Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 110

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч Б.С , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С холбогдох эрүүгийн 2015001010070 дугаартай, 163/2020/0103/Э индекстэй хэргийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн ... харуулын ажиглагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт Б.С,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С  нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Х” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 67 ширхэг, 4 метрийн урттай, 22.657 м3 хэмжээтэй шинэс төрлийн хэрэглээний нойтон мод бэлтгэж, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн нутаг Хялганат тосгон руу тээвэрлэн байгаль экологид 3915130 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015001010070 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч

Б.С  нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Х” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 67 ширхэг, 4 метрийн урттай, 22.657 м3 хэмжээтэй шинэс төрлийн хэрэглээний нойтон мод бэлтгэж, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн нутаг Хялганат тосгон руу тээвэрлэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь иргэний нэхэмжлэгч Б.З гийн өгсөн: “...”М” ХХК-ний ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид учруулсан хохирлыг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг, /хх-33 тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.С ийн  өгсөн: “...**-** УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би 2019 оны эхээр хүнээр дамжуулан Булган аймгийн Хялганат тосгоны иргэн С  гэх хүнд түрээсээр ажиллуулахаар болсон юм. Би өөрийн тээврийн хэрэгслийг авмаар байна. ...” гэх мэдүүлэг /хх 37 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-07-23 тал/, Гэрч П.Б ий өгсөн: “...”М” ХХК-ны хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сарын 16-н өдөр 24м куб хэрэглээний модны гарал үүслийн гэрчилгээ авч явснаар тухайн онд хийсэн 70м куб хэрэглээний мод нь мод, модон бүтээгдэхүүн болж өөр аймаг, орон нутагт тээвэрлэгдэн хүргэгдэж зах зээлд борлуулагдсан гэсэн үг. Одоо Хялганат тосгонд энэ аж ахуйн нэгжтэй хамааралтай ямар нэгэн мод модон материал байхгүй. Хэрэв тийм мод байвал хууль бус мод гэж үзэж болно. ...” гэх мэдүүлэг /хх-39-40 тал/,

Гэрч М.Н ын өгсөн: “...”М” ХХК нь 2019 онд нийт 70м3 хэрэглээний модны зөвшөөрөл авсан бөгөөд 2020 оны 01 сарын 16-ны өдөр бүх бэлтгэсэн модоо зүсмэл материал болгон гарал үүслийн гэрчилгээг авч дууссан байгаа нь Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд ямар нэгэн мод үлдээгүй, энд байхгүй гэсэн үг. Иргэн аж ахуйн нэгж байгууллага нь сумын ИТХ-ын тогтоолын дагуу батлагдсан хувиарын хүрээнд сум болон сум дундын ойн ангийн талбайн тусгаарлалтыг үндэслэн уулнаас хэрэглээний болон түлээний мод бэлтгэх эрх олгосон эрх зүйн баримт бичиг гэж ойлгож болно. Бэлтгэсэн мод нь хэрэглээний төрөлд хамаарна. ...” гэх мэдүүлэг /хх-42-43 тал/,

Гэрч У.М ийн өгсөн: “...2019 оны 12 сарын 16-ны үед намайг ойн цэвэрлэгээнд яваад өгөөч гэхээр нь би зөвшөөрч Н , Д  нарын хамтаар Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр баг Х ын ам гэх газарт очиж С  ахын мод бэлтгэсэн талбай дээр нь ойн цэвэрлэгээ хийсэн. Тухайн үед 4м урттай 60 орчим тооны мод бэлтгэн ирж Тосондалай гэх ахын хашаанд буулгасан нь үнэн. ...” гэх мэдүүлэг /хх 48 тал/,

Гэрч Н.Н ийн өгсөн: “...2019 оны 12 сарын 10-15-ны өдрийн хооронд С  над руу утсаар холбогдож “та манай модонд туслах ажилтнаар явах уу” гэж асуухаар нь би зөвшөөрөөд Д , М  нарын хамт Булган аймгийн Хангал сумын 1-р баг “Х ын ам” гэх газарт очиж 4 метрийн урттай 60 орчим тооны модыг нийт 6 удаа явахдаа 1 яваад ирэхдээ 6-8 ширхэг модыг С ын модны рамны үртэс цэвэрлэдэг айлын гадаа буулгаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 51 тал/,

Гэрч Б.Д ийн өгсөн: “...2019 оны 12 сарын 10-15-ны өдрийн хооронд манай төрсөн дүү С  над руу утсаар залгаад “та манай модонд туслах ажилтнаар явах уу” гэж асуухаар нь би зөвшөөрөөд Н , М  нарын хамт Булган аймгийн Хангал сумын 1-р баг “Х ын З наас нийт 8 удаа явж ирэхдээ М ХХК-ы рамны үртэс цэвэрлэдэг айлын гадаа 1 удаа орж ирэхдээ л 8-11 ширхэг мод буулгадаг байсан. ...” гэх мэдүүлэг /хх тал/, Гэрч Ц.Ж ын өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 10-15 хооронд захирал С  “танай хашаанд мод буулгамаар байна” гэхээр нь би “гоожинтой юм уу” гэж асуухад “гоожин байгаа, асуудалгүй” гэж хэлээд “М” ХХК-ий рамны гадаа буусан байсан модноос 8-10 ширхэгээр буулгаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 59-60 тал/,

Гэрч Э.М ны өгсөн: “...2020 оны 02 сарын сүүлээр энэ талаар мэдсэн. С  над руу залгаад “би хууль бусаар, хулгайгаар 67 ширхэг нойтон шинэс төрлийн мод бэлтгээд айлын хашаанд буулгачихсан байж байгаад цагдаад баригдсан” гэж анх надад хэлсэн. Энэ талаар урьд өмнө огт мэдээгүй. ...” гэх мэдүүлэг /хх 61 тал/,

Хялганат сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 20ны өдрийн 04 тоот шинжээчийн: “4м урттай 67 ширхэг шинэс төрлийн /нойтон/ модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 3915130 төгрөг болж байна. ...” гэх дүгнэлт /хх-82-84 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.С ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарындундуур Хялганат тосгон дахь ойн ангитай М ХХК-г төлөөлж мод бэлтгэх гэрээ байгуулж 2019 онд 70 метр куб мод бэлтгэхээр болсон. Тэгээд арчилгааны огтлол нэрээр эхний 40куб модыг 2019 оны 09 дүгээр сард бэлтгэж дууссан. Тэгээд цэвэрлэгээний 30 куб модыг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд бэлдэх ёстой байсан. Тэгээд модыг уулнаас бэлтгэж Хялганат тосгонд оруулж ирээд манай үртэс зөөдөг эмэгтэй Ж ын хашаанд 7-8 ширхэг шинэс төрлийн  4 метрийн урттай гуалин мод буулгадаг байсан юм. Тэгээд машинд үлдсэн модыг Хөрөө рамныхаа хашаанд буулгадаг байсан. ...Ингэснээр би мод бэлтгэх гэрээнд тусгагдсан 30 куб мод бэлтгэхээс гадна 60 гаран тооны модтой болсон юм. ...” гэх мэдүүлэг /хх-96-97 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хууль бусаар мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэдэгт мод бэлтгэх болон тээвэрлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгоно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч Б.С ын мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг гарал үүслийн бичиггүй мод тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.С ын өмгөөлөгч М.Даваасүрэн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ авах шаардлагагагүй Б.С аас машины үнийг гаргуулах үндэслэлгүй эклоги эдийн засагт учруулсан хохирлоо төлсөн гэж мэтгэлзжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах” -аар хууль тогтоогч үүрэг болгосон бөгөөд **-** УНД улсын дугаартай “Зил-131” загварын бор ногоон өнгийн тээврийн хэрэгслийг эзэмшигч  Б.С-д буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 6625000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-дэх хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдэж...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэснээр гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод “шүүгдэгч Б.С ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** УНД улсын дугаартай “Зил131” загварын бор ногоон өнгийн тээврийн хэрэгсэл хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “хэрэв гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх болох нь тогтоогдвол хууль ёсны эзэмшигчид олгож, тээврийн хэрэгслийн үнийг гэм буруутай этгээдээс гаргуулж улсын орлого болгуулахаар “зохицуулсан  заалтаар Б.С аас машины үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь  өмгөөлөгчийн гаргасан хүсэлт үүгээр няцаагдаж байна.

Шүүгдэгч Б.С  нь гэм буруугийн талаар маргаагүй гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлоо төлсөн ба түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийвэрлүүлэхээр тогтоосон прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Б.С  нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Х” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 67 ширхэг, 4 метрийн урттай, 22.657 м3 хэмжээтэй шинэс төрлийн хэрэглээний нойтон мод бэлтгэж, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн нутаг Хялганат тосгон руу тээвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна

Түүнчлэн шүүгдэгч Б.С  нь өмнө ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, “М” ХХК-ны захирал ажилтай, тус компаны улсын бүртгэлийн лавлагаа, хуулийн этгээдийн лавлагаа зэрэг түүний хувийн байдал нь хэргийн /99-119/ дугаар талд авагдсан Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэргийг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн  түүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь  зүйтэй гэж үзэв.

Хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан прокурорын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн **-** УНД улсын дугаартай “Зил-131” загварын тээврийн хэрэгсэл нь Б.С ын өмчлөл, эзэмшилд байгаа болох нь түүний иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хх-37/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-17 тал/ зэрэг баримтуудаар нотлогдсон байх тул тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч Б.С ын эзэмшилд үлдээж, түүний үнэ “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ний шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гаргасан 6625000 төгрөгийг шүүгдэгч Б.С аас гаргуулж, мөн прокурорын  тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого 61 ширхэг буюу 22.657 м3 хэмжээтэй мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 80000 төгрөгний үнэлгээ бүхий моторт цахилгаан хөрөөг тус тус хурааж, үнийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /рд: / төрийн сан дахь 100900013040 тоот дансанд  тус тус шилжүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.С  нь цагдан хоригдсон хоноггүй,  хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц овогт Б.С ыг Эрүүгийн хуулийнтусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан төрийн албан хаагч ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-тзаасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.С ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-тзааснаар шүүгдэгч Б.С т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүхээс тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэж шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.С т сануулсугай.

  4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй,  иргэнийнэхэмжлэгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзаасныг журамлан **-** УНД улсын дугаартай “Зил-131” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, ... оршин суух, иргэний нэхэмжлэгч Б.С-д  олгож, түүний  үнэ 6625000 /зургаан сая зургаан зуун хорин таван мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.С аас  гаргуулж,  мөн мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн 67 /жаран долоо/ ширхэг буюу 22.657м3 мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хятад улсад үйлдвэрлэгдсэн моторт цахилгаан хөрөөг хурааж, үнийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /рд: / төрийн сан дахь 100900013040 тоот дансанд тус тус шилжүүлсүгэй.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээрзүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНДУЛАМ