Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 112

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,

Шүүгдэгч Э.Э  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э т холбогдох эрүүгийн 2015000720045 дугаартай, 163/2020/0104/Э индекстэй хэргийг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, М овогт Э.Э.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э ын өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу гэх мэдүүлэг, эрүүгийн 2015000720045 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э  нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг "Х" гэх газарт байрлах өөрийн гэртээ эхнэр С.О ийг “машины кобуд сөхөж өгсөнгүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа хогийн шүүрээр баруун гар луу нь 1 удаа цохиж, заазуур шидсэний улмаас түүний биед зүүн өгзөгөнд ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр шарх, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт хохирогч С.О ийн өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 22 цагийн үед Булган аймгийн ... сумын 3 дугаар багийн “Х” гэх газарт өөрийн гэртээ нөхөр болон 2 хүүхдийнхээ хамтаар байж байтал нөхөр Э тай хэрүүл маргаан хийж, уурандаа намайг хогийн шүүрээр баруун гар руу 1 удаа, өгзөг рүү заазуураар цохисон. Тухайн үед миний биенээс цус алдаж байсан ба нөхөр Э  гар нүүрний алчуурыг норгоод миний өгзөг дээр хүйтэн жин тавьж өгсөн. Ингээд тухайн шөнөдөө нөхрийн минь эцэг буюу хадам аав Э.биеийн байдал муудсан гэж дуудлага ирж нөхөр маань шөнийн 04 цагийн үед Булган аймгийн төв рүү ганцаараа явсан. Тэр шөнөдөө би хоёр хүүхэдтэйгээ гэртээ үлдсэн. ...” гэх мэдүүлэг /хх-12-13 тал/,

“...манай нөхөр Э  намайг дуудаад “машины кобуд сөхөөд өг, аккумлятор авах гэсийн, би кобуд онгойлгодог тороосыг татаж байя” гэж хэлэхээр нь “би ямар чиний зарц юм уу, чадахгүй өөрөө хий” гэж гэр дотроосоо хэлчихээд хоолоо хийж байсан. Э  гадаа машинаа хаазлаад сигнал дарж байгаад гэртээ орж ирээд хогийн шүүр аваад ишээр нь миний баруун гарны дотор талд нэг удаа цохихоор нь буузны гурил элдэж байсан гурилын мод аваад Э  руу шидсэн чинь толгойг нь оносон. Тэгээд би хойд талын ор луу зугтаахад араас нэг зүйл шидэж миний бөгс орчимд цохихоор нь эргээд хартал газар заазуур хэвтэж байсан. ...Нөхөр Э  нь байнга архи уугаад байдаггүй, баяр ёслол болохоор уудаг. Э  бид хоёр урьд өмнө нь хэрүүл маргаан, зодоон хийж байгаагүй ба гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Одоо миний бие зүгээр. Өвдөж байгаа зүйл байхгүй. Надад одоо гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-82-83 тал/,

Гэрч Ц.С ийн өгсөн: “...миний охин О  2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13 цагийн орчимд миний утас руу залгаад “ээжээ би хүний утаснаас ярьж байнаа, надад очих зардлын мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “юу болов” гэсэн чинь “та очихоор намайг хараарай” гээд утасны цаанаас уйлаад байсан. Охинтойгоо уулзаад болсон хэрэг явдлын талаар асуухад 2020 оны 02 дугаар сарын 04-ний орой охин О  нь өөрийн нөхөр болох Э т зодуулж биедээ гэмтэл авсан талаар ярьсан. Тэгээд нөхөртөө зодуулсан гэхээр нь биеийг нь хартал зүүн талын өгзгөнд мэсний шарх байсан. Тухайн шархыг хэрэг гардаг орой нөхөр Э  гэрт байдаг заазуурыг шидэж гэмтэл учруулсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-19-20 тал/,

Гэрч Л.Б ы өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр миний бие Булган аймгийн төв рүү хувийн ажлаар явах болоод замд Э ын эхнэр О тэй таарч “намайг аймгийн төв рүү авч яваач” гэхээр нь О ийг Булган аймгийн төв рүү авч явсан. Замдаа явахдаа миний машин дотор О  утсаар ээжтэйгээ яриад байх шиг байсан. Тэгээд яриаг нь сонсоход урьд шөнө өөрийн гэрт нөхөртэйгээ хэрүүл хийгээд заазуурдуулсан талаар ярьж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-25-27 тал/,

Гэрч Э.А ийн өгсөн: “...сүүлд ажил явдал болсоноос хойш Э  уурандаа эхнэр О  рүү заазуур аваад шидчихсэн чинь оночихсон, одоо цагдаагийн байгууллагад шалгагадаж байгаа талаар хэлж ярьсан.

...” гэх мэдүүлэг /хх-28-31 тал/,

Гэрч Э.О ын өгсөн: “...сүүлд 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Э  ахаас дуулсан. Э  ах эхнэр болох О тэй хоорондын харилцаа муу байснаас болж хэрүүл маргаан хийж улмаар өгзөг рүү нь заазуурдсан гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-32-34/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 45 дугаартай: Хохирогч С.О ийн биед зүүн өгзөгөнд шарх, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-37-38 тал/, шүүгдэгч Э.Э ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Би өмнө нь энэ хэргийн талаар гэрчээр мэдүүлэг өгсөн. Тухайн үед болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь хэлж мэдүүлсэн. 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр би машиныхаа аккумляторыг салгаж гэрт оруулах гээд кобудаа сөхөөд эхнэрийг кобуд барьж бай гээд дуудсан чинь эхнэр гарч ирэхгүй болохоор нь би гэртээ ороод эхнэртээ уурласан. Эхнэр О  миний толгой руу юмаар цохиод гэр тойроод гүйхээр нь би гарт тааралдсан юмаа аваад араас нь шидсэн чинь заазуур аваад шидсэн байсан, ...эхнэр С.О т учирсан гэмтлийг би учруулсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу” гэх мэдүүлэг /хх-51-52 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.О ийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Э.Э ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Э.Э ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон, хэрэг үйл баримт болсон шалтгаан, нөхцөлийн талаар хохирогч С.О ийн “...манай нөхөр Э  намайг дуудаад “машины кобуд сөхөөд өг, аккумлятор авах гэсийн, би кобуд онгойлгодог тороосыг татаж байя” гэж хэлэхээр нь “би ямар чиний зарц юм уу, чадахгүй өөрөө хий” гэж гэр дотроосоо хэлчихээд хоолоо хийж байсан. Э  гадаа машинаа хаазлаад сигнал дарж байгаад гэртээ орж ирээд хогийн шүүр аваад ишээр нь миний баруун гарны дотор талд нэг удаа цохихоор нь буузны гурил элдэж байсан гурилын мод аваад Э  руу шидсэн чинь толгойг нь оносон. Тэгээд би хойд талын ор луу зугтаахад араас нэг зүйл шидэж миний бөгс орчимд цохихоор нь эргээд хартал газар заазуур хэвтэж байсан” гэх, гэрч Л.Б ы “...С.О  нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр машинд ...ээжтэйгээ утсаар яриад шөнө өөрийн гэрт нөхөртэйгээ хэрүүл хийгээд заазуурдуулсан талаар ярьж байсан” гэх, гэрч Ц.С ийн “охинтойгоо уулзаад болсон хэрэг явдлын талаар асуухад 2020 оны 02 дугаар сарын 04-ний орой охин О  нь өөрийн нөхөр болох Э т зодуулж биедээ гэмтэл авсан талаар ярьсан. Тэгээд нөхөртөө зодуулсан гэхээр нь биеийг нь хартал зүүн талын өгзгөнд мэсний шарх байсан. Тухайн шархыг хэрэг гардаг орой нөхөр Э  гэрт байдаг заазуурыг шидэж гэмтэл учруулсан байсан” гэх мэдүүлэг зэрэг нь шүүгдэгч Э.Э ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шууд гэрчилсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.О ийн “...Нөхөр Э  нь байнга архи уугаад байдаггүй, баяр ёслол болохоор уудаг. Э  бид хоёр урьд өмнө нь хэрүүл маргаан, зодоон хийж байгаагүй ба гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Одоо миний бие зүгээр. Өвдөж байгаа зүйл байхгүй. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг болон тухайн хэрэг, үйл баримт гарсан шалтгаан нөхцлөөс дүгнэлт хийхэд шүүгдэгч Э.Э ын эхнэр С.О ийг зодсон үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн “байнга үйлдсэн” шинж тогтоогдоогүй байх бөгөөд бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж хангалттай тогтоогдоогүй тохиолдолд тухайн хэргийн хохирогч нь гэр бүлийн хамаарал бүхий хүн байсан гэдэг агуулгаар хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт /энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”/ зааснаар хүндрүүлэн зүйлчлэхгүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Э.Э ын нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч С.О  гэм хорын хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд илэрхийлсэн байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Э ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ц.Тэгшжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Э ын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Э  нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 41-46 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч Э.Э ын урьд ял шийтгүүлж байгаагүй, Булган аймгийн ... сумын 3 дугаар багт эхнэр хоёр хүүхдийн хамт мал аж ахуй эрхлэн амьдардаг зэрэг түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хуулийн хугацаанд төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ... биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн 24.2 см урттай, ажлын хэсгийн урт нь 15.6 см, өргөн нь 8.1 см, ишний урт 12.5 см, ишний өргөн хэсэг 3.3 см модон иштэй хуучин хэрэглэж байсан заазуур, 62 см урттай, өргөн нь 1.1 см хэмжээтэй хэрэглэж байсан хуучин сур тус бүр нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М овогт Э.Э ыг Эрүүгийн хуулийнтусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Э.Э ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.

  4. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдадтөлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн 24.2 см урттай, ажлын хэсгийн урт нь 15.6 см, өргөн нь 8.1 см, ишний урт 12.5 см, ишний өргөн хэсэг 3.3 см модон иштэй хуучин хэрэглэж байсан заазуур, 62 см урттай, өргөн нь 1.1 см хэмжээтэй хэрэглэж байсан хуучин сур тус бүр нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ЦЭРЭНХАНД