Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
Хэргийн индекс | 135/2016/00086/и |
Дугаар | 135/шш2017/00106 |
Огноо | 2017-01-18 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 135/шш2017/00106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00086/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ****** баг, ****** хороолол, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг, ******* хороолол, ****** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /*******/,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг, ******** хороолол, ****** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД: *******/ нарт холбогдох,
“Гэрээнээс татгалзсаны торгууль 11,537,600 төгрөг, байрны засварын зардалд 2,336,000 төгрөг, байр ашиглалтын зардал 535,177 төгрөг, нийт 14,408,777 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагч Г.*******, хариуцагч Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч Г.*******ийн өмгөөлөгч Б.Чинбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”Г.*******, Б.******* нар нь тус компанитай тохиролцон, Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах шинээр баригдсан 4 дүгээр байрны 89 тоот 95,68 мкв талбайтай 4 өрөө байрыг авахаар болж, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Гэрээний дагуу ******* ******* ХХК нь дээрх орон сууцыг 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр акт үйлдэн хүлээлгэн өгсөн.Хариуцагч нар нь байранд орсноос хойш байраа зарж банкны зээлд хамрагдан төлж дуусгана гэсэн боловч нэг төгрөг өгөөгүй байранд амьдарсан. 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл байранд амьдарч байгаад гэрээнээс татгалзаж байрыг буцаан өгсөн. Уг байранд амьдрах хугацаандаа гэрээний дагуу нэг ч төгрөг төлөөгүй, дулаан цахилгаан, СӨХ-ийн төлбөрийн 535,177 төгрөгийн үлдэгдэлтэй байрнаас гарсан. Орон сууцны захиалгын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар захиалагч банкны шаардлага хангаагүйгээс бусад шалтгаанаар гэрээг цуцалсан эсвэл орон сууцыг хүлээн авахаас татгалзсан бол гүйцэтгэгч гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгууль төлнө гэж заасан. Иймд хариуцагч нараас гэрээнээс татгалзсаны торгууль 11,537,600 төгрөг, байрны засварын зардалд 2,336,000 төгрөг, байр ашиглалтын зардал 535,177 төгрөг, нийт 14,408,777 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 оны 11 дүгээр сард байр ашиглалтанд ороогүй байхад хариуцагч Г.*******, Б.******* нар нь Дархан сумын ****** баг, ****** хороолол, 4 байрны 89 тоот, 4 өрөө байрыг сонгон авсон боловч тухайн үедээ гэрээ хийгээгүй. Тус байр 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ашиглалтанд орж, улсын комисс хүлээн авсан. Харин Г.*******, Б.******* нар нь 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байранд орсон. Тухайн үедээ Б.******* нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын даргын ажил эрхэлдэг, манай удирдлагууд таньдаг байсан тул гэрээ хийгдээгүй юм. Мөн хариуцагч нар нь өмнө нь байр худалдан авч байсан тул манай зүгээс итгэсэн. Г.*******, Б.******* нарыг байранд орсны дараа Б.*******г авлигалтай тэмцэх газраас шалгаж байгаа тул гэрээ хийх шаардлагатай байна гэж Г.******* 2016 оны 05 дугаар сард намайг дуудсан. Тэгээд би компанийн захирлын гарын үсэгтэй гэрээний загвар дээр гэрээг хийж, Г.******* гарын үсэг зурсан. Тухайн үед Б.******* байгаагүй. Тэгээд гэрээний огноог 2014 оны 11 дүгээр сарын 03 гэж бичсэн. Ер нь бол хариуцагч нар анхнаасаа гэрээ хийх ёстой байсан ч тухайн үедээ гэрээ хийгээгүй байсан. Мөн шалгагдаж байгаа асуудлаасаа болоод урьдчилгаа 5,800,000 төгрөг өгсөн гэсэн баримт бид хуурамчаар үйлдэж, Г.*******т өгсөн бөгөөд үүнийгээ гэрээний хавсралтад мөн заасан. Гэхдээ энэ хүүмүүс манай компанийн байранд анхнаасаа амьдрах зорилготой байсан тул гэрээг сүүлд нөхөж хийснээс хамаарахгүйгээр гэрээнд тэдний хүсэл зориг илэрхийлэгдсэн гэж үзэж байна. Энэ хүмүүсийг бодож л урьдчилгаа мөнгө өгсөн гэж хуурамч баримтыг хийж өгсөн. Түүнээс нэг төгрөгийн төлбөр төлөөгүй, хэрэглэсэн цахилгаан, ус, дулааны төлбөрөө төлөхгүй байсан учир 2015 оны 12 дугаар сард Г.*******, Б.******* нарыг байрнаас гаргасан. Шинэ байранд орчихоод дахин засвар хийх шаардлагатай болгосон учир засварын зардлын мөнгийг хамгийн сүүлийн шинжээчийн дүгнэлтийн дагуу 2,336,000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа. Мөн манай компани байрыг одоог хүртэл зараагүй байгаас бизнесийн алдагдалд орж байгаа тул гэрээний дагуу гэрээнээс татгалзсаны торгууль 11,537,600 төгрөг, нийт 14,408,777 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна” гэв.
Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан тайлбартаа: “... Манай гэр бүл 2015 оны 03 сарын 10-нд 4 өрөө байранд орсон бөгөөд өөрийн байр зарагдахгүй байсаар 2015 оны 11 дүгээр сар хүрсэн. Гэтэл 2015 оны 11 дүгээр сард О.ганбаатар манай эхнэр Б.******* рүү байраа суллаад гар гэсэн мессеж явуулсан байсан. Тэгээд би тай холбогдож манай байр зарагдахгүй байна гэдгээ хэлэхэд байраа чөлөөлөөд өг өөр зүйл байхгүй гэсэн. Үүний дагуу 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байрнаас гарсан. Тэгээд байрны түлхүүр, байраа *******т хүлээлгэн өгсөн.
2015 оны 05 сарын 04-ний өдөр ******* ******* ХХК-ийн нягтлан бодогч *******той би уулзаад манай эхнэр Б.*******г Авилгатай тэмцэх газраас шалгаад байгаа учраас танай компанийн байранд орсныг ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээр шалгаж магадгүй гэж хүнд үзүүлэх зорилгоор гэрээ хийхээр тохирч орон сууц захиалгын гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөр хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Харин дулаан, цахилгаан, СӨХ-ийн төлбөр 535,177 төгрөгийг төлж барагдуулна” гэжээ.
Хариуцагч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх ******* ******* ХХК-ийн байранд өмнө нь 2 байр захиалсан байсан. Энэ байранд орох талаар ******* гэх хүнтэй огт яриагүй, ******* ******* ХХК-ийн захирал манай эхнэрт танайх манайхаас 2 байр захиалж авсан учир дахин байр авъя гэвэл 3 дахь байрыг 1 мкв талбайн үнийг 1,100,000 төгрөгөөр бодож ав гэж санал тавьсан гэхээр нь би авъя гэвэл байрны урьдчилгаа байхгүй, 1 жилдээ багтааж төлөх боломж байна уу гэхэд захирал болно боломж бололцоогоороо төлөөрэй гэсэн. Тэгээд байр ашиглалтанд орсны дараа буюу 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр нүүж орсон. Тэр хугацаанд ямар нэгэн гэрээ хийгдээгүй, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр манай эхнэр Б.*******г Авилгалтай тэмцэх газраас шалгаж эхэлсэн учир би 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр захирал байхгүй байсан учир *******той уулзахад захирлын гарын үсэгтэй гэрээний баланк байсан. Ямар ч урьдчилгаа мөнгө төлөөгүй байж байр хаанаас гараад ирсэн гэж Авилгалтай тэмцэх газраас шалгах байх гэж бодоод учир байдлаа *******т хэлж Авилгалтай тэмцэх газрыханд үзүүлэх зорилгоор дүр үзүүлэх гэрээ хийх шаардлагатай байна гэж хэлээд бэлнээр 5,800,000 төгрөг өгсөн мэтээр хуурамч баримт үйлдэж гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөр хийсэн. Бид нарын нэр дээр ямар нэгэн бүртгэл, гэрчилгээ байхгүй, 5,800,000 төгрөгийг өгөөгүй, энэ гэрээ нь анхнаасаа дүр үзүүлж хуурамчаар хийгдсэн. Мөн энэ гэрээг хуурамч гэдгийг нотлох баримт нь нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 3 дахин өөрчилж байгаа явдал юм. Шүүх үүнийг анхаарч үзээсэй. Гэрээний торгуулийг нэхэж байгаа бол яаж бодож гаргасан энэ нь яагаад өөрчлөгдөөд байгаа талаар асуумаар байна. Байр ашигласны төлбөр болох амьдарч байх хугацааны ус, цахилгаан, дулааны мөнгийг бид бэлнээр төлж байсан. Сүүлийн 2 сарын мөнгө гарсан байх, нэхэмжлэгч талаас нэхээд байгаа байрны засварын зардал 2,336,000 төгрөг, ашиглалтын зардал 535,177 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. захиралтай утсаар ярихад байранд анх ороход ямар байсан тэр хэвээр нь болгоод өг гэж хэлсэн. Энэ гэрээг хийхэд захирлын тамгатай гарын үсэгтэй баланкыг л ашигласан. ******* нь гэрээ хийх эрхгүй этгээд энэ талаар Иргэний хуулийн 6 дугаар бүлэгт тодохой заасан байгаа. Иймд бидний байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4, 56.1.9-т тус тус зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ юм. Мөн Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2-202.14 дүгээр зүйлд гэрээний стандарт нөхцөлийн талаарх заалтыг зөрчсөн шударга ёсны зарчимд харшилж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас торгууль 11,537,600 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: “******* *******” ХХК-иас нийт 14,408,777 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Тус компани надтай ямар нэгэн гэрээ байгуулаагүй болохоор эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Нөөгөөтэйгүүр “******* *******” ХХК-ийн орон сууцны захиалгын гэрээ анхнаасаа хуурамчаар дүр үзүүлэн хийсэн гэрээ гэж ойлгож байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хуулийн үндэслэлгүй юм” гэжээ.
Хариуцагч Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.******* нь Г.*******тай адилхан байр суурьтай байдаг. Б.******* байрны засварын зардал 2,336,000 төгрөг, ашиглалтын зардал 535,177 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрч байгаа гэрээний торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Г.*******, Б.******* нараас орон сууц захиалгын гэрээнээс татгалзсаны торгууль, алданги 13,873,600 төгрөг, дулаан, цахилгаан, СӨХ-ийн төлбөр 535,177 төгрөг, нийт 14,408,777 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өөрчилж, гэрээнээс татгалзсаны торгууль 6,138,190 төгрөг, байрны засварын зардалд 7,735,410 төгрөг, цахилгаан, дулаан, СӨХ-ийн төлбөрт 535,177 төгрөг, нийт 14,408,777 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
Мөн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа гэрээнээс татгалзсаны торгууль 11,537,600 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон байрны засварын зардалд 2,336,000 төгрөг, цахилгаан, дулаан, СӨХ-ны төлбөр 535,177 төгрөг, нийт 14,408,777 төгрөгийг гаргуулахаар тус тус өөрчилсөн бөгөөд СӨХ-ны төлбөр гэдгээ хариуцагч нарын байрыг эзэмшиж, ашиглаж байх хугацааны дулаан, цахилгаан, ус ашигласны төлбөр гэж тодруулж тайлбарладаг болно.
Хариуцагч Г.*******, хариуцагч Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбаатар нар нь шүүх хуралдаан дээр байрны засварын зардал 2,336,000 төгрөг, ашигласан хугацааны ус, дулаан, цахилгаан, ашиглалтын зардал нийт 535,177 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч байна, харин “******* *******” ХХК-тай байгуулсан 2014 оны 11 сарын 03-ны өдрийн орон сууцны захиалгын гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ тул гэрээнээс татгалзсаны торгууль 11,537,600 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хариуцагч Г.*******, Б.******* нар нь нэхэмжлэгч “******* *******” ХХК-тай тохиролцон, тус компанийн барьж, шинээр ашиглалтанд оруулсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 4 дүгээр байрны 89 тоот, 4 өрөө орон сууцыг худалдан авах зорилгоор 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тус байрыг хүлээн авч, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл эзэмшиж байсан зэрэг нь хэрэгт авагдсан 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгийн бүртгэлээр хүлээлгэн өгсөн баримт, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай мэдэгдэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй болно.
Хэрэгт авагдсан “******* *******” ХХК болон Г.******* нарын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14/045 дугаартай “Орон сууцны захиалгын гэрээ”-нд Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 дугаар хороолол, 13 дугаар баг, ******* хотхоны Б байрны 2 дугаар орцны 12 давхрын 4 өрөө 95,68 мкв талбай бүхий орон сууцыг 1 мкв талбайн үнэ 1,450,000 төгрөгөөр тогтоож, урьдчилгаа байршуулах, захиалагч нь байрны үлдэгдэл төлбөрийг банкны зээлэнд хамрагдан төлөх, гэрээний хавсралтанд тохирсон хуваарийн дагуу үнийг төлөх, гүйцэтгэгч нь орон сууцыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан барьж гүйцэтгэж, улсын комисс хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор орон сууц хүлээлгэн өгөх өдрийг захиалагчид бичгээр мэдэгдэх үүргийг тус тус хүлээхээр заасан бөгөөд гэрээний хавсралтад 2014 оны 11 сарын 03-ны өдөр 5,800,000 төгрөгийн урьдчилгаа төлсөн, нэмэлт нөхцөл дээр үлдэгдэл төлбөрийг өөрийн эзэмшлийн Дархан сумын 11 дүгээр баг, 1-8 тоот 3 өрөө байрыг зарагдсаны дараа төлөхөөр тохирчээ. /хх-ийн 28-30 дугаар хуудас, гэрээний эх хувь хх-64-66 дугаар хуудас/
Мөн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “******* *******” ХХК-д Г.******* байрны урьдчилгаанд 5,800,000 төгрөг тус компанийн нягтлан бодогч *******т хүлээлгэн өгсөн баримтыг үйлдэж, талууд гарын үсэг зуржээ. /хх-31, 63 дугаар хуудас/
Гэрээний зүйл болох орон сууцыг 2014 оны 11 сарын 12-ны өдрөөс ашиглалтанд оруулахыг зөвшөөрч, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт гарсан болох нь хэрэгт авагдсан 2014 оны 11 сарын 12-ны өдрийн 2014/26-II дугаартай актаар тогтоогдож байна.
Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дээрх 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14/045 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-г 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хийж, огноог 2014 оны 11 сарын 03-ны өдрөөр бичсэн, хариуцагч Б.*******г авилгатай тэмцэх газраас шалгаж эхэлсэнтэй холбогдуулан, Г.*******ийн хүсэлтийн дагуу тус компанийн нягтлан бодогч ажилтай ******* нар “******* *******” ХХК-ийн захирал ын гарын үсэг бүхий гэрээний маягт ашиглан тус гэрээг хийсэн, мөн гэрээний хавсралтад заасан урьдчилгаанд төлсөн гэх 5,800,000 төгрөгийг Г.******* төлөөгүй атлаа 2014 оны 11 сарын 03-ны өдөр төлсөн байдлаар бэлэн мөнгөний баримтыг авлигатай тэмцэх газраас ирсэн шалгалтад үзүүлэх зорилгоор Г.*******, ******* нар нь үйлдсэн зэрэг нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын шүүх хуралдаанд гаргасан “Хариуцагч нар нь 2015 оны 03 сарын 10-ны өдөр тус байранд орсон бөгөөд тухайн үедээ Б.******* нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын даргын ажил эрхэлдэг, манай удирдлагууд таньдаг байсан тул гэрээ хийгдээгүй юм. Г.*******, Б.******* нарыг байранд орсны дараа Б.*******г авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа тул гэрээ хийх шаардлагатай байна гэж Г.******* 2016 оны 05 дугаар сард намайг дуудсан. Тэгээд би компанийн захирлын гарын үсэгтэй гэрээний загвар дээр гэрээг хийж, Г.******* гарын үсэг зурсан. Тухайн үед Б.******* байгаагүй. Тэгээд гэрээний огноог 2014 оны 11 дүгээр сарын 03 гэж бичсэн. Мөн 5,800,000 төгрөгийн урьдчилгааг төлсөн гэсэн баримт үйлдсэн. Тухайн үедээ энэ хүмүүст тусалж л тийм хуурамч баримт хийсэн. Г.*******, Б.******* нар нь байрны төлбөр нэг ч төгрөг төлөөгүй” гэсэн тайлбар, хариуцагч Г.*******ийн “манай эхнэр Б.*******г Авилгалтай тэмцэх газраас шалгаж эхэлсэн учир би 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр захирлын эзгүйд *******той уулзахад захирлын гарын үсэгтэй гэрээний баланк байсан. Ямар ч урьдчилгаа мөнгө төлөөгүй байж байр хаанаас гараад ирсэн гэж Авилгалтай тэмцэх газраас шалгах байх гэж бодоод учир байдлаа *******т хэлж Авилгалтай тэмцэх газрыханд үзүүлэх зорилгоор дүр үзүүлэн гэрээ хийх шаардлагатай байна гэж хэлээд бэлнээр 5,800,000 төгрөг өгсөн мэтээр хуурамч баримт үйлдэж гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөр гэж хийсэн. Урьдчилгаа мөнгө гэж өгөөгүй юм” гэсэн тайлбараар тус тус тогтоогдож байна.
Дээрх үйл баримтаас дүгнэвэл “******* *******” ХХК болон Г.******* нарын хооронд байгуулагдсан гэх орон сууц захиалгын гэрээ нь талуудын хүсэл зоригийн бодит илэрхийлэл биш байна гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т: “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* “гэрээг Б.*******г авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа үндэслэлээр нөхөн хийсэн хэдий ч энэ гэрээг өмнө нь хийх ёстой байсан. Иймээс гэрээнд тусгагдсан нөхцлүүд бол хүчин төгөлдөр юм” гэж тайлбарладаг хэдий ч тус орон сууцыг улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн акт 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гарснаас хойш буюу 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Г.*******, Б.******* нар нь байранд нүүн орсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд байр бүрэн ашиглалтанд орохоос өмнөбуюу байрыг улсын комисс хүлээн авахаас өмнө хариуцагч нарын нэр захиалагчийн нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан Төрийн банкны Дархан-Уул салбарын 2016 оны 03 сарын 15-ны өдрийн 185 тоот албан бичгээр ирүүлсэн “******* *******” ХХК-ийн манай банктай байгуулсан ЗГ/96/2 тоот зээлийн судалгааны материалд орон сууц захиалагчийн нэрсийн жагсаалтанд Г.*******, Б.******* нар нь 95,68 мкв талбай бүхий 89 тоот, 4 өрөө байрны захиалагчаар бүртгэгдсэн нь үнэн болно гэсэн тодорхойлолтод хэзээ байгуулсан гэрээнд захиалагчаар бүртгэгдсэн болох нь тодорхойгүй, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2014 оны 06 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дугаар нь дээрх албан бичигт заасан гэрээний дугаартай зөрүүтэй байгаа зэргээс хариуцагч Г.*******, Б.******* нар нь орон сууц баригдаж, ашиглалтанд орохоос өмнө орон сууц захиалгын гэрээ хийсэн гэдэг нь тогтоогдохгүй байна.
Иймд хэрэгт авагдсан Орон сууцны захилгын гэрээ нь талуудын хооронд эрх, үүрэг үүсгэх зорилгоор хийгдсэн бодит хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл энэхүү гэрээний дагуу талуудын хэн аль нь шаардах эрхгүй гэж дүгнэж байна.
Харин талуудын тайлбараас үзэхэд зохигчдын хооронд орон сууц, худалдах, худалдан авах хэлцэл амаар хийгдсэн байх бөгөөд энэхүү хэлцлийн дагуу хариуцагч Г.*******, Б.******* нар нь “******* *******” ХХК-ийн өмчлөлийн орон сууцыг тодорхой хугацаагаар өөрийн эзэмшилд байлгасан байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Хариуцагч нар нь орон сууцны үнийг төлөхөөс өмнө тус орон сууцыг эзэмшиж, ашиглаж байснаас үзэхэд талууд орон сууцны үнийг тодорхой хугацааны дараа төлөхөөр тохирсон байна гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд Г.*******, Б.******* нар нь орон сууцны үнийг төлөхгүй байсан тул манай зүгээс байрнаас гарах шаардлага тавьж, орон сууцаа буцаан авсан гэж тайлбарладаг бөгөөд орон сууцны үнийг төлөх хугацааг хэрхэн тохирсон нь тодорхойгүй байна.
Мөн хариуцагч Г.******* орон сууцны үнэ дээр тохироогүй тул бид байраа буцаан хүлээлгэн өгсөн гэж тайлбарладаг болно.
Талуудын хоорондын тохиролцоо орон сууцны үнэ, үнэ төлөх хугацаа зэрэг нь тодорхойгүй байхад хариуцагч нарыг үнэ төлөх хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэх боломжгүй юм.
Харин талуудын хэн аль нь гэрээнээс татгалзсан татгалзлыг хүлээн зөвшөөрч, хариуцагч нар нь нэхэмжлэгч талд орон сууцыг буцаан шилжүлсэн байх тул энэхүү татгалзал хууль ёсны байсан эсэх талаар шүүх дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.
Тус орон сууцыг хариуцагч Г.*******, Б.******* нар эзэмшилдээ байлган ашиглах хугацаандаа хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны зардал болох нийт 535,177 төгрөгийг төлөөгүй, мөн шинэ орон сууцыг ашиглах явцдаа хохирол учруулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэхүүзайлшгүй засвар хийх зардлыг шүүхээс томилогдсон “Ашидбилгүүн” ХХК, “Бан хас” ХХК, “Цэгц үнэлгээ” ХХК-ын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр 2,336,000 төгрөг гэж тогтоосныг талууд хүлээн зөвшөөрсөн болно. /хх-155-160 дугаар хуудас /
Иймд хариуцагч нар дээрх зардлуудыг хүлээн зөвшөөрч байх тул нийт 2,871,177 төгрөгийн зардал төлөхийг зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг батлах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 11,537,600 төгрөгийн гэрээнээс татгалзсаны торгуулыг хариуцагч Г.*******, Б.******* нараас нэхэмжилж байгаа бөгөөд энэхүү шаардлагынхаа үндэслэлийг 2014 оны 11 сарын 03-ны өдрийн 14/045 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-ний 9.2 дахь заалт гэж тайлбарладаг болно.
Энэхүү гэрээ нь талуудын бодит хүсэл зоригийн илэрхийлэл биш тул тус гэрээний дагуу талуудад шаардах эрх үүсэхгүй талаар шүүх дээр дүгнэсэн тул гэрээний дагуу торгууль шаардах үндэслэлгүй байна.
Нөгөө талаас талууд гэрээнээс татгалзсан тохиолдолд анз шаардах боломжгүй юм.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т: “Хүлэсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж заажээ.
Энэхүү анз нь дээрх хуульд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд үүргийн биелэлтийг шаардаж байгаа тохиолдолд тэрхүү гүйцэтгэгдээгүй үнийн дүнгээс тооцохоор хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл гэрээний үүргийн биелэлтийг шаардаагүй, харин гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анз тооцож нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд “******* *******” ХХК-ийн Г.*******, Б.******* нараас гэрээнээс татгалзсаны торгуульд 11,537,600 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.*******, Б.******* нараас торгууль 11,637,600 төгрөг гаргуулах тухай “******* *******” ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч “******* *******” ХХК-ийн Г.*******, Б.******* нарт холбогдуулан гаргасан 2,871,177 төгрөгийн зардал гаргуулах тухай шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,318 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******, Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 60,889 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ