Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 278

 

                             Д.Энхсайханд холбогдох эрүүгийн

                              хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 840 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 623 дугаар магадлалтай, 201401050203 дугаартай эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Л.Мажигсүрэнгийн бичсэн дүгнэлтийг үндэслэн хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1961 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Доржсүрэнгийн Энхсайхан нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 840 дүгээр шийтгэх тогтоолоор Д.Энхсайханыг бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 623 дугаар магадлалаар 840 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Д.Энхсайханыг 3 жил 5 сар хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хэргийн талаар илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хийсэн танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Чингэлтэй дүүргийн хяналтын прокурорын бичсэн дүгнэлтэд: “...Эрүүгийн 201401050203 дугаартай хэргийн хохирогч Б.Энхсүлд нь 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гудамжинд явж байгаад таталт өгч ухаан алдан улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан байх бөгөөд Д.Энхсүлдийн нас барсан шалтгаан нь Д.Энхтайваны 2014 онд үйлдэн ял шийтгүүлсэн хэргийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь эрүүгийн 201401050203 дугаартай хэргийн материалд авагдсан нотлох баримтууд, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 840 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 623 тоот магадлал зэргээр нотлогдож байна гэж дүгнэж байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.3 дахь заалтад заасан нөхцөл байдал илэрсэн байх тул дээрх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүйд тооцуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 361 дүгээр зүйлийг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд: “Хохирогч Б.Энхсүлд нь 2014 онд Д.Энхсайханд зодуулж хүнд гэмтэл авсан болох нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдож байна. Талийгаачийг үхэлд хүргэх гэмтэл нь тархины битүү гэмтэл гэж шинжээчийн дүгнэлтээр гарсан боловч урьдны гэмтэл болон шинэ гэмтэл хоёрын ялгааг гаргах шаардлагатай. Прокурорын бичсэн дүгнэлтийг дэмжиж байна. Шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж, нэгтгэн шалгуулах саналтай байна” гэв.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 840 дүгээр шийтгэх тогтоолоор Д.Энхсайханыг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 623 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Д.Энхсайханд оногдуулсан ялыг 3 жил 5 сар хорих ял болгон өөрчлөн шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд прокурорын бичсэн дүгнэлтийн дагуу Эрүүгийн 201401050203 дугаартай хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судалбал:

Амь хохирогч Б.Энхсүлдийн биед учирсан “зүүн чамархай яснаас чулуулаг яс руу үргэлжилсэн, арагш дээш зулай яс руу үргэлжилж төгссөн шугаман хугарал, баруун, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархи дарагдал, зүүн зулай, чамархайн хуйх, чамархайн булчинд цус хуралт, зүүн зулайд шарх, зулгаралт” бүхий гавал, тархины битүү гэмтэл нь тэрээр 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Жаргалантын 35 дугаар гудамжинд явж байгаад таталт өгч, толгойгоороо газар хүчтэй савж унах үед үүссэн ба амь хохирогч Б.Энхсүлд нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 20 цаг 30 минутад нас барсан үйл баримт нь гэрч С.Дэлгэрсүрэнийн өгсөн “Өнөөдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 21-нд Жаргалантын 35 дугаар гудамжинд 45-50 орчим насны хүн явж байснаа хажуугаар зөрж өнгөрөхдөө гэнэтхэн таталт өгөөд хойшоогоо толгойгоороо саваад уначихсан… /хх-16/, Хараад зогсож байхад тэр хүний нэг гар нь гэнэт дээшээ болоод нөгөө гар нь доошоо болоод, толгой нь хойшоо гэдийж байснаа газар маш хүчтэй унасан. Би эхэндээ согтуу гэж бодож байсан боловч татаж унасан юм байна лээ. Тэр хүний хажуугаар өнгөрөхөд толгойн хэсгээс нь цус гарч байсан /хх-28/ гэх мэдүүлэг,

хохирогч Нарандэлгэрийн өгсөн “Талийгаач 2014 онд Энхсайхан гэх хүнд зодуулж гэмтсэнээс хойш унаж татдаг өвчтэй болсон… Манай нөхөр өвчнөө намдаах гээд архи уудаг. Сүүлийн үед бие нь муудаад байсан болохоор архи их хэрэглэдэг болсон. Тэгээд гэртээ тасарч унаад орондоо шээчихдэг байсан. Гэхдээ тухайн хэрэг болсон өдөр эрүүл байсан гэж Баатараа хэлсэн. Баатараа талийгаачийн сайн найз нь байгаа юм. Баатараа … надад хэлэхдээ Жагаа гэх хүний таксин дотор сууж байгаад татаж унасан гэсэн. Тэгээд Баатараа гэрт нь хүргэж өгсөн гэж надад хэлсэн. Талийгаачийг гэртээ ирэх үед том охин Оюун-Эрдэнэ унтаж байсан ба талийгаачийг гэртээ орж ирэхийг мэдсэн гэсэн. Тэгээд талийгаач усаа аваарай, дүүгээ бас цэцэрлэгээс аваарай гэж хэлээд эргээд гараад явсан гэсэн /хх-20/ гэх мэдүүлэг,

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 987 тоот акт /хх-31/ болон 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хавтаст хэргийн материалаар гаргасан шинжээчийн 829 дүгээр дүгнэлт /хх-42/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтаар тогтоогджээ.

Амь хохирогч Б.Энхсүлд нь Д.Энхсайханд зодуулснаас хойш 2 жил 5 сарын дараа буюу 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гудамжинд явж байхдаа “гавал, тархины битүү гэмтэл”-ийн улмаас таталт өгч, тархиараа хүчтэй савж унан хүндээр гэмтэж нас барсан хэргийн үйл баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.3 дахь хэсэгт заасан “...урьд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэснээс ... хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл...”, өөрөөр хэлбэл урьд нь шүүхээр ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл хүндрэх үндэслэлд хамаарахгүй байх тул прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 362 дугаар зүйлийн 362.1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 02 тоот прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                              ДАРГАЛАГЧ,

                                                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Т.УРАНЦЭЦЭГ

                                                               ШҮҮГЧ                                                                  Б.БАТЦЭРЭН