Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 84

 

2017 оны 01 дүгээр сарын 31           Дугаар156/ШШ2017/00084                                  Хэрлэн сум 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2017/00009/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ”МТ Ойл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Биндэр сум, 5 дугаар багийн төвд байрлах, “Хутаг Өндөр Шүтээн” ХХК-нд холбогдох,
" шатахууны үлдэгдэл төлбөр 13 459 918 төгрөг, алданги  6 729 959 төгрөг, нийт 20 189 877 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 
           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан, Г.Дуламханд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзул нар оролцов.  

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч “МТ Ойл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дуламханд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хутаг-Өндөр шүтээн” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “МТ-Ойл” ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 12/16 тоот гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 5.2-т худалдан авсан барааны тооцоог сар бүрийн 05-ны өдөр тооцоо нийлэн акт үйлдэж, акт үйлдэгдсэнээс хойш 5 хоногийн дотор төлбөрийг дансанд шилжүүлэх буюу бэлнээр тушаана гэж заасан. Манай байгууллага нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн боловч “Хутаг-Өндөр шүтээн” ХХК нь зээлийн үлдэгдэл буюу 13 959 918 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд гэрээний 7.2-т зааснаар худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 тэнцэх хэмжээний төлбөрийн алданги авна гэж заажээ. 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 149 хоногоор тооцоход 10 400 138 төгрөг болсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрхгүй гэсэн заалтын дагуу 6 979 959 төгрөгөөр тооцож нийт 20 939 877 төгрөгийг “Хутаг-Өндөр шүтээн” ХХК-иас гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан:
 “Манай компанийн зүгээс худалдах, худалдан авах гэрээ байгуулан “Хутаг-Өндөр шүтээн” ХХК-д шатахуун нийлүүлсэн юм. Энэ нэхэмжлэл нь 2016 оны 03, 04, 05, 06 саруудад шатахуун түгээгүүрийн 88 дахь салбараас шатахуун түгээсэн байгаа. Ингээд нийт 16 772 672 төгрөгийн шатахуун нийлүүлсэн. Үүнээс 3 212 752 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 13 459 920 төгрөгийн шатахууны төлбөрийг төлж барагдуулаагүй байна.    
Үүнд гэрээнд заасны дагуу алданги 0.5 хувийн алдангийг 149 хоногоор тооцсон.  Ингээд  Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу 50 хувиар  тооцож, 6 979 000 төгрөг, нийт  20 939 877 төгрөгийг “Хутаг-Өндөр шүтээн” ХХК-иас нэхэмжилж байна. 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байхад шүүх хуралдаанд ирээгүй байна. Шүүх хуралдаанд оролцохгүй байх үндэслэл бүхий хүсэлт өгөөгүй байх тул хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хариуцагч “Хутаг Өндөр Шүтээн” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Хэнтий аймгийн Биндэр сумын Хутаг Өндөр Шүтээн ХХК нь МТ Ойл ХХК-тай гэрээ хийж гурван жил хамтран ажиллаж байгаа билээ. Бид санхүүгийн хүндрэлээс болоод 2016 онд нийт 13 59 918 төгрөгийн шатахууны үнийг хугацаандаа төлж  чадаагүй. Тиймээс бид 13 959 918 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20 өдрийн дотор төлж барагдуулна. Алданги 6 979 959 төгрөгийг бид үндсэн мөнгөө төлж барагдуучихвал харж үзнэ гэж ярилцсан болно.” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан /хх 1-2, 4, 5, 6-9,11-13, 14, 15, 16/ бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:

 “МТ Ойл” ХХК-ий нэхэмжлэлийн шаардлагаас шатахууны үлдэгдэл төлбөр /арван гурван сая дөрвөн зуун тавин есөн мянга есөн зуун хорь/ 13 459 920 төгрөг, алданги  /зургаан сая долоон зуун хорин есөн мянга есөн зуун жар/  6 729 960 төгрөг, нийт 20 189 880 /хорин сая нэг зуун наян есөн мянга найман зуун ная/ төгрөг нэхэмжилсэн хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 749 997 /долоон зуун дөчин есөн мянган есөн зуун ерэн долоо/ төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2016 оны 01 сарын 01 өдөр зохигчид №12/6 дугаартай гэрээ байгуулж нэхэмжлэгч тал 2016 онд газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах,  хариуцагч тал зээлээр худалдан авах, төлбөрийг төлөх талаар харилцан тохиролцсон болох нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх ба энэ талаар тэд маргахгүй байна. 

Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243, 262 дугаар зүйлтэй нийцэж байх тул тэдний хооронд бараа, бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. 

Худалдагч тал болох нэхэмжлэгч “МТ Ойл” ХХК нь гэрээнд заасны дагуу      газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлж 2016 оны 3-10 сард 16 772 672 төгрөгний бүтээгдэхүүн нийлүүлсэн нь шатахууны болон тооцоо нийлсэн баримтаар /хх 14, 15/ тогтоогдож байх тул хууль, гэрээнд зааснаар гэрээний үүргийн биелэлт болох үлдэгдэл төлбөр болон гэрээний 7.2-д заасны дагуу алдангийг хариуцагч “Хутаг-Өндөр Шүтээн” ХХК-иас шаардах эрхтэй гэж үзнэ.

Хариуцагч “Хутаг-Өндөр Шүтээн”  ХХК нь гэрээний үүргээс 2 812 752 төгрөгийг 2016 оны 4 сард, 500 000 төгрөгийг 2016 оны 10 сард тус тус төлсөн нь /хх 14,15/ нотлогдож байх тул хариуцагчийг нийт 3 312 752 /гурван сая гурван зуун арван хоёр мянга долоон зуун тавин хоёр/ мянган төгрөгийг төлөх үүргээ биелүүлсэн, үлдэх төлбөрийг төлөөгүй /хх 11, 13-16/ гэж үзнэ.

 Иймд хариуцагч “Хутаг-Өндөр Шүтээн” ХХК-иас шатахууны үлдэгдэл төлбөрт 13 459 920 төгрөг /арван гурван сая дөрвөн зуун тавин есөн мянга есөн зуун хорь/, алдангид  /зургаан сая долоон зуун хорин есөн мянга есөн зуун жар/  6 729 960 төгрөг, нийт 20 189 880 /хорин сая нэг зуун наян есөн мянга найман зуун ная/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 749 997 /долоон зуун дөчин есөн мянган есөн зуун ерэн долоо/ төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна шүүх дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан “Хутаг-Өндөр” ХХК-иас шатахууны үлдэгдэл төлбөр 13 459 920 төгрөг /арван гурван сая дөрвөн зуун тавин есөн мянга есөн зуун хорь/, алданги  /зургаан сая долоон зуун хорин есөн мянга есөн зуун жар/  6 729 960 төгрөг, нийт 20 189 880 /хорин сая нэг зуун наян есөн мянга найман зуун ная/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 749 997 /долоон зуун дөчин есөн мянган есөн зуун ерэн долоо/ төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 262 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 258 899 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

    3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хуралдаанд оролцоогүй /хариуцагч/ талд шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх гардуулах, гардуулах боломжгүй бол уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Оюун-Эрдэнэд даалгасугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ              Э.АРИУНАА