Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 113

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч М.Ж  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ж д холбогдох эрүүгийн 2015000000089 дугаартай, 163/2020/0105/Э индекстэй хэргийг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 34 настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ... нягтлан бодогч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт оршин суух, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, М овогт М.Ж.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд/:

Шүүгдэгч М.Ж г хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ж гийн өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, эрүүгийн 2015000000089 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч

М.Ж  нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн ... сумын “А” багийн нутаг “Ш ” гэх газарт ажлын хамт олонтойгоо нийтийн хог цэвэрлэгээнд оролцож байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хохирогч Т.М тэй “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хурдтай явлаа” гэх шалтгаанаар хувийн тааламжгүй харилцаа үүсгэн маргах явцдаа түүнийг цохиж биед нь зүүн 10, 11 дүгээр хавирганы бага зөрөөтэй хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Т.М ий өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр буюу баасан гаригт ... сумын Эрүүл мэндийн төвийн ажилтан, алба хаагч нарын хамтаар Булган аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг “Ш ” гэх газар руу нийтийн хог цэвэрлэх ажлаар өдөр 13 цагийн орчимд сумын төвөөс 2 тээврийн хэрэгсэлтэй явцгаасан. Миний бие тухайн үед албаны **-** БУА улсын дугаартай цагаан өнгийн “УАЗ” пургон загварын тээврийн хэрэгсэлтэй явсан. Ингээд бид бүхэн өөрийн хариуцсан газрын хогийг цэвэрлээд орой 19 цагийн орчимд дуусч улмаар явах гээд байж байтал манай байгууллагад шинээр ажилд орсон их эмч У , нярав Д  нар хамт олондоо зориулаад 0.75 литрийн савлагаатай “ARKHI”, “EDEN” нэртэй 2 шил архи, 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво гаргаж ирээд “бид бүхэнд зориулж авчирсан шүү” гэж хэлэхээр нь архи пиво ууцгаасан. Тэгээд нэлээн орой болсон, миний санаж байгаагаар 22 цагийн орчимд сумын төв рүү явах болоод хамт байсан алба хаагч нарыг аваад хөдөлсөн. Араас хамт явсан манай байгууллагын нягтлан бодогч ажилтай Ж  хөдөлсөн. Удаагүй 1 км орчим явж байхад араас гэрлээр дохиод байхаар нь замд зогссон. Тэгээд миний автомашины урдуур ирж зогсоод Ж  тээврийн хэрэгслээсээ бууж хүрч ирээд намайг буулгаад автомашинаас жаахан зайдуу газар очоод үгийн зөрөөгүй нүүр рүү 2 удаа цохиод би газар унасан. Тэгээд миний дээрээс боож, хавирга руу нилээн хэдэн удаа өшиглөсөн. Газар унаад босож чадахгүй хэвтэж байсан. Тэгтэл Ж  намайг зодчихоод “босооч” гэсэн. Би Ж д хандаж “би хөдлөж чадахгүй байна” гээд тухайн газраа үлдсэн. Ж  ч машиндаа суугаад явсан. Маргааш өглөө нь эхнэр миний нүүр царай, биеийг хараад тухайн хэрэг явдлын талаар асуухаар нь урьд шөнө хог цэвэрлэчихээд дуусаад байж байтал Ж д зодуулчихлаа гэдэг талаараа хэлсэн. Тухайн өдөр амралтын өдөр байсан тул гэрээс гараагүй, орой нь хавиргаар хатгуулж өвдөөд унтаж чадаагүй. Маргааш нь буюу ням гаригт биеийн байдлаас шалтгаалаад аймгийн төв рүү орж Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт очиж, биеэ үзүүлсэн. Мөн эход харуулсан. Эмч үзээд таны 10, 11 дүгээр хавирга хугарч, зөрсөн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-10-13 тал/,

Гэрч Л.Ц ын өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн ... сумын төрийн байгууллагын ажилтан, алба хаагч нар нийтийн хог цэвэрлэх ажлаар Булган аймгийн ... сумын А багийн нутаг “Ш ” гэх газар руу явцгаасан. Тухайн үед миний бие өөрийн байгууллагын ажилтан, алба хаагч нарын хамтаар явж хариуцуулж өгсөн цэгийн хогийг цэвэрлээд орой 19 цагийн орчимд сумын төвд ирсэн. Тухайн газарт зарим нэг байгууллагууд хогоо цэвэрлэж дуусаагүй гэх шалтгаанаар үлдсэн. Манай нөхөр хог цэвэрлэж дуусаад гэртээ ирсэн. Маргааш өглөө нь сэрээд нөхрийнхөө нүүр царайг хартал, зүүн нүд нь хөхөрчихсөн, цээж, хүзүү хэсэг нь нилэнхүйдээ хөхрөөд улайчихсан байдалтай байсан. Тэгээд би яагаад бие нь ийм байдалтай болчихсон талаар нөхрөөсөө асуухад урьд орой хог цэвэрлэж дуусаад хамт ажилладаг байгууллагын ажилтан болох Ж  гэх залууд зодуулсан юмаа гэж хэлсэн. 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт очиж үзүүлсэн, нөхрийн зүүн талын 10, 11 дүгээр хавирга хугараад зөрчихсөн байдалтай байна гэсэн онош тогтоогдсон. ...” гэх мэдүүлэг /хх-15-16 тал/,

Гэрч Д.О гийн өгсөн: “...Сүүлд ажил цугласан үед манай байгууллагын нягтлан бодогч ажилтай Ж  нь жолооч М ийг зодож хоёр хавиргыг нь гэмтээсэн гэж дуулсан. Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчид үзүүлж харуулсан гэсэн. Тухайн эмчийн оношоор бол зүүн талын 2 хавирга хугарсан гэсэн онош тавигдсан байна лээ. Одоо ажлаа хэвийн хийж байгаа” гэх мэдүүлэг /хх-17-19 тал/,

Гэрч Г.У ийн өгсөн: “...М ийг Ж  зодоод хавиргыг нь хугалчихсан гэдэг талаар сонссон. Сүүлд 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр М  жолоочийн хамт дуудлаганд явах үед хавиргаар өвдөөд байна, амьсгалахад хэцүү байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-20-22 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 110 дугаартай: “Т.М ий биед зүүн 10, 11 дүгээр хавирганы бага зөрөөтэй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-27-28 тал/,

Шүүгдэгч М.Ж гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Манай байгууллагын жолооч М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ албаны тээврийн хэрэгслийг бариад нилээн хурдтай явахаар нь араас нь санаа зовсондоо гүйцэж түрүүлж очоод “та ямар хурдтай явдаг юм бэ?” гээд тээврийн хэрэгслээс нь гаргаж ирээд 2 удаа шанаадаад авсан, ингээд заамдалцаж автал М  ах согтолттой байсан болохоор газарт арагшаагаа унаад өгсөн. Би дээр нь давхарладаж унахдаа өвдөглөөд цээжин дээр нь биеэрээ унасан. Надаас шалтгаалж М  ахын хавирга хугарсан. Өөр хүн М ийг зодож цохиогүй. Тухайн үед бид хоёр л байсан өөр хүн дэргэд байгаагүй, бусад хүмүүс хараагүй...” гэх мэдүүлэг /хх-25-25 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.М ий бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч М.Ж гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч М.Ж гийн үйлдэл идэвхтэй, хохирогч Т.М ий бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч М.Ж  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Т.М  гэм хорын хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд илэрхийлсэн байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Ж гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч М.Ж г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Ж гийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Ж  нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 33-53 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч М.Ж  нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан, Булган аймгийн ... сумын Эрүүл мэндийн төвд ажиллаж, тус сумын 5 дугаар багт эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг зэрэг түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг 3 сарын хугацаанд төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ... биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч М.Ж  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М овогт М.Ж г Эрүүгийн хуулийн тусгайангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч М.Ж г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.

  4. Энэ хэрэгт шүүгдэгч М.Ж  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөхтөлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

  5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ЦЭРЭНХАНД