Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 123

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг,

Шүүгдэгч С.Г , түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г д холбогдох, эрүүгийн 2015001440102 дугаартай, 163/2020/0116/Э индекстэй хэргийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт С.Г.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Г  нь 2020 оны 04 дүгээр сарын 05-ны орой Булган аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг “И” гэх газарт С.Д г хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2015001440102 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар 2020 оны 04 дүгээр сарын 05-ны орой Булган аймгийн ... сумын нутагт шүүгдэгч С.Г  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Д г түлхэн унагааж, цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хохирогч С.Д гийн өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17-18 цагийн үед манай хүргэн хүү болох С.Г  нь манайд ирчихсэн байхаар нь эхнэр болох Б  хоол хийгээд байж байтал Г  надад 1 шил архи гаргаж өгөөд би уг архийг аваад нэг хундага архи хийж уугаад уг архийг буцаагаад Г д өгөхөд Г  нь О тай хамт тухайн архийг хувааж ууж байгаад 21 цагийн үед О , Г  нар нь хоорондоо хэрэлдээд, зодолдох гээд байхаар нь “та хоёр яагаад хэрэлдээд байгаа юм?” гэж хэлтэл Г  нь намайг сууж байтал түлхэж унагаагаад миний зүүн талын нүд рүү баруун гараараа 2 удаа цохихоор нь би арай гэж холдсон ба О  нь Г ыг “чи яах гэж хадам аавыгаа цохиж байгаа юм бэ? гэж хэлээд Г ыг авч гараад машиндаа суулгаад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-14 тал/,

Гэрч Д.Б ийн өгсөн: “...Манай хүргэн болох Т  нэг шил архи гаргаж ирээд Д д өгсөн чинь Д  уг архинаас нэг хундага уугаад буцаагаад Т д өгсөн. Т , О  хоёр хувааж ууж байгаад хоорондоо маргалдаад зодолдох гээд байсан чинь манай нөхөр болох С.Д  “боль” гэж хэлтэл Т  нь С.Д г сууж байхад нь түлхэж унагаагаад зүүн талын нүд рүү нь хоёр удаа цохихоор нь би арай гэж салгаад Т ыг хөөж явуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-16 тал/,

Гэрч Ц.О ын өгсөн: “...Д , Г  хоёр барьцалдаад авчихсан байхаар нь дундуур нь орж салгах гэсэн боловч салгаж чадаагүй. Салгах гээд ноцолдож байгаад нэг харсан чинь Д гийн зүүн талын нүд нь хавдсан байсан.

Г  надад би цохисон гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 19 тал/,

Гэрч Х.Б ын өгсөн: “....Д , Г  хоёр барьцалдаад авчихсан байсан. Манай нөхөр О  салгах гэж дундуур нь орсон байхаар нь Билгээ эгч бид хоёр салгаад байж байтал Д  дахин очиж Г ыг багалзуурдсан. Г  нь “ааваа би настай хүнийг зодмооргүй байна, та тавьчих гэхэд Д  тавихгүй байсан. Тэгээд Г  гараараа зүүн талын нүд рүү нь цохисон юм. ...” гэх мэдүүлэг /хх 20 тал/,

Шүүгдэгч С.Г ын яллагдагчаар өгсөн: “....Би цагаан сараар хадам аав Д тай золгоогүй байсан болохоор 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр очсон. Би унтаж байгаад сэрэхэд Д , О  хоёр хоорондоо маргах янзтай Д  чанг чанг дуугараад байхаар нь “та хоёр болиоч” гэхэд Д  намайг барьж аваад миний толгойг доош нь дараад байхаар нь би дээш нь толгойгоо мултлаад гаргасан чинь Д  дахиж намайг доош нь дарахаар нь би дээш нь толгойгоо мултлаад баруун гараараа нүүрэн хэсэгт нь 1 удаа цохисон. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Д д учирсан гэмтлийг би учруулсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг/хх-43 тал/,

Магадлуулагч С.Д гийн биед зүүн нүдний алимны цус харвалт, дээд, доод зовхи, хацар, цээжинд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэж цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 91 дугаартай дүгнэлт, /хх-24-25 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Д гийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч С.Г ын үйлдэл идэвхтэй, бусдын амь бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 400000 төгрөгийг төлж, хохирогч С.Д  нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.

Хавтаст хэргийн 32-37 дүгээр талуудад авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Г  нь Булган аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутагт бог бод нийлсэн 116 тооны мал маллаж амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролоо нөхөн төлсөн, хувийн байдал  түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ял оногдуулах саналтай шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Г  нь торгуулийг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөх санал гаргасан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-д тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хувиарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлдэг болохыг С.Г д  мэдэгдэж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч С.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ш овогт С.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч С.Г ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3д тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хувиарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлдэг болохыг С.Г д  мэдэгдсүгэй.

  4. Энэ хэрэгт шүүгдэгч С.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдадтөлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНДУЛАМ