Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 911

 

 

 

 

 

 

 

Ж.Чд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ж.Энх-Амгалан,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 1013 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Энх-Амгалангийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 29 дугаартай прокурорын эсэргүүцлээр Ж.Чд холбогдох эрүүгийн 170800490020 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Буянт овогт Жамцын Ч, 1973 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 55-7 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД: ЦЖ73030516/;

 

Ж.Ч нь 2017 оны 6 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний 55-07 тоотод гэр бүлийн хамаарал бүхий Э.Нг байнга зодож, харгис хэрцгий хандаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас бие махбодид нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор булан дээд зовхи, хамрын нуруу, баруун хацрын төвгөрийн цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зүүн нүдний алимны гадна, дотор салстын цус харвалт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Ж.Чгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Чд холбогдох хэрэгт шүүхийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан болно. Яллагдагч нь 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хамтран амьдрагчаа зодсон үйлдэл бичигдсэн, “Байнга” гэдэг бол гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон асуудал тоогоор буюу давтамжийн хувьд 3 ба түүнээс дээш удаа үйлдэгдэх эсвэл удаан хугацаагаар хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны зовиур шаналал үүсгэн зодсон, энэ байдал нь түүний хувьд дадал зуршил болсон шинжтэй байхыг ойлгоно. Гэтэл 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй.

Өмнө нь шүүхээс буцаасан захирамжид заагдсан ажиллагаанууд дутуу хийгдсэн. Тухайлбал: 22 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээнд тусгагдсан мэдээллүүдийн мөрөөр мөрдөн шалгах ажиллагаа явуулах, хорооны нийгмийн ажилтан, олон нийтийн цагдаа, халамжийн мэргэжилтэн, хэсгийн ахлагч нарын баримтад тусгагдсан мэдээллүүд үнэн эсэхийг дээрх хүмүүсийг гэрчээр асууж нотолж тогтоосны дараа яллагдагч Ж.Чгийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн, эсвэл нэг удаагийн шинжтэй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэргийн шинжтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, зөв зүйлчлэн ирүүлэх шаардлагатай.

Дээрх ажиллагаануудыг бүрэн гүйцэд хийлгүйгээр хохирогч, хохирогчийн бага насны хүүхэд хоёроос дахин байцаалт аваад хэргийн зүйлчлэлийг өөрчилж ирүүлсэн нь шаардлага хангахгүй мөрдөн шалгах ажиллагаа дутуу явуулсан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байдлууд тогтоогдож байна гэж шүүх үзсэн учраас урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэргэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад зааснаар прокурорт буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буянт овогт Жамцын Чд холбогдох 1708004990020 дугаартай эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэгт          эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, хэргийг прокурорт очтол Ж.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Энх-Амгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хавтаст хэргийн материалд хохирогч Э.Нгийн мэдүүлэг, яллагдагч Ж.Чгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 8386 тоот дүгнэлтэд “...Э.Нгийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор булан дээд зовхи, хамрын нуруу, баруун хацрын төвгөрийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алмины гадна, дотно салстын цус харвалт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой” гэсэн дүгнэлт зэрэг баримтууд авагдсан.

Яллагдагч Ж.Ч нь гэр бүлийн хамаарал бүхий өөрийн эхнэр болох иргэн Э.Нг зодож хөнгөн хохирол учруулсан нь нотлогдсон ч хохирогч Э.Нг байнга буюу хоёр буюу түүнээс дээш удаа зодсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй.

Өөрөөр хэлбэл байнга зодсон, харгис хэрцгий харьцсаныг тогтоох зорилгоор Э.Нгийн төрөл садан болох Э.Батчулуун, Э.Пүрэвдорж нарыг гэрчээр байцаасан боловч хэдэн сарын хэдний өдөр, ямар байдлаар, яаж зодсон нь нотлогдоогүй, шүүх 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 716 тоот шүүгчийн захирамжаар 2002 оны болон 2015 оны Эрүүгийн хуулийн аль хуулиар зүйлчлэгдэхээр байгаад хууль зүйн дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчилж ирүүлэх шаардлагатай” гэж шүүгчийн захирамжид эсэргүүцэл бичих эрхгүйгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.

Ж.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлэхэд 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 1013 тоот захирамжаар “Ж.Чгийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн, эсвэл нэг удаагийн шинжтэй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэргийн шинжтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх” гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн хорооны нийгмийн ажилтан, олон нийтийн цагдаа, халамжийн мэргэжилтэн, хэсгийн ахлагч нар нь Э.Нтэй уулзаж ярилцсаны үр дүнд Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт, аюулын зэргийн үнэлгээний маягтыг гаргаж хамтарсан хурлыг хийсэн тул дээрх хүмүүсийг гэрчээр асуух шаардлагагүй юм.

Хохирогч Э.Н нь урьд нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй талаар мэдүүлж, http://search.police.gov/search.aspx сангийн лавлагаагаар Ж.Ч нь 2010 оноос хойш захиргааны зөрчилд холбогдоогүй тухай лавлагаа гарч ирсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “эрүүгийн хэрэгт хамаарал бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахгүйгээр түүнд ашигтайгаар шийдвэрлэх боломжтой юм.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 1013 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

                                                            ХЯНАВАЛ:           

Давж заалдах шатны шүүх яллагдагч Ж.Чд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, Ж.Чд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзээд энэ талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Ж.Чд холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

 

Учир нь, прокуророос үйлдсэн прокурорын яллах дүгнэлт, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд яллагдагч Ж.Чд холбогдох хэрэг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив талыг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан,  хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан...” байхаар заасан. Харин Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд  дээрх гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив талыг “...байнга үйлдсэн...” бол гэмт хэрэгт тооцохоор заасан байна. 

 

Түүнчлэн, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус хуульчилжээ.

Гэтэл анхан шатны шүүх яллагдагч Ж.Чд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ 2002 оны, 2015 оны Эрүүгийн хуулийн аль хуулийг хэрэглэх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх талаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг прокурорт буцаасан нь буруу байна.

Иймд прокурор Ж.Энх-Амгалангийн бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, яллагдагч Ж.Чд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь: