Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2020/0623

 

 

 

 

 

 

 

С.Г нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч С.Г, А.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд Ш.С нарыг оролцуулан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, С.Г нарын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаар шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 29 дүгээр зүйлийн 29.3, 35 дугаар зүйлийн 35.1.4, 40 дүгээр зүйлийн 40.2, 54 дүгээр зүйлийн 54.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 26 дугаар зүйлийн 26.1, 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Г, А.И нарын “Алтанцөгц сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/28 дугаар захирамжийн 1, 2, 4 дүгээр заалтуудыг бүхэлд нь, 3 дугаар заалтын 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 70 дугаар, 2020 он ы10 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаар захирамжийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Алтанцөгц сумын Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр захирамжаар тус сумын нутаг дэвсгэрээс тариалангийн зориулалттай 5 га газрыг А.А-д эзэмшүүлсэн байсан.

Гэтэл гуравдагч этгээдээс гаргаж өгсөн 0236953 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ засварласан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тодруулбал Засаг даргын дээрх шийдвэрээр иргэн А.А-д 5 га газар олгож шийдвэрлэсэн атал гуравдагч этгээд талаас гаргаж өгсөн гэрчилгээн дээрх 8-ийн тоо 5 байсан, 1-ийн тоог 3 болгож өөрчлөн засварласан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба үүнийг гуравдагч этгээд талаас үгүйсгэж чадаагүй.

Алтанцөгц сумын харьяат нэр бүхий 23 иргэн болон гуравдагч этгээд Ш.С нараас маргаан бүхий газрыг эзэмших тухай хүсэлт гаргасан зэргээс харьцуулж үзвэл Алтанцөгц сумын Засаг даргын дээрх шийдвэрээр иргэн А.А-д 5 га газрыг 10 жилийн хугацаатайгаар олгосон бөгөөд А.А-гийн хувьд газар эзэмших эрх нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар дуусгавар болсон /үүнээс сүүлийн 3 жил уг газрыг огт ашиглаагүй байсан/ гэж дүгнэхээр байна. Энэ нь бусад байдлаар тухайн сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Б-ийн мэдүүлгээр давхар батлагдаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж тус тус заасан байна.

А.А-гийн хувьд дээрх байдлаар газар эзэмших эрх дуусгавар болсон, газар эзэмших эрхээ сунгуулах тухай хүсэлт гаргаж байгаагүй тул маргаан бүхий газрын эзэмших эрх төрд шилжсэн гэж үзэж байна. Тиймээс төрийн мэдэлд байгаа газрыг гуравдагч этгээд Ш.С эсхүл нэхэмжлэгч нарын аль аль нь шууд эзэмших эрхтэй юу?

Газрыг эзэмшүүлэх журмыг Газрын тухай хуулийн 26-33 дугаар зүйлд зааснаар зохицуулснаас гадна уг хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар төрөөс баримтлах газрын талаарх зарчмыг хуульчилж өгсөн байна. Үүнээс үзэхэд иргэн бүр оршин суугаа газраас газар эзэмших эрхтэй байна. Газар эзэмших эрх олж авахын тулд иргэн Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргаж, мөн хуулийн 33 дугаар зүйлд зааснаар эрх бүхий Засаг дарга шийдвэр гаргахаар журамласан.

Алтанцөгц сумын өмнөх Засаг даргаас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар захирамжаар 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн атал шинээр томилогдсон Засаг дарга өмнөх Засаг даргын шийдвэрүүдийг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтлаагүй байсан. Анхан шатны шүүх хуралдаанд тус хэргийн хариуцагч буюу одоогийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын хувьд шүүхэд тайлбар гаргахдаа хариуцагчийн байр сууринаас бус дандаа гуравдагч этгээдийн байр сууринаас тайлбараа гаргаж байсан. Үүнээс үзвэл хариуцагч тал тус асуудалд хувийн ашиг сонирхолтой болох нь харагдана.

Газрын тухайн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж газар эзэмшүүлэх ажиллагааг журамласан.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан.

Гэтэл хариуцагч буюу одоогийн Засаг дарга энэ журмыг алгасаад гуравдагч этгээд Ш.С-д давуу байдал гаргаж газар эзэмших эрх олгосон нь холбогдох хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн уг газрыг шударгаар эзэмших эрх нь зөрчигдөөд байна. Үүнд нэхэмжлэгч талаас маш их гомдолтой байна.

Эндээс дүгнэвэл шүүхээс шийдвэр гаргахдаа хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байна гэж заасан хүний суурь эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Хариуцагч болон гуравдагч этгээдүүд шүүхэд тайлбар гаргахдаа нэг тал болж тэрбээр Ш.С 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр газар эзэмшүүлэх тухай хүсэлтээ Алтанцөгц сумын Засаг даргад гаргаж, уг хүсэлтийн дагуу 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/28 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн бөгөөд уг газарт Ш.С нь 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн учраас хохирол амсах эрсдэлтэй байна гэж тайлбарласан. Хэрэв Алтанцөгц сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/28 дугаар захирамж хууль бус гарснаар гуравдагч этгээдэд гэм хор учирсан гэж үзвэл уг гэм хорын хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй билээ.

Түүнчлэн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт газрын даамлын мэдүүлгээс үзэхэд маргаан бүхий газрын өмнөх эзэмшигч А.А газрыг эзэмшиж байх хугацаандаа газрын төлбөрийг төлж байсан эсэх нь эргэлзээтэй байдаг.

Гэтэл анхан шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий зөв дүгнэлт хийгээгүй Газрын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С.Г, А.И нараас Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/28 дугаар захирамжийн 1, 2, 4 дүгээр заалтуудыг бүхэлд нь, 3 дугаар заалтын “2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 70 дугаар, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, түүний үндэслэлээ “А.А 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр захирамжаар 10 жилийн хугацаатай газар эзэмших эрх олж авсан, түүнээс хойш хугацааг тооцвол 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс түүний газар эзэмших эрх дуусгавар болсон бөгөөд уг газар дээр сүүлийн 3 жил ямар ч тариалалт хийгээгүй ... нэгэнт газар эзэмших эрх дуусгавар болж төрд буцсан газрыг хүсэлт гаргагч эзэмших эрхтэй ... гэтэл хариуцагч ашиг сонирхлын зөрчил гаргаж өмнөх Засаг даргын гаргасан захирамжийг хүчингүй болгож байгаа нь хууль бус” гэж тайлбарлан маргажээ.

Баян-Өлгий  аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 40 дүгээр захирамжаар сумын төвийн “Хар үзүүр” тариалангийн зориулалттай талбайгаас хүнсний ногоо тарих хүсэлтэй Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн А.А-д 5 га газрыг эзэмшүүлжээ.

А.Айдынаас уг газар эзэмших эрхийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр үнэ төлбөргүйгээр Ш.С-д шилжүүлэхээр гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу Ш.С-аас  удаа дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “тус газрын эзэмших эрхийг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгохыг хүссэн” хүсэлтийг сумын Засаг даргад гаргажээ.

Гэтэл сумын Засаг даргаас Ш.С-ын өргөдөл, хүсэлтүүдийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй атлаа 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар захирамжаар А.А-д газар эзэмших эрх олгосон 40 дүгээр захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээг мөн хүчингүй болгож, харин 70 дугаар захирамжаар тус газраас 4 га газрыг хүсэлт гаргаагүй нэр бүхий 10 иргэнд тариалангийн зориулалтаар хугацаагүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Улмаар сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 86 дугаар захирамжаар А.А-гийн эзэмшилд байгаа газрыг 7.5 га болгож өөрчилж, 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, уг захирамж гарсантай холбоотой дээр дурдсан 55, 70 дугаар захирамжуудыг “иргэдийн саналыг үндэслэн” тус тус хүчингүй болгожээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшүүлэх гэрээнд заасан нөхцөлийг зөрчсөн зөрчил гаргасан, мөн газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй эсэхийг эрх бүхий этгээдийн дүгнэлтээр урьдчилан тогтоосон байх учиртай.

Нөгөөтэйгүүр ийнхүү нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоох нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасанд нийцэх юм.

Гэтэл сумын Засаг даргын 55 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д заасныг үндэслэн гуравдагч этгээд А.А-гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй” эсэхийг тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд хийж гүйцэтгэлгүйгээр захирамж гаргасан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргах ...” гэж заасанд нийцэхгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Нэгэнт гуравдагч этгээд А.А-гийн газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэр хууль бус байх энэ тохиолдолд бусдын эзэмшил, ашиглалтад байх газрыг хүсэлт гаргаагүй нэр бүхий 10 иргэнд олгосон сумын Засаг даргын 70 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн “уг газрыг шударгаар эзэмших миний эрх зөрчигдөж байна” гэх гомдлыг хангах боломжгүй.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, гуравдагч этгээд А.А нь тухайн газрын төлбөрийг төлж байсан эсэхийг сумын Засаг даргаас тогтоох ажиллагааг хийгээгүй болох нь тогтоогдсон, тодруулбал нэхэмжлэгч нараас “55 дугаар захирамжийн нэг үндэслэл нь газрын төлбөрийн асуудал байгаа” энэ нь газар эзэмших эрх дуусгавар болгох үндэслэл болно гэснээс өөр баримт гаргаж мэтгэлцээгүй, энэ үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан нөхцөл байдлыг тогтоосон үндэслэлд хамаарахгүй.

Өөрөөр хэлбэл, гэрч Х.Са-ийн “газрын төлбөр хураах асуудлыг газрын даамал хариуцдаг байсан. Газрын даамлуудын хувьд ихэвчлэн газар эзэмшигч  нарын гэрт нь очиж бэлнээр авах тохиолдол их байсан” гэсэн мэдүүлэг, гуравдагч этгээд А.А-аас “2009-2017 он хүртэл газрын төлбөрийг жил бүр 50.000-100.000 төгрөгийг төрийн сангийн дансанд тушааж байсан, мөн зарим тохиолдолд газрын даамалд бэлнээр өгч байсан” гэсэн тайлбаруудаас үзвэл гуравдагч этгээд А.А-гийнг газрын төлбөрөө төлж байгаагүй гэж шууд буруутгах боломжгүй бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн “маргаан бүхий газрын өмнөх эзэмшигч газрыг эзэмшиж байх хугацаандаа газрын төлбөрийг төлж байсан эсэх нь эргэлзээтэй. Анхан шатны шүүх хэрэг цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий зөв дүгнэлт хийгээгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн гуравдагч этгээд А.А-аас газар эзэмших эрх хүчин төгөлдөр байх үед өөрийн хүсэлтээр газар эзэмших эрхээ шилжүүлэхээр гэрээ байгуулж, уг гэрээг үндэслэн Ш.С-аас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг сумын Засаг даргад удаа дараа гаргасаар байтал хариуцагчаас Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааны дотор хариу өгч шийдвэрлээгүй, нөгөө талаар хүсэлт гаргаагүй иргэдэд газар эзэмших эрх олгосон нь хууль бус байх энэ тохиолдолд гуравдагч этгээд А.А нь газрын төлбөр төлөлгүй газар эзэмших гэрээний болзол нөхцөлийг ноцтой зөрчсөн, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй зөрчил гаргасан болохыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шалгаж тогтоож, дүгнэлт гаргаагүй байхад газрын тухай хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн гэж үзэж, улмаар түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй байх тул А.А-гийн Ш.С-тай байгуулсан гэрээ болон Ш.С-ын хүсэлтийг шийдвэрлэж гаргасан маргаан бүхий захиргааны акт болох сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/28 дугаар захирамжийг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Тодруулбал, нэр бүхий 23 иргэдээс 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр маргаан бүхий газрыг авах талаар сумын Засаг даргад хүсэлт гаргасан боловч 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөдөл буцаан авах тухай хүсэлт гаргасан нөхцөл байдлаас үзэхэд дээрх иргэд нь анхнаасаа тухайн газрыг эзэмших хүсэлгүй байсны дээр тухайн газрыг бусдын эзэмшил, ашиглалтад байгааг мэдэж байжээ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                А.САРАНГЭРЭЛ 

ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ