Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 10

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.Мөнхдалайгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдох,

“2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн өдөр гэсэн бичиглэлтэй 0122457 дугаартай Шижээ овогтой Батгэрэлд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бус гэдгийг тогтоолгож, гэрчилгээг хүчингүй болгохыг Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулгад даалгах, үүрэг болгуулах, 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0122457 дугаартай гэрчилгээнд бичигдсэн нэгж талбарын давхардалтай хүний газар дээр хийсэн кадастрын зургийг хүчингүй болгуулах давхардалтыг арилгуулах үүргийг Сүхбаатар сумын газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Б.Саруултөгст даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Мөнхдалай

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Банзрагч

Хариуцагч Сүхбаатар сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Пүрэвсүрэн

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Болор-Эрдэнэ

Гуравдагч этгээд: Ж.Болдбаатар

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.Атарцэцэг

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч:Г.Амартүвшин   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Мөнхдалай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Банзрагч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн тайлбарт: Б.Мөнхдалай миний бие 1996 онд Сүхбаатар сумын баянхааны 4-р баг 9 хэсэгт амьдарч байхдаа өөрийн нэр дээр орон сууцны хашааны зориулалтаар 756 м.кв, ногоо тарих зориулалтаар 200 м.кв нийт 956 м.кв газрыг эзэмших талаар хүсэлт гарган түүний дагуу газар эзэмших гэрээ байгуулан 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 031823 дугаарын МУ-ын иргэнд газар эзэмшүүлэх гэрээ олгогдсон юм. Энэхүү 60 жилийн хугацаатай 956 м.кв талбайтай газрыг сумын засаг даргын 1996 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 11 тоот захирамжаар эзэмшиж өнөөдрийг болтол эзэмшигчээрээ явж байгаа болно. Улс орон даяар газрыг баталгаажуулах ажил явагдах үед буюу 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хот тосгон бусад суурины эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас бөглөж Бат-Очир овогтой Мөнхдалай /РД: МЭ-40052035/ нэр дээр баталгаажуулалт хийгдсэн.

          2011 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 54 тоот тогтоолоор МУ-ын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн дагуу багийн нэр өөрчлөгдөж 1996 оноос амьдарч байгаа газрын нэршил өөрчлөгдөж Буур хээрийн 8-р баг 2 хэсэг болж өөрчлөгдсөн учраас 2015 онд газрын баталгаажуулалт хийгдэхдээ Сүхбаатар сумын 8-р баг 2 хэсэг гэж өөрчлөгдсөн байгаа.

          2016 оны 09 сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын А/125 дугаартай захирамжаар шинэчилсэн газрын зураглалыг баталгаажуулан эзэмших эрхийн 000612777 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгосон юм.

          Ж.Болдбаатар нь миний үл хөдлөх хөрөнгийг худалдана гэсэн зарыг 2015 оны 8-р сард хашаан дээрээ бичснээс үүдэн миний бие сумын удирдлага болон газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даамал нартай очиж уулзан түүний гэрчилгээ болон газар эзэмших эрхийн захирамж зэргийг шүүлгэж үзэхэд Ж.Болдбаатарын нэр дээр ямар нэгэн баримт, гэрээ, захирамж, газрын гэрчилгээ огт байхгүй байсан. Гэтэл шүүхэд өгсөн тайлбар дээр нь эхнэр Ш.Батгэрэлийн нэр дээр гэрчилгээ авсан газар эзэмших гэрчилгээний хуулбар авагдсан байсан бөгөөд түүн дээр 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаартай сумын Засаг даргын захирамжаар 576.2 м.кв газрыг гэр бүлийн зориулалттай гэрчилгээ олгов гэж бичсэн байсан. Газар эзэмших гэрээ ч хийгдээгүй зөвхөн хууль бусаар өөр хүмүүст газар олгосон захирамжийн огноо, дугаарыг ашиглан хуурамч гэрчилгээ олгосон нь тогтоогдсон. Энэ цаг хугацаанаас эхлэн миний бие учраа олохгүй янз бүрийн нэхэмжлэл шүүхэд гаргаж өнөөдрийг хүрч байна.

          Сэлэнгэ аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт өргөдөл өгсний дагуу надад чиглэл хүргүүлэх тухай гэсэн гарчигтай хариуг өгсөн. Тэр хариун дээр 2008 оны 02 дугаар сарын 15-ны  өдрийн 47 дугаартай захирамжаар нэр бүхий 10 хүнд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэгдсэн байна. Харин Ш.Батгэрэл гэдэг хүнд газар олгоогүй байна гэсэн хариу өгсөн. Тэгээд сумын Засаг дарга, тамгын газрын дарга нарт Ш.Батгэрэлийн нэр дээр олгогдсон гэх 0122457 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг эх хувиар эгүүлэн хураан авч хүчингүй болгох үүргийг өгсөн боловч түүнийг хүчингүйд тооцохгүй өнөөдрийг хүрч хөгшин намайг өнөөдрийг хүртэл нааш цааш явуулж маш их чирэгдэл учруулж арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч бүрдүүлбэр дутуу гэж буцаасан. Энэ үйлдэлд эрх бүхий албан тушаалтан нарын буруутай үйлдэл хамааралтай, тэгээд ч тухайн үед Ж.Болдбаатар тухайн цаг хугацаанд сумын Засаг даргын жолоочоор ажиллаж байсан байдаг. Түүгээрээ далимдуулан хүний газрыг давхардуулан бичилт хийлгэж намайг хохироож байна. Ингэж албан тушаалтан нартай ажлын шугамаар холбогдож 2 хөгшин бид хоёрын газар, үл хөдлөх хөрөнгийг булаацалдаж байгаа нэгэн билээ гэжээ. 

Мөн тухайн байшингийн гэрчилгээ, газрын гэрчилгээ нь бидний нэр дээр байдаг. Байшинд амьдарч байсан Бахатжан нь Болдбаатарт байшинг зарсан гэдэг. Бахатжан нь биднээс байшинг худалдаж аваагүй юм. Энэ айлд зөвшөөрөөд суулгаж байсан, нэг ч удаа мөнгө нэхэж байгаагүй, итгэл алдаж эргээд булааж авч байгаа тохиолдолд харамсаж байна. Ж.Болдбаатар нь газартай хамт худалдан авсан гэж хэлж байна. Энэ бүхэн худлаа, газрын албанаас кадастрын шинэчилсэн зураг хийлгэсэн. 2015 оны 08 дугаар сард байшинг зарна гэсэн зар тавьсан. Энэ үеэс бидний эрх зөрчигдөж эхэлсэн. Э.Болор-Эрдэнэ сумын Засаг даргад өргөдөл бич гэсэн би өргөдлийг бичсэн, хариу огт ирээгүй. Сумын засаг даргад баримтуудыг өгч газрын шинэчилсэн гэрчилгээ гаргуулахаар хүсэлт гаргасан. 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хурал хийлгүйгээр шүүгч Ж.Бурмаа нь газрын асуудлыг дээд шатны байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзээд явуулсан.  Энэ газар нь Батгэрэл гэх хүний нэр дээр 2008 онд шилжсэн байна. Танай газартай давхардалтай гэсэн байх тул үүнийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Аймгийн газрын албанаас Мөнхдалайн газрын гэрчилгээ хүчинтэй байна гэсэн 244 тоот чиглэл ирсэн. 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр баталгаажсан гэрчилгээг авсан. Багийн тодорхой хаяггүй, газрын хэмжээ нь манай газраас зөрсөн энэ гэрчилгээг сумын Засаг даргын газрын албанаас хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. 2003 оноос 2005 он хүртэл аймгийн хэмжээнд газрын бүртгэл явагдсан. 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн өдрийн Батгэрэлд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бус гэдгийг тогтоолгож, нэгж талбарын давхардалтай хүний газар дээр хийсэн кадастрын зургийг хүчингүй болгуулах давхардалтыг арилгуулах тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан Бат-Очир овогтой Мөнхдалайн 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэсэн бичиглэлтэй, 0122457 дугаартай Шижээ овогтой Батгэрэлд олгосон газар эзэмших эрхийн  гэрчилгээг хууль бус гэдгийг тогтоож, гэрчилгээг хүчингүй болгохыг Сүхбаатар сумын Засаг даргад даалгасугай гэсэн нэхэмжлэлийн шаардлагад хариу хүргүүлэх тухай.

1.Нэхэмжлэл гаргасан Бат-Очир овогтой Мөнхдалайд сумын Засаг даргын 1996  оны 03 дугаар сарын 04-ний 11 тоот шийдвэрээр 001325 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байдаг бөгөөд дээрхи шийдвэр нь архивын лавлагаагаар газар эзэмшүүлэх шийдвэр бус комисс томилох шийдвэр байдаг. Гэтэл дээрхи шийдвэрээр 1996 онд газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг сумын хэмжээнд нийтэд нь олгосон байдаг. Б.Мөнхдалайд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ болон кадастрын зураглалыг нягтлан үзэж маргаан гарч буй дээрх газрын анхны эзэмшигч нь Б.Мөнхдалай болохыг тодорхойлж Сүхбаатар сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/125 тоот захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгосон.

2.Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл / Газар эзэмших шийдвэр гаргах /, 33.1.1 дэх заалтад энэ хуулийн 29.1 / иргэн гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй газрын хэмжээ 0.07 га-гаас илүүгүй байна / 29.2 / 29.1-д зааснаас гадна гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0.1 га-гаас илүүгүй газрыг үнэ төлбөргүй эзэмшүүлж болно/ 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрын эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана гэж заасан байдаг бөгөөд энэ нь хуулийн 33.1.1 дэх заалтыг үндэслэн сумын Засаг дарга захирамж гаргаж, захирамжийн дагуу иргэн аж ахуй нэгж байгууллагад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмших улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагаа явагддаг. Гэтэл нэхэмжлэл гаргагч Б.Мөнхдалайгийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Ш.Батгэрэлд дээрх үйл ажиллагаа явагдалгүй сумын Засаг даргын захирамж, шийдвэр гараагүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг газрын даамал олгосон байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 1996 оны комиссын шийдвэрээр Сүхбаатар сумын иргэдэд газар эзэмших гэрчилгээг олгосон. 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр А25 тоот тогтоолоор Б.Мөнхдалайн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон кадастрын зураглалыг шалгаад Засаг даргын захирамжаар дээрх маргаан бүхий газар нь анхны эзэмшигч Б.Мөнхдалайн газар гэдгийг тогтоож баталгаажуулсан. Газрын тухай хуулиар Засаг даргнын захирамж гарснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоод улсын бүртгэлд бүртгэх ажиллагаа явагддаг. Тэгэхээр 2018 онд Ш.Батгэрэл гэх хүнд газар олгохдоо Засаг даргын захирамж гараагүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг давхардуулан олгосон нь хууль бус гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Б.Саруултөгс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан Бат-Очир овогтой Мөнхдалай 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн гэсэн бичиглэлтэй, 0122457 дугаартай гэрчилгээнд бичигдсэн нэгж талбарын давхардалтай хүний газар дээр хийсэн кадастрын зургийг хүчингүй болгуулах, давхардалтын арилгуулах үүргийг Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Б.Саруултөгст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар хүргүүлэх тухай:

1.Сүхбаатар сумын Засаг даргын 1996 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 11 тоот шийдвэрээр нэхэмжлэл гаргасан Бат-Очир овогтой Мөнхдалайд 4-р баг 3-р хэсэгт 956 м.кв газрыг эзэмшүүлж, 001325 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна. Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас ирүүлсэн лавлагаагаар 1996 оны 11 тоот шийдвэр нь газар эзэмшүүлэх шийдвэр бус комисс томилох шийдвэр бөгөөд Б.Мөнхдалайд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ болон кадастрын зураглалыг шалган газар дээр нь очиж тодруулан маргаан гарч буй дээрхи газрыг анхны эзэмшигч нь Б.Мөнхдалай болохыг тогтоож, Сүхбаатар сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/125 тоот захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулж, эрхийн гэрчилгээг олгон, газар эзэмших улсын бүртгэлд Бат-Очирын Мөнхдалайг бүртгэн мэдээллийн санд оруулсан.

2.Газрын тухайн хуулийн 33 дугаар зүйл / Газар эзэмших шийдвэр гаргах /, 33.1.1 дэх заалтыг үндэслэн сумын Засаг дарга захирамж гаргаж, захирамжийн дагуу иргэн аж ахуй нэгж байгууллагад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмших улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагаа явагддаг. Гэтэл нэхэмжлэгч Б.Мөнхдалайн эзэмшиж буй газарт Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг зөрчин сумын Засаг даргын захирамж шийдвэр гараагүй байхад 2008 онд Ш.Батгэрэлд давхардуулан газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Одоогоор Ш.Батгэрэлтэй холбогдолтой газар эзэмших, ашиглах талаарх бүртгэл газрын мэдээллийн сан, газар эзэмших улсын бүртгэлд байхгүй болно.

Иймд Сүхбаатар сумын Засаг даргын газар эзэмшүүлэх тухай захирамж гаргалгүй 4-р баг 3-р хэсэгт Ш.Батгэрэлд олгосон 0122457 дугаартай газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ болон 18587566167896 нэгж талбарын дугаартай кадастрын зураглал нь хүчин төгөлдөр эрхийн эрхийн баримт бичиг болох үндэслэлгүй болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:  Анх 2015 оны 04 сард Б.Мөнхдалай нь газрын гэрчилгээг авчраад хүчинтэй эсэх талаар лавласан. Дээрх гэрчилгээг хүчинтэй талаар хэлээд явуулж байсан. 2014 онд Болдбаатарын охин Номин гэх хүн Газрын албанд өргөдөл өгсөн байсан. Өргөдлийн утганд Болдбаатар гэх хүн нь миний хойд эцэг, бидний өмч байх үл хөдлөх эд хөрөнгийг зарах гэж байна, бид худалдахыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн утгатай өргөдөл гаргасан. Засаг дарга анхны өмчлөгчийг тогтоосноор газрын эзнийг тогтоох нь зүйтэй гэсэн хариу өгсөн. Дараа нь ажлын хэсэг гаргаад газрыг  Банзрагч гуайн нэр дээр шийдвэрлэсэн. 2008 онд Сүхбаатар сумын хэмжээнд газрыг аймгийн мэдээллийн санд хийх, бүртгэлжүүлэх ажиллагаа хийгдсэн. Энэ мэдээллийн санд оруулахад газруудад хэмжилт хийж, тухайн газарт байсан айлын нэрээр бүртгэл хийгдсэн. Дээрх бүртгэл хийгдсэнээр тухайн газар нь бүртгүүлсэн этгээдийн өмч гэсэн бүртгэл биш юм. Харин одоогийн бүртгэлд Ж.Болдбаатар гэсэн нэрийг солиод Б.Мөнхдалайн өмчлөлийн газар гэж бүртгэлд өөрчлөлт оруулсан. Тухайн үед Сүхбаатар сумын Засаг даргын Ж.Болдбаатарт газар олгосон захирамж гараагүй байсан. Ж.Болдбаатар гуайн нэр дээр гаргасан газрын гэрчилгээ нь хууль бус гэрчилгээ юм. Газрын мэдээллийн сангийн кадастрын зурагт гар метр, кадастрын зурагт 100 метрийн алдааг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл дээрх хэмжээ нь хэвийн алдаанаас илүү хэмжээтэй байх тул энэ газрын гэрчилгээ нь Ж.Болдбаатар гуайн газар биш байх боломжтой гэж үзсэн. Иймээс Б.Мөнхдалай гуайд газрыг баталгаажуулж өгсөн. Дээрх газрын гэрчилгээг хүчингүй болгуулах тухай Засаг даргын захирамж гарснаар гэрчилгээ хүчингүй болно. Газар олгосон гэрчилгээг гээгдүүлсэн болон үрэгдүүлсэн тохиолдолд Газрын албаны даргын тушаалаар нөхөж олгодог гэв.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие эхнэр Ж.Батгэрэлийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээрийн 8-р багийн 2-р хэсгийн 161 тоот байшинг 576.2 м.кв газрын хамт 2004 онд Бахтжан гэдэг залуугаас худалдаж авсан. Тухайн үед газар байшинг худалдаж авахад Бахтжан гэдэг залууд газар болон байшингийн гэрчилгээ байхгүй байсан ба улмаар сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаартай захирамжаар 576.2 м.кв газартаа 0122457 дугаартай газар эзэмших гэрчилгээг эхнэр Ш.Батгэрэлийн нэр дээр авсан. Манайх энэ газар дээр байсан хуучин байшинг буулгаж / 30 жил болсон байсан / шинэ байшин барьж 12 жил амьдарч байгаа юм. Эхнэр Ш.Батгэрэл нь 2012 онд нас барсан ба би 13 настай өнчин хүүхдийнхээ хамт үлдсэн.

Улмаар миний бие хүнд өвчин тусч харвалт өгсөн ба хөдөлмөр чадвар алдалтаар группт гарсан. Цаашид өвчний байдал ямар ч байдлаар эргэх магадлалтай тул ганц хүүгийнхээ нэр дээр талийгаач ээжийнх нь газар эзэмших гэрчилгээг болгохоор хууль ёсны дагуу буюу өв нээгдсэн үеэс нь хойш нотариатчид хандаж 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг авсан байсан юм.

          Гэтэл манайхтай олон жил айл хөрш явсан эхнэр нөхөр болох Мөнхдалай, Банзрагч нар нь огт чимээгүй байж байгаад эхнэр нас барснаас хойш буюу 2016 оноос гэнэт энэ газар чинь манай эзэмшлийн байшин газар байгаа юм. Манайх 1966 онд энэ газар дээр гэрчилгээ авсан байсан гээд хүүхэд бид 2-ыг хөөж туух болсон. Энэ байдлыг лавлахаар худалдаж авсан Бахтжанаас асуухад би энэ газар байшинг тухайн үед Мөнхдалай, Банзрагч нараас худалдаж авсан. Намайг худалдаж авахад гэрчилгээгүй гэж байсан, тэгээд сүүлд танайд зарсныг тэр 2 мэдэж байсан. Яагаад ингээд байгаа юм бол гээд гайхаж байсан. Гэтэл Мөнхдалай, Банзрагч нар нь гэрт дайран орж ирэн Засаг даргын захирамжийг үзүүлж газар эзэмших эрх манай нэр дээр шилжсэн тул одоо гар гэж хөөх болсон. Энэ талаар миний бие огт мэдээгүй явсан.

          Дээрхи хүмүүс ямар учраас 12 жилийн хугацаанд айл хөрш явж байхдаа  энэ асуудлаар ярьдаггүй байсан байж эхнэрийг минь нас барж, намайг харвалт өгч хүнд өвчин туссан хойно гэнэт энэ асуудлыг сөхөөд байгааг ойлгохгүй байна. Хэрвээ 1966 онд энэ газар өөр хүний нэр дээр байсан юм бол яагаад тухайн үед буюу 2008 онд миний эхнэрийн нэр дээр захирамж гарч гэрчилгээ олгосон юм бэ?, сумын эрх мэдэлтнүүд болон газрын асуудал эрхэлсэн албан тушаалтнууд нэг газарт давхардаж газар олгосноор эцэст нь хүү бид 2 орох оронгүй, очих газаргүй үлдэх болчихоод байна.

          Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэмж ярих зүйлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Б.Мөнхдалай нь  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан “2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн өдөр гэсэн бичиглэлтэй 0122457 дугаартай Шижээ овогтой Батгэрэлд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бус гэдгийг тогтоолгож, гэрчилгээг хүчингүй болгохыг Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулгад даалгах, үүрэг болгуулах, 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0122457 дугаартай гэрчилгээнд бичигдсэн нэгж талбарын давхардалтай хүний газар дээр хийсэн кадастрын зургийг хүчингүй болгуулах давхардалтыг арилгуулах үүргийг Сүхбаатар сумын газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Б.Саруултөгст даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг  гаргасан байна.

Шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах зүйлүүд тогтоогдож байна.

Маргаан бүхий газар буюу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээрийн 8-р багийн 2-р хэсэг 161 тоотод (хуучин хаягжуулалт:Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р баг 3-р хэсэг)  байрлах 576.2 метр квадрат /м2/ гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрыг Ш.Батгэрэлд давхардуулан олгосон гэх 0122547 дугаар бүхий эзэмшүүлсэн Газар эзэмших эрхийн гэрчилгээнд бичигдсэнээр уг газар эзэших эрхийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 47 тоот шийдвэрийг үндэслэн олгосон гэх хэдий ч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар 15-ны өдрийн 47 тоот захирамжийг шалган үзэхэд Ш.Батгэрэлд холбогдох заалт уг шийдвэрт байхгүй байгаа нь хуульд заасан журмын дагуу ажиллагаа хийгдээгүй газрын даамал шууд гэрчилгээ бичиж олгосон хууль бус захиргааны үйл ажиллагаа явуулсан үйл баримт тогтоогдож байна.

Газар эзэмших эрх нь дан ганц гэрчилгээгээр баталгаажих нь учир дутагдалтай юм, учир нь Газрын тухай хуулийн 33, 34 дүгээр зүйлүүдэд Газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад баримтлах журам, Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмуудыг тус тус заасан байх бөгөөд уг журмын дагуу газар эзэших хүсэлтэй иргэн нь захиргааны байгууллагад өргөдөл, холбогдох баримтуудыг  бүрдүүлэн өгснөөр тухайн асуудал шийдвэрлэгдэнэ. Гэтэл иргэн Ш.Батгэрэл, түүний өв хүлээн авагч Ж.Болбаатарын хувьд тэдний нэр бүхий газар эзэших эрхийг баталгаажуулсан аливаа баримтууд байхгүй байгааг дурьдах нь зүйтэй байна. 

          Харин нэхэмжлэгч Б.Мөнхдалайд маргаан бүхий дээрхи газрыг 1996 оноос 60 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн нь 001325 тоот гэрчилгээ, улсын бүртгэлийн 001825 дугаар бүхий Монгол улсын иргэний газар эзэмших гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Мөн дээрхи газрыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх баталгаажуулах тухай” А/125 тоот захирамж, уг захирамжийг үндэслэн гэрчилгээ олгосон байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага дээр маргадаггүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн байх бөгөөд, эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн гуравдагч этгээд  Ж.Болдбаатар нь давхардуулан олгосон гэж маргаж байгаад хэдий ч энэхүү байдал нь тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн өдөр гэсэн бичиглэлтэй Шижээ овогтой Батгэрэлд олгосон газар эзэмших эрхийн 0122457 дугаартай гэрчилгээ нь хууль бус болохыг тогтоож, тус гэрчилгээг хүчингүй болгохыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргад даалгасугай.

2.18587566167896 нэгж талбарын дугаар бүхий газрын Иргэн Жалбуу овогтой Болдбаатарт олгосон кадастрын зургийг хүчингүй болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор дээд шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.БАЙГАЛМАА