан. Тэгээд би өгөөд явуулсан. Одоогоор гарал үүслийн бичгийн нэг хувь байхгүй байна...гэх мэдүүлэг / хх-ийн 15 дугаар хуудас/,

Хохирогч Б.Э ийн өгсөн: “... би 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1100 цагийн үед хөдөө гэрээсээ хэдэн мал ачаад Улаанбаатар хот явчихаад 2019 оны 07 сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос гэртээ ирээд үхрээ бөөгнүүлээд үзтэл манай үхрээс 6 тооны үхэр дутсан юм. Тэгээд дутсан 6 тооны үхрээ гэрийнхээ ойр хавиар хайгаад явж байтал манай 6 тооны үхрийн шир, толгой, сэвс нь Булган аймгийн Х сумын 2 дугаар багийн нутаг “Н” гэх газар айлын малын саравчинд байсан юм... иргэн Очирсүрэн овогтой Н  гэдэг хүнийг хулгайлсан байж болзошгүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 114-117 дугаар хуудас/,

        Гэрч П.Э гийн өгсөн: “…Улаанбаатар хотоос гэртээ ирээд үхрээ бөөгнүүлээд үзтэл манай үхрээс 6 тооны үхэр дутсан юм. Тэгээд дутсан 6 тооны үхрээ гэрийнхээ ойр хавиар хайгаад явж байтал манай 6 тооны үхрийн шир, толгой, сэвс нь Булган аймгийн Х сумын 2 дугаар багийн нутаг “Н” гэх газар айлын малын саравчинд байсан юм....манайх 2019 оны 04 сарын 28-нд 1 тооны хар халзан зүсмийн үхрээ ... сумын О гэх газраас алдсан мөн 2019 оны 07 сарын 04-ний шөнө 6 тооны үхрээ мөн алдсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 118-120 дугаар хуудас/,

 Гэрч Э.Х ийн өгсөн: “… 2019 оны 07 сарын 04-05-нд шилжих шөнө 6 тооны үхэр алдсан... Э  гэх хүн Ө  гэх айлын хаваржаанд 6 тооны үхэр хиaсэн оаина uэж хэлсэн. Тэгээд очоод үзтэл манай үхэр мөн байсан... Булган аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багийн Н  гэх хүнийг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 121-124 дүгээр хуудас/,

Гэрч А.Б ийн өгсөн: “… 2019 оны 07 сарын эхээр байх Н  хот явах гэж байхаар нь нэг хонь гаргачихсан байсан тэрний махыг явуулсан... тухайн үед Н  өөрийнхөө машинтай ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 127 дугаар хуудас/,

 Гэрч Э.Э ын өгсөн: “…2019 оны 07 дугаар сарын эхээр Э

... сумын цагдаагийн хэсэг дээр малаа хайгаад олохгүй байна, сэжигтэй машин тэрэг танай сумаар дайран өнгөрсөн байж магадгүй би камер хармаар байна гэсэн. Тэгээд би тухайн иргэний хүсэлтээр камер шүүж өгсөн... нийт зургаан тооны үхэр хайгаад явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 148-149 дүгээр хуудас/,

Яллагдагчаар О.Н ын өгсөн: “...“...би 2019 оны 04 дүгээр сарын дундуур 20-30 тоон орчим үхэр манай гэрийн урд талд буюу “О “гэх нэртэй газарт бэлчиж байсан. Тэгээд би орой 20-21 цагийн орчимд тухайн үхрүүдийг тууж авчраад өөрийнхөө хаваржаанд хашиж байгаад хар халзан зүсмийн үхрийг салгаж барьж авсан... Тэгээд тухайн үхрийг гэртээ ганцаараа төхөөрч янзлаад өөрийн **-** БУА улсын дугаартай Адван гэх нэртэй цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд ачаад маргааш өдөр нь Булган аймгийн ... сумын малын эмч Б ээс малын гарал үүслийн бичиг хийлгүүлж аваад Улаанбаатар хот руу хулгай хийсэн үхрийн махаа зарахаар явсан... мал мах худалдан авдаг газарт аваачиж 700.000 төгрөгөөр зарсан..., 2019 оны 07 дугаар сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг хэлж мэдэхгүй мартсан байна, намайг малаа хариулаад явж байхад гэрийн хойно хээр Н , нэг хүнтэй хамт /Л / цэнхэр өнгийн портертой ирсэн. Тэгээд надтай Н  уулзаад машинаараа мал мах авч явж байна гэж надад хэлсэн. Надаас Н  зарах мал байгаа эсэх талаар асуухаар нь би надад зарах мал байхгүй гэж Н ад хэлсэн. Тэгээд Н  өөр энэ хавиар эзэнгүй мал байгаа эсэх талаар асуухаар нь би засмал замын хойно бэлчиж байсан 6 тооны үхрийг эзэнгүй бэлчиж байгаа талаар хэлж зааж өгсөн. Тэгээд би тэр үхрийг зааж өгөөд хамт 6 тооны үхэр лүү очсон... эзэнгүй хашаанд аваачаад 6 үхрийг нэг нэгээр нь барьж төхөөрсөн. Энэ үйл явдал гадаа бүрий болж байхад эхлээд шөнө дунд нядалж дуусаад Н , нөгөө танихгүй залуутай хамт махнуудыг машин дээрээ ачаад Улаанбаатар хот руу явсан. Энэ үйл явдлаас хойш хоёр билүү гурван хоногийн дараа би Улаанбаатар хот руу явсан. Хотод очоод Н тай уулзаж нэг сая төгрөг авсан. Тухайн үед нэг үхрийг нь 500.000 төгрөгөнд зараад 3000.000 төгрөг болоод нөгөө хүнд бензин тосных нь мөнгийг өгөөд үлдсэнийг нь хуваагаад надад 1 сая төгрөг өгсөн... хэрэг болсоны маргааш нь Э  гэдэг хүний мал гэдгийг мэдсэн. Э  гуай малаа хайгаад явж байгаа сурагтай байсан...

Н  бид 2 хулгай хийх санааг гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 104-105, 231-217 дугаар хуудас/,

Яллагдагчаар Ц.Н ын өгсөн: “......д очоод Н  луу ярихад би хаваржаан дээрээ үхэрнүүдийг хашчихлаа зам дээр хүлээгээд тосч авсан. Бид хэд уулзаад хойшоо Н ын хаваржаа руу очсон. Тэгэхэд Н  өөрийнхөө мотоциклтой явж байсан. Хаваржаан дээр очиход 30 гаран тооны үхрийг хашчихсан байж байсан... хашаанд байсан үхрээс 6 тооны үхрийг Н тай хамт би ялгалцахад туслаад бусад үхрүүдийг хашаанаас гаргасан. Би хотоос гарах гэж байхад Н  надад би гэрээсээ хутга авч болохгүй байна намайг хутга авчихаарай гэхээр нь би өөрийнхөө гэрээс 2 ширхэг хутга авч ... рүү гарсан. Миний гэрээс авчирсан хутгаар 6 үхрийг хашаан дотор нь нэг нэгээр нь машин дээр явж байсан татлагаар бугуйл хийж барьж авч нядалж махалсан... бид хэд үхрүүдийг янзалж дуусгаад арьс шир, шийр, сүүл, сэвс зэргийг мал нядалсан хашаандаа ил хаяад орхисон. Н  өөрөө дараа нь хашаагаа цэвэрлээд авна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 201-203 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 2, 75 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ххийн 79-85 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5, 96-99 дүгээр хуудас/, Тольдох Оуны Өгөөж ХХК-ний дүгнэлт /хх-ийн 20-26, 157-166, 172-179, 185-189 дүгээр хуудас/, иргэний үнэмлэлхний лавлагаа /хх-ийн 47 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 224, 231 дүгээр хуудас/,  мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 86-90 дүгээр хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 107-108 дугаар хуудас/, малын үнэлгээ /хх-ийн 152 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

1.    Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь мал /хонь, ямаа, үхэр, морь, тэмээ/ байдгаараа бусад хулгайлах гэмт хэргээс ялгагдана.

Шүүгдэгч О.Н  нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн ... сумын 2 дугаар багийн нутаг “О” гэх газраас хохирогч Б.Э ийн 1 тооны үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч О.Н , Ц.Н нар нь бүлэглэж 2019 оны 07 дугаар сард О.Н тай бүлэглэн Булган аймгийн ... сумын 2 дугаар багийн нутаг “О” гэх газраас иргэн Б.Э ийн 6 тооны үхрийг хулгайлж 9.700.000 төгрөгний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, гэрч  нарын мэдүүлэгээр нотлогдон тогтоодож байна.

Иймд шүүгдэгч О.Н , Ц.Н  нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүх шүүгдэгч О.Н , Ц.Н  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Ц.Н аас 4.850.000 төгрөг, О.Н  нараас  6.650.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Булган аймгийн ... сумын 3 дугаар багт оршин суух Б овогт Б.Э -т олгох нь зүйтэй байна.

2.    Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Н, Ц.Н  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн болон амьдрал ахуйн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4-т зааснаар О.Н , Ц.Н  нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх **-** БУА улсын дугаартай Nissan Advan маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч О.Н ын эзэмшлийнх болох нь хавтас хэргийн 40 дүгээр талд яллагдагчаар өгсөн О.Н ын... би Б  гэх хүнээс 2019 оны 01 дүгээр сард 6 сая төгрөгөөс бодож авсан. Түүнээс хойш нэр шилжүүлж өөрийн нэр дээр болгож чадаагүй яваа гэх мэдүүлэгээр шүүгдэгч О.Н ын эзэмшлийнх болох нь нотлогдож байх тул дээрхи тээврийн хэрэслийг хураан улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** БУА улсын дугаартай Nissan Advan маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл, 1350000 төгрөгний үнэ бүхий Даюун маркийн улсын дугааргүй мотоцикль, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** БУА улсын дугааратй Huyndai Porter маркийн хөх ангийн тээврийн хэрэгслийн үнэ болох 1.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 750.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй хутга 1 ширхэг, шаргал өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Hyuindai Porter маркийн **-** БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигч Пүрэвтогтохын Ганбаярт буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Н , Ц.Н  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч О.Н , Ц.Н  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүй болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц овогт  О.Н , Д  овогт Ц.Н  нарыг бүлэглэж бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н , Ц.Н  нарыг тус бүр 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгтзааснаар шүүгдэгч О.Н , Ц.Н  нарт оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 цагаар тус тус тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснааршүүгдэгч О.Н , Ц.Н  нар нь 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийн ажлыг 1 хоногоор солихыг тус тус сануулсугай.
  5. Шүүгдэгч О.Н , Ц.Н  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгхянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй хутга 1 ширхэг, шаргал өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Hyuindai Porter маркийн **-** БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Пүрэвтогтохын Ганбаярт буцаан олгосугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тусзааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** БУА улсын дугаартай Nissan Advan маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл, 1350000 төгрөгний үнэ бүхий Даюун маркийн улсын дугааргүй мотоцикль, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** БУА улсын дугааратй Huyndai Porter маркийн хөх ангийн тээврийн хэрэгслийн үнэ болох 1.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 750.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Н аас 6.650.000 /зургаан сая зургаан зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч Ц.Н аас 4.850.000 төгрөгийг тус тус гаргуулж Булган аймгийн ... сумын 3 дугаар багт оршин суух Б овогт Б.Э  / /-т олгосугай.
  9. Шүүгдэгч О.Н , Ц.Н  нарт оногдуулсан 720 цагийн нийтэдтустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн Булган сумын Тохижилт үйлчилгээний газарт хийлгэхээр тогтоосугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н , Ц.Н  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-тзааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ДЭЛГЭРМӨРӨН