| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2020/0114/Э |
| Дугаар | 122 |
| Огноо | 2020-05-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 122
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
С.Цэрэнханд даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхзул, улсын яллагч П.Шижиртуяа, хохирогч Ц.Б , шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр,
шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г од холбогдох эрүүгийн 2015000000107 дугаартай, 163/2020/0114/Э индекстэй хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Төрийн банкны ... салбарт хамгаалагч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Д.Г.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Г ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г ын өгсөн: Өөрийн болгоомжгүйгээс болж хэрэг үйлдсэн нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээнд гарсан зардалд 1135240 төгрөгийг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтын дагуу төлнө гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Б ийн өгсөн: 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 17 цагийн үед Г ын эхнэр Х над руу залгаад “гараад ир” гэсэн. Тэгээд намайг машиндаа суулгаад цэнгэлдэх хүрээлэнгийн урдхан талд байдаг жишиг хороолол гэх газарт Г , Х нар хашаа авсан тэнд очиж пиво ууя гээд явсан. Бид нар Шинэ хороонд байж байгаад орой 10 цагийн үед буцаж, намайг хүргэх гээд явж байхдаа “цагдаа” гээд эргээд хурдтай явсан. Тэгж хурдтай явж байхдаа осол гаргасан. Миний 3 хавирга болон хамрын яс хугарсан, мөн нүдний ухархайд гэмтэл учирсан. Эмчилгээний явцад нэг сар хяналтанд байж байгаад хамрын болон нүдний хагалгаанд орно. Эдгээр хагалгаа хийлгэх зардлаа нэхэмжилнэ. Хагалгааны зардал болон өвчтэй байсан 4 сарын цалин, урсгал зардалд авсан мөнгөнөөс гадна 17 сая төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2015000000107 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Г нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Булган сумын
6 дугаар багийн нутагт нэгдсэн эмнэлгийн хажуу талын асфалтан зам дээр **-** УНЛ улсын дагаартай “Toyota Prius 30” загварын тээврийн хэрэгслийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т "жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.7-т "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй", "согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас осол гаргаж, зорчигч Ц.Б ийн биед зүүн 5, 6, 7 дугаар хавирганы хугарал, баруун, зүүн ухархайн ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, духанд шарх, баруун зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн: “хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг нэгдсэн эмнэлгийн ертөнцийн зүгээр баруун урд хэсэгт байрлах асфальтан замын тойрог буюу эргэлтийн хэсэг байлаа. Уг газарт **-** УНЛ улсын дугаартай цагаан өнгийн “Prius 30” загварын тээврийн хэрэгсэл асфальтан замын ертөнцийн зүгээр зүүн талын жалганд дөрвөн дугуйгаараа байрласан байв...” гэх тэмдэглэл /хх-05 тал/,
2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-07 тал/,
2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-8-11 тал/,
Хохирогч Ц.Б ийн өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 18 цагийн үед манай ажлын газрын эмэгтэй Х “гараад ирээч” гэж утсаар хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гартал Х , Г , Х , Б нар байсан. Тэгээд намайг машиндаа суулгаад цэнгэлдэх хүрээлэнгийн урдхан талд байдаг жишиг хороолол гэх газарт Г , Х нар хашаа авсан байгаа тухайн газарт очиж пиво ууя гээд явсан. Тэгээд тухайн газарт очиж сэрүүн нэртэй 2.5 литрийн савлагаатай пиво 3 билүү 4 ширхэгийг уучихаад тухайн газраас хөдөлсөн. Тэгээд доод дөрвөн замын гэрлэн дохион дээр зогсож байгаад намайг эхэлж гэрлүү оруулж буулгах гэж байтал Г “цагдаа байна” гэж хэлээд манайх руу явахгүй шууд зүүн эргээд маш хурдтай явсан. Тухайн үед ойролцоогоор 150-160 км цагийн хурдтай явж байх шиг байсан. Замд явж байхдаа “зогсооч, цагдаа байхгүй байна” гэж хэлтэл Г “би мэдэж байна, хойно дагаад яваад байна” гэж хэлсэн. Тэгээд эмнэлгийн урдуур гараад зүүн эргэх үед тойрог дээр багталгүй очиж ертөнцийн зүгээр асфалтан замын баруун талын боржуур хэсгийг мөргөчихөөд буцаж ойгоод ертөнцийн зүгээр асфалтан замын зүүн талын жалга руу орж зогссон. Улмаар цагдаа болон түргэн тусламж ирсэн” гэх мэдүүлэг /хх-16-18 тал/,
Гэрч Г.Ханнаманийн өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ажил тарсны дараа найз Б , Г , Х , Б бид тав наадмын талбайн цаана байрлах голын эрэг дээр сууж 2.5 литрийн савлагаатай, “Сэнгүр” нэртэй 4 ширхэг пиво хувааж уусан. Тэгээд тухайн газраас ойролцоогоор 10 цагийн орчимд цагаан өнгийн “Prius 30” загварын тээврийн хэрэгслийг Г өөрөө жолоодоод бид нарыг хүргэж өгөх гээд хөдөлсөн. Тэгээд Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн урдуур гарах үед хурдтай явж байгаад тойрог дээр багтаж эргэж чадахгүй асфалтан замын ертөцийн зүгээр баруун талын боржуур хэсгийг мөргөөд тэр даруй жолооны хүрдээ баруун дараад улмаар асфалтан замын ертөнцийн зүгээр зүүн талын боржуур дээгүүр гарч үерийн жалга руу орж онхолдсон. Тэгээд тухайн машинаас бид нар гараад түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-19-20 тал/,
Гэрч О.Б ын өгсөн: “...Цэнгэлдэхийн цаана байдаг булаг руу очиж пиво уусан. Х бид хоёрыг машинд суухад Г ах, Х эгч хоёр, 3 билүү 4 ширхэг 2.5 литрийн савлагаатай пиво авчихсан байсан. Тэгээд бид хэд булаг дээр 21 цагаас 22 цаг хүртэл байж байгаад машиндаа авсан пивоо ууцгаасан. Тэгээд сүүлийн пиво талдаа орж байхад Х эгчийн гэрээс хадам ээж болон хүүхдүүд нь гэр лүү нь дуудаад бид хэд харьцгаах болоод булагаас хөдөлсөн. Булагаас хөдлөхөд Г ах машинаа бариад, жолоочийн хажуугийн суудал дээр Г ахын эхнэр Х суугаад, хойно жолоочийн хажуугийн харалдаа ард би, миний хажууд Б эгч, Б эгчийн хажууд буюу зүүн талын хойд хаалган талд Х суугаад Г ах бид хэдийг гэр, гэрт нь хүргэж өгнө гээд хөдөлсөн. Эхлээд Г ах эхнэрээ хүүхдүүд дээрээ хүргэж өгөх гэж яваад Нэгдсэн эмнэлгийн урд огцом эргэлттэй засмал дээр эргэж амжихгүй машин замаас гарч жалга руу орсон. Машин жалганд ороод зогссон. Зогсонгуут нь би эхэлж жолооч талын хойд хаалгаар гарсан. ...Машин онхолдоход
Б эгч бэртсэн бололтой зовиуртай ёолоод байсан. ...” гэх мэдүүлэг /хх21-23 тал/,
Гэрч Д.Х гийн өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нөхөр Г ын ажлын найз Б , Б , Х нарын хамтаар наадмын талбайн цаад талд голын эрэг дээр 4 ширхэг 2.5 литрийн савлагаатай “Сэрүүн” нэртэй пиво хувааж уусан. Тэгээд ойролцоогоор 22 цагийн орчимд тухайн газраас харьцгаахаар болж манай нөхөр Г өөрийнхөө эзэмшлийн **-** УНЛ улсын дугаартай, цагаан өнгийн “Prius 30” загварын тээврийн хэрэгслийг жолоодон хамт пиво уусан найзуудыг маань гэр лүү нь хүргэж өгөхөөр хөдөлсөн.
Жолоог Г жолоодож, урд талын суудалд би сууж, арын суудалд Б , Х , Б нар сууж явсан. Тэгээд нэгдсэн эмнэлгийн урдуур гараад тойрог дээр эргэж байхад юу болсон талаар сайн мэдэхгүй байна нэг мэдэхэд замаас гарч үерын далан руу машинтайгаа орж онхолдсон байсан...” гэх мэдүүлэг /хх-25-26 тал/,
Гэрч Д.А ын өгсөн: “Би сүүлд ээжээс дүүг авто осолд орсон талаар мэдсэн. Тодорхой болсон үйл явдлын талаар мэдэхгүй. Би дүү Г ыг машинтай болмоор байна гэхээр нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өөрийнхөө нэр дээр “Фин экспресс” ББСБ-аас урьдчилгаа 20 хувийг нь Г оор өөрөөр нь гаргуулж “Toyota Prius 30” загварын тээврийн хэрэгслийг авч өгсөн. Тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Г өөрөө юм. Харин зээлийн төлөлт дуусаагүй байгаа болохоор тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа. Зээл төлөлтөө Г өөрөө сар болгон төлж байгаа. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллага байсан учир заавал хотын харъяат хүн зээл авч болно гэхээр нь би Г ын өмнөөс зээл авч машин авч өгсөн. Надад уг тээврийн хэрэгсэлтэй холбоотой гомдол, санал нэхэмжлэх, зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-30 тал/,
Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон “жолооч Д.Г нь “В” ангиллын ****** дугаартай эрхийн үнэмлэхтэй боловч Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаагаар эрх хасагдсан төлөвт байна. 2012 онд жолооч болсон байна. Жолооч Д.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн 3.7-д “жолоочид дараах зүйлийг хориглоно: а.Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөн байна” гэх Булган аймаг дахь Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаартай дүгнэлт /хх-59 тал/,
Хохирогч Ц.Б ийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон “магадлуулагч Ц.Б ийн биед зүүн 5, 6, 7 дугаар хавирганы хугарал, баруун, зүүн ухархайн ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, духанд шарх, баруун зовхинд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдсон, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 109 дугаартай дүгнэлт /хх-47-49 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 54 дугаартай: “шинжилгээнд ирүүлсэн Д.Г гэж хаяглан ирүүлсэн цусанд 2.3% спиртийн зүйл илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-56-57 тал/,
Шүүгдэгч Д.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээж өгсөн: “Би прокурорын тогтоолтой танилцлаа, санал нийлж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн хохирогч Б ийн эмчилгээний зардлыг төлж байгаа. Цаашид гарах зардлыг төлөх болно. Надаас нийт хэдэн төгрөгийг нэхэмжилж байгаа талаар үнийн дүнг хэлж өгөөгүй. Харин эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Тийм болохоор чи тухайн эмчилгээний төлбөрийг өөрөө судал гэж хэлсэн. Би одоогоор хэлсэн эмчилгээнүүд нь хэдэн төгрөг болохыг судлаагүй байгаа. Одоогийн байдлаар эмчилгээний зардалд 1020000 төгрөг өгчихсөн” гэх мэдүүлэг /хх-81 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.Б , гэрч Г.Х , Н.Б , Д.Х нарын өгсөн мэдүүлэг, түүнчлэн шүүгдэгч Д.Г ын гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 54 дугаартай, Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаартай дүгнэлтээр уг осол гарах шалтгаан нь шүүгдэгч Д.Г ын замын хөдөлгөөний дүрмээр хориглосон архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүйгээр жолоодон хөдөлгөөнд оролцсон, хөдөлгөөнд аюул саад учирсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ аваагүй зэрэг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл шууд нөлөөлжээ.
Шүүгдэгч Д.Г ын үйлдэл идэвхтэй, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байх бөгөөд тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, зөрчсөн тохиолдолд хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Б ийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Г ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Г ын гэм буруутай үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч Ц.Б ийн эмчилгээний зардалд 1135240 төгрөгийг төлсөн байх ба хохирогч, шүүгдэгч нар тухайн төлбөрийн талаар маргаагүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Б нь Улаанбаатар хот явсан эмчилгээ оношлогооны зардал болон өвчтэй байх хугацаанд аваагүй 4 сарын цалин, хагалгааны зардалд 17 сая төгрөг нэхэмжилж нотлох баримтаа ирүүлсэн байна.
Шүүх нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагаас Улаанбаатар хот явж эмчилгээ оношлогоо хийлгэсний зардалд /35000, 45000, 50000, 60000, 27600, 60000, 72000/ 349600 төгрөгийг шүүгдэгч Д.Г оос гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн авсан бинзений үнэ 66150 төгрөг /ШТС-304/, хотод байх хугацаанд Булган аймагт авсан бинзений үнэ 25000 төгрөг /ШТС-304/, мөн дизель түлшний үнэ 50000 төгрөг, бараа үйлчилгээний үнэ 39200 төгрөг, нийт 180350 төгрөгийг тухайн хэрэгт хамааралгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож, хагалгааны зардал болон өвчтэй байсан хугацааны цалин эмнэлгийн хуудсаар олгосон цалингийн зөрүүг гаргахад хохирогчийн ирүүлсэн нотлох баримтууд бүрдлийн хувьд дутуу, зарим нь хуулийн шаардлага хангаагүйгээс иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Г ын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Г ын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлж, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Г нь урьд ял шийтгүүлж байгаагүй, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Төрийн банкинд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа зэрэг түүний хувийн байдал нь хавтаст хэргийн 88 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Төрийн банкны тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, нэг жил, зургаан сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэж шийдвэрлэв.
Хэрэгт мөрдөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолоор /хх12 тал/ битүүмжлэгдсэн **-** УНЛ улсын дагаартай, “Toyota Prius 30” загварын тээврийн хэрэгсэл нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээгээр “ФИН ЭКСПРЭСС” ББСБ-ын өмчлөлд байгаа /хх-10, 90-92 тал/ боловч уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болон өмчлөлтэй холбоотойгоор иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй гэдгээ 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 01/282 дугаартай албан бичгээр илэрхийлсэн /хх-15 тал/, шүүгдэгч Д.Г нь үндсэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаа /хх-98 тал/ нөхцөл байдал тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож шүүгдэгч Д.Г ын эзэмшилд үлдээх нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД