Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 1921

 

Г.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/00744 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НЗД-д  холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6 709 091 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, урамшуулал 1 118 545 төгрөг, өмгөөлөгчийн зардал 3 000 000 төгрөг, нийт 10 827 636 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг Усан спорт сургалтын төв НӨҮГ-ын даргаар ажиллаж байхад Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 5/158 тоот захирамжаар ажлаас чөлөөлсөн.

Анхан шатны шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1738 дугаар шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийм учраас би өмгөөлөгч авч дараагийн шатны шүүх хуралдаанд оролцсон. Өмгөөлөгчийн хөлсөнд 3 000 000 төгрөг өгсөн.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхээс 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 769 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, намайг ажилд эргүүлэн томилсон ба Улсын Дээд шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 663 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож ажилд эргүүлэн томилсон 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 769 дугаартай хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаар захирамжаар биелүүлж, Усан спорт сургалтын төв НӨҮГ-ын даргын ажилд эргүүлэн томилж, шүүхийн шийдвэрт дурдсан хугацааны олговор болох 14 550 655 төгрөг олгохыг Тамгын газарт зөвшөөрсөн байдаг.

Гэтэл мөн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр намайг ажлаас халсан мэдэгдлийг 02-01/357 тоот албан бичгээр ирүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаагийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/10 дугаар захирамж гарч Усан спорт сургалтын төв НӨҮГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, намайг дахин халсан.

Нийслэлийн Засаг дарга нь миний хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хязгаарласан атлаа 2015 оны 6 дугаар сарын 17-ноос 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин болох 6 709 091 төгрөгийг олгохгүй намайг хохироож байна.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учраас би шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 33102 дугаар шүүгчийн захирамжийн дагуу 3749 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай 15/7515 дугаартай гэрээ байгуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулсаны үр дүнд 2016 оны 02 дугаар сарын 01-нд намайг урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилсон бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэрт заагдсан ажилгүй байсан хугацааны олговор болох 14 550 655 төгрөгийн 7 хувь болох 1 018 545 төгрөгийг урамшуулалд суутган авч үлдэгдэл 13 532 110 төгрөгийг миний Хаан банкны 5076305431 тоот дансанд шилжүүлсэн.

Нийслэлийн Засаг даргын хууль зөрчсөн буруу шийдвэр болон шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй буруутай үйл ажиллагааны улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал болон 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны цалингаас шийдвэр гүйцэтгэгчид 1 018 545 төгрөгийн урамшуулал төлөхгүй байсан.

Иймд 2015 оны 6 дугаар сарын 17-ноос 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 6 709 091 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 1 118 545 төгрөг, өмгөөлөгчийн зардал 3 000 000 төгрөг, нийт 10 827 636 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г.А г Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 5/158 дугаар захирамжаар ажлаас чөлөөлж, үүнтэй холбоотойгоор шүүхэд маргаан үүсч, Улсын Дээд шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 663 дугаар тогтоолоор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 769 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийг ажил албан тушаалд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 14 550 655 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Г.А г ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн 663 дугаар тогтоол хүчин төгөлдөр болж гардаж авснаас хойш, ажилд эгүүлэн томилсон 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаа буюу 4 сар 10 хоногийн 3 660 608 төгрөгийг л олгох боломжтой.

Төрийн байгууллагаас ажилд эгүүлэн томилсон шийдвэр гарсны дараа л цалинг нь олгох журам байдаг. Манай зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлсэн учраас нэхэмжлэгчийн хувьд ажилгүй байсан хугацааны цалин 7 827 600 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны зардал олгох тусгай журам байдаг бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг хариуцагчаас гаргуулах хуулийн зохицуулалттай учраас зардал 100 000 төгрөгийг нэхэмжлэгч Г.А нь нэхэмжлэх эрхгүй.

Мөн шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээний дагуу манай олгосон мөнгөнөөс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба 1 018 545 төгрөгийг суутгаж авах ёсгүй бөгөөд төлбөр авагч болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба хоёрын хооронд үүссэн гэрээний харилцаа учраас гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл байхгүй тул манайх хариуцахгүй.

Өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 3 000 000 төгрөгийн зардал манайд хамаагүй. Нэхэмжлэгч өмгөөлөгч хоёрын хооронд төлсөн зардлыг хариуцагч төлөхгүй. Энэ хүн өөрөө өмгөөлөгч сонгож авсан. Манай зүгээс өмгөөлөгч авахыг шаардаагүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 5 934 240 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээний дагуу нэхэмжлэгчийн төлсөн 1 018 545 төгрөг, нийт 6 952 785 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 874 851 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Г.А-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч НЗД-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Г.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч НЗД-аас 126 194 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Г.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2016/00744 дугаар шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул гомдол гаргаж байна.

Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 3 874 851 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ НЗД-ын хууль бус шийдвэр, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас надад учирсан бодит хохирол гэдгийг үнэлэхдээ алдаа гаргасан гэж үзэж байна. Тухайлбал:

1. Г.А би өөрийн нэг сарын хөдөлмөрийн хөлсийг Нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын “НӨҮГ-ын дарга, захирлуудын цалин хөлсийг шинэчлэн тогтоох” тухай захирамж, тушаалаар Усан спорт сургалтын төвийн даргын нэг сарын хөдөлмөрийн хөлсийг 900 000 төгрөг болгон өөрчлөн тогтоосоныг үндэслэн өөрийн нэг сарын хөдөлмөрийн хөлсийг 900 000 төгрөгөөр тооцон 769 дугаартай магадлалаар ажилд эргүүлэн тогтоогдсон 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс хойш уг шийдвэрийг биелүүлсэн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 7 cap 10 хоногийн цалин 6 709 091 төгрөг нэхэмжилсэн.

Гэтэл миний цалин нэмэгдсэн тухай нотлох баримтыг огт үнэлэхгүйгээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 769 тоот магадлалыг үндэслэл болгосон нь учир дутагдалтай буюу миний цалин хөлсийг дутуу бодож шийдвэрлэсэн гэх үндэслэлтэй байдаг.

2. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааны зардал 100 000 төгрөгийг төлбөр авагч Г.А хувиасаа нэмж төлсөн ба хэдийгээр төлбөр төлөгч нөхөн төлөх ёстой ч НЗДТГ-аас миний цалин хөлсний олговорт 14 550 655 төгрөг НШГА-нд шилжүүлсэн байдаг ба түүнээс шийдвэр гүйцэтгэгч урамшуулал болох 1 018 545 төгрөгийг суутган авч үлдэгдэл 13 532 110 төгрөгийг надад шилжүүлсэн.

Өөрөөр хэлбэл, НЗДТГ нь НШГА-наас нэхэмжилсэн 14 550 655 төгрөг ажиллагааны зардлын 100 000 төгрөг нийт 14 650 655 төгрөгнөөс 100 000 төгрөгийг дутуу шилжүүлснээс надад дахин 100 000 төгрөгийн хохирол учирсан нь баримтаар тогтоогдож байгаа атал хариуцагчаас гаргуулах ёсгүй гэсэн нь үндэслэлгүй байна.

3. Г.А би НЗД-ын хууль зөрчсөн шийдвэрийн улмаас ажилгүй болж, цалин орлогогүй болж хохирсон бөгөөд би өмгөөлөгчийн хөлс төлөх чадваргүй байсны улмаас анхан шатны хуралд өөрөө оролцсон. Гэтэл анхан шатны шүүх миний хууль мэдэхгүй, эрх зүйн үндэслэлгүй ярьж байгаа байдлыг минь ашиглан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Тиймээс би арга буюу Нийслэлийн шүүхэд давж заалдахдаа өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авахаас өөр аргагүй болсон бөгөөд улсын үнэгүй өмгөөлөгчийн туслалцаа хайсан ч олдоогүй.

Тиймээс би өмгөөлөгчтэй 3 000 000 төгрөгийн үнэтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ба түүний хөлс мөнгийг НЗДТГ-аас олгосон цалингийн нөхөн олговор 13 532 110 төгрөгнөөсөө төлж хохирсон.

Хохирсон гэж үзэж байгаа үндэслэл нь НЗД хууль зөрчсөн шийдвэр гаргаж намайг ажлаас халаагүй бол би өмгөөлөгчид мөнгө төлж эрх зүйн туслалцаа авахгүй байсан төдийгүй тэрээр мөн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлсэн бол би шийдвэр гүйцэтгэгчийг ажиллуулахын тулд ажиллагааны зардалд мөнгө төлөхгүйгээс гадна түүнийг урамшуулах шаардлагагүй байсан билээ.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хянаж, нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 3 874 851 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хариуцагчаас эс зөвшөөрч, хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах шатны журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээний дагуу нэхэмжлэгчийн төлсөн 1 018 545 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0.5-10 хүртэлх хувиар урамшуулна”, 83.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчилэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна”, мөн хуулийн 83.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 83.1. 83.2-т заасан урамшуулал олгох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно” гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шийдвэр гүйцэтгэгч, төлбөр авагч Г.А хоёрын хооронд байгуулсан гэрээг үндэслэн урамшууллыг Г.А гаас гаргуулахаар тодорхой заасан заалтыг үндэслэн урамшууллаа суутгаж авсан.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд заасан “Үүрэг гүйцэтгэгчийн буруугаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болох” гэсэн хамааралгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэн шийдвэр гүйцэтгэгчид төлсөн 1 018 545 төгрөгийн урамшууллыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна

Учир нь хариуцагч нэхэмжлэгчид урамшуулал төлөх үүрэг хүлээгээгүй. Ийм үүргээ зөрчөөгүй, урамшуулал олгох эсэх нь шийдвэр гүйцэтгэгч нэхэмжлэгч 2-ын хооронд байгуулсан сайн дурын гэрээний үндсэн дээр төлсөн мөнгөө хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн нөгөө талаас шийдвэр гүйцэтгэгчид байхгүй.

Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн “Үүрэг гүйцэтгэгчийн буруугаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болох” гэсэн хамрааралгүй хуулийн заалтыг үндэслэн хариуцагчаас шийдвэр гүйцэтэгчийн урамшууллын мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч НЗД-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6 709 091 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, урамшуулал 1 118 545 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 3 000 000 төгрөг, нийт 10 827 636 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд нь эгүүлэн томилсон тул зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Нэхэмжлэгч Г.А нь “Усан спорт сургалтын төв” НӨҮГ-ын даргын албан тушаалаас чөлөөлсөн Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогчийн 2013 оны Б/378 дугаар тушаалтай холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1738 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 769 дүгээр магадлалаар өөрчлөн түүнийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 14 550 655 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг Улсын дээд шүүх 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 663 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хэргийн 9-13, 14-16 дугаар тал/

 

Хариуцагч НЗД нь дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 25 дугаар зүйлийн 25.2.6-д зааснаар биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгч Г.А мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсанаар хариуцагч 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 14 550 655 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж, НЗД-ын санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогчийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.А г “Усан спорт сургалтын төв” НӨҮГ-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон тул хариуцагч 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 769 дүгээр магадлал гарснаас хойшхи ажилгүй байсан хугацааны олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй юм.

/хэргийн 6, 17-19, 25 дугаар тал/

 

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ сайн дураар гүйцэтгээгүйтэй холбоотойгоор шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсаар албадан гүйцэтгүүлэхээр Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Г.А нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай” 15/7515 дугаар гэрээ байгуулж, төлбөрийн үнийн дүнгээс 7 хувиар тооцон шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулахаар тохиролцсоны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба урамшууллын төлбөр 1 018 545 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн данснаас суутган авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 21 дүгээр тал/

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлсний урамшуулалд 1 018 545 төгрөг төлсөн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохиролд тооцогдоно.

 

Иймээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Харин нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөнтэй холбоотой нэхэмжлэл гаргах үедээ бусдаас хууль зүйн туслалцаа авах гэрээ байгуулж, хөлсөнд 3 000 000 төгрөг төлсөн нь нэхэмжлэгчийн өөрийн эрхийн асуудал тул хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс зайлшгүй учирсан хохиролд тооцохгүй гэж анхан шатны шүүх холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Түүнчлэн шүүх Нийслэлийн Засаг даргын орлогчийн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 5/158 дугаар захирамжаар нэхэмжлэгч Г.А г “Усан спорт сургалт төв” НӨҮГ-ын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх үе буюу түүний ажиллаж байсан үеийн сарын цалин хөлсний дундаж 817 880 төгрөг, өдрийн 38 040 төгрөгийн хэмжээгээр ажилгүй байсан хугацааны олговрыг тооцож, ажилд нь эгүүлэн тогтоосон Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 769 дүгээр магадлалыг үндэслэн ажилгүй байсан хугацааны олговорт 5 934 240 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Учир нь нэхэмжлэгчийн ажил эрхлээгүй үе болох 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох цалин хөлсний хэмжээгээр ажилгүй байсан хугацааны олговрыг тооцох үндэслэлгүй юм.

 

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаатай холбоотой зардалд төлбөр авагч буюу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 100 000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх алба нь хариуцагч буюу төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж буцаан олгохоор Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зохицуулсан байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.  

 

Иймд зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/00744 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.МӨНХЗУЛ

 

                                                     ШҮҮГЧИД                            Э.ЗОЛЗАЯА

                       

                                                                                                  С.ЭНХТӨР