Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 115

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Батсайхан,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч Б.Л  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Л д холбогдох, эрүүгийн 2015000000082 дугаартай, 163/2020/0108/Э индекстэй хэргийг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 32 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой,сувилагч мэргэжилтэй, ... сувилагч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, И овогт Б.Л.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Л  нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Н тэй урьдын хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л гийн өгсөн: 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нийтийн албан ёсны их цэвэрлэгээ хийсэн. Бид нар машин дотор орой 19 цагийн орчимд харанхуй болсон үед урд талын суудал дээр У , Н  сууж байсан.  У ийг би авч явах гэтэл Н  уурлаж надтай муудалцсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 10 хоногийн дараа намайг цагдаа дуудсан. Би бас зодуулсан харилцан зодоон болсон гэж цагдаа хэлж байсан. Шүүх шинжилгээгээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Өөр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2015000000082 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Б.Л  нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Н тэй урьдын хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хохирогч Г.Н ийн өгсөн: “...Ингээд орой 22 цагийн орчимд архиа хувааж ууж дуусаад, тухайн газраасаа явах гээд нярав Д г согтолттой байхаар нь байгууллагынхаа машинд суулгаад, буцаад

У ийг авчирч өөрийнхөө сууж явсан машинд суулгах гэж очтол, У ийн сууж байсан нятглан Ж гийн машин дотроос манай байгууллагын сувилагч ажилтай Л  гэх хүүхэн бууж ирээд, чи эмчийг авах гэж ирээд байхдаа яадагын гээд уурлаад, У ийг чи машинаас буухгүй шүү гээд, намайг машинаас холдуулаад түлхээд газарт унагаасан. Тэгээд Л  миний цээжин дээр гарч суугаад, цамцнаас гараараа боогоод, чи миний хажууд хов ярьдаг хэн бэ, миний амьдрал чамд хамаагүй шүү, бага хов яриараарай гээд хүзүүг боогоод унасан. Ингэхээр нь өөдөөс нь эсэргүйцээд, намайг аллаа гээд орилсон, гэтэл миний үгийг тоохгүй боогоод байсан. Ингээд амьсгаа боогоод байж байтал, У  эмч Л г надаас салгаад аваад явсан. Ингээд газраас босч ирээд, Л  дээр очоод өөрийнхөө малгайг тайлж аваад, сувилагч Б г сумын төвөөс дуудаад тухайн газраас явсан. ...” гэх мэдүүлэг /хх-12-13 тал/,

Гэрч Г.Б гийн өгсөн: “... Орой 23 цагийн орчимд Н  залгаад “Намайг ирээд аваадхаач, би хүнд зодуулчихлаа, одоо хээр ганцаараа явж байна, айгаад байна” гэсэн. Ингээд утас нь тасарсан. Эргээд холбогдсон утас руу ахиж залгасан, Н  утсаар ярихдаа айгаад байна гээд уйлаад байсан. Тэгээд миний бие гэрээрээ орж нөхрийнхөө хувийн автомашиныг асаагаад Н ийн байгаа газарт очиж Н ийг аваад Эрүүл мэндийн төв дээр ирсэн. Намайг очиж авах үед Н  нь ганцаараа “Орхон гол”-ын гүүрний цаад талд шороон замын уулзвар хэсэгт явж байсан. Тэгээд Н ийг аваад эмнэлэг дээр ирээд биеийн байдлыг нь үзэхэд хүзүү хэсэг нь хумсны шарх сорвитой, хөндүүрлээд өвдөөд байна гээд уйлаад байсан. Тэгээд тамадинаар арчиж бохирыг нь цэвэрлээд шархны тос түрхээд, хүнтэй утсаар яриад гараад явсан. Миний ойлгосноор сумын цагдаагийн хэсэг рүү явсан байх. ...” гэх мэдүүлэг /хх-21 тал/,

Гэрч Д.О гийн өгсөн: “...Намайг цагдаагийн хэсэг дээр ирэхэд 4 дүгээр багийн эмч Н , сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Л  нар сууж байсан. Ямар асуудал болсон талаар асуухад “Хогийн цэвэрлэгээ хийж дуусаад тухайн газартаа эрүүл мэндийн төвийн ажилтан алба хаагч нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар сувилагч Л  нь 4 дүгээр багийн эмч Н ийг зодсон асуудал яригдсан. Ингээд Н ээс асуухад хог цэвэрлэж байж байтал Л тэй муудалцаад намайг боож унагаагаад зодсон гэж ярьсан. Тухайн шөнө Н ийн хүзүү нь улайж, урсан сорвитой, нүүр ам нь хавдсан байдалтай байж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 24 тал/,

Гэрч Б.Б ын өгсөн: “...Их цэвэрлэгээ дуусаад сумын эрүүл мэндийн төвийн ажилчин алба хаагч нар зохион байгуулалттай архидалт зохион байгуулж улмаар эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Л тэй Г.Н  нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зодуулсан гээд хүзүү хоолой хэсэг нь самардуулж улайсан нүүр нь хавдсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх 27 тал/,

Гэрч Г.О ийн өгсөн: “...Н  надад хэлэхдээ урд шөнө хог цэвэрлэх үед Л  сувилагчид зодуулчихлаа гээд надад хүзүү, хоолойгоо харуулсан. ...” гэх мэдүүлэг /хх 29 тал/,

Гэрч Т.Д гийн өгсөн: “...Маргааш нь хог цэвэрлэснээс хойш Н , Л  нар хоорондоо маргалдсан талаар сонссон. Н тэй уулзахад түүний царай нь цонхийсон байдалтай, доошоогоо өвдөөд байгаа гэж ярьж байсан. Хүзүү нь хумсны сорвитой байх шиг харагдсан. Харин Л тэй уулзаагүй сүүлд Лхагва гарагийн яриан дээр уулзсан. Мөн хүзүү нь шархтай байх шиг харагдсан. ...” гэх мэдүүлэг /хх 32 тал/,

Гэрч Г.У ийн өгсөн: “...Тэгтэл Н  хүрч ирээд “албаны Пургонд дуудаж байна, тэнд суу” гэсэн. Тэгэхэд Л  сувилагч “яахаараа наад машинд чинь суудаг юм? гээд тэр хоёр барьцалдсан. Сүүлдээ хоорондоо дээр доороо ороод нэгнийгээ үсдээд Л  эгч Н ийн дээр гарчихсан байдалтай байхаар нь очиж салгасан. ...” гэх мэдүүлэг /хх 39 тал/, Шүүгдэгч Б.Л гийн яллагдагчаар өгсөн: “...Орой 22 цагийн үед би У ийг аваад сумын төв рүү явах гэж байхад Н  ирээд явуулахгүй гээд У ийг татаад байхаар нь би Н  рүү уурлаад түлхсэн чинь Н  хойшоо нэг алхаад намайг заамдахаар нь би Н ийг адилхан заамдаад газар унагаагаад Н ийн дээр нь гараад суухад Н  намайг үсдэх гээд гар нь толгой дээр ирсэн. Би үсээ хусуулсан болохоор Н  намайг үсдэж чадаагүй болохоор миний хүзүүг маажсан. Би Н ийг үсдээд бид хоёр дээр доороо ороод хэсэг ноцолдож байх үед У  бид хоёрыг салгасан. ...” гэх мэдүүлэг/хх-81-82 тал/,

Магадлуулагч Г.Н ийн биед нуруу, гуя, баруун шилбэнд цус хуралт, хүзүүнд зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгэнэ. З Дээрх гэмтэл нь хэрэг  болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  4 дээрх гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 95 дугаартай дүгнэлт /хх-48-50 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Н ийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч

Б.Л гийн үйлдэл идэвхтэй, бусдын амь бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирогч Г.Н  нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.

Хавтаст хэргийн 71-76 дугаар талуудад авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Л  нь ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Л д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  хувийн байдал  түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ял оногдуулах саналтай шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Л  нь торгуулийг хэсэгчлэн төлөх санал гаргаагүй ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-д тус тус зааснаар торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хувиарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлдэг болохыг Б.Л д  мэдэгдэж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Л  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч И овогт Б.Л г Эрүүгийн хуулийнтусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Б.Л г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1,160.3-д тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хувиарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлдэг болохыг Б.Л д мэдэгдсүгэй.

  4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Л  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдадтөлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Л д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНДУЛАМ