Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
Хэргийн индекс | 135/2016/01779/и |
Дугаар | 135/шш2017/00076 |
Огноо | 2017-01-12 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 135/шш2017/00076
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/01779/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум, ****** баг, ******* ******* Дархан салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ****** баг, ******* хороолол, ****** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** баг, ****** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД: *******/ нарт холбогдох,
“Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөр 8,391,214,90 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 811,415.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 31,734.50 төгрөг, нотариатын зардал 3,000 төгрөг, нийт 9,237,365.19 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч И.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* Дархан салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “М.*******, И.******* нар нь тус банкнаас 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ЗГ/3124 тоот зээлийн гэрээ байгуулж, 11,297,947 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар цалингийн зээл авсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 2,906,732.16 төгрөг, хүүнд 1,948,805.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5293 төгрөг, нийт 4,860,830.45 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна.
Хариуцагч нар нь зээлийн төлбөрийг 2016 оны 03 сар хүртэл хэвийн төлж байгаад 2016 оны 04 дүгээр сараас хойш төлөлт хийгдээгүй байна. Хариуцагч М.******* нь шийдвэр гүйцэтгэл дээр өртэй тул орсон цалинг нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар татсан байдаг. 2016 оны 09 дүгээр сард ажлаасаа гарсан байдаг. Иймээс зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үндсэн төлбөрт 8,391,214,90 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 811,415.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 31,734.50 төгрөг, нотариатын зардал 3,000 төгрөг, нийт 9,237,365.19 төгрөгийг хариуцагч М.*******, И.******* нараас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч М.******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие 2015 оны 03 сарын 17-ны өдөр ******* банкнаас цалингийн зээл авсан. Зээлийн төлөлтийг хуваарийн дагуу төлж байгаад 2016 оны 06 дугаар сараас зээл төлөлтөө хийж чадаагүй. Тухайн үед нэг байранд зэргэлдээ орцонд амьдардаг И.******* ахыг гуйж хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан. Тухайн үед авсан зээлээ өөрийн хэрэгцээнд зарцуулсан. 2016 оны 09 сараас эхлэн ажил эрхлээгүй байгаа ба 2017 оны 1 сараас ажилд орохоор болсон. Тодорхой эрхэлсэн ажилтай болсон үедээ цалингийн зээлээ төлөх боломжтой болно. Өөрийн авсан цалингийн зээлээ би өөрөө хариуцаж төлнө” гэжээ.
Хариуцагч И.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие М.*******г танина, зэргэлдээ орцонд амьдардаг. 2015 оны 3 дугаар сард ******* банкнаас цалингийн зээл авах гэж байгаа юм, та хамтран зээлдэгчээр оролцож гарын үсэг зураад өгөөч гэж гуйснаар нь гэрээнд гарын үсэг зурсан. Би мөнгийг авч, хэрэглээгүй тул ямар нэг байдлаар хариуцахгүй. М.******* өөрөө хариуцна. Тухайн үед би ажилтай яарч байсан тул хэдэн төгрөгийн зээл авч байгааг ч мэдээгүй. Иймээс би энэ зээлийн гэрээнд хариуцлага хүлээхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* Дархан салбар нь хариуцагч М.*******, И.******* нарт холбогдуулан, 2015 оны 03 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн нийт төлбөр болон нотариатын зардалд нийт 9,237,365.19 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч М.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа “... 2016 оны 06 дугаар сараас зээл төлөлтөө хийж чадаагүй. Тодорхой эрхэлсэн ажилтай болсон үедээ хариуцаж төлнө” гэж, хариуцагч И.******* нь “ М.*******гийн гуйснаар нь гэрээнд гарын үсэг зурсан. Би мөнгийг авч хэрэглээгүй тул ямар нэг байдлаар хариуцах үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарладаг болно.
******* банкнаас хариуцагч М.*******, И.******* нар нь 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл төлбөр 6,297,947 төгрөг дээр 5,000,000 төгрөгийг нэмж, нийт 11,297,947 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэйгээр зээлсэн болох нь хэрэгт авагдсан 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/3124 дугаартай зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно.
Зээлийн гэрээнд зааснаар гэрээний хугацаа 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дуусахаар байгаа боловч нэхэмжлэгч ******* ******* Дархан салбар нь хариуцагч М.*******, И.******* нарыг зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн гэсэн үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага гаргажээ.
Хариуцагч М.*******гийн шүүхэд гаргасан “... 2016 оны 06 дугаар сараас хойш зээл төлөлтөө хийж чадаагүй. Тодорхой эрхэлсэн ажилтай болсон үедээ цалингийн зээлээ төлөх боломжтой болно” гэсэн тайлбар, хариуцагч И.*******ын “... би энэ төлбөрөөс төлөөгүй учир нь би энэ зээлийг авч ашиглаагүй тул хариуцахгүй” гэсэн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “... хариуцагч нар нь 2016 оны 04 дүгээр сараас хойш төлөлт хийгээгүй” гэсэн тайлбар, М.*******, И.******* нарын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэргээс үзэхэд хариуцагч нар нь 2016 оны 06 дугаар сараас хойш зээл буцаан төлөх хуваарийг зөрчиж, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй байна.
Мөн нэхэмжлэгч ******* ******* Дархан салбараас зээлийн гэрээний үүрэг зөрчиж байгаа болон үүргээ биелүүлэхийг утсаар болон бичгээр мэдэгдэл өгч байсан болох
нь хариуцагч И.*******ын шүүх хуралдаанд гаргасан “... ******* банкнаас надруу утсаар яриад зээлээ төлөх талаар мэдэгдэж, би М.*******д дамжуулан хэлдэг байсан” гэсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 230 дугаартай зээл төлөх тухай мэдэгдэл зэргээр тогтоогдож байна.
Зээлийн гэрээний гэрээний 4.2.2-т зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь зээлийн төлбөрийг сар бүр зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй байхаар заасан бөгөөд хариуцагч нар нь энэхүү гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2016 оны 06 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй байх тул нэхэмжлэгч ******* зүгээс зээлийн гэрээний 7.1.1-т зааснаар хугацаанаас нь өмнө гэрээг цуцалж, гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т: “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ******* гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах дээрх шаардлага нь энэхүү хуульд заасантай нийцэж байна.
2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/3124 дугаартай зээлийн гэрээний 1.2.4-т “зээлдэгч зээлийн гэрээний 2.1.7 болон зээл олголт, эргэн төлөлтийн хуваарьт заасан дэд хугацаанд хуваарьт зээлийн төлбөрөө эргүүлэн төлөөгүй тохиолдолд нэмж төлөхөөр тохиролцсон 2.1.6-д заасан хүүг нэмэгдүүлсэн хүү”, 2.1.6-д “нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна” гэж заасан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхтэй байна.
Мөн хариуцагч нар нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар маргаагүй болно.
Хариуцагч И.******* нь тус зээлийн гэрээнд М.*******гийн гуйснаар гарын үсэг зурсан болохоос зээлийг өөрөө хүлээн аваагүй, ашиглаагүй, хэдэн төгрөгийн зээл авсныг мэдэхгүй тул төлбөр төлөхгүй гэж маргадаг боловч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.1.3-т зааснаар зээлийг зээлдэгчийн хаан банкин дахь 5068010050 тоот төгрөгийн дансанд бэлэн бусаар шилжүүлснээр зээлийг олгосонд тооцохоор заажээ.
Тус зээлийн гэрээг өмнөх зээлийн үлдэгдэл төлбөр 6,297,947 төгрөг дээр 2015 оны 03 сарын 17-ны өдөр нэмж 5,000,000 төгрөгийг авч, мөн өдрөө зээлийн гэрээг нийт зээлийн төлбөр болох 11,297,947 төгрөгийн хэмжээгээр хийсэн байх бөгөөд хариуцагч М.*******гийн шүүхэд гаргасан тайлбараар гэрээний зүйл болох мөнгийг хүлээн авсан болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т: “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасан байх бөгөөд талууд гэрээгээр зээлийн гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх журмыг дээр дурдсанаар тохирсон байх тул хариуцагч И.*******ын би мөнгийг хүлээн аваагүй тул төлбөрийг төлөхгүй гэх татгалзал хууль зүйн үндэслэлгүй байна.
Нөгөө талаар хариуцагч И.*******, М.******* нар нь нэхэмжлэгч ******* ******* шаардлагын хувьд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид тул мөн хуулийн 242.11-т зааснаар тэдгээрийн үүрэг тэнцүү байна.
Мөн зээлийн гэрээний хавсралтад заасан зээл буцаан төлөх хуваарьт нийт зээлийн төлбөр болох 11,297,947 төгрөгийг 2018 оны 03 сарын 17-ны өдрийг хүртэл сар бүр тодорхой хэмжээгээр хуваан төлөхөөр талууд тохирч, хариуцагч нар гарын үсэг зурсан байдал, ******* ******* 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 230 дугаартай зээл төлөх тухай мэдэгдэлд нийт зээлийн хэмжээ бичигдсэн байх бөгөөд тус мэдэгдлийг хариуцагч И.******* хүлээн авч гарын үсэг зурсан зэргээс үзэхэд хэдэн төгрөгийн зээл авсныг би мэдээгүй гэх хариуцагч И.*******ын тайлбар үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр ******* банк, М.*******, И.******* нарын хооронд байгуулагдсан 2015 оны 03 сарын 17-ны өдрийн ЗГ/3124 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөр 8,391,214.90 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 811,415.79 төгрөг,
нэмэгдүүлсэн хүү 31,734.50 төгрөг, нийт 9,234,365.19 төгрөгийг хариуцагч М.*******, И.******* нараас гаргуулж, ******* ******* Дархан салбарт олгох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс нотариатын зардалд 3000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч ******* ******* дээрх шаардлагаа нотолж шүүхэд ирүүлсэн нотариатын зардал төлсөн мөнгөний тасалбар нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан тул нотариатын зардал 3,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч М.******* нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч И.******* нар нь шүүх хуралдаанд хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан ******* банк, М.*******, И.******* нарын байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/3124 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч М.*******, И.******* нараас нийт 9,234,365.19 төгрөгийг гаргуулж, ******* ******* Дархан салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 162,748 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******, И.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 162,699 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* Дархан салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ