Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 64

 

 

2017 оны 01 дүгээр сарын 24           Дугаар156/ШШ2017/00064                         Хэрлэн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2016/00766/И

            Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
    Нэхэмжлэгч: “Вишн Фанд” ББСБ-ын Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Амарбаяр, нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Амарбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
“Нямхүү овогтой Алтантуул нь 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 10604944 тоот зээлийн гэрээгээр 2 300 000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай зээлж авсан. 2016 оны 08 сараас хойш зээлийн төлөлт огт хийгдээгүй, ажлаасаа гарсан, холбоо барих утасгүй байгаа. Иймд Н.Алтантуулыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм” гэв

      Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                            
ҮНДЭСЛЭХ НЬ:

“Вишн Фанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ходго овогт Нямхүүгийн Алтантуул нь 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Вишн Фанд” ББСБ-ын Хэнтий аймаг дахь салбараас 10604944 тоот Зээлийн гэрээгээр 2 300 000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай зээлдэж авсан болох нь /хх-ийн 7-10х/ Зээлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээний хуулбарууд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна. 
Одоо “Вишн Фанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй энэхүү иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ходго овогт Нямхүүгийн Алтантуулын  оршин суугаа хаяг нь тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн засаг дарга Б.Хүрэлзүрхийн  албан тоот зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.           
           
           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                 

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т зааснаар “Вишн фанд” ББСБ-ын Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох СО74122504 тоот регистрийн дугаартай, Ходго овогт Нямхүүгийн Алтантуулыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Алтантуулыг  эрэн сурвалжилж, түүний оршин суух газрыг олж тогтоохыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэн хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Алтантуулын талаарх хавтаст хэрэгт авагдсан баримтын хуулбарыг, шийдвэрийн хамт Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хүргэхийг шүүгчийн туслах З.Отгонбаярт үүрэг болгосугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Ж.БОЛДБААТАР