Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 121

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч М.Сайнзаяа,

Өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ

шүүгдэгч Т.Т , Б.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Т , Б.М  холбогдох 163/2020/0113/Э индекстэй, эрүүгийн 2015000000104 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Ц овогт Б.М,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд өмнө 1 удаагийн ял шийтгэлтэй, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай' ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, С овогт Т.Т,

  Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М  нь Т.Т той бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 27-28 нд шилжих шөнө Булган аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Б” ХХК-д жолооч, тосолгоочин ажилтнаар ажиллаж, үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа уурхайн бүсээс бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох fuchs маркийн 200 л масло, fuchs маркийн 200 л товуд хууль бусаар авч 3.816.000 төгрөгийн хохирол учруулж завшсан,

Шүүгдэгч Т.Т  нь Б.М тай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Булган аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Б” ХХК-д жолооч, тосолгоочин ажилтнаар ажиллаж, үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа уурхайн бүсээс бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох fuchs маркийн 200 л масло, fuchs маркийн 200 л товуд хууль бусаар авч 3.816.000 төгрөгийн хохирол учруулж завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

2015000000104 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М ын өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 15 цагийн үед “Б” ХХК-ийн кариерийн зүүн талаар үзлэг шалгалт хийж байгаад бичил уурхайтай залгадаг хаалт шороон дээгүүр машин давсан мөр байхаар нь машины мөрийг дагаад явж байтал 2 ширхэг цэнхэр өнгийн пошигтой зүйл байсан. Тэгээд тэрийг очиж шалгатал манай компанид шатахуун түлш нийлүүлдэг П  ХХК-ийн оруулж ирдэг тос байсан пошигон дээр П  гэсэн бичиг байсан. Тэгээд би тэр зүйлийг хөдөлгөлгүй орой 20 цагийн үед өөрийн компанийн хамгаалагч болох Б.Э ыг тэнд үлдээсэн юмаа. Тэгээд 23 цагийн үед хамгаалагч Б.Э  нь энд нэг бүхээгтэй портер маркын машин ирчихлээ гэж станцаар мэдэгдсэн... тэгээд тэр хүмүүс гэнэтхэн машиндаа суугаад зугатаж байна гэсэн мэдээлэл өгсөн. Тэгээд тэр пошигтой зүйл байсан газраас 50-60 метр газарт явж байхад нь би машинтайгаа амдаж очиж зогсооход тус машин дотор Т , Н  гэх хүмүүс байсан... Шөнийн ээлжинд М  гэх залуу хоёр тосолгоочинтойгоо цуг явдаг юмаа....” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

Гэрч Б.Э ы өгсөн: “...2020 оны 04 сары 28-ны 21 цаг 30 минутын үед манай захирал Ж.М  намайг дуудаад манай уурхайн бүсээс зүүн урагш зүгт 2 ширхэг пошигтой масло шиг зүйл байна. Та тэр зүйлийг хажууд нь харж хонох шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгээд би захирал Ж.М ын хамт уурхайн бүсээс гараад 2 пошигтой зүйл нь “Т” ХХК-ийн хиймэл нуурны эрмэг дээр байсан. би нэг овгор шорооны ард нуугдаад хэвтсэн. Тэгээд намайг очсоноос хойш 40-50 минутын дараа нэг машин ирсэн. Тэгээд тэр машин 2 ширхэг пошигны хажууд ирээд ухрах үйлдэл хийсэн. Тэгээд гэнэт бичил уурхайн техник байдаг хэсэг рүү очоод 5-6 минут зогсож байгаад буцаад ухарч ирээд 2 пошигтой зүйлийн хажууд тулж ирсэн. Тэр машиныг бичил уурхайн хажууд очоод 5-6 минут болох хооронд 2 пошигноос 6-7 метр зайд нэг хүн бууж үлдээд эргэн тойрныг ажиглаж байсан. Тэгээд тэр хүн машин руугаа алхаж байсан. Тэгээд тэр хүн машин руугаа алхаж очоод тэнд юм яриад тамхи татаад байх шиг байсан... 2 ширхэг пошигон дээр тулж очоод 2 хүн тус машинаас буугаад машиныхаа аравчийг буулгдад тэгээд 1 пошигтой зүйлийг өнхрүүлж байсан. Тэгж байснаа гэнэт пошигтой зүйлийг хаяад машин руугаа гүйж суугаад машинаа асаагаад ирсэн зүг рүүгээ хөдлөөд явж байтал манай захирал Ж.М  машинтайгаа гарч ирээд урдуур нь орж зогсоосон....” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

Гэрч Ц.Н ын өгсөн: “...би машинаа бариад “Б” ХХК-ийн урд талын замаар явж байтал Т.Т  баруун гар тийшээ замаас наад уулзвараараа салаадхаач би нэг хүнтэй юм ярьчихсан юмаа тэрийг байгаа эсэхийг нь үзээдхье гээд байсан. Тухайн үед надад юу байсныг нь хэлээгүй. Тэгээд орон нутгийн замаас баруун гар тийш салаад 1 км орчим явсан байхаа тийшээ очих замыг бүгдийг нь Т.Т  заасан. Тэгээд нэг мэдэхэд том шорооны ард талд ирчихсэн байсан. Тэгээд зогсоод Т.Т  машинаас буугаад гүйгээд явсан. Тэгээд би тамхи татаж байтал 2-3 минутын дараа Т.Т  ирээд нөгөө ярьсан юм байна гялс авч явах уу гэж хэлсэн. Тэгээд нөгөө юм байгаа гэсэн газар луу нь би машинтай ухраад тулаад зогссон тэгээд машинаасаа Т.Т  бид хоёр буугаад машиныхаа бүхээгнийхээ ард хэсгийг нь дээшээ сөхсөн тэгээд зогсож байтал гэрэл гараад Т.Т  машин ирж байх шиг байна гялс явъя гээд явж байтал тэр газраас 40-50 метр яваад нэг машин шахаж гарч ирээд зогсоосон....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

Яллагдагчаар Т.Т  мэдүүлэхдээ: “...М  утсаар залгасан. Тэгээд уурхайн гадна талын төв замаас хажуу тийш салаад өөр бичил уурхайн хажууд 2 пошигто зүйл буулгачихсан байгаа тэрийг авчихаарай овгор шорооны хажууд байгаа гэж хэлсэн. Тэгээд тухайн газарт очоод машинаас бууж хараад 200 литрийн 2 ширхэг поошигтой зүйл байсан. Тэгэхээр нь Н ыг ухар гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ххийн 69-70 дугаар хуудас/,

Яллагдагчаар Б.М  мэдүүлэхдээ: “...би Т д нэг пошиг хөдөлгүүрийн масло, нэг пошиг товуд зэргийг үйлдвэрийн хашаанаас гаргачихъя тэгээд чи ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд Т  зөвшөөрч за тэгье гэж хариу өгсөн... тэгээд шөнийн 04 цагийн үед уурхайн ертөнцийн зүгээр зүүн талд байрлах бичил уурхай луу явсан замын хажууд 200 литрийн хөдөлгүүрийн масло, 200 литрийн товуд зэргийг буулгаж үлдээсэн.. өглөө 08 цагийн үед Т  луу утсаар яриад тос, товуд буулгасан газраа зааж өгөөд ирээд авчихаарай гэж хэлсэн. Улмаар Т  нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цагийн үед масло, товуд зэргийг авч байгаад үйлдэл дээрээ баригдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8 дугаар хуудас/, Тольдох Оюуны өгөөж ХХК-ний дүгнэлт /хх-ийн 37-42, 45-50 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 77, 88 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 78-83 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.М , Т.Т той нар нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 2728-нд шилжих шөнө Булган аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Б” ХХК-д жолооч, тосолгоочин ажилтнаар ажиллаж, үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа уурхайн бүсээс бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох fuchs маркийн 200 л масло, fuchs маркийн 200 л товуд хууль бусаар авч 3.816.000 төгрөгийн хохирол учруулж завшсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Ж.М , гэрч Б.Э , Ц.Н  нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон “Тольдох оюуны өгөөж" ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 210060 тоот, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 210076 тоот дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүгдэгч Т.Т , Б.М  нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Т.Т , Б.М  нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

   Хохирогч Ж.М  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

 Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүгдэгч Т.Т , Б.М  нь “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 4/108 дугаартай саналд шүүгдэгч Т.Т , Б.М  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг 1 жилийн хугацагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5 дах хэсэгт заасан тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын хэмжээ хэрэглэх ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Т.Т , Б.М  нар хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 116 дугаар хуудас/. Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч Т.Т , Б.М  нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Т , Б.М  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн болон амьдрал ахуйн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Т , Б.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Т , Б.М  нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

  1. Шүүгдэгч С овогт Т.Т , Ц овогт Б.М  нарыг бүлэглэн бусдын итгэмжлэн харицуулсан хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэххэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Т.Т , Б.М  нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5 дахьхэсэгт зааснаар  шүүгдэгч Т.Т , Б.М  нарыг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснааршүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэгтзааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** БУА улсын дугаартай хөх өнгийн тээврийн хэрэгслийн үнэ болох 14000000 төгрөгийг шүүгдэгч Т.Т , Б.М  нараас тус бүр хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай.
  6. Шүүгдэгч Т.Т , Б.М  нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдолсаналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг болохыг тус тус дурьдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Т , Б.М  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН