Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 267

 

Б.Итгэл, Ц.Жаргалсайхан, Ч.Одонтуяа,

Б.Норолхоосүрэн, У.Солонго нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч У.Солонго, нэхэмжлэгч Б.Итгэл, Б.Норолхоосүрэн, Ц.Жаргалсайхан нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, түүний өмгөөлөгч З.Сүхбаатар, гуравдагч этгээд Д.Дэлгэрбал, түүний өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, Г.Бадамханд, гуравдагч этгээд Ц.Энхбат, түүний өмгөөлөгч Г.Жанчив нарыг нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 145 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 291 дүгээр магадлалтай, Б.Итгэл, Ц.Жаргалсайхан, Ч.Одонтуяа, Б.Норолхоосүрэн, У.Солонго нарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон гуравдагч этгээд Д.Дэлгэрбалын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Олон улсын тээвэр үйлчилгээний “Монголтранс” ХХК нь Н.Цэрэнноров, Б.Мягмар, Б.Итгэл, Ш.Сүхээ, Л.Элбэгдаваа, Б.Норолхоосүрэн, Р.Ганбат, Х.Цэвэгжав, Д.Уламбаяр, Ч.Чагнаа болон Д.Дэлгэрбал нарын нийт 11 хувьцаа эзэмшигчтэйгээр 1991 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хувьцаа эзэмшигч тус бүр компанийн 7.27 хувийн хувьцааг эзэмшдэг болно. Улмаар тус компанийн хувьцаа эзэмшигч Н.Цэрэнноров, Х.Цэвэгжав, Д.Уламбаяр, Ч.Чагнаа, Ш.Сүхээ нар нь нас барсан бөгөөд Иргэний хуульд заасан өв залгамжлалын журмаар тэдний хүүхдүүд өвлөх эрхийн гэрчилгээгээр ногдох хувьцааны хувийг өвлөх эрхтэй болсон юм.

Уг асуудлыг бүх хувьцаа эзэмшигчдийн хурлаар 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хэлэлцээд дүрмээ шинэчлэн баталсан өөрчлөлтийг Компанийн тухай хуулийн 17 дүгээр зүйлийн 17.4-т заасны дагуу Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хандахад тус газраас бүртгэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Учрыг тодруулахад “Монголтранс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Дэлгэрбал нь тус компанийн 19.98 хувийн хувьцааг өмчлөх эрхтэйгээр бүртгэгдсэн байгааг олж мэдсэн.

Компанийн тухай хууль болон дүрэмд зааснаар хувьцааны шилжилт хөдөлгөөн бүр бүх хувьцаа эзэмшигчдэд нь тухай бүр мэдэгдэх ёстой бөгөөд компанийн бусад 10 хувьцаа эзэмшигчдээс Д.Дэлгэрбалд тус хувьцааг өмчлөх тухай шийдвэр гаргаж байсан удаагүй юм. Гэтэл ямар журмаар ийнхүү Д.Дэлгэрбал нь ганцаараа кампанийн 19.98 хувийн хувьцааг өмчлөх эрхтэйгээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдэж, өөрчлөлт орсон байгаа нь ойлгомжгүй байгаа бөгөөд уг бүртгэл хууль зөрчиж хийгдсэн байна. Уг бүртгэлийг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдоржид 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гомдол гаргасан боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 8/5974 тоот албан бичигт “Монголтранс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн талаарх маргаантай асуудал нь шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байгаа тул бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй болохыг мэдэгдье гэсэн үндэслэлгүй хариу өгсөн.

Компаний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “хувьцаа эзэмшигчийн эрхийг Компаний тухай хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд...”, 3.5-д “Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ”, 16 дугаар зүйлийн 16.1-д “компанийн дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн” гэж тус тус заасан байдаг.

“Монголтранс” ХХК-ийн 1999 онд батлагдсан хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрмийн 3.3-т “хувь нийлүүлсэн хөрөнгийн хувь, хэмжээг өөрчлөх, нэмж хувьцаа гаргах, хувь нийлүүлэгчдийн хувьцааг компани эргүүлэн авах, худалдаж авах, хувь нийлүүлэгчид эзэмшиж буй хувьцаагаа хоорондоо болон гуравдагч этгээдэд худалдах, аливаа хэлбэрээр шилжүүлэх зэрэг асуудлыг зөвхөн хувьцаа нийлүүлэгчдийн хурлаар 100 хувийн саналын эрхээр шийдвэрлэнэ”, 3.4-т “хувь нийлүүлсэн хөрөнгийн хувь, хэмжээг өөрчлөх, нэмж хувьцаа гаргах асуудлыг хувь нийлүүлэгчдийн хурлаар шийдвэрлэнэ. Энэ тухай Улсын бүртгэлийн албанд 14 хоногийн дотор мэдэгдэж гэрчилгээнд өөрчлөлт хийлгэнэ” гэж тус тус заасныг зөрчсөн Д.Дэлгэрбалын хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар хүлээн авч бүртгэсэн нь хууль бус байна.

Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын ажилтан Э.Эрдэнэбилэг нь “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дэлгэрбалд шилжүүлсэн бүртгэлийг бүртгэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан бүрдүүлбэрийг шалгах ёстой байсан атал эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчдын шийдвэр, компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон хувьцаа шилжүүлэх тухай гэрээ зэрэг компанийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байхад өөрчлөлтийг бүртгэсэн байгаа нь бүртгэгч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд заасан Улсын бүртгэлийн ажиллагаанд баримтлах “бүртгэл үнэн зөв, бодитой байх, нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу бүртгэл хөтлөх, иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх” зарчмыг тус тус зөрчжээ.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дэлгэрбалд хууль зөрчин шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Итгэл, Б.Норолхоосүрэн, Ц.Жаргалсайхан нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: 1. “Монголтранс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид бид 19.98 хувийн хувьцааг Ц.Энхбатад шилжүүлэх болон нэр дээр шилжүүлэн бүртгүүлэх талаар ямар нэг байдлаар тогтоол, шийдвэр гаргаж байгаагүй болно. Иймд тус компанийн 19.98 хувийн хувьцааг Ц.Энхбатын нэр дээр бүртгэсэн нь хууль бус тул хүчингүй болгох,

2. “Монголтранс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Уламбаяр, Ш.Сүхээ, Х.Цэвэгжав нар нь нас барсан. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 531 дүгээр зүйлийн 531.2-т заасны дагуу Ш.Сүхээгийн охин С.Болорсүх, Д.Уламбаярын охин У.Солонго 2008 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 44 дүгээр “Өв залгамжлах эрхийн гэрчилгээ”, Х.Цэвэгжавын хүү Ц.Жаргалсайхан 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 20 дугаар “Өвлөх эрхийн гэрчилгээ”-гээр “Монголтранс” ХХК-ийн хувьцааны ногдох хувийг өвлөн авсан байдаг.

Улмаар “Монголтранс” ХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдаанаар Ц.Жаргалсайхан, С.Болорсүх, У.Солонго нарыг өвлөх эрхийн дагуу “Монголтранс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох талаар хэлэлцэн санал нэгтэйгээр дэмжин 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хувьцаа эзэмшигчээр тогтоон улсын бүртгэлд бүртгүүлэхээр болсон байна.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Ц.Энхбатын нэр дээр бүртгэсэн хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Монгол транс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дэлгэрбалын нэр дээр бүртгэсэн хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулах, Ц.Жаргалсайхан, С.Болорсүх, У.Солонго нарыг “Монголтранс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоосон тус компанийн шинэчилсэн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амаржавхлан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монголтранс” ХХК нь анх 1991 онд 13 гишүүнтэйгээр, Бүрэн бус хариуцлагатай компани хэлбэрээр үүсгэн байгуулагдаж, 1996 онд 15 гишүүнтэйгээр, хэлбэрээ өөрчлөн “Хязгаарлагдмал хариуцлагатай компани” болон анхны дүрмийг 1996 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн бүх гишүүдийн хурлын 04 тоот протоколоор баталсан байна. Улмаар 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн бүх гишүүдийн хурлаас баталсан дүрэм болон холбогдох бичиг баримтаар компанийг шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тус компанийн дүрэмд 12 хувьцаа эзэмшигч, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн нийт хэмжээ 417070 мянган төгрөг, нэг бүр нь 4.485 мянган нэрлэсэн үнэ бүхий 93 ширхэг хувьцаатай байхаар тусгасан.

“Монголтранс” ХХК нь 2008 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм, холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн Улсын бүртгэлийн албанд хандан бүртгэлээ хийлгэсэн боловч тухайн бүртгэлийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 36 дугаар шийдвэрээр хүчингүй болсон байна. Ингээд “Монголтранс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулж 1/18 тоот тогтоол гаргасан байна. Энэ тогтоолыг хувьцаа эзэмшигчид хүчин төгөлдөр гэж үздэг.

Мөн иргэн Ц.Энхбат нь Хан-Уул дүүргийн шүүх, Нийслэлийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхүүдэд тус тус нэхэмжлэл гарган энэ нь Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 550 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн тул уг тогтоолыг үндэслэн “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцаа эзэмшигчээр “Спейшлхолдинг лимитед” /Эм Эс Би/ ХХК-ийг 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдөр бүртгэсэн байна. Иргэн Д.Дэлгэрбал, Б.Норолхоосүрэн нар нь Чингэлтэй дүүргийн шүүхэд “Спейшлхолдинг лимитед” /Эм Эс Би/ ХХК, иргэн Ц.Энхбат нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.

Уг асуудал нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 675 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 586 дугаар тогтоолоор шийдвэрлэгдэж, шүүгчийн 2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 310 тоот захирамж, 2012 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 79 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 2/2369 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдан “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг “Спейшлхолдинг лимитед” /Эм Эс Би/ ХХК-иас гаргуулан иргэн Ц.Энхбатад шилжүүлсэн бүртгэлийг 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр бүртгэсэн байна.

Мөн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1731 дүгээр шийдвэр, түүнийг албадан гүйцэтгүүлэх 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5204 дүгээр шүүгчийн захирамж, 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 618 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2/907 тоот албан бичиг зэргийг үндэслэн “Монголтранс” ХХК-ийн иргэн Ц.Энхбатын эзэмшдэг 19.98 хувийн иргэн Д.Дэлгэрбалын нэр дээр 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлэн бүртгэсэн байна. Иймд “Монголтранс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь цаашид хоорондоо дахин маргаан гаргахгүй байх талаар нэг мөр эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, Ж.Чиймаа нар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагын тухайд: “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Ц.Энхбатын нэр дээр шилжүүлэн бүртгэхдээ Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 675 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 648 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 586 дугаар тогтоол, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 310 дугаар захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 2/2369 дугаартай албан бичиг, Ц.Энхбатын 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хүсэлт зэргийг үндэслэн бүртгэсэн байна.

Уг бүртгэл нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, бүртгэлийн хууль тогтоомжийн дагуу бүртгэгдсэн байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тэгээд ч дээрх бүртгэл нь дор дурдсан баримтаар 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Ц.Энхбатаас Д.Дэлгэрбалын нэр дээр шилжин бүртгэгдсэн байна.

Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагын тухайд: Улсын бүртгэлд 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг иргэн Д.Дэлгэрбалд шилжүүлэн бүртгэхдээ Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1731 дүгээр шийдвэр, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 675 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 648 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 586 дугаар тогтоол, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 310 дугаар захирамж, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5204 дүгээр захирамж, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 618 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2/907 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр 11.5.2-т заасны дагуу улсын бүртгэлд бүртгэсэн байна.

Иймд “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дэлгэрбалд шилжүүлсэн 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэлийн 3 дугаар шаардлагын тухайд: “Монголтранс” ХХК-ийн хувьцааг өв залгамжлалаар өвлөх эрхээ Ц.Жаргалсайхан, Ж.Оттонтуяа, У.Солонго нар хуулинд заасны дагуу баримтаа бүрдүүлэн, бүртгэлийн байгууллагад хандахад хууль эрх зүйн хувьд нээлттэй учир энэ асуудлыг шүүхээр шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

Гуравдагч этгээд Д.Дэлгэрбал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 1731 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “...нэхэмжлэгч Д.Дэлгэрбал Б.Норолхоосүрэн нарыг “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоож...” шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхээр хүчингүй болсонтой холбогдуулан уг хувьцааг “Монголтранс” ХХК-ийн бүхий л хувьцаа эзэмшигч нарт санал болгон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин явуулсан боловч компанийн хувьцаа эзэмшигч нар шийдвэр гүйцэтгэх албанаас тогтоосон хугацаанд хувьцааны төлбөрийг шилжүүлээгүй учир өмнөх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар миний өмчлөлд үлдсэн хувьцааг хэвээр үлдээж зөвтгөн явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон юм.

Хэрэв Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хууль зөрчсөн гэж үзсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаж шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар 19.98 хувийн хувьцааг миний өмчлөлд шилжсэн талаар улсын бүртгэлд бүртгэгдсэн болно. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар миний нэр дээр бүртгэгдсэн тул уг бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Нэхэмжлэлд “...хуулийн этгээдийн бүртгэлийн газрын ажилтан Э.Эрдэнэбилэг нь “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дэлгэрбалд шилжүүлсэн бүртгэлийг бүртгэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан бүрдүүлбэрийг шалгах ёстой байсан атал эрх шилжүүлж байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн ажиллагаанд баримтлах зарчмыг тус тус зөрчжээ” гэсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдэд Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу санал болгох, худалдан авах санал ирүүлсэн тохиолдолд хувьцааг шилжүүлэх үүргийг хүлээсэн бөгөөд энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад уг “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг худалдах талаар бусад хувьцаа эзэмшигч нарт санал болгосон, хувьцаа эзэмшигч нар тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй бөгөөд төлбөр төлсөн нь миний бие байсан болно.

“Монголтранс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хэн нь ч хувьцааг худалдан авах талаар мэдэгдэлдээ төлбөр төлсөн баримтыг хавсаргаагүй бөгөөд аль нь ч төлбөр төлөөгүй болно. Зөвхөн би уг хувьцааны төлбөр болох 180.000 мянган ам долларыг шилжүүлсэн байсан. Тухайн хувьцаа эзэмшигч эрхээ эдлэхийн тулд төлбөр төлөх, уг төлбөр төлсөн баримтыг хувьцаа худалдан авах тухай мэдэгдэлд хавсаргах үүрэгтэй. Хэрэв ийнхүү эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд дахин санал болгох, мөн төлбөр төлөөгүй байхад хувьцаа эзэмшигч нарт шилжүүлэх ямар ч хууль зүйн зохицуулалт байхгүй юм.

Хуулийн дээрх зохицуулалт нэг удаа санал болгох зохицуулалт бөгөөд тухайн хувьцаа эзэмшигч эрхээ хэрэгжүүлэх бол мөн хуульд заасан шаардлагыг хангаж төлбөрөө хийж хувьцааг худалдан авах эрхээ хэрэгжүүлэх ёстой бөгөөд хэрэв ийнхүү эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд давуу эрхээр худалдан авах боломжийг алдахаар зохицуулсан байдаг. Ийнхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар хийгдсэн бүртгэлд дээрх нэхэмжлэлд дурдагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан бүрдүүлбэр шаардлагагүй юм.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох Ц.Жаргалсайхан, У.Солонго, Ч.Отгонтуяа нарыг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх шаардлагын тухайд ямар хэмжээний хувьцаа эзэмших эрхтэй гэж шүүх даалгах талаар нарийвчлан нэхэмжлэлд тусгаагүй тул шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Энхбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нар 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дэлгэрбалд хууль зөрчин шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар ханджээ. Үүнийг гаргах болсон үндэслэл нь Нийслэлийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 655 дугаар магадлалаар шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааг хүчингүй болгосонтой холбоотой юм. Шийдвэр биелүүлэх ажиллагаа хүчингүй болсноор уг ажиллагааны дагуу явагдсан бүртгэл цуцлагдах үр дагаварт шууд хүргэж байгаа билээ.

Гэтэл намайг 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хууль ёсоор бүртгэхдээ Улсын Дээд шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 586 тоот тогтоолоор “Ц.Энхбатыг “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг эцэслэн тогтоосон”-ыг үндэслэн 2012 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 78 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 2/2369 тоот шийдвэр биелүүлэх ажиллагааг үндэслэлээ болгосон байдаг юм. Энэ нь нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг няцаах нэг үндэслэл болох билээ.

Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас харвал улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ. Улмаар үндэслэлээ тайлбарлахдаа “хувь нийлүүлсэн хөрөнгийн хувь, хэмжээг өөрчлөх, худалдаж авах, хувь нийлүүлэгчид эзэмшиж буй хувьцаагаа хоорондоо болон гуравдагч этгээдэд худалдах, аливаа хэлбэрээр шилжүүлэх зэрэг асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар 100 хувийн саналын эрхээр шийдвэрлэнэ” гэснийг ишлэл болгосон байна.

Үүнээс дүгнэвэл нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагаа ч үндэслэлгүй болохыг хүлээн зөвшөөрсөн санааг илэрхийлжээ. Шилжилт хөдөлгөөнийг хувь нийлүүлэгчдийн 100 хувийн саналын эрхээр шийдвэрлэнэ гэдгийг шүүхийн шийдвэр ч хамаагүй мэтээр ойлгож байгаа бололтой. Хэрэв тийм бол яах гэж шүүхэд хандаад байгаа юм бэ гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж таарна. Шүүхийг хүлээн зөвшөөрч л байгаа бол намайг хувьцаа эзэмшигчээр тогтоосон эцсийн шийдвэрийг эхлээд ишлээд байгаа хууль, дүрмийнхээ дагуу биелүүлэх хэрэгтэй болж байна. Иймд нэхэмжлэгч нарын надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 145 дугаар шийдвэрээр Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4, 5.5, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасныг тус тус баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дэлгэрбалд шилжүүлсэн бүртгэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2012 оны 3 дугаар сарын 15-ний өдрийн “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Ц.Энхбатын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон, Ц.Жаргалсайхан, С.Болорсүх, У.Солонго нарыг “Монголтранс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоосон тус компанийн шинэчилсэн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, Ж.Чиймаа, гуравдагч этгээд Ц.Энхбат, Д.Дэлгэрбал, гуравдагч этгээд Д.Дэлгэрбалын өмгөөлөгч Г.Бадамханд нарын гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 291 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 145 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын

“...Ц.Жаргалсайхан, С.Болорсүх, У.Солонго нарыг “Монголтранс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоосон тус компанийн шинэчилсэн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай” гэснийг “...Ц.Жаргалсайхан, С.Болорсүх, У.Солонго нарыг “Монголтранс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоосон тус компанийн шинэчилсэн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, Б.Халиун нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 291 дүгээр магадлалын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Магадлалын хянавал хэсэгт “Ц.Жаргалсайхан, С.Болорсүх, У.Солонго нарыг “Монголтранс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоосныг бүртгэхийг даалгах шаардлагын тухайд, анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. Учир нь даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхийн тулд хариуцагчийн эс үйлдэхүй байх, уг эс үйлдэхүй нь хууль бус байх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн болох нь нотлох баримтаар тогтоогдсон байх ёстой, ...нэхэмжлэгч хүлээн авах цонхноос хүсэлтийг буцааж байсан гэж дурдсан боловч түүнийг нотлох баримт үгүй байна. Түүнчлэн шүүх нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулахад ч бас хариуцагчийн хууль бус үйлдэхүйг нотолсон баримт тогтоогдоогүй байна” гэжээ.

Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “журмаар бол бичгээр хариу өгөх ёстой гэхдээ яагаад бичгээр хариу өгөөгүйг мэдэхгүй байна” гэж шүүх хурал дээр тайлбарласан бөгөөд материал хүлээж аваагүй тал дээр маргаагүй бөгөөд анхан шатны шүүхээс “хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар Компаний тухай хууль, “Монголтранс” ХХК-ийн дүрмийн хүрээнд өв залгамжлагчдын хувьцаа эзэмшигчээр тогтоосон баримт материалыг үндэслэн компанийн дүрмийг шинэчлэн бүртгэх үүрэгтэй бөгөөд нэгэнт компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тухайн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байхад бүртгээгүй эс үйлдэхүй байсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Компаниас гаргасан шийдвэр болоод хууль журамд заасны дагуу Ц.Жаргалсайхан, С.Болорсүх, У.Солонго нарыг хувьцаа эзэмшигчээр, мөн шинэчилсэн дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын хүлээн авах цонхонд удаа дараа хандаж байсан. Гэтэл хүлээн авах цонхноос “танайх хувьцааны талаар маргаантай байгаа, энэ асуудлаа нэг мөр шийдвэрлэчхээд бүртгэлд ханд” гэдэг тайлбарыг амаар хэлж материалыг хүлээн аваагүй. Хэрэв хүлээн авах цонх нь материалыг хүлээн авч ямар нэгэн бүртгэгч дээр хуваарилагдан шалгагдсан бол бидэнд бичгээр хариу өгөх байсан байх. Гэхдээ цонхноосоо хүлээн аваагүй болохоор бидэнд бичгээр хариу өгөөгүй.

Бид хүлээн авах цонхноос материалыг хүлээн авахгүй байна гэж ахлах бүртгэгч болоод хяналтын хэлтэст нь хандаж, орж асуухаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй, мөн л хувьцааны талаар маргаантай байгаа, үүнийгээ шийдвэрлүүл гэдэг хариуг өгч байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хурал дээр “бид цонхон дээр яагаад аваагүй мэдэхгүй байна, гэхдээ бичгээр хариу өгөх ёстой” гэж тайлбарладаг боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтсийн хүлээн авах цонхноос хэзээ ч ямар шалтгааны улмаас хүлээн авахгүй гэсэн талаарх бичгээр хариу өгдөггүй.

Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн, үүнийг үндэслэлтэй гэж үзэхгүй байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 291 дүгээр магадлалд өөрчлөлт оруулж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Д.Дэлгэрбал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 145 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн 291 дүгээр магадлалыг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 1731 дүгээр шийдвэрийн дагуу “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар тус хувьцааг 180.000 /нэг зуун наян мянган/ ам доллароор худалдан авсан билээ.

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 1731 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “...нэхэмжлэгч Д.Дэлгэрбал, Б.Норолхоосүрэн нарыг “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоож...” шийдвэрлэсний дагуу явуулсан шийдвэр гүйцэггэх ажиллагаа нь шүүхээр хүчингүй болсонтой холбогдуулан уг хувьцааг “Монголтранс” ХХК-ийн бүхий л хувьцаа эзэмшигч нарт санал болгон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин явуулсан боловч компанийн хувьцаа эзэмшигч нар Шийдвэр гүйцэтгэх албанаас тогтоосон хугацаанд хувьцааны төлбөрийг шилжүүлээгүй учир өмнөх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар миний өмчлөлд үлдсэн хувьцааг хэвээр үлдээж зөвтгөн явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон юм.

Энэхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн дахин явуулж дуусгавар болгосон тогтоол хүчин төгөлдөр, аль нэг талаас гомдол гаргаагүй билээ. Хэрэв Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хууль зөрчсөн гэж үзсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаж шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар 19.98 хувийн хувьцааг миний өмчлөлд шилжсэн нөхцөл байдлыг огт анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Захиргааны хэргийн шүүх нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэх талаарх нөхцөл байдлыг үнэлж дүгнэх хууль зүйн хувьд боломжгүй бөгөөд уг бүртгэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу хийгдсэн, уг бүртгэлийг хийхгүй байх хууль зүйн боломж, эрх хэмжээ Улсын бүртгэлийн байгууллагад байхгүй юм. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90.1-д “шүүх, бусад байгууллагаас гаргасан шийдвэрийг энэ хуульд заасны дагуу гүйцэтгэх талаар шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан шаардлагыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан биелүүлнэ” гэж заасны дагуу бүртгэлийг хийсэн нь уг бүртгэл хууль ёсны дагуу бүртгэгдсэн гэж үзэх хангалттай үндэслэл болж байна.

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь иргэний болон эрүүгийн хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүрэг бүхий төрийн байгууллага мөн” гэж заасны дагуу тус байгууллага хариуцан явуулдаг бөгөөд хувьцаа эзэмшигч эсхүл, компанийн хувь нийлүүлэгчид хариуцан явуулах үндэслэлгүй билээ. Гэтэл анхан шатны шүүх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр явагдах ажиллагааг хувьцаа эзэмшигч болон хувь нийлүүлэгч нар хэрэгжүүлэх ёстой мэтээр тайлбарлаж хэргийг шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн хувьд хоёр дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үр дагавартай байгаа юм. Нэгэнт дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэж улмаар хүчингүй болгох үр дагавар бүхий шийдвэр гаргаж байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч нарын эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

Давж заалдах шатны шүүх манай өмгөөлөгч Г.Бадамхандын “нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол байгаа, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зөвтгөн дахин гүйцэтгэхдээ хууль зөрчөөгүй” гэсэн гомдолд ямар ч тайлбар, дүгнэлт хийлгүйгээр зөвхөн нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт хийж хууль зөрчсөн гэж үзэж байна.

Мөн давж заалдах шатны шүүх “...хэдийгээр шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг хаасан тухай баримт шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдсан байгаа боловч энэхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үндэслэн хувьцааны эзэмших хувь, хэмжээний талаар ямар нэгэн бүртгэл хийгдээгүй байна. Нөгөө талаар нэхэмжлэлийн шаардлага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дахин явагдсаны дараа хийгдсэн 2014 он эсхүл 2015 онд дахин бүртгэсэн ямар нэгэн бүртгэлийг хүчингүй болгох бус харин 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дэлгэрбалын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах эсэх маргааныг шийдвэрлэж байгаа болно. Нэгэнт нэхэмжлэгч талаас 2013 оны бүртгэлийг хүчингүй болгох шаардлага гаргасан тул уг бүртгэлийн үндэслэл болсон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байгааг харгалзан бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Дээрх хувьцааг Д.Дэлгэрбалд шилжүүлсэн бүртгэл 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хийгдсэн ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас уг бүртгэлийн үйлчлэлийг түдгэлзүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн дахин явуулж дуусгаад 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1/10946 тоотоор Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэж, бүртгэлийг сэргээсэн нь ямар нэг хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Нийслэлийн шүүхийн 2013 оны 655 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 2013 оны 545 дугаар тогтоолоор 19.98 хувийн хувьцааг Д.Дэлгэрбалд худалдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосноос биш Улсын бүртгэлийн ерөнхий газрын уг хувьцааг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгоогүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зөвтгөн дахин явуулахыг хориглоогүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин явуулах үндэслэл болсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх бичиг баримтыг хүчингүй болгоогүй байдлаар тайлбарлагдаж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хянавал:

Нэхэмжлэгч Б.Итгэл, Ц.Жаргалсайхан, Ч.Отгонтуяа, Б.Норолхоосүрэн, У.Солонго нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүүгээс “...компанийн хувь нийлүүлэгчдийн хурлаас шийдвэр гаргаагүй, энэ тухай баримтгүй байхад шилжүүлсэн бүртгэлийг хийсэн” гэх үндэслэлээр “Монгол транс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дэлгэрбалд бүртгэсэн 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах; нэхэмжлэгч Б.Итгэл, Б.Норолхоосүрэн, Ц.Жаргалсайхан нараас олгогдсон итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал нь мөн дээрх үндэслэлээр “19.98 хувийн хувьцааг Ц.Энхбатын нэр дээр бүртгэсэн 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгох, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг үндэслэн Ц.Жаргалсайхан, С.Болорсүх, У.Солонго нарыг “Монгол транс” компанийн хувьцаа эзэмшигчээр тогтоож, шинэчилсэн дүрмийг бүртгэхийг даалгах” гэсэн 2 шаардлагыг нэмж гаргажээ.

1. “Монгол транс” ХХК-ийн хувьцааны 19.98 хувийг Д.Дэлгэрбалд бүртгэсэн 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

“Монгол транс” ХХК-ийн хувь нийлүүлэгч, тус компанийн 19.98 хувийн хувьцааг эзэмшигч Щвейцарь улсын “Трансация холдинг” компаниас уг хувьцааг худалдан авч, эзэмшсэн Ц.Энхбат /хариуцагчийн тайлбараар тухайн үед “Монгол транс” компанийн хувьцааны 3.635 хувийг эзэмших бүртгэлтэй байсан/ нь уг хувьцааг бусдад худалдахдаа “тэргүүн ээлжинд худалдан авах бусад хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчсөн” гэж тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Норолхоосүрэн, Д.Дэлгэрбал нараас “19.98 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхтэй болохоо тогтоолгох, өөрсдөд нь худалдахыг даалгуулах”, мөн “Ц.Энхбат, “Эм Эс Би” /хожим нэрээ Спейшл корпораци гэж өөрчилсөн/ компанийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үр дагаврыг арилгуулах” гэсэн 2 нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 1731 дүгээр шийдвэрээр эдгээр нэхэмжлэгч нарыг “...худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоосон” ба Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 586 дугаар тогтоолоор “Ц.Энхбат, “Эм Эс Би” ХХК-ийн хооронд хийгдсэн 2008 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 08/01 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 19.98 хувийн хувьцааг “Эм Эс Би” компаниас гаргуулж Ц.Энхбатад, 250000 ам.долларыг Ц.Энхбатаас гаргуулж “Эм Эс Би” ХХК-д олгох”-оор шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 675 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн дээрх 2 шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа маргаан бүхий хувьцааг Д.Дэлгэрбалд худалдаж, “Эм Эс Би” ХХК-д төлөх Ц.Энхбатын төлбөрийг хаасан, түүний нэр дээр бүртгэлтэй байсан уг хувьцааг Д.Дэлгэрбалд шилжүүлэн бүртгэхийг 2013 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2/907 дугаартай албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдсэнийг үндэслэн тус газар нь Д.Дэлгэрбалын өмнө бүртгэлтэй 7.27 хувийн хувьцаан дээр 19.98 хувийг нэмж 27.25 хувийг эзэмшдэг талаарх бүртгэлийг 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хийсэн байна.

Дээрх байдлаар гүйцэтгэгдсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг “Монгол транс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Р.Ганбат, Л.Элбэгдаваа, У.Солонго нар гаргаж, маргаан бүхий хувьцааг Д.Дэлгэрбалд худалдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь иргэний хэргийн 3 шатны шүүхээр хянагдаж, Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 655 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 545 дугаар тогтоолоор хүчингүй болжээ.

Энэ шийдвэрийн дараа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин явуулж, улмаар 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 95 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон байх ба уг тогтоолд төлбөр төлөгч, төлбөр авагч болон “Монгол транс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нараас гомдол гаргаагүйн зэрэгцээ өмнөх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үр дүнд хийгдсэн Д.Дэлгэрбалтай холбоотой улсын бүртгэл хэвээр байгаа нь тогтоогдсон байна.

Үүнээс үзвэл, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Д.Дэлгэрбалд холбогдох уг бүртгэлийг 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хийсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5-д “энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн талаар шүүх, цагдаа, прокурор зэрэг эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж, баяжилт хийх” гэж заасантай нийцжээ.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх дахин явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар дүгнэлт хийж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /тухайн үед мөрдөж байсан/ 4 дүгээр зүйлийн 4.3-т “шүүх, прокурорын байгууллага, түүнчлэн эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын байцаан шийтгэх, эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явуулсан үйл ажиллагааны талаар иргэн, хуулийн этгээдээс шүүхэд гаргасан гомдлыг эрүүгийн болон иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн төдийгүй захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх харьяаллын бус маргаанд үндэслэж, нэхэмжлэлийн энэ хэсэгт холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь маргаан бүхий бүртгэлийн улмаас хэрхэн зөрчигдсөн талаар 2 шатны шүүх ямар нэгэн дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэгч нарын энэ шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “компанийн бусад хувьцаа эзэмшигчээс Д.Дэлгэрбалд тус хувьцааг өмчлөх тухай шийдвэр гаргаагүй, ямар журмаар Д.Дэлгэрбал нь ганцаараа компанийн 19.98 хувийн хувьцааг өмчлөх эрхтэйгээр улсын бүртгэлд бүртгэгдэж, өөрчлөлт орсон байгаа нь ойлгомжгүй” гэж, уг бүртгэлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрхэн зөрчигдсөн болохыг тодорхойлоогүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “Монгол транс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн талаарх улсын бүртгэлээр нэхэмжлэгч Б.Итгэл, Б.Норолхоосүрэн нар нь тус бүр 7.27 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн, нэхэмжлэгч Ч.Отгонтуяа, Ц.Жаргалсайхан, У.Солонго нар нь бүртгэлгүй /нас барсан өвлүүлэгч нарынх нь нэр дээр тус тусын 7.27 хувь бүртгэгдсэн/, Д.Дэлгэрбалд 19.98 хувийн хувьцаа нэмж бүртгэгдсэнээр эдгээр бүртгэлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, дахин явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол хүчинтэй хэвээр байгаа зэрэг нь тогтоогджээ.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үндэслэн хийгдсэн Д.Дэлгэрбалд холбогдох улсын бүртгэлийг хүчингүй болгосноор 19.98 хувийн хувьцааг өөрсдөд нь бүртгүүлэх давуу эрх нэхэмжлэгч нарт үүсэхгүй бөгөөд уг бүртгэлийн улмаас тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн энэ хэсэгт холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна.

2. “Монгол транс” ХХК-ийн хувьцааны 19.98 хувийг Ц.Энхбатад бүртгэсэн 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар нь ““Эм Эс Би” /Спейшл корпораци/ нэр дээр бүртгэлтэй “Монгол транс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Ц.Энхбатад шилжүүлэн бүртгэх”-ийг мэдэгдсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 2/2369 дугаартай албан бичгийг үндэслэн 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр уг хувьцааны эзэмшигчээр Ц.Энхбатыг бүртгэсэн ба дараа нь Д.Дэлгэрбалд шилжүүлж бүртгэснээр Ц.Энхбатын нэр дээрх бүртгэл хүчингүй болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Д.Дэлгэрбалд холбогдох бүртгэлийг хүчингүй болгосноор Ц.Энхбатын бүртгэл сэргэнэ гэж дүгнэн нэхэмжлэлийн энэ хэсэгт холбогдох шаардлагыг хангасан учир нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай холбогдуулж гаргасан нэмэгдүүлсэн уг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

3. Ц.Жаргалсайхан, С.Болорсүх, У.Солонго нарыг “Монгол транс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоож, тус компанийн шинэчилсэн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулах шаардлагын тухайд:

“Монгол транс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын 01 дүгээр тогтоолоор тус компанийн үүсгэн байгуулагч бөгөөд  компанийн хувьцааны тус бүр 7.27 хувийн хувьцаа эзэмшиж байсан Х.Цэвэгжав, Ш.Сүхээ, Д.Уламбаяр нарын хууль ёсны өвлөгчид болох Ц.Жаргалсайхан, С.Болорсүх, У.Солонго нарыг хувьцаа эзэмшигчээр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг Төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан байна.

Харин “Монгол транс” ХХК-ийн хувьцааг эзэмшиж буй этгээдийн нэр өөрчлөгдсөнтэй холбоотой уг бүртгэлийг хийлгэх талаар бүртгүүлэх эрх бүхий этгээд нь хариуцагчид хандан хүсэлт, өргөдөл гаргасан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул шүүх даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах, эс хангах асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл бүртгүүлэх талаар хүсэлт, өргөдөл гаргасан байх, үүнийг нь шийдвэрлээгүй хариуцагчийн “эс үйлдэхүй”-н улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол тодорхой байдлаар хөндөгдсөн бол нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зохицуулсан байна.

Гэтэл анхан шатны шүүх бүртгүүлэх талаар хүсэлт гаргасан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байхад “...хүлээн авах цонхноос удаа дараа буцааж шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасан” гэж үзэн, нэхэмжлэгч нарын энэ шаардлагыг хангасан нь буруу болсон, давж заалдах шатны шүүх “...хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдоогүй” гэж зөв дүгнэсэн атлаа уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн энэ хэсэгт холбогдох шаардлагыг хүлээн авахаас татгалзах өөрчлөлтийг магадлалд оруулах нь зүйтэй  байна.

Нэхэмжлэгч нарын энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснээр хувьцаа эзэмшигчдийн талаарх өөрчлөлтийн бүртгэлийг хийлгэх тэдний эрх хязгаарлагдахгүй болно.

Дээрх байдалд үндэслэн гуравдагч этгээд Д.Дэлгэрбалын гаргасан “...захиргааны хэргийн шүүх нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэх талаар үнэлж, дүгнэх хууль зүйн боломжгүй, ...шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу хийгдсэн хувьцааны бүртгэл хууль зөрчөөгүй,... шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх асуудлыг хувьцаа эзэмшигч хэрэгжүүлэх ёстой гэж буруу дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, Б.Халиун нарын гомдлыг агуулгынх нь хувьд хүлээн зөвшөөрч, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 291 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 145 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.9, 11 дүгээр зүйлийн 11.5.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Итгэл нарын 5 хүний гаргасан ““Монгол транс” ХХК-ийн хувьцааны 19.98 хувийг Ц.Энхбатын нэр дээр бүртгэсэн 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн, Д.Дэлгэрбалын нэр дээр бүртгэсэн 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан үлдэх шаардлага болох “Ц.Жаргалсайхан, С.Болорсүх, У.Солонго нарыг “Монгол транс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоож, тус компанийн шинэчилсэн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээдээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              М.БАТСУУРЬ         

    ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ