Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 70

 

2017 оны 01 дүгээр сарын 25               Дугаар156/2017/00070                        Хэрлэн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2016/00602/И

       Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
        Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 1 дүгээр багт оршин суух, иргэн Олхонод овогт Долдын Үүрийнтуяа /РД:ЧЖ84031266/-н нэхэмжлэлтэй
        Хариуцагч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 01 дүгээр багийн иргэн /одоогоор хорих 419 дүгээр ангид ял эдэлж байгаа/ Гурванбаян овогт Отгонбаярын Түвшинбат       /РД: СР89012117/-д холбогдох
        О.Түвшинбатыг охин Ү.Дэлгэрцэцэгийн эцэг мөн болохыг тогтоолгож, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д. Үүрийнтуяа, хариуцагч О.Түвшинбат нар нь өөрсдийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгүүлэх тухай хүсэлтийг гаргасан тул                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулав.                                                     

    Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н. Энхзул нар оролцов.


ТОДОРХОЙЛОХ НЬ:
         Нэхэмжлэгч Д.Үүрийнтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
         Долдын Үүрийнтуяа миний бие 2013 оны 05 дугаар сараас О.Түвшинбаттай хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр охин Ү.Дэлгэрцэцэг төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул О.Түвшинбатын охин Ү.Дэлгэрцэцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ./хх-ийн 1х/
          
       Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад               

                                                                                                                                                       
ҮНДЭСЛЭХ НЬ:

               Нэхэмжлэгч Олхонод овогт Долдын Үүрийнтуяа нь 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрүүлсэн охин Ү.Дэлгэрцэцэгийн эцэг нь хариуцагч Гурванбаян овогт Отгонбаярын Түвшинбат /РД: СР89012117/- мөн болохыг тогтоолгож, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

       Шүүх нэхэмжлэгч Д.Үүрийнтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

               Хариуцагч О.Түвшинбат нь Ү.Дэлгэрцэцэгийг өөрийн охин мөн болохыг хүлээн зөвшөөрсөн ба мөн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хувьд одоогоор ял эдэлж байгаа тул хорих ангиас суллагдсан үеэс төлөхөөр  нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хавтаст хэрэгт авагдсан хариуцагч О.Түвшинбатын шүүхэд гаргасан тайлбар болон хүсэлтээр нотлогдож байна.
      
                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1.    Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар нэхэмжлэгч Олхонод овогт Долдын Үүрийнтуяагийн /РД: ЧЖ84031266/ 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрүүлсэн охин Ү.Дэлгэрцэцэг /РД:СР14270705/-ийн эцэг нь хариуцагч Гурванбаян овогт Отгонбаатарын Түвшинбат /РД: СР89012117/ мөн болохыг тогтоосугай.

2.    Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Ү.Дэлгэрцэцэгийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутгийн амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр хариуцагч О.Түвшинбатаар тэжээн тэтгүүлсүгэй.

3.    Зохигчид нь хүүхдийн тэтгэлгийг хариуцагч О.Түвшинбат ял эдэлж дуусаад гарсан үеэс хойш төлөхөөр харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай..

 5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР