Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 114

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч Ш.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.М д холбогдох, эрүүгийн 2015001380106 дугаартай, 163/2020/0106/Э индекстэй хэргийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 46 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, усны механикч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн ... тогооч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, А овогт Ш.М. Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.М  нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Д ” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа “Э” ХХК-ий Ч худалдаанаас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж маргааш мөнгийг чинь шилжүүлнэ гэж 303000 төгрөгний үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг залилсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.М гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2015001380106 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар

Ш.М  нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Д” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа “Э” ХХК-ий Ч худалдаанаас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж маргааш мөнгийг чинь шилжүүлнэ гэж 303000 төгрөгний үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг залилсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Д ын өгсөн: “...2019 оны 04 сарын эхээр Эрдэнэтийн “Ч" ХХК-г төлөөлж, барааны захиалга авахаар Булган аймаг Булган суманд байрлах “Д” хүнсний дэлгүүрт очиж захиалга авчихаад маргааш нь захиалгын дагуу хүнсний барааг манай ажилчид хүргэж өгсөн. Хүргэлтээр очоод барааг “Д ” хүнсний дэлгүүрт өгөх үед худалдагч Ш.М  303.000 төгрөгний барааг хүлээж аваад мөнгийг чинь араас чинь дансаар шилжүүлнэ гэж хэлээд авч үлдсэн гэсэн. Дараа нь мөнгө шилжүүлээгүй явсаар байгаад өнөөдрийг хүргэсэн. ...” гэх мэдүүлэг /хх11-12 тал/,

Гэрч Ш.Г гийн өгсөн: “...Тухайн үед түгээлтийн ажилтан Х  надад хэлэхдээ Булганы Д  хүнсний дэлгүүр 303.000 төгрөгний барааны төлбөрийг дансаар шилжүүлнэ гэж байна гэсэн. Манайх тухайн сардаа багтааж зээлдүүлсэн бараа материалын төлбөрийг авдаг. Сарын сүүл болоод авлагаа авъя гээд Д  хүнсний дэлгүүрийн даргатай утсаар ярихад дарга нь тэр худалдагч чинь манай хүнсний дэлгүүрт ажиллахаа больсон. Манайх зээлээр бараа авдаг газар биш. Тэр худалдагч чинь манай дэлгүүрээс бараа дутаагаад ажлаасаа гарсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-13 тал/,

Гэрч Е.Х гийн өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын эхээр Булган аймгийн “Д ” хүнсний дэлгүүрийн захиалгын дагуу очиж 303.000 төгрөгний барааг худалдагч Ш.М д хүлээлгэж, тоолж өгсөн. Худалдагч тухайн үед барааг хүлээж авчихаад “Маргааш мөнгийг чинь дансаар шилжүүлнэ” гэж хэлэхээр нь би за шилжүүлнэ биз гэж бодоод Эрдэнэтрүүгээ буцаад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 24 тал/,

 “Э ХХК”-ий тооцооны дэд дансны хуулга /хх 21-22 тал/,

“Э ХХК”-ий тооцооны нөатын баримт /хх 38 тал/,

Шүүгдэгч Ш.М гийн яллагдагчаар өгсөн: “...Би Д  хүнсний дэлгүүрт ажиллаж байх хугацаандаа 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 303.000 төгрөгний бараа авч, мөнгийг нь өгөлгүй дундаас нь ашигласан. Тэгээд мөнгийг нь дараа өгнө гэж байсан боловч Өмнөговь аймагт ажилтай болоод өгч чадаагүй яваад өгсөн. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч 303.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-31 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Ш.М гийн үйлдэл идэвхтэй, “Д ” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа “Э” ХХК-ий Ч худалдаанаас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж буй өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй өмчлөх эрхийн эсрэг хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Г.М гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 303000 төгрөгийн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч хохирлыг төлснөөр хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Д  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ  /хх-40 тал/ илэрхийлсэн байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ш.М гийн хуурч өмчлөгчийн хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ш.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-36 тал/ зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хохирлыг арилгасан нөхцөл байдал болон улсын яллагчийн ялын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Харин түүнд оногдуулах торгуулийн ялыг биелүүлэх хугацааг  хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5 / таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Ш.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А овогт Ш.М гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Ш.М г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/  төгрөгийн торгуулийг сар бүр 100000 /нэг зуу мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 5 /тав/ сарын хугацаагаар тогтоосугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснааршүүгдэгч Ш.М  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  5. Энэ хэрэгт шүүгдэгч Ш.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдадтөлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЦЭРЭНДУЛАМ