Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 117

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Э.Гантулга,

Иргэний нэхэмжлэгч Б.Х ,

Шүүгдэгч Д.О  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.О д холбогдох эрүүгийн 2015000400090 дугаартай, 163/2020/0109/Э индекстэй хэргийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Д.О.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О ыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О ын өгсөн: Би 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр салхинд гарч явахдаа Сонгинотой уулнаас 1 тооны гахай агнасан. Тэр газар нь улсын тусгай хамгаалалттай газар байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Х ийн өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зургуулаа салхинд гараад “А” гэх газар хоносон. Маргааш нь бид хэдийг загас барьж байхад О  ах гахай агнаж ирсэн. Тухайн үед О  ах буугүй явсан учир миний бууг үүрээд явж байсан тэр чигтээ явсан байсан. Гол дээр ирээд гахайгаа аваад явцгаасан. Одоо хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Вепрь” загварын бууны эзэмшигч учир шүүх хуралд оролцсон. Бууг болон бууны үнийг нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015000400090 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.О  нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 4 дүгээр багийн нутаг “З”-ийн нурууны улсын тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүйгээр нэг тооны зэрлэг гахай агнасан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар иргэний нэхэмжлэгч Э.Г ийн өгсөн: “...Би болсон хэргийн талаар бол сайн мэдэхгүй байна. Манай Сэлэнгэ сумын З ийн нурууны дархан цаазат газрын улсын тусгай хамгаалалттай газраас гахай агнасан байсан. Байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-60-61 тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Х ийн өгсөн: “Би энэ бууг 2011 онд 1600000 төгрөгөөр А  гэх хүнээс худалдаж авч байсан юм. Энэ буу миний өөрийн эзэмшлийн буу байгаа юм. Тухайн үед өөрийнхөө нэр дээр шилжүүлж чадаагүй юм. ...Тэгээд бид нар явсаар байгаад Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг “Ар шүрэн” гэх газарт хоносон. Маргааш нь гарман дээр загас барихаар болоод загас барьцгаасан. Тэр үед Х  8 ширхэг загас барьсан. Бид нарыг загас барих гээд байж байхад О  ах ганцаараа “энгэр дурандаад ирье” гэж хэлээд явсан. Тэгсэн нилээн удаж байгаад ирсэн ба ирэхдээ 1 тооны жижиг зэрлэг гахай агнаад чирээд ирсэн. Тэгээд тэр өдрөө отог дээрээ байж байхад хилийн цэргийн хүмүүс ирж шалгаад О  ахын агнасан гахай, барьсан загас болон 4 тооны бууг хурааж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-64-65 тал/,

Гэрч Б.И ын өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр О , Х , Г , Х , Ч  нарын хамтаар Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг “Ар шүрэн” гэх газар руу загас барихаар явцгаасан. Тэгээд тэндээ очоод Зэлтэрийн голоос Х  8 тооны зэвэг нэртэй загас барьсан. Тэгээд байж байтал орой болоод бид нар тэндээ хонохоор болсон. Маргааш өглөө нь гол өгсөөд загас барихаар явж байтал хамт явсан найз О  “би энгэр дурандлаа” гэж хэлээд ганцаараа явсан. Тэгээд байж байтал Сонгинот гэх газраас О  “гахай унагачихлаа” гээд нэг тооны бодон гахай чирчихсэн ирсэн. Тэгээд бид нар тэр өдрөө тэндээ хонохоор болоод майхандаа байсан. Удалгүй хилийн цэргийн алба хаагчид ирээд “та нар хилийн хориотой бүсэд явж байна, мөн дархан цаазат газраас ан агнасан байна” гэж хэлээд саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-69-70 тал/,

Гэрч Ш.Г ын өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 04-ний орой намайг гэртээ байж байхад Х  ах над руу утсаар залгаад “хойшоо загас эргүүлээд энгэр дурандчихаад ирье, цуг явах уу?” гэж асуусан. Тэгэхээр нь би “тэгье” гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Х , И , Х , Ч , О  бид зургаа Сэлэнгэ аймгийн Түшиг сумын төвд 12 цагийн алдад уулзацгаагаад 13 цагийн үед сумын төвөөс хойшоо байдаг Зэлтэр гол руу гараад “Ар шүрэн” гэх газар 16 цагийн үед очиж хоносон. Маргааш нь бид тэр голоосоо Х  ах мөс цоолж байгаад 8 ширхэг зэвэг нэртэй загас барьсан. Тэгээд маргааш орой нь загас барих гэсэн боловч загас баригдаагүй тэгээд гол дээшээ өгсөж хоночихоод 3 дахь өдрөөсөө хөдлөөгүй байж байтал О  ах “энгэр дурандаж байгаад ирье” гэж хэлээд явсан. Тэгээд орой ирэхдээ нэг тооны зэрлэг гахай буудаад аваад ирсэн. Тэгээд тэр газраа гэдэс дотрыг нь янзлаад хоносон. …” гэх мэдүүлэг /хх-71-72 тал/,

Гэрч Б.Ч ийн өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай суманд байдаг О  ах, И , Х , Х , Г  бид нар өглөө 09 цагийн үед манай сумын ойролцоох “Ар шүрэн” гэх газар руу салхинд гарч ан хийхээр явсан. Тэгээд бид нар тэр газарт өдөр 14 цагийн үед очоод тэндээ загас барьж хоносон. Маргааш нь бид нар цаашаа Сонгинот гэх газар руу яваад тэндээ 2 хонож тэр хавийн голоор загас барьж байтал нэг мэдсэн О  ах Сонгинотын өвөр гэх газраас нэг зэрлэг гахай алсан гээд Зэлтэр голын мөсөн дээр уяагаар чирчихсэн ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-74 тал/,

Гэрч Б.Х ын өгсөн: “...Тэгээд маргааш өглөө нь бид нартай хамт явж байсан О  ах морио унаад ганцаараа “ойрхон ан гөрөө байна уу үзчихээд ирье” гэж хэлээд явсан. Тэгээд бид хэд голын мөс цоолж загас барих гэж оролдож байсан боловч барьж чадаагүй. Үдээш хойш О  ах зэрлэг гахай алаад чирээд ирсэн. Тухайн байрласан отог дээрээ зэрлэг гахайны гэдэс дотрыг нь гаргасан. ...” гэх мэдүүлэг /хх-75-76 тал/,

Булган аймгийн Байгалт орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн: “1 тооны гахай нь 2 настай ойн зэрлэг гахай байна. Монгол улсын амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар “амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно” гэсний дагуу ойн зэрлэг гахай 700000*2=1400000” гэх дүгнэлт /хх-86-87 тал/,

Шүүгдэгч Д.О ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Ар шүрэн”-гийн гарман дээрээс Х  8 ширхэг загас барьсан. Би ганцаараа цааш энгэр дурандах гээд Сонгинот гэх уул руу орсон. Уул руу ороод явж байхад миний урдуур нэг тооны зэрлэг гахай явж байсан ба би тухайн үед нөгөө гахайг нэг удаа өөрийн үүрч явсан “Вепрь” загварын буугаар буудаж унагаасан. Унагаасан гахайгаа би явган мөсөн дээгүүр чирээд хамт явсан хүмүүс дээрээ очоод тэр өдрөө отог дээрээ байж байхад хилийн цэргийн хүмүүс ирж шалгаад бид нарын агнасан гахай, загас болон 4 тооны бууг хураан авсан. ...” гэх мэдүүлэг /хх-104-105 тал/,

Гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж эд мөрийн баримтаар хураагдсан 2009 онд Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн АК6152 дугаарын гол төмөртэй, №152 замагны дугаартай, “Вепрь” загварын буу зэрэг шууд болон шууд бус нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын нутгийг дамнан орших З ийн нурууд, тэдгээрийн орчмын газар нутгийг дархан цаазат газрын ангилалаар Монгол Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан байх бөгөөд шүүгдэгч Д.О  нь нэг тооны зэрлэг гахайг тус бүс нутгаас агнасан болох нь хэргийн газрын үзлэгийн “...гол гараад З ийн нурууны дархан цаазат газрын улсын тусгай хамгаалалттай газар Хилийн багана №99 гэсэн бичиглэл бүхий шар өнгийн хилийн багана /шон/ байлаа. ...Гахай агнасан гэх газар нь Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг “Сонгинот” гэх уул байх ба тухайн гахай агнасан гэх газрыг гахай агнасан Д овогтой О оор заалгаж  байршил тогтоогч “GARMIN Etrex 20” гэсэн багажаар үзэхэд N50007115.5,  E104027155.5 гэж зааж байлаа” гэх тэмдэглэл; N50007115.5, E104027155.5 гэж зааж буй солбилцол бүхий “...хоёрдугаар цэг нь Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар баг /4 баг/ З ийн нурууны дархан цаазат газрын нутаг дэвгэрт хамаарч байна” гэх Булган аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын  газрын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/416 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Харин шүүгдэгч Д.О ын агнасан нэг тооны зэрлэг гахай нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д багтаагүй байна.

Зөвшөөрөлгүйгээр амьтныг агнасан, барьсан гэдэгт эрх бүхий байгууллагаас уг амьтныг агнах, барих зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг ойлгоно

Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх нөхцөл байдлаар шүүгдэгч Д.О ын улсын тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүй ан агнасан үйлдэл нь идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар ан агнасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.О  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэм буруутай үйлдлийн улмаас амьтны аймагт 700000 төгрөгийн шууд хохирол /хх-87 тал/ учирсан нь Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч Д.О  нь хохирол, нөхөн төлбөрийг Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөсөн хэмжээгээр 1400000 төгрөгийг /хх-87 тал/ төлсөн нь /хх-147 тал/ нотлогдож байх тул түүнийг төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.О ын улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Д.О ын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.О  нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, хэргийн 112, 119, 125, дугаар талд авагдсан түүний өмнө ял шийтгүүлж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, Сэлэнгэ аймгийн ... эхнэр хүүхдийн хамт амьдарч байгаа талаарх иргэний үнэмлэхний лавлагаа болон оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудыг судалж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа зэрэг хэргийн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Хэрэгт прокурорын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5/18 дугаартай тогтоолоор гэмт хэрэг үйлдэхэд ашигласан АК6152 дугаарын гол төмөртэй, №152 замагны дугаартай, “Вепрь” загварын ангийн зориулалттай галт зэвсэг буюу буу, хууль бусаар агнасан  нэг тооны зэрлэг гахайн махыг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан,  шүүхийн хэлэлцүүлгийн явцад уг гахайн мах нь хөргүүрт хадгалалтын шаардлага хангасан нөхцөлд хадгалагдаж байгаа талаарх улсын яллагчийн тайлбар зэрэгт үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан Булган аймаг дахь Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа нэг тооны зэрлэг гахайн махыг хурааж, үнийг улсын орлого болгох, АК6152 дугаарын гол төмөртэй, №152 замагны дугаартай, “Вепрь” загварын ангийн зориулалттай галт зэвсгийг хурааж Булган аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэхээр тус тус шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.О  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч нар нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Д.О ыг Эрүүгийн хуулийн тусгайангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-тзаасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О ыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахьхэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.О д /хууль зөрчдөг/ зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзааснаар шүүгдэгч Д.О  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг сануулсугай.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.О  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөхтөлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч нар нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан Булган аймаг дахь Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа нэг тооны зэрлэг гахайн махыг хурааж, үнийг улсын орлого болгож, АК6152 дугаарын гол төмөртэй, №152 замагны дугаартай, “Вепрь” загварын ангийн зориулалттай галт зэвсэг буу/-г хурааж Булган аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ЦЭРЭНХАНД