Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 83

 

2017 оны 01 дүгээр сарын 31                  Дугаар156/ШШ2017/00083                             Хэрлэн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2017/00076/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1964 оны 11 дүгээр сарын 25 өдөр төрсөн, эмэгтэй, Хэнтий аймгийн Хэрлэн сум, 03 дугаар баг, Баянмөнхийн 05-20 тоотод оршин суух, Майдар овогт Бухын Оюунтуяа РД:/СЕ64112503/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Оюунтуяа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Миний бие улсад ажиллаж байх хугацаандаа 5 хүүхэд төрүүлж өсгөсөн юм. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн боловч хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлсэн учир өндөр насны тэтгэвэртээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна.  
Иймд миний Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдэлд 1981 оны 07 дугаар сарын 01 өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01 өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан  байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан /хх 3-5, 7, 8, 9, 10, 14, 11, 20-21/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Оюунтуяа нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдэлд 1981 оны 07 дугаар сарын 01 өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01 өдрийг хүртэл малчнаар  ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Оюунтуяа хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлсэн учир ажиллаж байсан гэж үзэхэд хангалтгүй гэж нийгмийн даатгалын байгууллага үзсэн учир нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Б.Оюунтуяа нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно. 
Нэхэмжлэгч Б.Оюунтуяа нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдэлд 1981 оны 07 дугаар сарын 01 өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01 өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.  Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн даргын 1987 оны 09 дүгээр сарын 20 өдрийн 76 дугаартай тушаал, хавсралтын хуулбарууд /хх 8, 9/
2. Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 8 өдрийн 88 дугаартай тушаалын хуулбар, /хх 10/
3. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 23 өдрийн цалингийн тодорхойлолт /хх 14/
4. 1980 оноос 1990 оныг хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдэлд адуучнаар ажиллаж байсан гэрч Р.Арвинбуянгийн шүүхэд өгсөн мэдүүлэг, /хх 21/, 
5. 1981 оноос 1992 оныг хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдэлд адуучнаар ажиллаж байсан гэрч Г.Оюунцэцэгийн шүүхэд өгсөн мэдүүлэг /хх 22/ зэрэг болно.

Хүсэлт гаргагч Б.Оюунтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  Б.Оюунтуяа нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдэлд 1981 оны 07 дугаар сарын 01 өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01 өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 

Б.Оюунтуяа нь “миний бие хөдөө мал малладаг учир хөдөө цас ихтэй байгаа тул намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн учир шүүх хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийг оролцууулахгүйгээр хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Майдар овогт Бухын Оюунтуяа /РД:СЕ64112503/-г Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдэлд 1981 оны 07 дугаар сарын 01 өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01 өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч Б.Оюунтуяа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хэргийг зохигчийн оролцоогүй шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийг зохигчид гардуулах, гардуулах боломжгүй бол дээрх хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Оюун-Эрдэнэд даалгасугай. 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 


ДАРГАЛАГЧ                     Э.АРИУНАА