Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттулгын Одонтуяа |
Хэргийн индекс | 109/2018/0007/З |
Дугаар | 13 |
Огноо | 2018-04-30 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.А-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймгийн Засаг даргад холбогдох
2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, А аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Б.А-г ажлаас халах тухай” Б/18, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “П.О-г ажил хавсран гүйцэтгэгчээр томилох тухай” Б/19 дүгээр захирамжуудыг хүчингүй болгож, ажиллаагүй хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтрийн нөхөн бичилт хийлгэхийг аймгийн Засаг даргад даалгахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А миний бие аймгийн засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар А аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон. 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр миний цахим хаягаар ажлаас халах тухай гэсэн мэдэгдлийг Боловсрол, соёл урлагийн газрын дарга хүргүүлсэн байсан. Намайг ирж сонсох ажиллагаанд оролцоорой гэсэн боловч би очиж оролцоогүй. Ингээд 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Боловсрол, соёл, урлагийн газрын дарга намайг өрөөндөө дуудаж намайг ажлаас халах захирамж гарсан байна гээд захирамжийг надад гардуулсан. Маргаан бүхий захирамжийн үндэслэлд 2017 оны үр дүнгийн гэрээгээ хангалтгүй биелүүлсэн, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж дурдсан байдаг. 2017 оны үр дүнгийн гэрээний тайланг зохих байгууллагуудад хүргүүлж байсан. Хэрэгт ирүүлсэн аймгийн Засаг даргын хариу тайлбарт үр дүнгийн гэрээг хагас жилээр буруу тайлагнасан, бүтэн жилээр огт ирүүлээгүй гэсэн нь огт үндэслэлгүй.
Би өөрийгөө 2017 оны хагас жилээр яаж үнэлүүлснээ ч мэдэхгүй явж байгаад 2018 оны 02 дугаар сард Боловсрол, соёл урлагийн газрын даргын өрөөнд орж мэдсэн. Гэтэл хуулиндаа үр дүнгийн гэрээний үнэлгээг танилцуулж, харилцан ярилцах ёстой гэсэн заалт байхыг харсан. Би өөрийгөө ямар ноцтой зөрчил гаргаснаа мэдэхгүй байна. Ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж үзээд байгаа юм бэ. Үр дүнгийн гэрээг ямар журмаар яаж үнэлээд байгаа юм бэ. Үнэлгээгээ хувь хүн өөрөө мэдэх ёстой юм уу, үгүй юм уу гэдгийг хариуцагчийн төлөөлөгчөөс асуумаар байна.
Манай цэцэрлэгт санхүү, аудитын албанаас шалгалт хийж зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргасан. Миний үр дүнгийн гэрээний үнэлгээг 8.9 хувиар үнэлж байгаа бол өнөөдөр энэ цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсчихсон байна. Би үр дүнгийн гэрээний тайлангаа гурван газарт хүргүүлж тайлагнадаг. Гэтэл аймгийн Засаг дарга болон Боловсрол, соёл, урлагийн газраас ямар үнэлгээтэй дүгнүүлсэн талаар хариу мэдэгддэггүй. Эрдэнэбулган сумын Засаг дарга миний үр дүнгийн гэрээний биелэлтийг 81 хувьтай дүгнэсэн байдаг. Захирамж гарсан талаар Боловсрол, соёл, урлагийн газрын дарга өрөөндөө дуудаж уулзсан боловч төсвийн ерөнхийлөн захирагч дуудаж уулзаагүй. Тийм учраас 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, А аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Б.А-г ажлаас халах тухай” Б/18, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “П.О-г ажил хавсран гүйцэтгэгчээр томилох тухай” Б/19 дүгээр захирамжуудыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтрийн нөхөн бичилт хийлгэхийг аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А-г 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/18 дугаартай захирамжаар ажлаас нь халсан. Ингэж халахдаа аймгийн Засаг даргатай 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэл дурддаг. Гэтэл 2017 оны үр дүнгийн гэрээг хагас бүтэн жилээр яаж дүгнэсэн ямар үнэлгээ авсан нь тодорхойгүй байсан. 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажлаас халах тухай захирамж гарсан. Үүнээс өмнө 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажлаас халах мэдэгдэл ирсэн. Б.А нь үр дүнгийн гэрээний үнэлгээтэй холбоотой ямар ч албан бичиг аваагүй. Сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг, ямар зөрчлийг давтан гаргасан гэдэг нь ойлгомжгүй. Б.А давтан зөрчил гаргасан зүйл байхгүй.
Хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлага нь үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүн дээр Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 5, 6 дугаар зүйлүүдийг бүхэлд нь зөрчсөн. Уг журмын 6.1-д Гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийнэ гэснийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл төсвийн ерөнхийлөн захирагч болох аймгийн Засаг дарга нь төсвийн шууд захирагч болох цэцэрлэгийн эрхлэгч Б.А-тай уулзаж ярилцсан зүйл байхгүй. Энэ журмын 5, 6 дугаар заалтуудыг зөрчөөд арга хэмжээ авчихсан. Илт үндэслэлгүйгээр дүгнэсэн үнэлгээг үндэслэж ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна, 40.2-т ..... үр дүнгийн гэрээнд байгууллагын төсвийн жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, тэдгээрийн төсөв, хүрэх үр дүн, түүнийг дүгнэх талаар тусгасан байна, 40.3-т Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ гэсэн байна. Тийм учраас Төсвийн тухай хууль болон төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6.1-д зааснаар үр дүнгийн гэрээг төсвийн шууд захирагч болох аймгийн Засаг дарга дүгнэх ёстой байсан. Тэгэхээр үр дүнгийн гэрээг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга дүгнэж, ажлаас халах тухай мэдэгдлийг хүргүүлэх эрхгүй байна. Ажил олгогч нь ажилтнаа ажлаас халах мэдэгдлийг өгөх ёстой байтал Боловсрол, соёл, урлагийн газрын даргаас мэдэгдэл хүргүүлж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч А аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.А нь тус аймгийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан. Нэхэмжлэгч нь миний бие ямар ч зөрчил гаргаагүй байхад надад хариуцлага тооцсон гэж маргажээ. Гэтэл А аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалтаар Хүүхдийн 9 дүгээр цэцэрлэг нь “дунд эрсдэлтэй” гэж дүгнэгдсэн бөгөөд энэ талаар эрх бүхий байгууллагаас аймгийн Засаг даргад ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн Б.А-д 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/85 дугаар захирамжаар “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу аймгийн Засаг дарга, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарын хооронд байгуулсан 2017 оны үр дүнгийн гэрээний хагас жилийн биелэлтийг дүгнэхэд нэхэмжлэгч нь тайлангаа гэрээний дагуу тайлагнаагүй учир дүгнэгдээгүй байдаг. Дээрх байдлаас үзвэл Хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.А нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул үүрэгт ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч Б.А-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч аймгийн Засаг даргын зүгээс Б.А-г үүрэгт ажлаас нь чөлөөлөх захирамжийг гаргахаасаа өмнө хагас жилээр сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ нь мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн шалгалтаар тогтоогдсон дүгнэлтийг үндэслэж хагас жилээр арга хэмжээ авсан. Үүний дараагаар 2017 оны бүтэн жилийн үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэхийн тулд эрх хэмжээнийхээ хүрээнд Боловсрол, соёл, урлагийн газарт гэрээг үнэлж дүгнэх эрхийг шилжүүлж, Боловсрол, соёл урлагийн газраас үр дүнгийн гэрээг дүгнэх ажлын хэсэг байгуулсан байдаг. Ингээд Боловсрол, соёл, урлагийн газраас томилогдсон ажлын хэсэг нь бүх сургууль, цэцэрлэгийн 2017 оны үр дүнгийн гэрээний тайланг дүгнээд аймгийн Засаг даргад 2018 оны 01 дүгээр сард танилцуулсан. Хариуцагчийн хариу тайлбарт дурдсан 2017 оны бүтэн жилийн тайланг огт ирүүлээгүй гэх тайлбар нь андуурч буруу ташаа бичигдсэн байна. Тухайн үр дүнгийн гэрээний биелэлтийг аймгийн Засаг даргын захирамж гаргахад үндэслэсэн. Гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн учраас үүрэгт ажлаас нь чөлөөлсөн захирамж гаргасан. Иймд аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн захирамж үндэслэлтэй гарсан байна. Мөн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үр дүнгийн гэрээг дүгнэх асуудлыг аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт даалгаж, Боловсрол, соёл, урлагийн газрын томилогдсон ажлын хэсгийнхэн үр дүнгийн гэрээг дүгнэсэн учир тухайн үнэлгээ хүчинтэй үнэлгээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Б.А-с А аймгийн Засаг даргад холбогдуулан “2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, А аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Б.А-г ажлаас халах тухай” Б/18, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “П.О-г ажил хавсран гүйцэтгэгчээр томилох тухай” Б/19 дүгээр захирамжуудыг хүчингүй болгож, ажиллаагүй хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтрийн нөхөн бичилт хийлгэхийг аймгийн Засаг даргад даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 13 дугаар зүйлийн 13.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Засаг даргад холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.
Маргааны үйл баримтаас дурдвал: А аймгийн Засаг дарга болон тус аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нар Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 2017 оны үр дүнгийн гэрээг байгуулж, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Дээрх гэрээний биелэлт буюу А аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны үр дүнгийн гэрээний бүтэн жилийн тайланг А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар үнэлж, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Б.А-г ажлаас халах тухай” Б/18 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагыг тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2 дахь хэсэгт заасныг үндэслэн аймгийн засаг даргатай 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан Эрдэнэбулган сумын хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.А-г 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс үүрэгт ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг цуцалснаар уг маргаан үүсжээ. /1х.х-н 4/
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс маргаан бүхий захирамжийн үндэслэлд 2017 оны үр дүнгийн гэрээгээ хангалтгүй биелүүлсэн, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж дурдсан. 2017 оны үр дүнгийн гэрээний тайланг зохих байгууллагуудад хүргүүлж байсан. Сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг, яг ямар зөрчлийг давтан гаргасан гэдэг нь ойлгомжгүй. Маргаан бүхий захирамж нь төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 5, 6 дугаар зүйлүүдийг бүхэлд нь, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Үр дүнгийн гэрээг төсвийн шууд захирагч болох аймгийн Засаг дарга дүгнэх ёстой байсан гэж;
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс А аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалтаар хүүхдийн IX цэцэрлэг нь “дунд эрсдэлтэй” гэж дүгнэгдсэн бөгөөд энэ талаар эрх бүхий байгууллагаас аймгийн Засаг даргад ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн Б.А-д 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/85 дугаар захирамжаар “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан ... аймгийн Засаг дарга, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарын хооронд байгуулсан 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд нэхэмжлэгч нь тайлангаа гэрээний дагуу тайлагнаагүй байдаг. Дээрх байдлаас үзвэл хүүхдийн IX цэцэрлэгийн эрхлэгч Б.А нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул үүрэгт ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэгч Б.А-н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Б.А нь А аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Б.А-г ажилд жинхлэн томилох тухай” Б/13 дугаар захирамжаар 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Эрдэнэбулган сумын хүүхдийн IX цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон байна. /1х.х-н 6/
А аймгийн Засаг дарга 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Гэрээ дүгнэж, үнэлгээг ирүүлэх тухай” А/593 дугаар захирамжаар Аймгийн засаг даргын ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нартай 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан гэрээний биелэлтийг холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмын дагуу дүгнэж үнэлгээг гэрээнд заасан хугацаанд танилцуулахыг Боловсрол, соёл, урлагийн газрын даргад үүрэг болгожээ. /1х.х-н 40/
Дээрх захирамжийн дагуу А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/42 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны аймгийн засаг даргатай байгуулсан жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлтийн тайланд үнэлгээ дүгнэлт өгөх ажлын хэсгийг байгуулж, А аймгийн хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарын 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн дүнгээр ... Б.А-н 2017 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлтийг нийт 8.9 оноо буюу F үнэлгээтэй үнэлж, А аймгийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарын 2017 оны үр дүнгийн гэрээг дүгнэсэн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн илтгэх хуудсаар 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээний үнэлгээний үзүүлэлтийг харгалзан үзэж дараах саналын оруулж байна ... 2) 2017 онд Үр дүнгийн гэрээ нь “D”, “F” үнэлэгдсэн дараах нэр бүхий захирал эрхлэгчид зохих хууль, журмын дагуу арга хэмжээ тооцох. Үүнд: Халах арга хэмжээг ... Б.А-Эрдэнэбулган сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийг халах арга хэмжээ авах ... гэж тусган 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/18 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргад хүргүүлжээ. /1х.х-н 90-95/
Аймгийн засаг дарга 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Б.А-г ажлаас халах тухай” Б/18 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.А-г ажлаас халахдаа: Аймгийн Засаг даргатай 2017 онд хамтран ажиллахаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлийг дурджээ. Маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг хянахад:
1. Аймгийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийн тухайд:
Төсвийн ерөнхийлөн захирагч болох аймгийн Засаг дарга, төсвийн шууд захирагч Эрдэнэбулган сумын хүүхдийн IX цэцэрлэгийн эрхлэгч Б.А нарын хооронд байгуулсан 2017 оны үр дүнгийн гэрээний 6.1-д “Төсвийн шууд захирагч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн тохиолдолд түүнийг урамшуулах асуудлыг төсвийн ерөнхийлөн захирагч төрийн албаны болон холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ”, 6.2-д “Төсвийн шууд захирагч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагч түүнд туслалцаа дэмжлэг үзүүлэх, шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заажээ.
Хариуцагч аймгийн Засаг дарга нь тус аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны үр дүнгийн гэрээний тайланг үнэлж дүгнэхдээ Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ”, 40.4. Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээг авна: 40.4.1.төсвийн үр дүнг сайжруулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар үүрэг өгч, хяналт тавьж ажиллах; 40.4.2.хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын хавсралт Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 1.2.-т “Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын төрийн албаны хэмжээнд төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн шууд захирагчтай энэ журмын дагуу гэрээ байгуулж, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхэд нэгдсэн стандарт тогтоон мөрдүүлэх, гэрээнд тусгагдсан хөтөлбөр, арга хэмжээг хуваарилагдсан төсвийн хүрээнд хэрэгжүүлэх үндсэн дээр байгууллагын үйл ажиллагааны зорилго, зорилтуудыг хангахад чиглүүлэн, төсвийн шууд захирагч үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэхэд оршино.”,
1.6-д “Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээг дүгнэж өгсөн үнэлгээ нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ болно.”,
6.1.-д “Гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийнэ”, 6.2.Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэхдээ дор дурдсан мэдээллийг үндэслэнэ:, 6.2.2.-т “гэрээний биелэлтийн талаар тухайн төсвийн шууд захирагчийн хагас, бүтэн жилээр ирүүлсэн тайлан, гэрээний биелэлтийн явц, үр дүнг дүгнэхэд шаардлагатай бусад мэдээлэл;” 6.4.Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтэд дор дурдсан үнэлгээний аль нэгийг өгнө: 6.4.1. 90-100 оноо авсан бол “А” буюу “Маш сайн”; 6.4.2. 80-90 хүртэл оноо авсан бол “В” буюу “Сайн”; 6.4.3. 70-80 хүртэл оноо авсан бол “С” буюу “Хангалттай”; 6.4.4. 60-70 хүртэл оноо авсан бол “D” буюу “Дутагдалтай”; 6.4.5. 0-60 хүртэл оноо авсан бол “F” буюу “Хангалтгүй”, 6.5.-т “Төсвийн шууд захирагч төсвийн ерөнхийлөн захирагчийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ.”, 6.7.-д “Гэрээний биелэлтийг дүгнэх "Илтгэх хуудас"-нд талууд тус тусын гарын үсгийг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно.” гэж заасан журмын дагуу гэрээний биелэлтийг зохих ёсоор дүгнээгүй байна.
Өөрөөр хэлбэл дээрх журмын 2.3.-т “Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу төсвийн жил эхлэхээс өмнө гэрээнд заасан хугацаанд төсвийн шууд захирагчийн тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээ байгуулах үүрэгтэй.” бөгөөд хариуцагч аймгийн засаг даргын тухайд дээрх үүргээ биелүүлээгүй байна. Тодруулбал: А аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны үр дүнгийн гэрээний тайланг дүгнэх үүргээ аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар гүйцэтгүүлсэн, гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг төсвийн ерөнхийлөн захирагч бичих хуулийн зохицуулалттай байтал аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас үнэлгээтэй холбоотой санал гаргасан, гэрээний биелэлтийг дүгнэж үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийгээгүй зэргээр журмын дээрх заалтыг зөрчжээ.
Түүнчлэн маргаан бүхий захиргааны актад дурдсанаар А аймгийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ тус аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.А хангалтгүй биелүүлсэн нь ямар баримтаар хэрхэн тогтоогдож байгаа болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын тайлбар мэдүүлгээр хангалтгүй биелүүлсэн нь нотлогдон тогтоогдсонгүй.
Иймд хариуцагч аймгийн Засаг дарга нь тус аймгийн тус аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.А 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дээрх хууль, журам, аргачлалын дагуу үнэлж дүгнээгүй, үр дүнгийн гэрээний биелэлтийн талаар төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийх, үнэлгээ өгөх, үнэлгээг танилцуулах, үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд тайлбар гаргах, гэрээний биелэлтийн үнэлгээг баталгаажуулаагүй, нэхэмжлэгч Б.А-тай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт, үйл ажиллагааны үр дүнг зохих журмын дагуу үнэлж дүгнээгүй байх тул 2017 оны үр дүнгийн гэрээгээр үнэлсэн үнэлгээ нь хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Үр дүнгийн гэрээ, түүнийг үнэлж дүгнэх зорилго нь төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах, батлах, зарцуулах, бүртгэх, тайлагнахад хяналт тавих, төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн шууд захирагчтай гэрээ байгуулж, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийнх түвшинг үнэлэхэд нэгдсэн стандарт тогтоож мөрдүүлэх, гэрээнд тусгагдсан хөтөлбөр, арга хэмжээг хуваарилагдсан төсвийн хүрээнд хэрэгжүүлэх үндсэн дээр байгууллагын үйл ажиллагааны зорилго зорилтуудыг хангахад чиглүүлэх, төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэхэд орших бөгөөд хариуцагч үр дүнгийн гэрээ байгуулж, түүний биелэлт, хэрэгжилтийг дүгнэж хариуцлага тооцох хууль, журмын заалтыг зөрчиж, хууль болон журамд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт дурдсан ... 2017 оны бүтэн жилийн тайланг огт ирүүлээгүй ... гэх тайлбар нь андуурч буруу ташаа бичигдсэн байна гэж тайлбарласан болно.
2. Аймгийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлснээр хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлийн тухайд:
Хариуцагч, түүний өмгөөлөгчөөс: “ ... Аймгийн Засаг дарга Б.А-г үүрэгт ажлаас нь чөлөөлөх захирамжийг гаргахаасаа өмнө хагас жилээр сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Энэ нь мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн шалгалтаар тогтоогдсон дүгнэлтийг үндэслэж хагас жилээр арга хэмжээ авсан. Мөн 2017 оны бүтэн жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээг аймгийн Засаг даргын захирамж гаргахад үндэслэсэн. Гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн учраас үүрэгт ажлаас нь чөлөөлсөн захирамж гаргасан ...” гэж тайлбарлажээ.
А аймгийн засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Б.А-д “сануулах” сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/85 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтын дүгнэлтээр “дунд эрсдэлтэй” дүгнэгдэж, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандан зөрчил гаргасан Эрдэнэбулган сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.А-д сануулах сахилгын шийтгэл ногуулсан бөгөөд нэхэмжлэгч уг захирамжтай маргаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна. /х.х-н 63/
Нэхэмжлэгч Б.А нь нэг удаа сануулах арга хэмжээ авагдсан ба дахин сахилгын зөрчил гаргаж арга хэмжээ авагдсан нь нотлогдсонгүй. Учир нь “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай юм.
Маргаан бүхий захиргааны акт болох Аймгийн засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Б.А-г ажлаас халах тухай” Б/18 дугаар захирамжинд дурдсан 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн гэрээг хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн нь сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн маргаан бүхий 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Б.А-г ажлаас халах тухай” Б/18 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5.-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6.-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчимд нийцээгүй байна.
Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15.-д “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх”гэж заасныг тус аймгийн Засаг дарга зөрчжээ.
Иймд Б.А-н 2017 оны үр дүнгийн гэрээгээр үнэлсэн үнэлгээ нь хууль бус болохыг тогтоож, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Б.А-г ажлаас халах тухай” Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлүүдээр хангаж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх дүгнэв.
3. Шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2017 оны үр дүнгийн гэрээгээр үнэлсэн үнэлгээ нь хууль бус болохыг тогтоож, маргаан бүхий Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул, уг захирамжийг үндэслэн гаргасан 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “П.О-г ажил хавсран гүйцэтгэгчээр томилох тухай” Б/19 дүгээр захирамжийн үйлчлэл дуусгавар болсон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Эрдэнэбулган сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байр нь нэхэмжлэгч Б.А-г халагдсанаас хойш сул байгаа бөгөөд уг орон тоон дээр өөр ажилтныг жинхлэн томилж ажиллуулсан зүйл огт байхгүй... томилсон захирамж гаргаагүй” гэж тайлбарласан зэргийг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “П.О-г ажил хавсран гүйцэтгэгчээр томилох тухай” б/19 дүгээр захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. /2-р х.х-н 104/
4. Ажиллаагүй хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтрийн нөхөн бичилт хийлгэхийг А аймгийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.А-с ажиллаагүй хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтрийн нөхөн бичилт хийлгэхийг А аймгийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь хэсэгт “... нотлох баримт гаргаж өгөх ...”, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт “... хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ...”, гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хэдэн сар, хоногийн цалин хөлсийг гаргуулах талаар тооцож тодорхойлоогүй, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд өөрт учирсан хохирлоо /ажиллаагүй хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтрийн нөхөн бичилт хийлгэх/ буруутай захиргааны байгууллага, албан тушаалтнаас нотлох баримтын үндсэн дээр харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болно.
Тус аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн IX дүгээр цэцэрлэг нь А аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дүгээр албан бичгээр зөрчилгүй санал дүгнэлт гаргасан “Аудитын гэрчилгээ” авсан болохыг дурдах нь зүйтэй. /1-р х.х-н 230/
Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргуулсан нотлох баримт нь “А аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Дотоод журам батлах тухай” А/01 дүгээр тушаалаар баталсан “А аймгийн Засаг даргын тамгын газрын дотоод журам” уг хэрэгт хамааралгүй болохыг тэмдэглэв./2-р х.х-н 97-102/
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У нь 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдааныг товлох урьдчилсан хэлэлцүүлэгт бичгээр гаргасан хүсэлтдээ өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох талаар илэрхийлсэн, мөн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зарласан шүүх хуралдаанд дахин өмгөөлөгч авч шүүх хуралдаанд оролцож, талуудын мэтгэлцэх боломжийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ бичгээр гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулаж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Уг шүүх хуралдаанаар дахин өмгөөлөгч авах хүсэлтээ амаар гаргасан бөгөөд шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон болно. Учир нь: уг хэрэг маргаан нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж, хариуцагчид 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүргийг тайлбарласан, хариу тайлбараа 2018 оны 3 дугаар сарын 01--ний өдөр ирүүлснээс хойш өмгөөлөгч авах хэргийн материалтай танилцах хангалттай хугацаа байсан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх нь хууль зүйн туслалцаа авч байгаа талын бичгээр гаргасан хүсэлт, эсхүл тэдний хооронд байгуулсан гэрээгээр тодорхойлогдоно” гэсэн хуулийн зохицуулалттай.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4-д “ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах.. эрхтэй… юм.
Учир нь: нэхэмжлэгч Б.А нь аймгийн Засаг даргад холбогдох 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 48 дугаар шийдвэр, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 48 дугаар магадлал, 2018 онд 4 дүгээр сарын 11-ний өдрийн 166 тогтоолоор А аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалгыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байсан болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.5, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.15, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 40.4 дэх хэсгийн 40.4.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсгийн 131.1.1 дэх заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-с А аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Б.А-н 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, А аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Б.А-г ажлаас халах тухай” Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгож, А аймгийн Эрдэнэбулган сумын IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд Б.А-г эгүүлэн тогтоож, үлдэх 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “П.О-г ажил хавсран гүйцэтгэгчээр томилох тухай” Б/19 дүгээр захирамжуудыг хүчингүй болгох, ажиллаагүй хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтрийн нөхөн бичилт хийлгэхийг аймгийн хариуцагч аймгийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2., 48 дугаар зүйлийн 48.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг хариуцагчаас /А аймгийн Засаг даргын Тамгын газар/ гаргуулж, нэхэмжлэгч Б.А-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА